by 7 » Wed Dec 06, 2006 11:31 pm
Лондон төрөлх хот шиг минь санагддаг
Б.ӨЛЗИЙТОГТОХ (2006.12.06)
“Арсенал”-ын манлай тоглогчдын нэг, Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Тьерри Анригийн “Peoples” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншигчдадаа сонирхуулъя.
-Хөлбөмбөгтэй нөхөрлөж эхэлсэн үеэс тань ярилцлагаа эхэлье.
-Хүүхэд ахуйд миний хамгийн дуртай тоглоом бол бөмбөг байлаа. Харин аав минь хэрэггүй зүйлд цаг үрж байна гэж намайг шүүмжилдэг байж билээ. Гэхдээ л аав минь надад спортын хүмүүжил олгоход их үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ч хүүхэд ахуйд эцэг эхээс хамааралгүй зүйл байдаггүй шүү дээ. Улмаар аав намайг ойлгож эхэлсэн. Тоглолтын дараа гэр рүүгээ машинаар хүргэж өгөхөөр ирэхдээ нүүрэнд нь инээмсэглэл тодорч байхыг олонтаа харсан нь надад урам хайрласан.
-1993 онд та “Монако”-гийн өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Парист өссөн хүн Францын өмнөд зүгийг зориход юу бодогдов?
-Паристай харьцуулахад Монакод ялгаа их байв. Тухайлбал, тэнд үнэтэй машинууд их. Ер нь бүх зүйл надад уран сайхны кино шиг санагдсан. Монакод дасахад санасныг бодоход их хугацаа шаардагдсан. Гэхдээ энэ хотод миний амьдралын сайхан үеүд өнгөрсөн.
-”Монако”-д ирээд та хэн нэгнийг үлгэрлэн дууриаж, түүн шиг тоглогч болохсон гэж мөрөөддөг байв уу? Ийм тоглогч байдаг бол дурсана уу?
-Сони Андерсон. Би түүнийг маш их ажигладаг байлаа, тиймээс олон зүйл сурч авсан. Андерсоны хүчинд шинэ дадал техниктэй болсон гэх үү дээ. Ялангуяа төвийн довтлогч ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгосон. Ер нь олонх хөгжөөн дэмжигч, хэвлэлийнхэн зөвхөн шийдвэрлэх үед хэн хэрхэн тоглосноор тамирчныг онцолдог шүү дээ.
-Таны авга ах Францын хөнгөн атлетикийн аварга байсан гэдэг үнэн үү?
-Францын аварга байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ тэр сайн тамирчин байсан. Спортын олон төрлөөр хичээллэдэг байлаа. Үүнээс гадна авга ах маань (Аурелин) “Эвертон”-ы сэтгэл зүйч.
-Хэрвээ та 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод оролцсон бол... Хэдийгээр францчууд ялалт байгуулсан ч шийдвэрлэх үед оролцоогүйдээ сэтгэл гонсойсон уу?
-Энэ бол тун хүнд тоглолт байсан. Би сэлгээнд сууж байсан. Тоглолтын нэгдүгээр үеийн дараа дасгалжуулагч Эме Жаке “Чамайг тоглолтод оруулна” гэж хэлсэн. Гэтэл хоёрдугаар үед хамгаалагч М.Десайи улаан карт авч талбайгаас хөөгдсөн учраас би талбайд гарах эрхгүй болсон. Тэр үед “Чөтгөр ав” гэж харааснаа санаж байна. Гэхдээ ДАШТ бидний ялалтаар өндөрлөсөн нь юу юунаас илүү том баяр.
-ДАШТ-ий дараа та “Ювентус”-ыг орхисон. Энэ шийдвэрийнхээ талаар?
-Хүмүүс намайг Туринд удаан тоглоогүй гэж ярьдаг. Гэхдээ би тэнд хангалттай цагийг үдсэн гэж боддог. Би “Юве”-д өвөл ирж, нийт 13 тоглолтод оролцжээ. Эхний гурван тоглолтод нөөц тоглогчийн суудалд сууж байв. Учир нь дасгалжуулагч Марчелло Липпи багийн тоглолтод дасахад багагүй хугацаа шаардлагатай гэж бодсон байх. Дараагийн тав, зургаан тоглолтод голлох үүрэг гүйцэтгэж, хэд хэдэн гоол оруулсан. “3-5-2” гэсэн тактикаар тоглох нь эхний үед сонин санагдсан л даа. Харин ч энэ тактикт гайгүй хурдан дассан шүү. Би “Юве”-г орхисон шалтгаанаа яримааргүй байна.
-Одоо тэр нууцаа дэлгэх цах болсон юм биш үү?
-Үгүй.
-”Ювентус”-ыг тойрсон өнөөгийн дуулиан шуугианы талаар та юу хэлмээр байна даа?
-Би юу хэлэх вэ дээ. “Юве” бол сайн баг гэдгийг л мэднэ. Намайг тоглож байх үед иймэрхүү хэл ам гарч байгаагүй.
-Францын телевизийн нэвтрүүлэг үздэг үү?
-Тийм зав гардаггүй. Би хөлбөмбөгийн тэмцээнээс өөр ямар ч хөтөлбөрийг үздэггүй.
-”Арсенал”-д та чамгүй удаж байна. Хамгийн дурсамжтай тоглолт, сайхан гоол, сайхан агшнаа дурсана уу?
-2003-2004 оны улирал. Ганц ч ялагдалгүйгээр бид бүтэн улирлыг дуусгасан. Энэ нь нэг ёсны дээд амжилт юм. Англид хөлбөмбөгийн хүчтэй дерби олон бий. Тиймээс ийм амжилт тогтооно гэдэг ховор зүйл гээд хэлчихэд буруудахгүй болов уу.
-2001 онд “Ньюкасл”-ын эсрэг хийсэн тоглолтод та шүүгч Грэм Поллтой маргалдсан. Энэ нь хамгийн тайван, ухаалаг тоглогч гэсэн имижийг тань баллах шахсан шүү.
-Шүүгчийн буруу байсан гэж би одоо ч хэлнэ. Нэг их сүр дуулиантай маргалдаагүй. Пол алдааг ялгаж чадахгүй байгааг л хэлсэн. Нүүр нүүрээ харан энэ талаар ярих гэсэн юм. Крейн Беллийг ямар ч шалтгаангүйгээр талбайгаас хөөсөн. Рэй Парлор, Сол Кэмпбелл нарыг ч цэвэрхэн тоглож байхад улаан карт өгсөн. Яагаад зохисгүй араншин гаргаад байгааг түүнээс асуусан боловч надад хариу хэлээгүй. Хэрэв эр хүн л юм бол нүд нүд рүүгээ хараад ойлголцох ёстой шүү дээ. Эр хүн л юм бол алдаагаа хүлээх чадвартай байх ёстой.
-Ялангуяа италичуудын эсрэг сайн тоглодгийн учир юу вэ?
-Тийм гэж үү? Английн хамгаалагчдын эсрэг тоглохоос италичуудтай тоглох нь хялбар байдаг юм болов уу.
-”Арсенал”-ын нэгэн хөгжөөн дэмжигч гар дээрээ “Тьерри Анри” гэж шивүүлэхийг хүсч байсныг сонссон юм байна. Иймэрхүү тохиолдол аль зэрэг элбэг гардаг вэ?
-Тийм шүү. Нэгэн фэн маань гарын үсгээ биен дээрээ бичиж өгөхийг хүссэн. “Цаасан дээр бичиж өгье. Тэгэхгүй бол угаахад арилчихна шүү дээ” гэж би хэлсэн. Гэтэл өнөөх маань “Санаа зоволтгүй, би шивүүлчихнэ” гэж билээ.
-Английн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дуртай хийгээд хялбар дассан нь юу вэ?
-Кетчуп. Үнэхээр амттай шүү. Би ямар ч хоолыг британи кетчупээр амталж идэх дуртай.
-Таныг “Хейбери” цэнгэлдэхэд илүү тайван тоглодог гэж уншиж байсан. Премьер лигийн бусад цэнгэлдэх хүрээлэнгийн талаар юу хэлмээр байна?
-Ихэнх цэнгэлдэх шуугианаар дүүрэн байдаг. “Хайбери” бол гайгүй юм шиг санагддаг. Хүмүүс ихэнхдээ “Хайбери”-ийг эртний түүхээр нь төсөөлдөг байх. Надад тийм биш, энэ цэнгэлдэх бусдаас нэг л өвөрмөц, зүрх сэтгэлд минь ойр дотно байдаг.
-Ингэхэд яагаад “Барселона”-д очоогүй юм бэ?
-Ийм шийдвэр гаргахад гэр бүл, хайр сэтгэл минь нөлөөлсөн. Тиймээс ч би Лондоныг сонгож авсан юм.
-Та “Арсенал”-д 14, шигшээ багтаа 12 дугаартай тоглодог. Ямар нэгэн утга агуулга дугааруудад тань бий юү?
-1998 оны Европын АШТ-ий үеэр Марко ван Бастен 12 номертой тоглосон байсан, харин 14 гэсэн дугаарыг цаанаасаа л өгч таарсан. “Арсенал”-д ирэхэд 12 номерыг найз Кристофер Вре маань эзэмшдэг байлаа.
-Тоглолтын талбайд янз бүрийн л явдал тохиолддог. Энэ жилийн ДАШТ-ий шигшээ тоглолтод З.Зидан М.Матерацциг мөргөсөн. Та энэ талаар юу хэлмээр байна?
-Би учрыг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн З.Зиданы хувьд сүүлчийн ДАШТ байсан. Францын хөлбөмбөгийн түүхэнд ихийг бүтээсэн З.Зиданыг шүүн хэлэлцэх нь надад ахдах биз ээ.
-Тантай хөл нийлэн тоглодог, хамгийн сайн түнш тань хэн бэ? Гэхдээ хөлбөмбөг тоглож эхэлсэн тэр үеэс өнөөг хүртэлх тоглогчдоос…?
-(Хэдэн секунд бодов) Денис Бергкамп.
-”Челси” шилдэг тоглогчдыг мөнгө хайрлалгүй худалдан авч байгаа нь зайлшгүй нөхцөл байдлаас үүсэлтэй гэж та боддог уу?
-Хүмүүс мөнгөний тухай хэтэрхий их ярих юм. Мөнгө, мөнгө… Амжилтыг мөнгөөр худалдан авах боломжгүй гэж би боддог. “Челси” шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгаснаар өндөр амжилт байгуулах боломжтой гэж үздэг нь мэдээж.
-Премьер лигийн хамгийн хэцүү хамгаалагч хэн бэ?
-Хэлэхэд хэцүү байна. Жон Терри, Солл Кэмбелл, Ледли Кинг, Уильямс Галлас гээд л. Тэмцээн бол тэмцээн, тоглогч бол тоглогч. Тоглолтууд сюрпризээр дүүрэн байдаг. Английн премьер лигийн тэмцээн тэр чигтээ л дайн гэсэн үг. Тиймээс ч Англид жинхэнэ өрсөлдөөн өрнөдөг.
-Эшли Коулыг багаа орхисноос хойш та хоёрын харилцаа өөрчлөгдсөн гэж үнэн үү?
-Коул аль ч багт адилхан гялалзсан тоглолт үзүүлдэг. “Арсенал”-ын хувьд түүнийг явуулснаар их хохирол амссан ч байж болох юм. Бидний хувийн харьцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Би Эшлийг гүнээ хүндэтгэдэг.
-Ингэхэд гадаад байдалд тань жүжигчин болох имиж хангалттай бий гэж боддог уу?
-Үгүй. Хөлбөмбөг тоглож байгаа минь л юутай ч зүйрлэшгүй аз жаргал. Тиймээс жүжигчин болохыг хүсдэггүй.
-Хөлбөмбөгөө орхисны дараа Лондонд амьдарсаар байх уу?
-Ирээдүйг таамаглахад хэцүү. Их спортоо орхисны дараа амьдрал минь хөлбөмбөгтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байна гэдэгт итгэлтэй явдаг. Хөлбөмбөггүйгээр амьдралаа төсөөлшгүй. Лондоны хувьд… Би франц хүн, гэвч Лондон миний төрөлх хот шиг санагддаг. Бүх амьдралаа энд өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ энэ нь Английн иргэн болно гэсэн үг биш л дээ.
”Челси”-д ирэх талаар гурван жил бодсон
Н.ЭНХБАЯР
Украины шилдэг довтлогч А.Шевченко Английн “Челси” багт ирснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч Италид тоглож байсан шигээ өндөр амжилт үзүүлэхгүй байна. Энэ талаар хэвлэл, мэдээллээр ихээхэн шуугиж буй. Харин украин довтлогч өөрөө юу ярихсан бол, хамтдаа сонирхъё.
-”Челси”-д гараагаа амжилтгүй эхэллээ гэдгээ та хүлээн зөвшөөрөх үү? Энэ сэдвээр мөн ч их маргаан өрнөөд байна л даа?
-Амжилтгүй гэж тэд юуг хэлж байна вэ гэдгээ тайлбарлавал зүйтэй болов уу. Ер нь тэр гараа нь дууссан ч юм уу, үгүй ч юм уу? Нэг үгээр тайлбарлахад хэцүү л дээ.
-Тэгвэл дэлгэрэнгүй ярина уу?
-Надаас ихийг хүсч, хүлээж байгааг ойлгож байна. Өөрийгөө “Челси”-гийн төлөө их юм хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Улирал дөнгөж эхэлж байна шүү дээ. Миний болоод багийн хувьд их амаргүй эхэлсэн. Энэ нь амралтын маань хагасыг, хамаг хүч чадлыг маань залгисан ДАШТ-ээс шалтгаалсан. Дэлхийн аварга, эсвэл Европын аварга шалгаруулах тэмцээний дараах улирал их хэцүү байдаг юм. Зөвхөн би ч бус бусад тоглогчдод ч гэсэн. Мөн ДАШТ-ий өмнө гэмтэл авсан нь ч нөлөөллөө. Гэхдээ би өөрийгөө зөвтгөмөөргүй байна. Миний бодлоор “Челси”-д гараагаа муугүй эхэлсэн, дөрвөн ч гоол орууллаа.
-Наймдугаар сард “Мидлсборо”-гийн хаалганд гоол оруулснаас хойш аравдугаар сард “Портсмут”-ын хаалгыг мялаах хүртэл хоёр сар, есөн тоглолт өнгөрчээ. Арай урт завсарлага биш үү?
-Тийм ээ, өмнөх амжилт, өмнөх гоолуудаас минь шалтгаалж надад өндөр шаардлага тавигдаж буйг ойлгож байна. Энэ өндөр түвшиндээ л тоглохыг хичээнэ.
-Шинэ улс, шинэ багтаа хэрхэн дасав? Та дөнгөж хоёр дахиа л багаа солилоо?
-Ямар ч “проблем” байгаагүй. Тэр дороо л гэх үү дээ.
-Английн хөлбөмбөгийн онцлог танд төвөг удсан уу?
-Ямар нэгэн онцгой, гойд өөрчлөлт олж хараагүй л байна. Английн лиг Европын бусад улсуудынх шиг л тоглолттой.
-Өөр нэг саадын талаар асууя. “Челси”-гийн хагас хамгаалагч Ф.Лампард, М.Баллак нар танд дамжуулалт өгөхөөсөө хаалга руу цохилт хийх нь олонтаа. “Милан”-ы андуудаас тань огт өөр тоглолттой байгаа биз дээ?
-Тийм шүү. Гэхдээ энэ бол саад, бэрхшээл биш. Лампард миний төлөө тоглох ёсгүй биз дээ. Тэрбээр багийн төлөө, бидний амжилтын төлөө л тоглох ёстой. Би ч гэсэн. Гоол оруулах нь миний гол атлаа цорын ганц үүрэг биш. “Ливерпуль”-ийн хаалганд би гоол оруулсан ч баг маань хожигдсоноос илүүтэйгээр гоол оруулаагүй атлаа “Барселона”-г хожсон тоглолт намайг илүү их баярлуулсан.
-Д.Дрогбатай тоглоход та хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэх юм аа. Үүнд гомдохгүй байна уу?
-Үгүй. Сүүлийн хэдэн улирал “Милан”-д Инзаги, эсвэл Жилардиньотой тоглохдоо би мөн л хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан.
-”Челси”-д ирсэндээ харамсахгүйн тулд та хэдэн гоол оруулах ёстой вэ? Ямар тэмцээнд түрүүлэх ёстой вэ?
-Би иймэрхүү маягаар огт боддоггүй. Амьдралыг үзэх үзэл маань тиймэрхүү юм л даа.
-”Челси”-гийн саналын талаар хэр их бодсон бэ?
-Нийтдээ гурван жил орчим.
-Багагүй хугацаа байна шүү.
-Тийм ээ. Би ер нь иймэрхүү хүн л дээ. Сайн бодолгүйгээр нэг ч чухал шийдвэр гаргадаггүй.
-”Челси”-д ирэх шийдвэрээ гаргахад тань эцсийн эцэст нэг зүйл нөлөөлсөн байх. Бүхнийг шийдвэрлэсэн тэр өдрийг дурсана уу?
-Жирийн л нэг өдөр. Эхнэртэйгээ их л удаан ярилцсаны эцэст эргэлзээ маань арилсан. Дараа нь багийн удирдлагатай ярилцах хэцүү асуудал үлдсэн.
-Галлианитай юу?
-Берлусконитой.
-Тэр таныг ятгасан уу?
-Өөрийн санал бодлоо хэлсэн. Гэхдээ ятгасан гэж хэлж болохгүй юм аа. Берлускони намайг эртнээс мэдэх тул дутуу хөтүү зүйл ярихгүй, сайн бодож байж шийдвэр гаргадгийг минь мэднэ.
-Гэр бүлийн шалтгааны улмаас “Челси”-д ирсэн гэдэг тайлбар чинь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа?
-Мэдээж өөр шалтгаан байсан. Өөрийгөө шинэ багт сорьж үзмээр санагдсан. Моуриньотой ажиллахад сонирхолтой санагдаж байлаа. Ер нь “Челси”-д ирэхээсээ өмнө энд ямар сонирхолтой байхыг огт төсөөлөөгүй л дээ. Гэр бүлийн хувьд би үнэн ярьсан шүү. Гэр бүл миний амьдралд асар чухал байр суурь эзэлдэг. Тэгээд ч гэр бүл маань удахгүй өнөр болох гэж байгаа.
-Лондонгийн ямар дүүрэгт дуртай вэ?
-Челси.
-Яагаад? Багаа бодоод ингэж хариулав уу?
-Тохилог, нам гүм, цэцэрлэгтэй, их таатай газар. Зоогийн газар нь ч сайн. Итали зоогийн газар нь яг л Италид байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Эмээж сандралгүй гудамжаар зугаалж, кафед сууж болно. Дэлгүүр хэсэж болно. Хөлбөмбөгчдийн хувьд энэ их ховор тохиолдол юм шүү.
-Милантай харьцуулбал Лондонд таныг хүмүүс бага мэддэг юм уу?
-Адилхан л даа. Харин эндхийн балиашгууд өөр. Англичууд хаа сайгүй, цаг үргэлж хөлбөмбөг ярьдаг ч бидний амьдралд саад болоод байдаггүй. Ер нь Итали, Францад байснаас хавьгүй амар амгалан шүү, энд. Зоогийн газарт сууж байхад хүмүүс таньдаг ч хүрч ирээд гарын үсэг авч, ярилцах нь цөөхөн. “Челси”-гийн гадаад тоглогчид бүгд үүнд дассан.
-Та саяхан 30 нас хүрлээ. Зодог тайлах уу, тоглох уу?
-Тоглоно оо. Үүнд эргэлзэх хэрэггүй.
From 5 Tsagarig