Жигмэд, Тогмид хоёр Рафагийн талаар..Хүүхдийн дууны 2 баатар одоо хөлбөмбөг ярьдаг болоод удаж байна. Өнгөрөгч улирлын дундуур Ливерпүүлийн уналтын үеэр түүнийг явуулах хэрэгтэй юу гэж цухас яригдаж байсан ч тэгс гээд орхисон. Харин одоо нөгөөдөх нь Англиас явж Италид ирлээ. Гэхдээ зүгээр ч үгүй Моуг орлож. Түүнийг хэр орлох, Интэрийн ялалтын цувааг үргэлжлүүлэх эсэх нь Жигмэд, Тогмид 2т их сонирхолтой байна.
Тогмид: Бидний яриа үргэлж л Интэрийг магтаж эхлэх юм. Италиас анхны трипл хийсэн баг болсон. 45 жилийн дараа АЛ-т түрүүллээ, Италийн цомыг 6 дахиа авлаа. Үүнээс илүү юм гэх юу байхав дээ.
Жигмэд: Мэдээж. Гэхдээ үүнийгээ үргэлжлүүлэх нь харин асуудал болох байх. Аварга авах амархан, хамгаалах хэцүү гэдэг шиг. Амжилтын гол хүн байсан Моу явчихлаа. Интэрийн хувьд энэ сайн мэдээ биш.
Т: Гэхдээ Ливерпүүлийн дасгалжуулагч Рафа ирчихлээ. Моуг явсны дараа Интэрийнхний шинэ дасгалжуулагчид тавьсан цэнзүүр нь АЛ-д түрүүлсэн байх гэж байсан. Үүүнийг ч Рафа хангаж чадсан.
Ж: Азны маягаар түрүүлсэн үү гэвэл тийм. Гэхдээ европын талбарт сайн тоглодог ч лигтээ бол үгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэдний лигтээ эзэлсэн байрыг хараарай. Рафагийн 6 жилээс ялгаагүй. 09 онд 2 байр, 10 онд 7 байр. Энэ нь тэдний сүүлийн 10 жил дэхь хүснэгтийн дээд, доод хязгаар. Өмнөх 4 жилээс Рафа дээр байлгаагүй.
Т: Европт яагаад сайн тоглодог вэ гэвэл тэд миний бодлоор бүрэлдэхүүн султай холбоотой. 10 гаран тоглолт хийгээд л түрүүлдэг бол лигт бол 38 тоглолт. Түүнд бүх талбарт сайн тоглох бүрэлдэхүүн байгаагүй. Эздэд нь хүссэн тоглогчийг нь аваад өгчих мөнгө байхгүй байсантай холбоотой болов уу. Жишээлвэл тэд 1 тоглогч авахын тулд өөр тоглогчийг зарж орж ирсэн мөнгөөрөө тоглогч авах жишээтэй. Энэ нь яахав дээ урд хормойгоор хойд хормойгоо нөхөхтэй л адил
Ж: Тэд мөнгөгүйдээ бишээ. Харин ч зарцуулсан мөнгөн дүнгээрээ Англидаа түрүү үзүүр биш юм гэхэд 3с лав буухгүй. Тэгж мөнгө зараад амжилт нь хаана байна? АЛ-н ганц түрүүгээрээ хэдэн жил гол зогоолоо.
Т: Миний дуулснаар Рафа 6 жилийн хугацаанд 100 сая паунд зарцуулсан гэсэн. Жилд ердөө 17 сая орчим. Одоогийн улаан багийн гол тоглогчдын заримыг нь тэр авсан. Торрэсийг 20 саяар авч байсан бол одооний үнэ нь 50-60 сая, Машераног 20р авсан, өнөөгийн үнэ 30 сая, Реина 8 сая, зарахад хүрвэл 20, Аггерыг 8 саяар авсан бол одоо үнэлвэл 15 сая. Алонсог 15 саяар авсан бол 35 саяд зарсан. Эдгээр тоглогчид дээр Жи-г нэмэхэд л одоогийн Ливерпүүл. Бусад тоглогчдыг маш бага үнээр л авч байсан. Тэр хэмжээгээрээ гавихгүй юмнууд байсан гэдгийг чи ойлгоно биз.
Ж: Түүнийг буруу наймаа хийдэг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Жишээ нь Кийн. Тоттенхэмээс авсан тал үнээрээ л ердөө хагас улирал тоглуулаад эргүүлээд өгсөн!
Одоо байгаа Бабел, Нгог нарын оронд Крауч, Беллами, Пенант нар байсан бол лав илүү тоглох байсан биз.
Т: Ямар ч дасгалжуулагч алдаа гаргадаг. Чиний магтаад байсан Моу ч гэсэн алдаа хийдэг энэ тал дээр. Хамгийн тод жишээ нь шевченко. 30 гаран саяар авч байлуу даа. Дээрээс нь Филипс, Куарежма, Манчини. Куарежма гэхэд л 20 сая. Тэгвэл Рафагийн хийсэн хамгийн том наймаатай ижил үнэтэй байна.
Ж: Шева гэвэл түүнийг Моу гэхээсээ илүү Абрамович багтаа авахыг хүссэн. Баян Орос эр болохоор баруун европыг багаа дэмжүүлэхийг хүсдэг. Ялангуяа СССР-н үлсүүдаар. Тиймдээ ч Оросын тоглогчдын багтаа тоглуулж байсан.
Моу тэгвэл энэ жил том баг гэхэд багахан мөнгө зараад л аварга боллоо. Весли гэхэд л 15 сая. Этү, Пандев нар үнэгүй. Мотта, Милито нарын наймаанд хэд хэдэн залуус оролцуулаад бараг үнэгүй шахуу. Лусио л 9 сая. Ингээд л гүйцээ.
Т: Моуг ирэхээс өмнө Манчинигийн босгосон баг, тэгээд чухал тоглогчид байсан болохоор түүнд тэгж их өөрчлөх шаардлага байгаагүй. Занетти, Хулио Сезар, Майкон, Кучу гэх жишээтэй. Улаануудын эзэд нь фэнүүддээ адлагдсан хүн байдаг бол Интэрийн эзэн нь багтаа хайртай гэдгээрээ алдартай, фэнүүдийн асар их хайр хүндлэл хүлээсэн хүн байдаг. Рафа магадгүй Моугийн оронд ирсэн бол түүний амжилтыг гаргасан байж ч болох.
Ж: Рафа бол Рафа. Моу бол Онцгой нэгэн. Авсан цомын тоо гэвэл 17:7 Моугийн талд. АЛ-г 2 удаа авсан цөөхөн дасгалжуулагчдын нэг. Моугийн цалингийн талаар Рафатай гэрээ байгуулаа Интэр. Тэгээд 3 жил биш 2 жилийн гэрээ. Үүнээс харахад л Онцгой хүн л илүү байгаа юм даа. Тэгээд Интэрт үлдээд гэрээгээ сунгана гэсэн бол Рафагийн авах цалингаас 3 дахин их мөнгө авч болохоор байсан Моу.
Т: Тэгвэл ийм байна. Моу яагаад Лондонд байхдаа АЛ-д түрүүлээгүй юм бэ? Учир нь 2 ч удаа АЛ-н хагас шигшээд Рафад хожигдсон. Карлинг капын хагас шигшээд бас. Моуг 5 удаа хожсон юм шүү Рафа. Түүнийг тэгж олон хожсон дасгалжуулагч дэлхий дээр байхгүй биз. Магадгүй байх ч үгүй биз.
Ж: Цэнхэр баг бол Английн аварга байсан.Тэднийг тэгж хожлоо гээд Рафа цом аваагүй. Тэр тулаанд сайн байдаг ч дайнд ялж чаддаггүй.
Т: Энэ үнэн. Гэхдээ Рафа шийдвэрлэх болон том тоглолтуудын одтой болохоороо сүүлийн жилүүдэд зеро титули болсон ч фэнүүдийн дунд одоо ч нэр хүндтэйн дээр ажлаасаа халагдахгүй байхын шалтгаан нь энэ байсан болов уу. Цэнхэр багийн Гүүрэн дээрээ хожигддоггүй цувралыг тэр л зогсоосон. МЮ-тэй гэхэд л сүүлийн 4 тоглолтонд 3 хожсон. Нэг удаа нутагт нь 4:1 гэж хожиж байсан санагдана. Европын талбарт багаа аварга болоход, европын мангасуудын нэг болсон нь түүний л гавьяа. АЛ-д хийсэн тоглолт бүр л түүнийг том тоглолтын одтойг нь хэлээд өгнө биз. Энэ талаараа бол Моу-той ижил.
Ж: Тэглээ гээд Милан, Ювэг хожоод скудетто авахгүй бол хэрэг байхгүй биз дээ. Одоо цаадуул чинь түүхэн скудеттогийн төлөө дайралт хийх гэж байна.
Т: Мэдээж ямар нэг цом авахгүй бол Рафа явах биз. Учир нь түүнд урьд нь дутагдаж байсан зүйлс нь Интэрт алга. Өөрөөр хэлвэл бараг солих шаардлагагүй бүрэлдэхүүн тэгээд мөнгө байна. Ийм тохиолдолд Рафа хооснгүй үлдэхгүй байлгүй. Магадгүй дахиад АЛ-д түрүүлэхийг байг гэхгүй. Нэг авсан хүн дахиад авна л гээд үзнэ дээ. Моугийн буюу Интэрийн АЛ-д түрүүлсэн 4-2-3-1 гэсэн системээр ч тоглож чадна Рафа. Тэр байтугай Станбулын гайхамшгийг ийм хувилбараар л бүтээсэн. Занеттигийн хэлснээр Рафа Моугийн зогссон газраас л үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнийгээ ч мэдэж байгаа биз.
Ж: Үнэхээр авч чадаж байвал яах вэ. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй Интэрт, Моугийн орыг залгаж ирсэн хүнд нэг талаас дарамт үүсч магадгүй. Өмнөх дасгалжуулагч нь Европын аварга гэсэн нэр, багийг үлдээгээд явлаа. Үүнийг хэр үргэлжлүүлэх вэ гэдэг нь хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн анхаарлын төвд байх болно. Бидний болоод бусдын шүүмжлэл, магтаал огт падгүй. Энэ бүхний хариултыг цаг хугацаа, Рафа 2 л өгнө. Тэр үед л хэний зөв буруу гэдгээ түүний фэнүүд, шүүмжлэгчид харна.
Т: Би хувьдаа түүнд найдаж л байна. Мэдээж олон хүн түүнийг магтдаг бол бас шүүмжилдэг. Галзуу ганц л цомтой гэх мэт. Нэг олзуурхууштай зүйл бол Ариго Сакки гэдэг Италийн алдарт дасгалжуулагч Рафаг магтсан нь миний найдварыг нэмэгдүүлсэн. Саккигийн хэлсэн үгнүүд ер нь зөрж байгаагүй. Нэлээд ортой, бодитой хэлдэг болохоор Рафад итгэж байна.
Ж: Ямартаа ч бид түүнийг Интэрт амжилт гаргаасай л гэж хүсэж байна. Гол нь чадах уу, үгүй юу гэдэгт л маргалаа. Дараагийн удаа бид түүний талаар ярихдаа Интэрт тохирсон хүн мөн эсэхээр бус, Рафа, Моугийн аль нь илүү вэ гээд ярьж байхыг хүсэж байна. Магадгүй Моугоос ч илүү үнэлэгдэх юм билүү хэн мэдлээ.
20.06.10