by Sesame7 » Mon Mar 21, 2011 3:46 pm
энэ нийтлэлийг csports.mn орчуулжээ.
ГАДААДЫН ХЭВЛЭЛД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ ХӨЛБӨМБӨГИЙН ДАРААГИЙН ХҮЧИРХЭГ ГҮРЭН ҮҮ?
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ оны 1-р сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох үеэрээ ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге болон ОУХХ-ны ерөнхийлөгч З.Блаттер нартай уулзалт хийсэн нь олны анхаарлыг татсан билээ. ФИФА-ийн байранд айлчилсан гарын 5 хуруунд багтах төрийн тэргүүний нэг болсондоо ч биш, чухам тэр үеэр ерөнхийлөгч Монгол улсын хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хүслийг илэн далангуй ярьсанд тэр бүхэн оршино. Үүнтэй холбогдуулан Дэлхийн хөлбөмбөгийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийн нэг fourfourtwo.com-д манай улсын хөлбөмбөгийн хөгжил, ирээдүйн талаар нэгэн сонирхолтой нийтлэл гарсныг CSPORTS.mn-ий уншигч та бүхэнд бид хамгийн түрүүнд хүргэж байна. Энэхүү нийтлэлийг бичсэн П.Симпсон нь Four Four Two сэтгүүлээс гадна УЕФА-аас албан ёсоор гаргадаг Аваргуудын лигийн сэтгүүл болох "Champions"-ийг эрхлэн гаргадаг бөгөөдазийн хөлбөмбөгийн талаар дагнан бичдэг нэртэй экспертүүдийн нэг билээ Ингээд түүний бичсэн "Монгол хөлбөмбөгийн дараагийн хүчирхэг гүрэн үү?" нийтлэлийг та бүхэнд хүргэе. Та бүхэн энд дарж англи хэл дээр бичигдсэн жинхэнэ эхийг нь уншаарай
***
Монгол хөлбөмбөгийн дараагийн хүчирхэг гүрэн мөн үү?
Мартин Лютер Кингтэй адил Цахиагийн Элбэгдоржид ч гэсэн мөрөөдөл бий. Монгол улсын ерөнхийлөгчийн мөрөөдөл Кингийнхийг бодвол илүү энгийн бас илүү хачин жигтэй байж болох юм. Тэрээр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т бичигддэг хэрнээ ФИФА-ийн чансаагаар 183-т жагсах улсдаа 2050 оны ДАШТ-ийг зохион байгуулахыг хүсч байна. “Чи мөрөөдөж байх хэрэгтэй, магадгүй миний жич, гучийн хүүхдүүд Монголд болох ДАШТ-д тоглож байхыг би харах ч юм билүү.”
Монголын анхны коммунист биш ерөнхийлөгч болсноороо тэр боломжгүй мэт зүйлийг бодит болгосон ч дээрх асуудлыг арай л хатуу ажил гэдгийг мэдэж байгаа. Амьдрал шийдвэрлэхэд бэрх хэцүү асуудлуудаар дүүрэн байдаг, заримыг нь төрийн тэргүүн ч өөрчилж чаддаггүй.
Элбэгдоржтой тулгарсан хамгийн хэцүү асуудал, саад тотгор нь цаг агаар юм. Монголын зун халуун гэхдээ богинохон, харин өвөл нь удаан бас яс чичрэм хүйтэн. Улаанбаатарын жилийн дундаж температур 2,4 градус байдаг нь дэлхийн ямар ч нийслэлээс илүү хүйтэн гэсэн үг. Монголын хөлбөмбөгийн улирал ердөө 5хан сар үргэлжилнэ. Тийм сүртэй биш байж болох ч хиймэл зүлгэн талбайд хөрөнгө оруулалт хийж, хөлбөмбөгийн дүү нь болох 5 тоглогч талбайд тоглодог футзалын тоглолтыг хүлээн авах боломжтой заалны цогцолборыг бий болгох нь цаг агаарын асуудлыг шийдэж, одоогийн байдлыг өөрчлөх цорын ганц арга зам юм.
Бөх, сумо бас цэцэрлэгжүүлэлт
Монголын уламжлалт спорт нь бөх, байт харваа бөгөөд эдэнтэй харьцуулахад хөлбөмбөг нь харийн тоглоом юм. Монгол ФИФА-д ердөө 1999 онд элссэн бөгөөд 2,7 сая орчим хүн ам дунд нь ердөө 5000 гаруй л бүртгэлтэй хөлбөмбөгчид байдаг аж. Хамгийн том 2 хот болох нийслэл хот болон Эрдэнэтийн багууд л ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос лигийн аварга цолыг давамгайлан хүртэж байжээ.
Монголчууд Олимпийн наадмаас жүдо болон гар бууны төрлүүдээр медаль хүртэж байсан бөгөөд Японы сумогийн ашиг орлоготой ертөнцөд хамгийн сайн бөхчүүд нь болон мандаж байгаа хэрнээ үлгэр жишээ болохуйц ямар нэг хөлбөмбөгчин төрөн гараагүй л байна. Шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучид нь ердөө 6 гоолыг оруулсан довтлогч Ганбаатарын Төгсбаяр болон гоолддог хамгаалагч, багийн ахлагч Доноровын Лүмбэнгарав нар л байх.
Хэрвээ та гайхаж байвал энэ бүхнээс л чухам бичлэг маань эхэлсэн юм. Бямба гарагийн өглөө би аль шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч нь хамгийн бага гоол оруулсан байдгийг тодруулахаар шийдсэн юм. Турк болон Кайкосын арлын шигшээ багийн төлөө 4 гоолыг оруулсан Гавин Клинтон ФИФА-д бүртгэлтэй улсуудаас хамгийн бага гоол оруулсан мэргэн бууч нь одоогоор байна.
Г.Төгсбаяр болон Д.Лүмбэнгарав нар Монголын жижигхэн, хангалттай бүрэн зохион байгуулагдаж чадаагүй Премьер лигт тоглодог ч гэсэн гайхалтай нь Блэкберн клуб Төгсбаярыг сонирхож байгаа мэдээ гарсан нь юм. Тэр одоо 25 настай бөгөөд сүүлийн 2 жилд лигийнхээ мэргэн бууч /2009 болон 2010 онд 14 гоолыг тус тус оруулжээ/ болж байжээ. Тэгээд ч бүх зүйл боломжтой шүү дээ.
The Mongolians take one hell of a beating
Монголчуудыг хэн ч хэзээ ч томоохон тэмцээнд шалгарах багийн хэмжээнд авч үзэж байгаагүй ч хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй нь Номхон далайн эрэгт байрлах Америкийн эзэмшлийн Гуам хэмээх жижигхэн арлын шигшээд хожигдож байсан цорын ганц ФИФА-ийн гишүүн оронд тооцогддог аж.
Өнгөрсөн 3-р сард Монголын шигшээ Гуамд 1:0-ээр хожигдон дээрх “гутамшигт” ялагдлаа амссан нь Элбэгдоржийн мөрөөдөл биелэхэд ямар хол байгааг харуулсан юм. Гэхдээ Хөх Чононууд хэмээн дуудагддаг Монголын шигшээ баг АХХ-ны Челленж Цомын тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Филипиний багтай энэ долоо хоногт тоглон эргэн ирэлтээ хийх боломжтой бөгөөд зочин баг нь спортын гэхээсээ илүү даарчихгүйн тулд 2 давхар өвлийн хөлбөмбөгийн өмсгөлтэй талбайд гарах болно.
/энэхүү нийтлэл нь 3-р сарын 15-ны өдөр бичигдсэн бөгөөд манай шигшээ баг Филиппиний багтай хараахан тоглоогүй байлаа/
Монголын нэг давуу тал нь /Польшоос 5 дахин том/ газар байж болох юм. Гэхдээ Элбэгдорж хөлбөмбөгийн талбайг эвдлэн сүйтгэж байгаатай тэмцэж байна. 2006 онд, rsssf.com-ийн мэдээлснээр Монголын лиг зохиогдоогүй бөгөөд түүндээ “2006 оны аварга шалгаруулах тэмцээн Монгол дахь цорын ганц хөлбөмбөгийн талбай засварт орж байгаа тул лигийн хэмжээнд явагдаагүй бөгөөд 2 шаттай 4 хэсэгт хуваагдан аваргаа тодруулсан болно” гэж бичжээ.
Лиг одоо хэвийн зохиогдож байгаа, гэвч 3 үе шаттай тун төвөгтэй хэлбэртэй зохиогддог. Клубүүдийнх нь тухай мэдээлэл тун ховор, Википедиад хүртэл байхгүй. Харин Lonely Planet-ийн уншигчдын тодорхойлсноор Наадмын цэнгэлдэхэд нь тоглолт үзэх нь Улаанбаатарт хийж болох зүйлсийн жагсаалтын 93-р байрт бичигджээ.
Талбайгаа хамгаалж чадахгүй байгаа нь яагаад ерөнхийлөгчийн мөрөөдөл сонсогдож байгаагаасаа илүү хоосон хуурмаг сонсогдож байгаагийн учир байж болох юм. Монгол улс уул уурхайн нөөцөөр баялаг бөгөөд үйлдвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтаас бий болох эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь Монголд хөлбөмбөг хөгжихөд нэмэр болж болох юм. Хэрвээ ФИФА ДАШТ-ийг өмнө нь зохион байгуулж байгаагүй улсуудад эрхээ өгөх бодлогоо баримталсаар байх аваас Элбэгдоржийн ач гучийнх нь хүү 2050 оны ДАШТ-ийг эхлүүлж болох л юм.
FourFourTwo.com-оос орчуулсан А.Ундрал
CSPORTS TEAM