2010 Надалийн жил
“Шороон талбайн хаан’ энэ жил түүхэнд үлдэх хэд хэдэн сайхан амжилт тогтоолоо. Юуны түрүүнд Надаль өмнө нь түрүүлж үзээгүй байсан Америкийн нээлттэй тэмцээнд аваргалж Их Дуулгын цуглуулгаа бүрэн болгосон. Талбайн теннисний шинэ эрин эхэлснээс хойш (1968 оноос хойш) ийм амжилтанд хүрсэн 7 дахь тамирчин нь Рафа болсон бөгөөд хамгийн залуудаа Их Дуулгын 4 цувралд түрүүлсэн теннисчин болжээ. Сүүлийн жилүүдэд Надаль, Федерерийн хажуугаар цахиур хагалах гэсэн Дель Потро, Энди Мюррэй, Монфиль, Бердых гээд авьяаслаг маш сайн тоглож байгаа болохоор эрэгтэйчүүдийн теннисний өрсөлдөөн хавьгүй ширүүссэн. Гэвч Надаль энэ гал гарсан тэмцэл дундаас цойлон гарч түүхэнд үлдэх амжилт тогтоож байгаа нь түүний ямархуу чансаатай тамирчин бэ гэдгийг харуулж байна.
Энэ онд тогтоосон Рафагийн өөр нэгэн амжилт бол нэг шороо, зүлэг, хатуу хучилттай талбайд зохиогдсон Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн явдал юм. Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн амжилт өмнө нь гарч байсан ч өөр өөр хучилттай талбайд түрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байсан аж. 6 сард Ролан Гаррост түрүүлснийхээ дараа Надаль дэлхийн чансааны тэргүүн байраа Федерэрээс эргүүлэн авсан. Хэрвээ Федерер дахиад ганцхан долоо хоног чансааг тэргүүлсэн бол Пете Сампрасын 286 долоо хоног #1-т бичигдсэн амжилттай эн зэрэгцэх байлаа. Федерерийг уйлуулдаг ганц тамирчин Надаль ийнхүү мөнхийн өрсөлдөгчийнхөө замд дахин саад боллоо. Гэхдээ оны төгсгөлд Дэлхий турын финалд Федерер Надалийг ялж гомдлоо бага ч гэсэн тайлсан байх.
Сонирхуулахад жилд дор хаяж 4, 5 удаа хоорондоо таардаг байсан Надаль-Федерер энэ онд Дэлхийн турын финалыг оруулаад ердөө 2 удаа л учраа таарч тогложээ. Учир нь Федерер сүүлийн 3 Их Дуулгад шөвгийн наймаас хасагдсан болохоор мөнхий өрсөлдөгчид маань өөд өөдөөсөө тулах боломж гарсангүй. Тиймээс дутуугаа гүйцэх гэсэн үү ямар ч байсан оны төгсгөлд хоёр ч нөхөрсөг тоглолт хоорондоо хийгээд амжсан. 2010 оныг Надаль 3 Их Дуулга, 3 Мастерс цуралын түрүүтэй, дэлхийн чансааны тэргүүн байранд бичигдэн дуусгаж байна. Нэг үгээр 2010 оны Надалийн жил байв. Аа мөн нэг зүйл сануулахад Надаль түүхэнд Олимпийн наадам, Их Дуулганы цувралд бүгдэд нь түрүүлсэн 2 дахь эрэгтэй болон үлдсэн байгаа. Өмнө нь алдарь Андре Агасси энэ амжилтыг ганцаараа эзэгнэж байсан юм.
Эмэгтэйчүүдийн хувьд Серена Уйльямс Австрали, Францын нээлттэй тэмцээнд магнайлсан. Гэхдээ Америк бүсгүй бэртлээс болж оны сүүлийн Их Дуулгад оролцож чадаагүй нь тоогүй. Серенаг эзгүйд Ким Климстерс өнгөрсөн жилийн цомоо хамгаалж 3 дахь удаагаа Сэм авгын дэвжээнд магнайлсан. Италийн харьж яваа теннисчин бүсгүй Франче́ска Скьяво́негийн үсрэнгүй амжилтыг мөн дурьдахгүй өнгөрч болохгүй. 14 жил мэргэжлийн теннис тоглохдоо шөвгийн наймаас хэтэрч үзээгүй байсан Их Дуулгын цувралдаа тэрээр түрүүлж Италийн теннисний хөгжлийг нэг шатаар ахиулсан. Тодруулбал 6 сард явагдсан Ролан Гаррост тэрээр Австралийн Саманта Стосурыг буулган авч Итали эмэгтэйчүүдээс анх удаа Их Дуулгын аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм.
Аа бас мартсанаас энэ жилийн Уймблдоны эхний шатанд нэг түүхэнд бичигдсэн гайхалтай тогллолт явагдсан юм байна. Америкийн Жон Иснер, Францын Николас Махут нарын хооронд бүтэн гурван өдөр дамнан үргэлсэн айхавтар тоглолт болсон. Нийт цагаа нь авч үзвэл 11 цаг 5 минутын турш эдгээр теннисчид тэмцэлдсэн бөгөөд эцсийн дүнд t 70–68-аар Иснер ялалт байгуулсан юм. Уг тулааныг теннисний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор тэмдэглэж авсан.