by monhoo_ts2003 » Tue Dec 14, 2010 11:00 pm
Ааш нь олддоггүй Тевес
Карлос Тевес багаа солихоор шийджээ. “Манчестер Сити”-гийн ахлагч, долоо хоногийн 200 мянган паундын цалинтай эр энэ бүхнээсээ уйдсан гэнэ. “Бүх зүйлийг мөнгө шийддэг болчихож. Би харин Аргентины жижиг гудамжиндаа хөлбөмбөг тоглож байсан бага насаа мөрөөдөж байна. Хурдхан нутагтаа байгаа хүүхэд, гэр бүлийнхэндээ очихсон” гэж тэр намраас л ярьж эхэлсэн.
Багийнх нь ахлагч байнга ийм зүйл үглээд байхаар бусад тоглогчдод нь нөлөөлж эхлэх нь гарцаагүй. Хэдхэн хоногийн өмнө Тевес өөрийгөө зарахыг багийн удирдлагаас шаарджээ. Хэрвээ зарахгүй бол спортын замналдаа цэг тавина гэж айлгасан гэнэ. Тевес чамгүй гоол оруулж, форм ч их сайтай байгаа. Гэтэл яагаад гэнэт ингэх болов гэж Английн спортын сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчид гайхширч эхэлжээ. Ааш олддоггүй нь Тевесийг одоо хэрхэх тухайгаа “Сити”-гийнхэн ярилцаж буй.
Тевесийн “ их уйдалт” аль зунаас эхэлсэн аж. Тевес “Би тоглохгүй” гэж нэлээд цааргалсан ч багийн удирдлага түүнд “Хэрвээ тогловол жилийн 1.5 сая паунд нэмж олгоё” гэжээ. Үүний дараа Тевес тоглохоор шийдсэн юм байх. Гэвч удалгүй бодлоосоо ухарч эхлэх нь тэр.
Ер нь Тевесийн учрыг олоход тун амаргүй. Тэр “Улаан чөтгөрүүд”-ээс шуугиантай холдсон түүхтэй. Хөгжөөн дэмжигчдийн өмнө тэрээр Сэр Алекс Фергюсоныг буруутай мэт нөхцөл байдал үүсгэхийг зорьсон. Дасгалжуулагч л түүнийг талбайд гаргахгүй байгаа юм шиг аашилж, хавчигдсан хүний дүрд тоглож байснаа гэнэт “Сити”-гээс их цалин дуулаад одчихсон билээ. Түүнийг явсаны дараа хэрэг явдлын учиг юунд байсныг “Улаан чөтгөрүүд”-ийн удирдлага задалсан. “Манчестер Юнайтед” түүнтэй хийсэн гэрээгээ шинэчлэхийг хүсч байж. Гэтэл Тевес үл ойлгогдох шалтгаанаар хариулт өгсөнгүй. Тиймээс ирээдүй нь тодорхой байгаа Тевесийн аашийг нь олохоо байсан Сэр Алекс нөөцөнд хаа нэг суулгах болжээ. Гэтэл үнэн хэрэгтээ Тевес өвөл нь “Сити”-гийнхний их цалингийн үнэрийг авчихаад хамраа зангидаад суугаад байсан нь тэр байж. Ингэж тэр их мөнгөний сургаар “Улаан чөтгөрүүд”-ийг орхисон. Гэхдээ гол өштөн дайсан болох нэг хотын “Сити” рүү явж, тэндэхийн ахлагч нь болсон юм.
Үнэхээр зүтгэлтэй, сайн хөлбөмбөгчин ч гэсэн түүнийг мэргэжлийн хүн гэхэд эргэлзэх сэтгэл сүүлийн үед төрөх болжээ. Байсхийгээд л ар гэрээ ярьж, түүнийг хүчээр хөлбөмбөг тоглуулаад байгаа юм шиг, айлын ганц эрх хүү шиг аашлах болсон Тевесээс “Сити” ч залхаж эхэлсэн байна. Дасгалжуулагч Роберто Манчинитэй тэр бараг хонь чоно шиг гэнэ. Цагтаа Италийн шигшээд тоглож явсан Роберто Манчини хөлбөмбөгийн ертөнцийг дэндүү сайн мэднэ. Гэтэл түүнийг багаа буруу бүрдүүлсэн хэрэгт буруутган, тоглолтын сүүлд сэлгээгээр суулгахад ихэд уурсаж буй нь илт болж ирсэн.
Одоо Тевесийг багаасаа явуулсан нь дээр гэж ихэнх нь үзэж байна. Хэрвээ дураараа зантай Тевесийн хүссэнээр болох юм бол тэр энэ нэгдүгээр сард багаа солино.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol