Шинэ дасгалжуулагчыг мэдэхгүй хүн байж магадгүй ...тиймээс өмнө нь бичиж байсан зүйлээ дахиад нэг оруулчий
Бяцхан онгоц Винчензо МонтеллаГоол оруулсныхаа дараа гараа алдлан гүйдэг учир түүнд Онгоц хэмээх хочыг өгчээ. Мөн намхан биетэй учир Бяцхан хэмээх тодотголтой болж. Монтеллагийн L'Aeroplanino буюу Бяцхан онгоц хэмээх хоч үүссэн түүх нь энэ юм. Хэдийгээр Винчензо европын тавцанд өндөр амжилт гаргаж, олны анхаарал татаж од болж чадаагүй ч Ромын фенүүдийн хувьд үргэлж шилдэг нь байсаар ирсэн билээ. Цашдаа ч байсаар байх болно гэдгийг дэлхий дээрхи бүх Ромын фенүүд батлан хэлж чадна. Монтеллагийн хөлбөмбөгийн карьер италийн дээрээсээ 3-т эрэмбэлэгддэг Serie C лигийн Эмполи багаас эхэлжээ. Тухайн үед дөнгөж 16 настай байсан учир өөрийгөө хөгжүүлэх болон үндсэн багт багтахад түүнд хугацаа хэрэгтэй байлаа. Ингээд таван жил гаран доод лигт нуугдсан авьяас чадварыг 1995 онд Сери Б-гийн Женоа багийн дасгалжуулагч Луйжи Радисе анзаарч өөрийн багт урьжээ. Энд өнгөрүүлсэн ганцхан улиралдаа Монтелла 34 тоглолтонд 21 гоол оруулж шилдэгүүдтэй ''үзэлцэхэд'' нэгэнт бэлэн болсон гэдгээ баталжээ. Түүний энэ хүч хөдөлмөрийг үл харгалзан баг нь Сери Б-дээ үлдсэн ч Монтеллад дээд лигийн Сампдориа багаас улирга ирж 3 жилийн гэрээ байгуулжээ. Ийнхүү хийж бүтээх эрмэлзлэлээр дүүрэн нэгэн залуу довтлогч Сери А-д өөрийгөө хэн гэдгээ харуулахаар хүрэлцэн ирлээ. Винчензогийн дээд лигийн дебут нь 1996 оны 9 сарын 8-нд Перужиа багийн эсрэг тохиосон байна.
Ромад 1999 оны зун Ромагийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Чех мэргэжилтэн Зденек Земан Монтеллаг 25 сая фунтээр өөрийн багтаа элсүүлж чадлаа. Гурван жилийн турш Сампдорид гялалзсан түүнийг Мөнхийн хотын багт хүсэл болсон лгийн цомыг нь авчирч чадна гэдэгт эргэлзэх хүн нэг ч байсангүй. Гэтэл багийн удирдлагуудтай таараагүйн улмаас улирал эхлэхийн өмнөхөн Земан багийг орхиж оронд нь Фабио Капелло Ромад ирлээ. Өндөр хүчтэй довтлогчдыг илүүд үздэг Капеллогийн санаанд Монтелла нийцээгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч тэр энэ бүхний үл харгалзан гоолоо оруулсаар байлаа. 1999-2000 оны улиралд тэрээр 18 гоол оруулж багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Дараа жилийн зун нь Фабиогийн хүсэлтээр Фиорентинагаас Аргентини довтлогч Габрель Батистута ирж Монтеллагийн хувьд гараанд гарахад хүндрэлтэй болов. Мэдээж хэрэг Капеллогийн хувьд Бати-гоол номер нг сонголт нь байж, Винчензог гол төлөв сэлгээнд суулгах болжээ. Сонирхуулахад Батистута, Монтелла нарын хооронд 9 дугаарыг хэн зүүх тухай маргаан гарч байсан гэдэг. Эцэст фенүүдийн хайртай довтлогчид 9 дугаар үлдэж, Батистуга 18 дугаарыг зүүх болжээ. Хожит Бати үүнийгээ 20 болгосон нь нэг улиралд оруулсан гоолынхоо тоог бэлгэдсэн хэрэг юм. Рома багийн фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдсэн 2000-2001 оны улиралд Монтелла ховорхон гараанд гарсан ч үргэлж хэрэгтэй үед, хожлын гоол оруулдаг заншлаараа багтаа маш их тус хүргэсэн. Хэдийгээр Франческо Тотти, Батистута, Кафу, Алдайр гээд олон шилдэг тоглогчид гар, сэтгэл нийлэн ажилласны хүчинд 'Чононууд'' 10 гаран жил хүлээсэн Скудеттогоо хүртэж чадсан ч Монтеллагийн гавьяаг онцгойлон дурьдах нь зүйтэй. Үүн дээр 2002 оны Ромын дербийн үеэр Лациогийн хаалганд покер хийсэн нь гавьяа нь ч нэмэгдэнэ. Энэхүү гайхалтай тоглолтын өмнөхөн Монтелла Капеллогийн тухай таагүй мэдэгдэл хийж, өөрийг нь үнэлэхгүй байгаа тухай хатуухан сануулсан юм. Хүйтэн дайны байдалтай байсан дасгалжуулагч-тоглогч хоёрын маргаан 2004 онд эцэслэж Фабио Ромыг орхисон ч энэ үеэс Монтеллагийн хувьд азгүйтэл үргэлжилсээр байлаа. Өмнөх жил нь бэртэл гэмтлээс болж цөөхөн тоглолтонд оролцож сэтгэлээр унаад байсны дээр эхнэрээсээ салсан нь ногоон талбайд гайхалтай тоглолтоо үзүүлэхэд нь нөлөөлж байсан нь тодорхой. Гэвч тэр энэ бүх хүнд үеийг даван туулж чадсан төдийгүй 2004-2005 оны улиралд 23 гоол оруулж багтайгаа 5 жилийн урт хугацааны гэрээр байгуулж чаджээ. Дахиад хуучин сайхан цаг эргэж ирлээ дээ гэлцэж байтал өнөөх л бэртэл гэмтэл түүний замд саад боллоо. Шинэ бэртэл авахаас илүү хуучин нь сэдрэх нь илүү аюултай байдаг гэж тамирчид ярилцдаг. Монтеллад яг ийм явдал тохиолдож бэртлээ сэдрээснээр нуруу болон мөрний хоёр мэс засалд орлоо. Энэ үед амжилт тааруу байсан Ромын багийнг удирдахаар Лаучиано Спаллетти хэмээх эрхэм иржээ. Тэрээр өөрийн дуртай 4-2-3-1 гэсэн тактикийг ашиглах болж , энэ нь ч үр дүнгээ өгч баг эргэн топ түвшний амжилтаа үзүүлэх боллоо. Харамсалтай нь энэ такикт зөвхөн ганц довтлогч талбайд гарах боломжтой учир ихэнхдээ Франческо Тотти талбайд гарч, форм муутай Монтелла сэлгээнд суулгах болсон юм. Хоёр жил орчимийг иймэрхүү байдлаар өнгөрөөсний эцэст Монтеллаг 2007 оны өвөл английн премьер лигийн Фулхэм багт зээлээр явуулжээ. Түүний хувьд энэ нь хамгийн зөв шийдвэр байсан хэмээн тэр үеийн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Англид 2007 оны 1 сарын 4- нд Монтелла 6 сар зээлээр тоглох гэрээ байгуулан Фулхэм багт ирлээ. Золаг эс тооцвол итали тоглогчдын дасан зохицсон түүх ховорхон хатуу ширүүн премьер лигт түүнийг амжилт гаргана гэдэгт олон хүн эргэлзэж байлаа. Гэвч тэр анхны тоглолтоороо л энэ бүх шүүмжлэлийг тас цохисон юм. Леикестр ситигийн эсрэг хийсэн ФА цомын тус тоглолтонд Монтелла даубль хийсэн бөгөөд ээлжит тулаандаа мөн л 2 гоол оруулж ''ясны'' довтлогч гэдгээ нотолсон юм. Хаа ч очсон тэр багийн фенүүдийн хайрыг татдаг заншлаараа богино хугацаанд Фулхэмийн фенүүдийн талархлыг хүлээж чадсан Винчензод өмнө нь тулгарч байсан бэрхшээл дахин саад боллоо. Фулхэмийн менежер Коулмэнтэй ч тэр, дараа нь ажлыг нь хүлээж авсан Лауру Санчезтай ч тэр таарч тохирч чадаагүй тул англи дахь карьераа хурдан дуусгаад ''гэртээ'' харихыг тэр хүсэх болжээ. 2007-2008 улиралыг хуучин зүтгэж байсан Сампдори багтаа өнгөрөөгөөд 2008 оны зун тэрээр төрхөмдөө эргэн иржээ. Жюли, Мансини зэрэг хэд хэдэн тоглогчдоо зараад байсан Ромагийн хувьд хуучин хал цэрэгтээ найдвар тавьж байсан нь юу л бол. Гэхдээ фенүүдийн шахалт, шаардлагаар энэ алхмыг хийсэн болов уу. Мирко Вучинич 9 дугаарыг эзэмших болсон тул Монтелла Миркогийн зүүдэг байсан 23 дугаарыг өөртөө авчээ. Мөнхийн хотын баг дахь хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2009 оны 5 сарын 16-ны өдөр хийсэн бөгөөд 7 сарын 2-нд зодог тайлах боллсноо албан ёсоор зарласан билээ. Рома багтай амьдралаа холбосон 10 жилийн хугацаандаа Бяцхан онгоц нийт 225 удаа талбайд гарч 94 удаа айлын хаалгыг бөмбөгдсөн үзүүлэлтээрээ клубын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 5-р байранд бичигддэг юм. Зодог тайлаад Монтелла дасгалжуулагчийн албанд шилжиж залуу ''Чононуудыг'' сургах албанд томилогдсон ба түүний гараар хүмүүжсэн эрэлхэг Гладиаторууд ирээдүйд европын дэвжээг эзэгнэх нь дамжиггүй.
Шигшээ багт Монтеллаг шигшээн дасгалжуулагчид яагаад үнэлдэггүй байсан нь ойлгомжгүй. Хэрвээ түүнд боломж олгосон бол шигшээдээ маш их зүйлийг хийж чадах байсан гэж мэргэжилтнүүд үздэг. 199 онд анх шигшээн дуудлага хүлээж авснаасаа хойш тэрээр ердөө 20 удаа л талбайд гарч, Азурригийн төлөө зүтгэжээ. Евро 2000 болон 2002 оны ДАШТ-н бүрэлдэхүүнд багтсан ч Трапатонни Монтеллаг талбайд гаргахдаа тун ''хойрго'' хандсан. Шигшээ дэх хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2005 онд хийжээ.