by Khosoo » Tue Feb 08, 2011 5:44 pm
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн
зохион байгуулалтын төлөвлөгөө
Тэмцээн: Азийн Чэллэнж цомын эхний шат
Тоглолт: Монгол-Филиппин
Огноо: 2011 оны 3 сарын 15
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Зорилго: Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, зөв боловсон хөгжөөн дэмжих соёлыг түгээх, Монголын багийн амжилтанд хувь нэмрээ оруулах
Үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө:
Тоглолтын өмнө болон тоглолтын өдөр гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Эхний буюу тоглолтын өмнө хэсэгт
1) Монголын хөлбөмбөгийн түүхэн замнал, хөгжил, шигшээ багийн бүрэлдэхүүн, өрсөлдөгч баг, тамирчид болон “Спортын цонх” ТББ-ын талаар цуврал нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлага, мэдээнүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах, сурталчлах, ялангуяа тоглолтоос 7 хоногийн өмнө давтамжийг нэмэгдүүлэх
Тухайн үед Монголын багийн ХӨХ ЧОНОНУУД нэрийг олонд хүртээх
2) шигшээ багийн өмсгөл, малгай, ороолт, цамц, бэлэг дурсгалын зүйлүүдийн загвар гаргах, хийлгүүлэх, худалдаалах ажлын зохион өөрийн эрхийн хүрээнд байгуулах;
3) тоглолтын өдөрт тусгайлан бэлдэх /уриа дуу зохиох, хэвлэмэл хуудас, тоглолтын хөтөлбөр хэвлүүлэх гэх мэт/ зэрэг үйл ажиллагаанууд орно.
Ялангуяа зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг ахлуулахаар олны танил жүжигчин хүмүүст /жүжигчин, дуучин гэх мэт/ санал тавих, төрийн дуулал болон бусад дууг гоцолж дуулах дуучныг сонгоход чухалчлан анхаарна.
Дараах буюу тоглолтын өдрийн хэсэгт бэлдсэн хөтөлбөрийн дагуу тоглолтын туршид Монголынхоо шигшээ багийг чин сэтгэлээсээ хөгжөөн дэмжиж, амжилт гаргах эерэг нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд орно. Үүнд:
Цэнгэлдэхийн гадаа: Цэнгэлдэхийн гадаа шигшээ багтай холбоотой төрөл бүрийн эд зүйлс, хөгжөөн дэмжих хэрэгслийн худалдаа явуулна.
Тоглолтын билет: Билетний үнэ суудлаас болон багцаас /шигшээ багийн дэмжигчийн цамц, ороолт байж болно гэсэн./ хамаарч харилцан адилгүй байна. Үнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос тогтооно. Зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд хөнгөлөлттэй үнээр билет олгох магадлалтай.
Билетийг дагалдуулж тоглолтын хөтөлбөрийг хөгжөөн дэмжигчдэд өгнө. Хөтөлбөрт багтах зүйлс:
1. Монгол улсын төрийн дуулал
2. ХХ зууны шилдэг дуу “Халуун элгэн нутаг”
3. Хөгжөөн дэмжигчдийн дуулах шинээр зохиосон уриа, дууны үгийг хэвлэсэн байна.
4. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн, хувийн дугаар, клуб
5. Хөгжөөн дэмжигчдийн зөв боловсон хөгжөөн дэмжих уриалга
Үзэгчдийг шигшээ багийн өмсгөлд тохируулж аль болох улаан өнгийн хувцастай хүрэлцэн ирэхийг урьдчилан сануулсан байна.
Үзэгчдийн суудлын зохион байгуулалт: Хөгжөөн дэмжигчдийг зохион байгуулах багийн бүрэлдэхүүн суудлын өмнөд хэсгээр бүлэг бүлгээр хуваагдан нийт хөгжөөн дэмжигчдийг зохион байгуулах үүрэгтэй байрлана.
Зохион байгуулах багийнхан дараах зүйлсийг бэлдсэн байна.
Жигдрэх хувцас: Үзэгчдээс тод ялгарахуйц хувцсаар ижилссэн байна.
Хэрэглэл материал: Бөмбөр, бүрээ, цагаан хоолой бас бусад зүйлс.
Тоглолтонд бэлдэх далбаа, уриа, лоозонгууд: Нийт хэсэг тус бүрт 3 ширхэг байна. Уг уриа лоозонгууд ерөнхийдөө багийн тоглогчдын сэргээх, үзэгчдийн багаа дэмжих урмыг нэмэгдүүлэх зорилготой байна.
Хамгийн гол нь Монголын шигшээ багийн сүр хүч, хийморийн бэлэгдэл болсон архирч буй төрхтэй хөх чонын томоохон хэмжээний хэвлэмэл зураг байна. Түүнчлэн:
- “Илүү илүү илүү”
- “Чаднаа чадийшдээ”
- “Уухай, Уухай”
- “Хөх Чононууд урагшаа” гэсэн уриатай хэвлэмэл зурагнууд байж болно.
Монголын багийн уриа: Моон-гол – алга таших *3 - Моон-гол гэх мэт. Тоглолтын өрнөлтэй холбоотойгоор олон төрлийн уриаг шинээр зохиох хэрэгтэй.
Тоглолтын төлөвлөгөө: Тоглолт эхлэхийн өмнөх албан ёсны арга хэмжээг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулна.
Хөгжөөн дэмжигчид тамирчдаа талбайд халаалт хийх үеэс эхлэн дуусан дуустал дэмжсэн, урам зориг өгсөн дуу, уриаг тасралтгүй зориулна. Мексик давалгаа, бөмбөрийн нүргээн, цагаан хоолой зэргийг ашиглан эерэг уур амьсгал бүрдүүлнэ. Эдгээрийг хийхдээ тоглолтын аль хэсэгт, ямар давтамжтай хийхийг урьдчилан тохирсон байх хэрэгтэй.
Тоглолтын нээлт болгож Монгол улсын төрийн дуулал эгшиглэх бөгөөд тоглолтын завсарлагаанаар “Халуун элгэн нутаг” дууг хөгжөөн дэмжигчдийн бусад дууны хамтаар дуулна.
Тоглолтын үед эсрэг багийн тоглогчдыг бөмбөгөнд хүрэх бүрт сэтгэлзүйн дарамт үзүүлэх зорилгоор “бүүлнэ”. Харин арьс өнгөний үзлийг дэвэргэсэн, Филиппин улсын хэл, соёл, заншлыг доромжилсон аястай үйлдэл хийхийг тэвчвэл зохилтой.
Тоглолтын төгсгөлд үр дүнгээс үл шалтгаалан тамирчиддаа талархал дэвшүүлж, алга ташилтаар өндөрлөнө.
Дээрх үйлдлүүдийг зохион байгуулах багийн бүрэлдэхүүн уриалан дуудаж, бүх хөгжөөн дэмжигчдийг бүрэн хамруулахын төлөө зүтгэвээс санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх нигууртай бөлгөө.
Хэрэв тоглолтын үр дүн нааштай гарваас тоглолтын дараах хэсгийг бүр өргөн агуулга, хүрээтэйгээр зохион байгуулахад асуудал юун.
Боловсруулсан: Реднаска
~~~Citius, Altius, Fortius