by Senior expert » Fri Nov 17, 2006 2:15 pm
Волейболын ДАШТ-д орос бүсгүйчүүд анх удаа аваргалав
Японд хагас сарын хугацаанд үргэлжилсэн волейболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах арван тав дахь удаагийн тэмцээн өчигдөр орос бүсгүйчүүдийн ялалтаар өндөрлөлөө. Нэгдмэл ЗХУ байхдаа тавантаа аваргалж байсан оросууд сүүлийн гурван ДАШТ-д дараалан хүрэл медаль зүүсэн бол Японд анх удаа энгэртээ “шар” медаль гялалзуулав.
Тэд эхний хоёр үеийг хялбархан давсан бөгөөд хоёрдугаар шатны сүүлийн тоглолтод Бразилд 1:3-аар дийлдэн хагас шигшээд дэлхийн аварга цолыг эзэмшиж буй италичуудтай учраа таарсан юм. Харин оросууд тэднийг санаснаас хялбар, 3:0 (19:25, 16:25, 20:25)-ээр буулгаж авсан. Үүнд хоёр жилийн өмнө ОХУ-ын шигшээ багийг удирдах болсон итали мэргэжилтэн Капрарагийн тус их буй нь лавтай. Ийнхүү тэд энэ жил бүхий л томоохон тэмцээнүүдэд түрүүлээд байгаа Бразилтай аваргын төлөө дахин тоглох болсон. Бразилчууд Серб-Черногорыг 3:1-ээр хожиж шигшээд шалгарсан бөгөөд үүнийг хүртэл нэг ч ялагдаагүй юм.
Шигшээ тоглолтыг оросууд тун үлбэгэр эхэлж, 15:25-аар эхний сетийг алдсан бөгөөд удаахид өмнө хойноо орсоор 25:23-аар давамгайлж 1:1 болгов. 23:21-ээр бразилчууд давамгайлж байх үед Гамовагийн довтолгоо, хаалтууд амжилттай болж сетийг авсан юм. Энэ эрчээрээ тэд гурав дахь сетэд 25:18-аар илүүрхлээ. Бразилтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй Соколова эргэн ирсэн нь хойд хөршийн багт том хүч нэмжээ.
Дөрөвдүгээр үеийг бразилчууд 25:20-оор авч, сетийн харьцааг тэнцүүлэв. Шийдвэрлэх тавдугаар сет оросуудын ялимгүй давуу байдлаар эхэлсэн ч Өмнөд Америкийнхан нэхсээр тоог 9:8 болгож илүү гарав. Энэ үеэс хоёр баг ээлжлэн оноо түүсээр 13:13 боллоо. Эгзэгтэй мөчид бразилчууд өөрсдөө нэг оноо бэлэглэн, дараа нь Гамовагийн довтолгоо амжилттай болсноор оросууд ДАШТ-д анх удаа түрүүллээ. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү тоглолтод Гамова багтаа 28 оноо нэмэрлэсэн бол Соколова 19, Година 13 оноо авчээ.
Хүрэл медалийн төлөө тоглолтод Серб-Черногор эхний шатанд таарч ялж байсан дэлхийн аварга италичуудыг хоёр дахиа хожлоо.
Тавдугаар байрын төлөө
БНХАУ - Япон 0:3 (19:25, 22:25, 22:25)
Долдугаар байрын төлөө
Куба - Голланд 3:0 (25:22, 25:16, 25:23)
Есдүгээр байрын төлөө
АНУ - Турк 3:1 (25:22, 23:25, 25:17, 25:16)
Арваннэгдүгээр байрын төлөө
Тайвань - Герман 0:3 (15:25, 19:25, 15:25)
Real Madrid LAL Ferrari fan