by Sesame7 » Wed Jan 05, 2011 6:36 pm
Д.Тэрбаатар: Эх орныхоо төлөө тоглосон ч танигдахгүй өнгөрдөг цаг ард хоцорлоо
МХБХ-ны IV Их хурал 2010 оны арваннэгдүгээр сарын 7-нд болж, “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. Ажлаа хүлээн авснаас хойшх богино хугацаанд цөөнгүй ажил эхлүүлээд буй шинэхэн генсектэй 2011 оны үйл ажиллагааны тухай болон Үндэсний шигшээ баг, лигийн тэмцээний тухай ярилцлаа. Монгол Улсад дэлхийн хаан спорт хөгжих их итгэл хүлээгээд буй тэрбээр өчигдөр Азийн хөлбөмбөгийн холбооны урилгаар “Asian Cup-2011”-ийг үзэхээр Катар улсыг зорьсон юм.
-Та МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил хийхээр төлөвлөв?
-Холбооныхоо үйл ажиллагаатай сайн танилцлаа, Удирдах зөвлөлийн хурлаар 2011 онд хийж бүтээх ажлын төлөвлөгөө, төсвийг баталлаа. Төсөв бүрдүүлэх арга замыг сайн ярилцаж, боловсруулсан. Үүний дүнд 2011 оны үйл ажиллагаа маань өндөр төсөвтэй хийгдэх нь ээ. Түүнчлэн шигшээ багийн тамирчид, ахмад хөлбөмбөгчид, өндөр зэрэглэлийн клубүүдийн удирдлага, шүүгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэ онд юу хийх талаар сайн зөвлөлдсөн. Эдгээр уулзалтын дүнд 2011 онд хийх ажил тодорхой болсон.
-Ажлаа хүлээн аваад сэтгэлд хүрэхгүй зүйл гарав уу?
-Хөдөө, орон нутаг руу чиглэсэн ажил нэлээд сул байгаа анзаарагдлаа. Салбар, зөвлөлүүдтэй уулзалт хийсэн. Харамсалтай нь миний санаж байснаар ажиллаж чадахгүй байна.
-Төсөв хэрхэн бүрдэх вэ?
-МХБХ энэ онд албан ёсооор 700 гаруй сая төгрөгийн төсөвтэй ажиллана. Үүний 300 гаруй саяыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос авна. Харин үлдсэн 400 саяыг олохын тулд олон ажил зохион байгуулна. Дотоодын тэмцээндээ бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах болсон. Бас МХБХ-ны төв талбай болон энэ онд ашиглалтад орох Хөлбөмбөгийн ордны түрээсийн орлогоор төсөв бүрдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод болох Үндэсний шигшээ багийн тоглолтоор тодорхой хэмжээний орлого олохоор төсөвлөлөө.
-Та “ОУХБХ-оос 300 гаруй сая төгрөг авна” гэж хэллээ. Тэгэхээр хэдэн жилийн өмнө “МХБХ жил бүр 250 мянган ам.долларын тусламж авдаг” гэж яригддаг байсан. Үнэн болж таарах нь ээ?
-Үйл ажиллагаандаа зарцуул гэж цаанаасаа өгдөг юм. Гэхдээ МХБХ-нд асар их зардал гардаг юм билээ. Өөрийн байр, талбайтай болохоор газрын түрээс, ашиглалтын зардал, хүмүүсийн цалин, тэмцээн уралдаан, сургалт гээд олон зүйлд зарцуулдаг.
-МХБХ-ны төв талбайн хажууд охидын тоглолтын талбай байгуулна гэсэн?
-Тийм ээ. Энэ нь МХБХ-ны 2011 оны 10 зорилтод багтсан байгаа.
-Үндэсний шигшээ багийн тухай ярья. Ирэх жил хоёр томоохон тэмцээний урьдчилсан тоглолт байгаа?
-Шигшээ баг аравдугаар сард байгуулагдаж, бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Ахлах дасгалжуулагчаар спортын мастер С.Эрдэнэбат томилогдсон. Шигшээ багт олон жил тоглосон, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Манай нөхцөлд гадаа бэлтгэл хийхэд хүнд байна. Тиймээс МХБХ БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоотой ярилцаж, Гуанжоу хотод 10 хоногийн бэлтгэл хийхээр болсон. Тамирчид маань энэ сарын 25-нд мордоно. Гуанжоуд өмнөд хөршийн дээд лигийн багуудтай дор хаяж дөрвөн нөхөрсөг тоглолт хийнэ. Тэндээсээ цааш Филиппиний Манила хотод очиж, хоёрдугаар сарын 9-нд “Challenge Cup”-ын сонгон шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо хийнэ. Шигшээ баг Филиппинээс ирээд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубт 10 хоногийн цугларалтад гарч, хариу тоглолтын бэлтгэл хангагдана гэж төлөвлөсөн. Шийдвэрлэх тоглолт гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болно.
-“Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг дэмжих сан”-гийн тухай дэлгэрүүлж ярина уу?
-Шигшээ баг гадаадад тэмцээнд оролцоход маш их зардал гардгийг энэ ажлыг хүлээж аваад мэдэрлээ. Хувийн биш багийн спорт болохоор тэр. Жишээ нь, Филиппин рүү явахад 90 гаруй сая төгрөгийн зардал гарах болж байна. Их хэмжээний зардал гарч байгаа тул эргээд тодорхой хэмжээний орлого олж байж, олон тэмцээнд оролцоно. Үүний тулд “Шигшээ багийг дэмжих сан”-г байгуулсан. Энэхүү сангаар дамжуулж шигшээ багт дутагдаад байгаа зүйлсийг нөхөх зорилготой. Хөлбөмбөгийн хорхойтнууддаа энэхүү санд хандив, өргөж Монгол Улсын багийн амжилтад хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Эдгээр хүмүүст шигшээ багийн өмсгөл, тамирчдын гарын үсэгтэй бөмбөг, тэмдэг зэргийг дурсгах болно.
-Монгол Улсын үндэсний шигшээ багаа гэсэн хүндлэлийг бий болгохоор ажиллаж байгаа юм шиг санагдсан?
-Тийм ээ. Улсын шигшээ багт тоглох нь тухайн тамирчны хувьд нэр төрийн хэрэг байдаг. Эх орныхоо төлөө тоглосон ч бусдад танигдахгүй өнгөрдөг цаг ард хоцорч байна. Энэхүү хүндлэл бий болсноор тамирчид тэмүүлэлтэй болж, шигшээ багийн чанар сайжирна. Тамирчид маань нийгэмд хандсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Оны өмнө Амгалан дахь Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвийн бяцхан жаалуудтай хөлбөмбөгөөр өрсөлдөж, хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөлөө, бөмбөг, хувцас хэрэглэл бэлэглэлээ.
-Дараагийн үйл ажиллагаа юу байх вэ?
-Хальтиргаа, гулгаа ихтэй байгаа энэ үед Хан-Уул дүүргийн нэг цэгт очиж, зам цэвэрлэхээр төлөвлөсөн. Бас Цагаан сарын өмнө ахмад хөлбөмбөгчидтэй уулзалт зохион байгуулна. Ингэснээр шигшээ багийн тамирчид өөрсдийн нэр хүндийг өргөж, мэдрэх мэдрэмж бий болгох юм.
-Шигшээ баг энэ онд “Challenge Cup”-аас гадна 2014 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Ямар ч байсан Улаанбаатарт хоёр тоглолт болох нь. Өөр тоглолт төлөвлөгдсөн үү?
-МХБХ хамтран ажилладаг Япон, БНСУ, Кувейтийн хөлбөмбөгийн холбоотой ярилцаж байгаа. Ирэх зургаа, долдугаар сард Улаанбаатар хотод нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар ажиллажэ байна.
-Өсвөрийн шигшээ багийг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-13 хүртэлх насны баг Бээжин хотод болох АХБХ-ны фестивальд, 15 насны баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, 19 насны баг Казахстанд болох олон улсын тэмцээнд оролцоно. Харин 17 насны баг нөхөрсөг тоглолт хийнэ.
-Энэ оны Үндэсний лигийн тэмцээн ямар системээр болох вэ. Сүүлийн хоёр жилийн системийг дасгалжуулагч нар шүүмжилж байсан?
-Лигт есөн баг оролцох мэдүүлгээ өгсөн. Өнгөрсөн жилийн “Хангарьд”, “Мазаалай”, УБДС, “Сэлэнгэ пресс”, “Эрчим”, “Хоромхон”, “Хасын хүлгүүд” дээр “Хараацай”, “Дархан” баг нэмэгдэх болсон. Багууд хоёр тойрог өрсөлдөж, өндөр үзүүлэлттэй дөрөв нь плей-оффт шалгарна. Үндэсний лигийн тэмцээнийг телевизээр нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж өгсөн. Өдөрт лигийн нэг тоглолт болно. Энэ нь үзэгчдэд тохиромжтой 19:00-21:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
-Энэ жилийг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Манайд хэдэн семинар болох вэ?
-25-26 сургалт байгаа. Үүний дөрөв нь ОУХББХ болон АХХ-ных байна. Монголд анх удаа футзалын дасгалжуулагчийн болон хаалгачийн сургалт байх юм. Түүнчлэн фестиваль зохион байгуулах болон шүүгчийн сургалтыг хүлээн авах захиалгаа өгөөд байгаа. Үлдсэн 20-иод сургалтыг МХБХ өөрсдийн зардлаар Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт зохион байгуулна.
-Манайд оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж байгаагүй. Энэ талаар ярилцсан уу?
-Тэгэлгүй яах вэ. 2011 оны төгсгөлд шилдэг тоглогч, клуб, салбар зөвлөл, ивээн тэтгэгч, хамтран ажиллагчийг тодруулна. Үүнд 23 сая төгрөг төсөвлөөд байгаа. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний лигийн дасгалжуулагч, багийн ахлагчдын саналаар дээрх номинацын эзэд тодорно.