by Могжоохон » Tue Mar 15, 2011 4:21 pm
Монголын №1 хөлбөмбөгч
Эдүгээгийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Донровын Лүмбэнгарав 1977 оны нэгдүгээр сарын 27-нд Увс аймгийн Давст суманд төржээ. Дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа ширэн бөмбөгтэй нөхөрлөсөн тэрбээр долдугаар ангидаа Спорт сургалтын төвд ахмад хөлбөмбөгчин Г.Сандагдорж багш дээр жинхэнэ утгаараа хөлбөмбөг тоглож сурчээ.
Спорт сургалтын төвийн багт 1998 он хүртэл тасралтгүй хүчин зүтгэсний эцэст тэр лигийн аварга "Дэлгэр" багт тоглох болов. Тухайн жилдээ анхны лигийн АШТ-дээ оролцож аваргын төлөө "Эрчим" клубт дийлдэн мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Удаах жилдээ тэрбээр бууриа сэлгэн "Баянгол" багт 2001 оныг дуустал тоглов. Тус багт тоглосон эхний жилдээ лигийн АШТ-ий медалиас мултарсан бөгөөд дараагийн улиралдаа хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Үүнээс хойш тэрбээр "Мон-Уран" багт гурван жилийг үдэж лигийн АШТ-д нэг удаа аман хүзүүдэж, хоёр хүрэл медаль хүртсэн. 2004 оны хавар Д.Лүмбэнгарав оргил амжилтаа үзүүлэхээр "Хоромхон" клубт Б.Гансүх багшийн удирдлагад очсон. "Хоромхон"-ы бүрэлдэхүүнд лигийн АШТ-д хоёр жил аман хүзүүдсэний эцэст 2005 онд гурван жил тасралтгүй тэргүүлсэн Эрдэнэтийн "Хангарьд"-ыг 3:1-ээр хожин анхны түрүүгээ авсан. Тэрбээр лигийн АШТ-ий анхны тоглолтдоо "ХОТШ-Барс"-ын эсрэг 1:1-ээр тэнцсэн болон аварга болсон мөчөө хамгийн дурсгалтайд тооцдог. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог ч лигийн явцад багагүй тооны гоол оруулдаг нь түүний ямар хөлбөмбөгч гэдгийг нь илэрхийлэх биз ээ. Хамгийн сүүлийн жишээг дурдахад тэрбээр өнөө жилийн лигт 21 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн. Энэ нь түүний хагас хамгаалагчийн байрлалд тоглосонтой холбоотой. Энэ жилийн лигт тэрбээр "Хангарьд" баг санал тавьсны дагуу тус багт хүчин зүтгэж ээлжит мөнгөн медалиа хүртсэн нь энэ. Анх хөлбөмбөгчийн замналаа хаалгачаар эхэлсэн Д.Лүмбэнгаравыг ахмад мастер Г.Сандагдорж ССТ-ийн багт хамгаалагчаар тоглуулсан нь хожмын амжилтад ихээхэн тус хүргэсэн хэрэг болжээ. Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр ирээдүйд дасгалжуулагчийн ажил эрхлэхийг хүсдэг аж. Хөлбөмбөг тоглохоос гадна МХХ-нд давхар алба хашдаг түүнд Г.Сандагдорж багш нь анх 3 дугаарыг өгсөн. Түүнээс хойш тэрбээр уг номероо нэг ч удаа солиогүй гэнэ. Аливаа багийн тоглолтын үр дүн хаалгач, хамгаалагчаас ихээхэн хамаардаг. Тиймээс Д.Лүмбэнгарав өөрийн байрлалдаа аль болох алдаа гаргахгүйг хичээдэг. Тэрбээр 1998 оноос шигшээ багийн өмсгөлийг өмсөн олон улсын тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд "Бангкок-98" Азийн наадамд Кувейтын эсрэг анхны тоглолтоо хийсэн. Энэ цагаас хойш тэрбээр албан ёсны 29, албан бус 54 тоглолтод улсаа төлөөлөн оролцоод байна. Эдгээр тоглолтод тэрбээр нийт гурван гоолыг оруулаад байгаа бөгөөд хамгийн сүүлд ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө БНАСАУ-д хийсэн хариу тоглолтод гурав дахь гоолоо оруулжээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд хаалгачийг давуулан мөргөсөн түүний бөмбөг манайхныг хуурай хожигдлоос аварсан юм.
БНАСАУ-ын эсрэг манайхан 4-4-2 системээр тоглосон байрлалын алдаа гарч бие биенээ ойлголцох тал дээр будилсан гэнэ. Өмнө нь манай шигшээ багийнхан тогтмол 3-5-2 байрлалаар олон улсад тоглож байсан аж. "Гэхдээ л манайхан боломжоороо сайн тоглосон" хэмээн тэрбээр ярьж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд ес дэх жилдээ тоглож буй түүний хамгийн сайн хамтрагч нь С.Баатарсүрэн байжээ. Гэмтэл бэртлийн улмаас хөлбөмбөгөөс бага зэрэг хөндийрөөд байгаа С.Баатарсүрэнтэй тэрбээр улсын шигшээ болон "Хоромхон" клубт мөр зэрэгцэн тоглож байсан юм. Тэрбээр өдгөөгийи шигшээ багаа ийн дүгнэж байна. "Шигшээ багийн хамгийн хурдтай Г.Төгсбаяр, холын зайд бол Д.Мөрөнг гүйцэх хүн байхгүй. Харин хамгийн ухаалаг, алсыг хардаг нь Б.Гарьдмагнай. Шигшээ багийн хүүхдүүд маань биеийн хөгжил сайн, улам илүү хөдөлмөрлөвөл амжилтад хүрэх боломж бий" гэж дүгнэдэг. Хэрвээ хөлбөмбөг сонирхогчдоос Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ гэвэл Д.Лүмбэнгарав гэдэгтээ маргах хүн байхгүй биз ээ.
Асуулт форумын гишүүн Ирээдүй
Last edited by
Могжоохон on Tue Mar 15, 2011 5:15 pm, edited 1 time in total.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi