by jugder_08 » Fri Feb 25, 2011 2:12 pm
"Одгүй" атлаа орлоготой бөх
Бөх үе үеэрээ төрдөг хэмээн аваргууд дуу нэгтэйгээр өгүүлдэг. Үнэхээр тийм болохыг жил жилийн наадам баталсаар ирсэн түүхтэй. Дээрх жамын эрхээр Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба гэж хөрслөг бор залуу монгол бөхийн шинэ цаг үед ёстой л цахиур хагалж байна. Тэрээр өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш 10 гаруй удаа зодоглохдоо Орхон аймагт болсон Төвийн бүсийн даншиг, өрлөг жанжин Дэмидийн мэндэлсний 110 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяр зэрэг 10 барилдааны түрүү авлаа. Шинэ он гарсаар 20 орчим удаа түрүүлж, тун цөөн удаа өвдөг шороодоод байгаа билээ. Үүний дийлэнх хувийг буюу гурван удаа Д.Лхагвадоржид элэг бүсээ тайлаад байгаа.
Түүний удамд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, төрийнхөө их баяр наадамд 17 удаа шөвгөрсөн У.Мижиддорж гэж арслан бий. Залуу сайхан насандаа аатай, бяртай явсан буурал арслан Хархорин суманд болсон даншигт барилдахаар очиход нь бүртгэл дууссан байж. Улсын начин цол аваад удаагүй байсан түүнийг нэр дуудаад гараагvй бөхийн өмнөөс барилд гэхэд “Айдаггүй хүн, аргийн цоорхойгоор гүйдэггvй хүн, Архангайн Мижиддорж гэж бич” хэмээн даналзан байж түрүүлж байсан түүхтэй. Энэ бол 1955 он байлаа.
Ийм удам залгаж гарч ирсэн бяр, бие тэнцүүхэн хүүг өнгөрсөн жил улсын наадамд түрүүлэх магадлалтай хэмээн олон хvн таавар дэвшүүлсэн ч дөрвийн давааны нугалаанд улсын начин Д.Лхагвадоржид бүдэрлээ. Түүнийг харсан олон хүн “Их идсэний дараа өнж гэдэг үнэн шүү” хэмээн жиг жуг хийлцэж байсан юм.
Амжилтын түүчээ
Дөнгөж 16 настайдаа Булган аймгийн Гурванбулаг суманд түрүүлж, даага хөтлөөд буцсан нь түүний анхны амжилт. Тэр үедээ хөрш зэргэлдээ суманд ч тун цөөхөн удаа өвдөг шорооддог байсан гэдэг. Яг л наадмаас наадмын хооронд амжилтай барилддаг шигээ… Багаасаа бөхөд хорхойсч, үе тэнгийнхэнтэйгээ ноцолдон бүтэн дээлтэй явах нь ховордсон хүүг Д.Хишигдорж заан нийслэлд дагуулан ирж, алдарт бөх З.Дүвчингийн гараас атгууллаа. Үнэндээ нутгийн ах түүнийг ирээдүйд сайн бөх болно хэмээн таньсан хэрэг биш байв. Гэхдээ л энэ бол Ч.Санжаадамбын хувь тавилангийн эргэлт байлаа. Уг нь Д.Хишигдорж заан түүний ахыг Ч.Санжаадамбаас илүү сайн бөх болно хэмээн авах гэж хоёр удаа очоод “хана мөргөсөн” учир хоосон буцахыг хүсээгүй тул түүний хувцастай цүнхийг нь үүрүүлээд нийслэлийн зүг зорьжээ. Ийнхүү уран барилдаант З.Дvвчингийн гар доор гурван сар бэлтгэл хийж, улсын наадмын өсвөрийн барилдаанд хоёр давж, төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч үзэнгүүтээ л нутаг буцжээ. Орон гэрээсээ холдож үзээгүй, айлын танхил хүүд нийслэлийн амьдрал, тамирчин хүний хийх ёстой бэлтгэл хатуудан шантарсан ч байж болох. Гэхдээ энэ нь буруу зүйл болохыг тэрбээр ойлгож их хотын амьдрал дунд анх угтаж авсан З.Дүвчин заандаа 2005 онд хадаг барин ёсолсноор “Замчин” нийгэмлэгийн тамирчин болж, жинхэнэ бөхийн замд эргэлт буцалтгүй орсон билээ. Энэ нь ч зөв байсныг дараа жилийн нь наадам харууллаа. Тэр жил Дорноговь аймгийн баяр наадамд начин цол хүртэж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гурвын даваанд улсын начин Ж.Бадамдоржид өвдөг шороодсоноор улсын наадмын дэвжээнд салхи хэрхэн сэвэлздэг, санаж явснаас нь ямар өөр болохыг тэрээр ойлгосон гэнэ лээ.
Итгэл өвөртөлсөн он жилүүд буюу хардалт
Тэрээр 2007 оны арван нэгдүгээр сард болсон “Витафит” компанийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтны барилдаанд заан М.Баяржавхлан, Ц.Мягмарсүрэн, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр нарыг дараалан шороодуулж, аймгийн начин цолтой залуу том барилдаанд анх удаа түрүүллээ. Түүн шиг аймгийн начин цолтойдоо улсын цолтны барилдаанд түрүүлсэн хүчтэн өмнө нь гарч байсангүй. Энэ үеэс л бөх сонирхогчид түүнийг ирээдүйд “юм” дуулгана даа хэмээн харж суудаг боллоо. Арга ч үгvй биз. Хэдхэн жилийн дараагаас 20 сая төгрөгийн шагналтай Монгол туургатны барилдаанд түрүүлж, дараа жил нь мөн энэ барилдаанаасаа 22 саяыг “халааслалаа”. Өнгөрсөн жил 17 түрүү авахдаа мөн Монгол туургатны гуравдугаар наадам, Цагаан сар, Бүх цэргийн наадам гээд томоохон барилдааны тэргүүн шагналыг хамлаа. Энэ бүхэн нь түүний хөгжөөн дэмжигчийн тоог нэмсээр байсан юм. Амжилт гаргах тоолонд хурц арслангийн хэтэвч нь, хэдэн саяар зузаарч байв. Ингэсээр монгол бөхчүүдийн чанар чансааг шалгадаг улсын наадам хаяанд ирлээ. Хэвлэл, цахим хуудсууд түүний хаана бэлтгэлээ базааж байгаа, ямар цолонд хүрэх тухай итгэлтэйгээр бичээд л. Бөхийн хорхойтнууд түрүүлэх бөхийн тааварт түүний нэрийг “зоож” шагналынхаа мөнгийг зүүдлэх нь холгүй төрийн наадамтай золгодог боллоо сүүлийн жилүүдэд. Тэрээр зорьж очсон сэтгүүлчийн асуултад “Шударгаар барилдвал наадмын дэвжээ ивээнэ”, “Цол хүртэх бөхийг өвс хүртэл хатгаж тэнцүүлдэг”, “Би мөнгөний төлөө улайрч барилддаггүй” гэсэн эерүүхэн хариу өгч буцаасан нь нэг удаа бус. Энэ бол түүнд наадамчдын тааврыг биелүүлчих юмсан гэсэн хүсэл, бас итгэл дүүрэн байсны баталгаа байлаа. Түүний тухай улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай “Энэ хүүг түрүүлэхэд гайхаад байх зүйлгүй”, улсын арслан У.Мижиддорж “Манай Санжаадамба ирээдүйн аварга болно” зэрэг өөрсдийн саналаа хэлж, бөх тайлбарлагч Ц.Батнасан, Б.Цогтбаатар нар улсын наадамд түрүүлэх магадлалтай хэмээн нэрлэж, наадамчдын анхаарлыг сүүлийн хэдэн жил түүн рүү хандуулав.
“Азгүйчүүд”-ийн эгнээнд
Гэтэл 2007 оны баяр наадмын дөрвийн давааны нугалаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй учраа таарч, улсын цолны тухай бодлоо дараа жил хүртэл хойшлуулахаас аргагүйд хүрлээ. Энэ үед хөгжөөн дэмжигчид нь “Залуу хүнд аз дутлаа” гэж ярилцаад л өнгөрсөн. Харин 2008 оны баяр наадмын дараа байдал тэс өөрөөр эргэлээ. Магадгүй Ч.Санжаадамбын санаанд ороогүйгээр тийм өөрөөр...
Тэр жилийн наадмаар Ардын хувьсгалын 48 дахь, XX зуунаас хойш төрсөн 65 дахь арслан цолтон Б.Ганбатад элэг бүсээ тайллаа. Энэ наадмын дуулиан намжаагvй байхад хөгжөөн дэмжигчдийнх нь зүгээс“Санжаадамба сэргээш хэрэглэдэг болоод наадмаас өөр барилдаанд сайн барилдаж байна. Наадмаар өндөр цолонд хүрвэл энэ нь илэрнэ” гэсэн яриа цуурай хадах мэт тарав. Зөвхөн энэ өгүүлбэр л хүмүүсийн бодлыг тэс өөрөөр эргүүлж чадсан төдийгүй ихэнх нь үүнтэй санал нэгдсэн юм. Гэхдээ үүнийг нь хэн ч баталж чадаагүй билээ. Тэрбээр 2009 оны улсын баяр наадмаар Говь-Алтай аймгийн арслан Ч.Суманчулуунтай хоёрын даваанд таарч Цэнгэлдэхийг орхисон, өнгөрсөн жил дөрвийн даваанд унасан нь түүнийг өнөө цагийн хамгийн азгүй бөх хэмээн нэрийдэхэд хүргээд буй. Энэ азгүйчүүдийн цуваанд Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, улсын начин Д.Батбаяр ч багтаад удаж байгаа юм.
Одоо телевизээр бөх гарахаар авгай, хүүхнүүд хүртэл “Нөгөө Санжаадамба байна уу. Тэр л түрүүлэх биз. Том байтай наадамд түрүүлээд халтуурчин “гар” юм аа” гэж ярилцдаг болж. Магадгүй, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ж.Оргилболд гээд олноос онцгой бөхчүүд барилдаагүй удсан учир түүнээс өөр таних бөх тэдэнд үгүй биз. Гэхдээ бөх судлаачдын гаргасан олон судалгаа түүнийг улсын цол хүртэнэ гэдгийг баталж байгаа юм. Тухайлбал, Бүх цэргийн баяр наадамд түрүүлж байсан болон цагаан сарын барилдаанд түрүү, үзүүрт шалгарсан залуус улсын цолгүй үлдсэн түүх үгүй аж. Харин түүнийг хэдий хүртэл “азгүй”, “халтуурчин бөх” хэмээн дуудуулахыг хэн ч үл мэднэ. Гэхдээ нас залуу, наадам олон байна даа.
Эх сурвалж: asunews.mn Д.Булган