by Shaggy » Tue Dec 21, 2010 1:37 am
Мандахнаран ёстой мундаг юмаа энэ ярилцлагы нь уншаад үнэхээр таалагдав хичээгээд Лондонд шагнал авдаг юм шүү...
Шагналынхаа мөнгөөр хөл муутай аавдаа машин авч өгнө
2010.12.20
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Сингапурт болсон хүүхдийн олимпоос алтан медаль хүртээд л энэ жил Чөлөөт бөхийн тамирчид амжилт арвинтай байгаа. Саяхан Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран “Азийн наадам-2010” -аас анхны алтан медаль хүртэж итгэл хүлээлгэж байсан Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Тамирчин хүний оргилуун хүслээр өмнөө олон зорилго тавьж “Азийн наадам-2010”-т оролцсон тэрбээр мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлсэн аж. Түүнийг “Хөөрөлдөхүй” буландаа урьж ярилцлаа.
-“Гуанжоу 2010” буюу азийн наадамд өндөр амжилт үзүүлсэн танаар Монгол түмэн бахархаж байгаа.Тэмцээн ямар сэтгэгдэл үлдээв?
-Энэ тэмцээн миний сэтгэлд маш үнэт зүйл болж үлдлээ. Тэр дундаа анх удаа Азийн тоглолтонд орж эх орондоо алтан медаль авчирлаа. Монголчууд чөлөөтийнхөнд маш их найдвар тавьж байсан. Тэрхүү итгэлийг нь алдаагүйдээ сэтгэл өндөр байна. Алтан медаль авсны дараа өөрийнхөө хүсч явсан мөрөөдөлд хүрчихсэн юм шиг маш сайхан мэдрэмж төрсөн. Чөлөөт бөхийг уналтанд орсон гэсэн яриа ард түмний дунд байдаг. Гэхдээ би тэгтлээ уналтанд орсон гэж боддоггүй. Энэ жилийн л Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд азгүй оролцсон болохоос биш, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс байнга медальтай ирж байгаа шүү дээ. Залуу халаа болсон тамирчдын амжилт одоо гарч ирж байна ч гэж бодож байна.
-Таныг багаасаа чөлөөт бөхтэй холбогдсон гэж сонссон.Түүнийхээ үр шимийг хүртэж байна гэж хэлж болох байх?
-Би чөлөөт бөхөөр 12 настайгаасаа эхлэн хичээллэсэн. Анхны багш маань спортод дур сонирхолтой болгож өгсөн. Тийм учраас оюутан болоод “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Хосбаяр, Д.Цогтбаяр багш нарынхаа удирдлаган дор хичээллэж, мэргэжлийн тамирчин ямар байх ёстой, яаж биеэ хөгжүүлэх, яаж мэх техник сурах ёстой вэ гээд олон зүйлийг сурч авсан. БТСУГ, Үндэсний шигшээ баг, Чөлөөт бөхийн холбоо Азийн тоглолтонд амжилт гаргах бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн. Мөн Спорт анагаах ухааны алба дэмжиж эм тариагаар хангаж өгсөн нь амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэж би хувьдаа бодож байгаа.
-Олимпид оролцох нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Тиймээс Лондонгийн олимпид оролцож улмаар амжилт гаргах таны туйлын хүсэл мөрөөдөл байх. Тийм үү?
-Би Бээжингийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцож байсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад туршлага багатай байж. Олимпийн эрх авч чадаагүй ч гэсэн надад маш сургамж өгсөн. Түүнээс хойш Лондонгийн олимпид бэлдсэн. Олимпид оролцоход ойрхон байна гэдгээ сая болсон Азийн тоглолтоос олж харлаа. Лондонгийн олимп болоход богино хугацаа үлдсэн учраас бэлтгэл сайн хийж, мэхээ илүү боловсронгуй болгох зорилгоор бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
-Тэмцээнд сугалаа чухал байдаг. Азийн наадмын хамгийн хэцүү даваа юу байв?
-Хөнгөн жингийн бөхчүүд жин их хасдаг болохоор нэгдүгээр тойрогт гар бадайрах, цуцах тохиолдол гардаг. Эхний тойрогтоо Азид битгий хэл дэлхийд нэг номерт тооцогддог Ираны бөхтэй учраа таарсан. Ираны бөхчүүд сүүлийн хэдэн жил дэлхийд болон олимпид өндөр амжилт үзүүлж байгаа. Тийм хүчтэй өрсөлдөгчидтэй таарч ялсан болохоор хамгийн хэцүү даваа нь нэгдүгээр тойрог байсан. Алтын төлөө барилдаан хамгийн хариуцлагатай, хамгийн шийдвэрлэх мөч байсан. Гэхдээ би бүх барилдааныхаа турш хичээж барилдсан.
-Чөлөөт бөх маш их хүрээлэлтэй спорт. Аварга болоод ирсний дараа хүмүүс яаж хүлээж авч байна?
-Намайг өмнө нь таньдаггүй байсан бол одоо таньдаг болсон байна. Баяр хүргэе, аваргатай тааралдлаа, би хиймортой явна гэж хэлэхэд нь үнэхээр сайхан санагдаж байсан. Таньдаг хүмүүс дүүдээ баяр хүргэе гээд, зарим нь зурагтаар хараад уйллаа гээд ярихаар тэр хүмүүсийн өмнөөс юм хийчихсэн юм шиг сэтгэл маш өндөр байлаа. Тийм учраас тэднийхээ итгэлийг алдахгүй, улам их амжилт гаргана гэж бодож байгаа. Амжилт гаргахын хэрээр даруу ч байх ёстой. Чөлөөт бөх бол ууган спорт учраас хүмүүс их зүйлийг хүлээдэг. Харин амжилт гаргахгүй бол шүүмжлэлд өртдөг. Энэ утгаараа хариуцлагатай хатуу спорт.
-Та нэлээд сэтгэлийн хөдөлгөөнтэй юм шиг санагдсан. Аварга болсон мөчид бүр ч их догдолсон уу?
-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Зурган дээр өөрийгөө харсан чинь зааланд чанга хашгираад, тугтайгаа хамт нисч байгаа харагдсан. Тэрхэн агшинд юу болоод өнгөрснөө ч мэдээгүй. Миний бодлоор тамирчин хүнд тодорхой хэмжээний сэтгэлийн хөдөлгөөн байх ёстой юм шиг санагддаг.
-Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Би өөрийгөө даатгуулдаг лам хуврагтай. Ганданд сүсэглэж, мөргөж, залбирч явж байвал ажил үйлс бүтдэг юм. Мөн чөлөөт бөхийн эрдэм заасан үе үеийн багш нараа шүтдэг. Багш гэдэг бас л нэг бурхан шүү дээ.
-Залуу хүний хувьд зөвхөн спорт хөөгөөд явахгүй хажуугаар нь олон зүйлийг сонирхдог л байлгүй?
-Би аль болох сурч боловсрохыг эрмэлздэг. Дээд сургуулиа төгссөн. Гадаад оронд очиход хэлний мэдлэг чухал болохоор хэлний курст явдаг. Мэдээж зөвхөн спорт хөөгөөд явахгүй шүү дээ. Төрийн захиргааны удирдлагын ангид суръя гэж бодож байгаа. Бас дуу хөгжим хүний сэтгэлийг тайвшруулдаг учраас хөгжим сонсох дуртай. Кроссоор гүйж, шатар тоглодог. Хүүхэд байхдаа хатгамал их оёдог байсан. Ангийн охидууд ямар гоё оёсон юм бэ гэхэд нь хэрдээ онгирдог байлаа. Түүнийгээ гэртээ хадах дуртай.
-Засгийн газраас амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгосон. Шагналаа юунд зарцуулна гэж бодож байна вэ?
-Жүдогийн тамирчид “Дэлхийн цом” цуврал тэмцээнд түрүүлээд 19 сая төгрөг авдаг. Гэтэл дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын аварга болоод 13 сая төгрөг авах болсон. Энэ хоёр шагналын мөнгөн дүн харьцангуй санагдаж байлаа. Гэхдээ миний хувьд чамлахаар мөнгө биш ээ. Шагналынхаа мөнгийг аваад хамгийн түрүүнд аавдаа машин авч өгнө. Аав маань суунга хүн л дээ. Аав маань машин унаад гадуур явж, юм үзэж нийгэмтэйгээ танилцаг гэж бодож байгаа. Би багш дасгалжуулагч мэргэжилтэй. Яваандаа магистр, докторантурт сурна гэж бодож яваа. Одоо бакалаврын зэрэгтэй. Юмыг багаас нь эхэлнэ гэж боддог. Би нэг өдөр шууд цоорч амжилтанд хүрсэн тамирчин биш. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож л медалийнхаа эхлэлийг тавьсан хүн. Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Үүний дараагийн том тэмцээн нь Дэлхийн цом, Дэлхийн аварга, олимп байдаг учраас Дэлхийн цомд амжилт гаргахын төлөө зорьж байна.
-Найз охинтой юу?
-Найз охинтой. Гурван жил үерхэж байна. Цаашид гэрлэж хамтын амьдралаа зохионо гэж боддог. Тамирчин хүнд найз охинтойгоо хамт байх цаг бага олддог учраас утсаар л болздог доо. Бүтэн жилд найз охинтойгоо уулзсанаа тоолоход гарын арван хуруунд багтана. Түүнээсээ болж заримдаа найз охиндоо хаягдчих гээд байгаа шүү. /инээв/
-Цогтбаяр багш тань чөлөөт бөхийн нэгэн үеийн төлөөлөл. Багшаасаа арга техник их сурч байгаа биз дээ?
-Би багшийнхаа хэвтээ барилдааны техникээс суралцдаг. Энэ аргаа бусад тамирчдаас өөрөөр чөлөөтэй сэтгэх тал дээр түлхүү хөгжүүлэхээр анхаарч ажилладаг. Азийн тоглолтын барилдаанд хэвтээ барилдаанаар 60-70 хувьд нь оноо авсан. Үүнийг барилдааны онцлог гэж хэлж болно. Ер нь миний барилдаан харьцангуй уян хатан.
-Ингэхэд Азийн наадамд явахдаа аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Итгэлтэй байсан. Аварга болчихоод дэвжээн дээр ямар үйлдэл үзүүлэх вэ гэж төсөөлж байлаа. Үзэгчид рүү яаж хандах вэ гэдэг ч юм уу ер нь сайхан зүйлүүд их бодогдож байсан шүү. Алтан медаль авахын төлөө хичээнэ ч гэж багшдаа хэлж байсан. Явахын өмнө манай Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар аварга бидэнтэй уулзаад “жүдо, боксын төрлүүд уначихлаа, та нарт л ард түмэн чинь ч найдаж байна шүү” гэж хэлсэн. Бүр алтан медаль авна шүү гэж ярихдаа над руу харж хэлээд байгаа юм шиг санагдаад байсан. Бас Д.Дагвадорж аварга Японы бөхтэй барилдахын өмнө бэлтгэлийн өрөөнд орж ирээд “япончууд юу юм бэ, чи ахыгаа хардаг биз дээ, тэднийг алаад өг, дайраад байгаарай” гэхэд нь маш их зоригжсон. Мөн Д.Сумъяабазар аварга мөнгө гаргаж эм, витаминаар хангасан болохоор бусад орны тамирчдаас дутахгүй витамин хэрэглэсэн шүү.
-Азийн наадмын үеэр өрсөлдөгчидтэйгээ хэр ойр дотно танилцав?
-Казакын бөхтэй их сайн танилцсан. Казак манай хоёрын хувцас адилхан болохоор бид хоёр цамцаа сольчихсон байсан. Бид хоёр бие биенээ дэмжээд бусад өрсөлдөгчдийнхөө судалгаан дээр үндэслээд ийм үед тийм мэх хийгээрэй гэх ч юм уу бие биедээ зөвлөж байсан. Их сайхан нөхөрлөл. Аваргын төлөө барилдсан Японы бөхийг ч гэсэн ерөнхийдөө мэднэ. Гаднаа найзууд ч дэвжээн дээр өрсөлдөгчид байдаг нь спортын хууль.
-Гэр хороололд амьдардаг гэсэн. Ус түлээ гээд л ажил ихтэй болохоор бэлтгэл хийхэд чинь бэрхшээлтэй санагддаг уу?
-Би оюутан дүүтэйгээ Шар хаданд айлын хашаанд гэрт амьдарч байгаа. Байр түрээслэхээр илүү их зардал гардаг. Ер нь ч ирээдүйд гэр толгойлж амьдрах учраас зах зухаас нь мэдэрье гэж бодсон юм. Гэр хороололд байгаа ч гэсэн бэлтгэлийн хувцсаа байнга угаадаг. Гэхдээ утааны үнэр хувцсанд шингэчихдэг юм билээ. Ямар сайндаа л манай нэг тамирчин өө Мандахын үнэр байна гэж наргиан болгож байхав дээ. Гэхдээ би шантардаггүй, хүн болгоны амьдралд тохиолддог зүйл шүү дээ. Энэ бүхнийг давж байж цаашид амжилтанд хүрнэ гэж боддог.
Д.Нэргүй /Улаанбаатар таймс/