by Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:00 am
Х.Цэрэндаш: Азидаа амжилт гаргах бүрэн боломжтой
Ч.СҮХБААТАР (2007.03.01)
Спортын төв ордонд байрлах Монголын хөнгөн атлетикийн холбооны өрөөнд өдгөөгөөс хэдэн жилийн өмнөөс нэгэн буриад эр салахаа больсон. ОХУ-ын Улаан-Үд хотоос хүрэлцэн ирсэн түүнийг Х.Цэрэндаш гэдэг. 1949 оны хоёрдугаар сард Чита мужийн Агын районы “Цогтоо-Хангил” гэдэг газарт төрсөн тэрбээр их спорт, тэр дундаас хөнгөн атлетиктай үнэнчээр нөхөрлөн олимпийн аварга шавь төрүүлж, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч болж байжээ. Энэ эрхмийг манай хөнгөнийхөн урин залж хамтран ажилласаар өнөөг хүрсэн ажээ.
-Та анх хэдэн настайгаасаа спортоор хичээллэв. Хөнгөн атлетикаар эхлэв үү, эсвэл өөр төрлөөр хүч үзэв үү?
-Дунд сургуульд байхдаа 14, 15 настайгаасаа хөнгөн, цанаар уралдаж эхэлсэн. Тэгээд хөнгөн атлетикаа сонгож билээ. 1967 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Улаан-Үд хотын Биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Тэнд нэг жил суралцаад сурлага, хүмүүжлээрээ шалгарсан юм болов уу, Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд шилжүүлсэн. 1972 онд сургуулиа багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Оюутан байхдаа олон уралдаан тэмцээнд оролцож байв уу? Амжилт гээд яривал?
-Би марафон гүйлт, спорт алхааны төрлийг сонгон хичээллэсэн. Амжилт гээд нэг их дөвийлгөөд байх юмгүй. 1971 онд Калининград хотод болсон ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд давамгайлан спортын мастер цол хүртсэн. Дээд сургуулиа төгсөөд Оросын армийн баг ЦСКА-д хоёр жил тамирчин байлаа. Тухайн үед олон тэмцээнд оролцон нөхөдтэйгээ урд, хойноо оролцож л явсан. Дараа нь дасгалжуулагчийн албанд эргэлт буцалтгүй шилжсэн дээ.
-Дасгалжуулагч болоод төрөлх хотдоо ирсэн үү?
-Үгүй ээ. Новосибирск хотод очсон. Тэнд 1974-1985 оны хооронд ажиласан. Дараа нь гэр бүлээрээ Улаан-Үд хотод ирээд 2001 он хүртэл тэнд “алба хаасан”.
-Новосибирскт та олон жил дасгалжуулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд амжилт арвин байв уу?
-Ер нь миний хөнгөн атлетикийн гол барьж ажилласан төрөл бол марафон, спорт алхаа. Тэнд байхдаа зургаан спортын мастер, ОУХМ нэгийг бэлтгэн гаргасан. Миний шавь Андрей Перлов Барселоны олимпийн аварга болж, бид хоёр 1992 онд ОХУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч цол хүртсэн түүхтэй.
-Манай Монгол оронд хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжилтнээр ажиллах болсон түүхээсээ хуучлаач?
-Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран ажиллах урилга ирсэн. Буриад, Монгол олон жилийн түүхтэй, нэг удмын хүмүүс. Ёс заншил, аж амьдрал, нутаг орон, байгаль, уур амьсгал гээд яг адилхан. Тийм болохоор уг урилгыг тааламжтай хүлээн авсан. Өмнө нь Монголын хөнгөн атлетикчдын талаар тодорхой мэдээлэл хангалттай авсан л даа. Тэгээд 2002 оны аравдугаар сарын 17-нд энд ирсэн.
-Манай оронд та таван жил ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд шавь нар тань ямархуу амжилттай явна?
-Энэ хугацаанд спортын мастер дөрөв, ОУХМ нэгийг төрүүллээ. 2004 оны Афины олимпод Л.Отгонбаяр марафон гүйлтэд хүч сорьсон. 2006 оны дөрөвдүгээр сарын 21-нд Хятадын Янжу хотод болсон олон улсын тэмцээнд спорт алхааны 20 км-т В.Отгонтуул 1.46.37 явж ОУХМ-ын болзол биелүүлсэн. Дараа нь “Доха-2006”-д VI байрт орж улсын рекордоо 41 секундээр ахиулсан. Энд таван жил ажиллах хугацаанд манай шавь нар хот, улсын аваргаас 20 гаруй алт, 15-16 мөнгө, хүрэл медаль авсан байх.
-Та одоо хичнээн тамирчинтай ажиллаж байна. Өвөл бэлтгэл сургууль хийхэд хэцүү байгаа харагдах юм. Ер нь манайд ажиллах нөхцөл, материаллаг баазын хувьд ямархуу байна?
-20 шахам хүүхэдтэй ажиллаж байна. Голдуу ҮБТДС-ийн оюутнууд. Надтай хамт тус сургуулийн багш П.Пүрэвсүрэн хамтран ажиллаж байгаа. Энэ сургуулийн хамт олон, захирал доктор, профессор Г.Лхагвасүрэн гуай байнга анхаарал тавьж, тусалж дэмжиж байдагт баярлаж явдгаа энэ дашрамд өгүүлье. Монголд хөнгөн атлетикийн хувьд материаллаг бааз сул. Заал, танхим байхгүй. Өвөл бэлтгэл хийхэд хүндрэлтэй. Гэсэн ч бид болгоод л байгаа. Бэлтгэлийн заал, танхимтай бол өөр олон хүүхэд хөнгөнөөр хичээллэх бүрэн боломж байна.
-Манайд ажиллах хугацаандаа баг, тамирчдаа авч гадаадад уралдаан, тэмцээнд их оролцов уу?
-Эрхүү, Улаан-Үд, Новосибирск рүү явсан. Өнгөрсөн жил Хятадад тэмцээнд оролцсон. Одоо ирэх дөрөвдүгээр сард Японд Азийн аварга шалгаруулах тэмцээнд шавь В.Отгонтуул, Н.Түвшинсайхан нартайгаа спорт алхааны төрөлд оролцохоор бэлтгэж байна.
-Монголд хэрхэн аж төрж байна. Цалин пүнлүү, байр, хоол гээд бүх зүйлийг холбооноос хариуцдаг уу?
-Монголын хөнгөн атлетикийн холбоо сайн ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Лу.Болд, дэд ерөнхийлөгч Р.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Рэнцэндорж нар маш сайн сэтгэл гаргаж энэ спортоо хөгжүүлэх тал дээр анхаарч явна. Миний хувьд сард 250 мянган төгрөгийн цалин авдаг. Айлын өрөө хөлслөнө. 80 мянган төгрөг тийшээ шидчихнэ. Үлдсэнийг нь хоол, хүнс, хувцас хэрэглэл гээд таарчихна. Мөнгө хуримтлуулна гэсэн тооцоо байхгүй.
-Энд гэр бүлийн хамт байна уу, эсвэл ганц биеэр аж төрж байгаа юу?
-Ганцаараа байгаа. Гэргий Улаан-Үдэд байдаг. Тэтгэвэрт гарсан. Хувиараа жаахан аж ахуй эрхэлдэг. Том охин Москвад нэг банкинд ажилладаг юм. Бага охин Эрхүүд англи-хятад хэлний мэргэжлээр суралцдаг. Би өөрөө айлын том хүү. Дороо зургаан охин дүүтэй. Ээж маань цагаан сараар 83 нас хүрлээ. Ач, зээтэйгээ бужигнаад манаргаж яваа.
-Манай хөнгөний тамирчдын хувьд ямархуу сэтгэгдэлтэй явна?
-Бэлтгэл сайн хийгээд байвал Азидаа амжилт гаргах бүрэн боломжтой. Ялангуяа марафон, спорт алхааны төрөлд.
-Та цаашдаа хэдэн жил энд ажиллах бодолтой байна?
-Гол нь “Бээжин-2008” олимпод оролцох эрх авах. Хоёр ч тамирчинд тийм боломж байна. Тэр хүсэл маань биелбэл дараагийн асуудлаа шийднэ дээ.
-Танд баярлалаа.
I'M BAAAAAAACK!!!!