by 7 » Wed Dec 06, 2006 11:43 pm
Украины шилдэг довтлогч А.Шевченко Английн “Челси” багт ирснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч Италид тоглож байсан шигээ өндөр амжилт үзүүлэхгүй байна. Энэ талаар хэвлэл, мэдээллээр ихээхэн шуугиж буй. Харин украин довтлогч өөрөө юу ярихсан бол, хамтдаа сонирхъё.
-”Челси”-д гараагаа амжилтгүй эхэллээ гэдгээ та хүлээн зөвшөөрөх үү? Энэ сэдвээр мөн ч их маргаан өрнөөд байна л даа?
-Амжилтгүй гэж тэд юуг хэлж байна вэ гэдгээ тайлбарлавал зүйтэй болов уу. Ер нь тэр гараа нь дууссан ч юм уу, үгүй ч юм уу? Нэг үгээр тайлбарлахад хэцүү л дээ.
-Тэгвэл дэлгэрэнгүй ярина уу?
-Надаас ихийг хүсч, хүлээж байгааг ойлгож байна. Өөрийгөө “Челси”-гийн төлөө их юм хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Улирал дөнгөж эхэлж байна шүү дээ. Миний болоод багийн хувьд их амаргүй эхэлсэн. Энэ нь амралтын маань хагасыг, хамаг хүч чадлыг маань залгисан ДАШТ-ээс шалтгаалсан. Дэлхийн аварга, эсвэл Европын аварга шалгаруулах тэмцээний дараах улирал их хэцүү байдаг юм. Зөвхөн би ч бус бусад тоглогчдод ч гэсэн. Мөн ДАШТ-ий өмнө гэмтэл авсан нь ч нөлөөллөө. Гэхдээ би өөрийгөө зөвтгөмөөргүй байна. Миний бодлоор “Челси”-д гараагаа муугүй эхэлсэн, дөрвөн ч гоол орууллаа.
-Наймдугаар сард “Мидлсборо”-гийн хаалганд гоол оруулснаас хойш аравдугаар сард “Портсмут”-ын хаалгыг мялаах хүртэл хоёр сар, есөн тоглолт өнгөрчээ. Арай урт завсарлага биш үү?
-Тийм ээ, өмнөх амжилт, өмнөх гоолуудаас минь шалтгаалж надад өндөр шаардлага тавигдаж буйг ойлгож байна. Энэ өндөр түвшиндээ л тоглохыг хичээнэ.
-Шинэ улс, шинэ багтаа хэрхэн дасав? Та дөнгөж хоёр дахиа л багаа солилоо?
-Ямар ч “проблем” байгаагүй. Тэр дороо л гэх үү дээ.
-Английн хөлбөмбөгийн онцлог танд төвөг удсан уу?
-Ямар нэгэн онцгой, гойд өөрчлөлт олж хараагүй л байна. Английн лиг Европын бусад улсуудынх шиг л тоглолттой.
-Өөр нэг саадын талаар асууя. “Челси”-гийн хагас хамгаалагч Ф.Лампард, М.Баллак нар танд дамжуулалт өгөхөөсөө хаалга руу цохилт хийх нь олонтаа. “Милан”-ы андуудаас тань огт өөр тоглолттой байгаа биз дээ?
-Тийм шүү. Гэхдээ энэ бол саад, бэрхшээл биш. Лампард миний төлөө тоглох ёсгүй биз дээ. Тэрбээр багийн төлөө, бидний амжилтын төлөө л тоглох ёстой. Би ч гэсэн. Гоол оруулах нь миний гол атлаа цорын ганц үүрэг биш. “Ливерпуль”-ийн хаалганд би гоол оруулсан ч баг маань хожигдсоноос илүүтэйгээр гоол оруулаагүй атлаа “Барселона”-г хожсон тоглолт намайг илүү их баярлуулсан.
-Д.Дрогбатай тоглоход та хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэх юм аа. Үүнд гомдохгүй байна уу?
-Үгүй. Сүүлийн хэдэн улирал “Милан”-д Инзаги, эсвэл Жилардиньотой тоглохдоо би мөн л хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан.
-”Челси”-д ирсэндээ харамсахгүйн тулд та хэдэн гоол оруулах ёстой вэ? Ямар тэмцээнд түрүүлэх ёстой вэ?
-Би иймэрхүү маягаар огт боддоггүй. Амьдралыг үзэх үзэл маань тиймэрхүү юм л даа.
-”Челси”-гийн саналын талаар хэр их бодсон бэ?
-Нийтдээ гурван жил орчим.
-Багагүй хугацаа байна шүү.
-Тийм ээ. Би ер нь иймэрхүү хүн л дээ. Сайн бодолгүйгээр нэг ч чухал шийдвэр гаргадаггүй.
-”Челси”-д ирэх шийдвэрээ гаргахад тань эцсийн эцэст нэг зүйл нөлөөлсөн байх. Бүхнийг шийдвэрлэсэн тэр өдрийг дурсана уу?
-Жирийн л нэг өдөр. Эхнэртэйгээ их л удаан ярилцсаны эцэст эргэлзээ маань арилсан. Дараа нь багийн удирдлагатай ярилцах хэцүү асуудал үлдсэн.
-Галлианитай юу?
-Берлусконитой.
-Тэр таныг ятгасан уу?
-Өөрийн санал бодлоо хэлсэн. Гэхдээ ятгасан гэж хэлж болохгүй юм аа. Берлускони намайг эртнээс мэдэх тул дутуу хөтүү зүйл ярихгүй, сайн бодож байж шийдвэр гаргадгийг минь мэднэ.
-Гэр бүлийн шалтгааны улмаас “Челси”-д ирсэн гэдэг тайлбар чинь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа?
-Мэдээж өөр шалтгаан байсан. Өөрийгөө шинэ багт сорьж үзмээр санагдсан. Моуриньотой ажиллахад сонирхолтой санагдаж байлаа. Ер нь “Челси”-д ирэхээсээ өмнө энд ямар сонирхолтой байхыг огт төсөөлөөгүй л дээ. Гэр бүлийн хувьд би үнэн ярьсан шүү. Гэр бүл миний амьдралд асар чухал байр суурь эзэлдэг. Тэгээд ч гэр бүл маань удахгүй өнөр болох гэж байгаа.
-Лондонгийн ямар дүүрэгт дуртай вэ?
-Челси.
-Яагаад? Багаа бодоод ингэж хариулав уу?
-Тохилог, нам гүм, цэцэрлэгтэй, их таатай газар. Зоогийн газар нь ч сайн. Итали зоогийн газар нь яг л Италид байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Эмээж сандралгүй гудамжаар зугаалж, кафед сууж болно. Дэлгүүр хэсэж болно. Хөлбөмбөгчдийн хувьд энэ их ховор тохиолдол юм шүү.
-Милантай харьцуулбал Лондонд таныг хүмүүс бага мэддэг юм уу?
-Адилхан л даа. Харин эндхийн балиашгууд өөр. Англичууд хаа сайгүй, цаг үргэлж хөлбөмбөг ярьдаг ч бидний амьдралд саад болоод байдаггүй. Ер нь Итали, Францад байснаас хавьгүй амар амгалан шүү, энд. Зоогийн газарт сууж байхад хүмүүс таньдаг ч хүрч ирээд гарын үсэг авч, ярилцах нь цөөхөн. “Челси”-гийн гадаад тоглогчид бүгд үүнд дассан.
-Та саяхан 30 нас хүрлээ. Зодог тайлах уу, тоглох уу?
-Тоглоно оо. Үүнд эргэлзэх хэрэггүй.
from 5 tsagarig