by munkhbayar_AC » Fri Oct 08, 2010 9:18 am
С.Ням-Очир: Надад тэмцээн бүр үнэ цэнэтэй
Өнгөрсөн сард болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван барилдаан хийхдээ дөрвөн бөхийг цэвэр ялан, илт илүүрхэн барилдсан С.Ням-Очирыг гарцаагүй дэлхийн аварга болох нь гэж итгэж суусан хүн олон байсан юм. Харамсалтай нь, манай С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө Голландын бөхтэй барилдах үедээ тохойндоо хүнд бэртэл авснаар дэвжээг орхиж, өрсөлдөгчид нь барилдаан хийлгүйгээр медаль зүүснийг та бид мэдэж байгаа. Ийм харамсалтай тэмцээний дараа тамирчин хүнтэй ярилцах байтугай тааралдахад ч эмзэг байдаг. Гэлээ гэхдээ С.Ням-Очир манай редакцид зочилж, дэлхийн дэвжээнд өрнөсөн тэмцэл, барилдааныхаа тухай сонирхолтой яриа өрнүүллээ.
-Дэлхийн аваргын үеэр бэртэл авсан нь үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Гар гайгүй юу. Бэртэл нь яаж байна?
-Одоо ерөнхийдөө гайгүй болсон. Шөрмөсний суналттай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношилсон. Азаар ясандаа бэртэлгүй байна гэсэн. Тухайн үед Японд тохойны яс мултарсныг буцааж оруулсан, одоо бэртлээ эдгээхэд цаг хугацаа л хэрэгтэй байна даа.
-Японд ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн үү?
-Шууд дэвжээнээс бууж ирэхэд өвчин намдаах тариа хийгээд, жин тавиад боочихсон. Манай н.Энхбаяр эмч мултарсан үеийг нь оруулсан. Японы эмч нар түүний дараа үе орсон ороогүйг нь шалгаж үзээд боочихдог юм билээ. Японд байхдаа мөсөөр хөлдөөж, хавдар буулгах, өвчин намдаах эм ууж байсан.
-Тэндээ эмнэлэгт үзүүлсэн үү?
-Тэгсэн. Маргааш нь эмнэлэгт очиж, зураг авахуулахад ясандаа бэртэлгүй гэж оношилсон.
-Таны барилдааныг интернэтээр шууд үзсэн л дээ. Ямар ч байсан дэлхийн аваргаас медальтай л юм байна гэдэгт бид нар маш их итгэлтэй байлаа. Хэсгийн аваргын төлөө барилдаагүй ч хүрлийн төлөө барилдах боломж байгаагүй юу?
-Дахиж барилдах ямар ч боломжгүй байсан.
-Үнэхээр харамсалтай?
-Яг бэртсэний дараа гар маш их өвдөж байсан. Гэхдээ өвдөлтөндөө санаа зовохоос илүү ингээд тэмцээн дуусчихлаа гэж бодохоор маш хэцүү байсан. Хамаг чадлаараа орилмоор санагдаад. Ганц л ялчихсан бол дэлхийн аваргын медальтай болох байсан шүү дээ гэж бодохоор л хэцүү санагдаад, хүнд байсан. Тийм хэмжээнд барилдчихаад...
-Таны жинд /73 кг-д/ хамгийн олон бөх барилдсан. Сугалаа ер нь ямар таарсан бэ?
-Сугалаа боломжийн. Манай жинд 86 бөх барилдсан. Би дотроо тооцоолохдоо жингийнхээ бөхчүүдээс таван хүнийг л миний гол өрсөлдөгч гэж бодож байсан. Бусдыг нь бол би ялна, дийлнэ гэсэн бүрэн итгэлтэй байсан. Гол бөхчүүдийн нэг нь БНСУ-ын Бан Гу Мин гэж бодож байлаа. Бан Гу Миныг би гуравдугаар тойрогт надтай таарах юм байна гэж тооцоолж байсан чинь мань хүн хоёрдугаар тойрогтоо Гүржийн бөхөд ялагдчихсан. БНСУ-ын бөх одоо дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа л даа.
-Хэрэв бэртээгүй бол хэсгийн аваргын төлөө барилдсан Голландын бөх Элмонтег ялна гэдэгтээ та итгэлтэй байсан уу?
-Элмонтег ялах боломж байсан. Цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдчихсэн байсан ш дээ. Би Элмонтег унагаана гээд бодчихсон байлаа. Гэхдээ шууд унагах уу, эсвэл торгуулиар ялах уу гэж эргэлзээд. Өмнө нь анзаарч байхад Элмонте гурван минут барилдсаны дараа ядраад ирдэг нь мэдэгддэг байсан. Тэгээд яг тэр үеийг нь тааруулаад, нөгөөх чинь ч гэсэн ядраад ирэхээр нь дайрчихсан. Шүүгч уг нь тэр барилдаанд аль хэдийн Элмонтег торгуул торгох л байсан. Гэтэл ерөөсөө торгохгүй болохоор нь миний бас шар хөдлөөд, шатаад, жаахан тэвчээр алдаад дайрчихсан юм. Хэрвээ шүүгч торгочихсон байсан бол тэгж дайрахгүй л байсан байх. Тэгж дайраагүй бол би бэртэхгүй, хожигдохгүй байх байлаа.
-Тэгж дайраад бэртсэн гэж үү?
-Би нөгөөхийг этээд дөрвөн хөллөөд дайрчихсан юм. Тэгээд сугадчихсан байсан чинь өөдөөс босоод ирсэн. Тэр үед нь би сугадсан гараараа тулаад уначихсан юм. Тохой яг тэр үед мултарчихсан.
-Бэртлийн дараа тайвшрах гэж удсан уу?
-Гар айхтар өвдөж байсан болохоор өвчиндөө болоод бас тэгж их шаналаагүй ээ /инээв/. Тэр өдөртөө ч яахав, гэмтлээсээ болоод шууд зочид буудал руугаа оччихсон. Харин маргааш нь финалын барилдаан үзээд, хүмүүс медаль зүүж байгааг харахад сэтгэл санаа хүнд байлаа. Юм хэлэх гэхээр хоолой зангираад, нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь доошоо буугаад хувцас солих өрөө рүү орж баахан суусан. /инээв/. Гэхдээ нөгөө талаар тийм ч хүнд бэртээгүйдээ баярлах ч шиг. Тэрнээс айхтар бэртээд, барилдах боломжгүй, урт хугацаанд эмчлүүлэх болсон бол яах билээ гэж бодохоор нуруу руу хүйт даагаад ирдэг юм билээ. Тийм тохиолдол зөндөө л байдаг шүү дээ. Би айлын бага хүүхэд л дээ. Аав, ээж хоёр маань намайг дагаад Улаанбаатарт ирчихсэн байгаа. Энд амьдардаг юм. Тэр хоёр маань, гэрийнхэн, ах дүүс их санаа зовсон байсан. Одоо дахиж барилдахааргүй болсон байх гэж айгаад, ирэн иртэл нойр нь ч хүрээгүй байх. Би ч гэсэн хоолой дээр нэг юм тээглээд хүнтэй ч юм ярьж чадахгүй хэд хоносон...Одоо бол дажгүй ээ. Өдөр бүр заалаараа орж гараад, зүв зүгээр л гүйж явна.
-Токиогоос ирээд нисэх онгоцны буудалд буух үед таны гар айхтар хавдчихсан байсан?
-Харин тийм. Их өвддөг юм билээ. Хэзээ хойно, бүр үе нь мултраад буцаад хэвэндээ орсны дараа илүү их өвдсөн. Хоёр шөнө нойргүй хоносон. Гар битүү хавдартай болохоор хэвтэж болдоггүй, мөр рүүгээ бас чилж өвдөөд.
-Энэ жил та бусад тэмцээнд сайн барилдсан шүү дээ. Сэтгэлээр унах хэрэггүй шүү?
-/инээв/. Энэ жил Москвагийн тэмцээнээс бусдад нь гайгүй барилдсан. Гэхдээ л дэлхийн аварга бол дэлхийн аварга шүү дээ. Тамирчин хүнд нэг жилийн дэлхийн аварга байтугай нэг тэмцээн ч чухал. Одоо бодоод байхад надад ид сайн барилдах нэг олимп, хоёр дэлхийн аварга байна. Тэгэхээр хамгийн их хичээх үе яг энэ цаг хугацаа гэж би боддог юм. Д.Нямхүү ахад /Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Нямхүүг хэлэв. Д.Нямхүү, С.Ням-Очир нар эгч, дүүсийн хүүхдүүд юм/ яг л тийм зүйл тохиолдсон. Тийм сайн тамирчин байж ид үе дээрээ бэртэж, спортоос хол байна гэдэг тамирчин хүнд ямар хэцүү байдгийг би ахаасаа сайн ойлгосон. Яг л тэр хоёр жилд бэртэл гэмтэлгүй байсан бол олимп, дэлхийн аваргаас медаль авах хэмжээний бөх шүү дээ. Сая гэхэд л би өөрөө бэртчихээд ахыгаа их бодож, өрөвдөж байлаа. Ямар хэцүү байсан болоо гэж. Тэрний хажууд миний энэ бэртэл гайгүй ээ. Тийм болохоор би өөрийгөө бодсон ч, ахыгаа бодсон ч миний өмнө байгаа ойрын хэдэн жилийг яавч алдаж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Заавал амжилт гаргана л гэж зүтгэнэ дээ. Ингээд бодохоор надад тэмцээн бүр үнэ цэнэтэй санагдаж байна.
-Саяын тэмцээн таны оролцсон хэд дэх дэлхийн аварга байв?
-Гурав дахь нь. Анх 2007 онд Бразилд болсон дэлхийн аваргад оролцож, хоёр ялаад гурав дахь барилдаандаа ялагдаж байсан. Дараа нь, бас хоёр ялаад, гуравдугаар тойрогт ялагдаж байлаа.
-Шигшээ багт анх хэдэн онд орсон бэ?
-Анх 2006 онд жүдогийн шигшээ баг байгуулагдахад орсон.
-С.Ням-Очирын барилдааны онцлог юу вэ? Өөрийгөө дүгнэж хэлбэл. Ер нь дэвжээнд гараад бусад бөхчүүдээс аль чанараараа давуу гэдгээ мэдэрдэг вэ?
-Барилдааны дундуур өөрийгөө хүч сайтай юм байна гэдгийг анзаардаг. Техник ч гэсэн муугүй байх гэж бодож байна. Уг нь өмсөх, хонгодох мэх их хийдэг байсан. Сүүлд зарим мэхийг хорьсны дараа багадаа сайн хийдэг байсан үүрээ, тохоогоо сэргээж, тэрэн дээр нэлээд ажиллаж байна. Саяын дэлхийн аваргад ч гэсэн энэ мэхнүүдээ түлхүү ашигласан.
-Токиогийн дэлхийн аваргыг ажиглаж байхад ер нь л торгох асуудал бага харагдаж байсан. Ялангуяа манай бөхчүүд дээр илүү анзаарагдаж байх шиг санагдсан. Нутгийн бөхчүүдээ дэмжиж байгаа болохоор ч тэр юм уу?
-Илт л унагахгүй бол хэцүү л дээ. Гэхдээ хэтэрхий их торгоод байхаар барилдаан гарахгүй байгаа учраас торгох шийдвэрийг аль болох бага байх тал дээр холбооноос тэмцээний ерөнхий шүүгч нарт заавар ирсэн байсан юм билээ.
-Одоо бэртэлтэй байгаа болохоор багийн дэлхийн аваргад оролцох боломжгүй юу?
-Оролцож амжихгүй л дээ. Нэг хэсэгтээ тэмцээнд орохгүй байх.
-Азийн наадамд ч бас амжихгүй юу?
-Бас л оролцох боломжгүй. Яахав бэртэл гайгүй болчихож амжина л даа. Гэхдээ бэлтгэл хийх хугацаа байхгүй, дасгал сургуулилт муутай болохоор явахгүй.
-Одоохондоо хөнгөн чанарын бэлтгэл хийж байна уу?
-Тийм ээ. Хүчний дасгал хийгээд, хөлөндөө илүү анхаарч байна. Гар бэртэлтэй болохоор энэ завшааныг ашиглаад хөл мэхээ сайжруулъя гэж бодож байгаа /инээв/.
-Эмч нар хэдэн сар барилдаж болохгүй гэж байна?
-Ирэх оны нэгдүгээр сараас барилдъя гэсэн хувийн бодолтой байна даа. Гар маань бүр эдгээд, энэ бэртлийн тухай мартсан цагт л барилдъя гэж бодсон.
-Тэр үед ямар тэмцээн хүлээж байх бол?
-“World Masters” болно.
-Энэ жилийн “Masters” хаана болох вэ?
-Ирэх оны нэгдүгээр сард Азербайжаны Бакуд “World Masters” тэмцээн болно. Тэр тэмцээнээр л гараагаа эхлүүлье гэж бодож байна. Жин жингийн шилдэг 16 жүдочдын халз тулаан гэж болно. Би одоогоор өөрийнхөө жинд дэлхийд чансаагаараа 10-рт бичигдээд байгаа. Нэгдүгээр сар болтол надаас доогуур эрэмбэлэгдсэн бөхчүүд тэмцээнд оролцоод, оноо цуглуулаад байвал би улам л ухарна гэсэн үг. Тэгэхээр 16-гаас доошоо орохгүйн тулд “Masters”-ын өмнө ганц, хоёр тэмцээнд оролцож, оноогоо нөхөх бодолтой байгаа. Хэрэв гайгүй бол шууд орно доо.
-Саяын дэлхийн аваргад ийм сайн барилдсан юм чинь танд олимп, дэлхийн амжилт одоо илүү ойр санагдах юм уу, тийм бодол төрсөн үү?
-Яг тэгж хэлэхэд хэцүү л дээ. Хэдэн сарын, хэдэн зуун цагийн бэлтгэл хийж хийж, эцсийн дүндээ тэмцээн нэг л өдөр, хэдхэн минутад л болоод өнгөрдөг болохоор маш хэцүү. Гэхдээ тамирчин хүн зоригтой, зорилготой байх хэрэгтэй гэж би боддог юм. Тэгсэн хэрнээ би бас даруу талдаа /инээв/. Надад харин нэг бодол байдаг юм. Юуг нь нуухав дээ, би өөрийгөө нэг сайхан том тэмцээнээс медаль авчих юм бол араас нь олон амжилт гаргах байх гэж боддог. Яагаад ч юм бүү мэд. Ирэх жилийн дэлхийн аварга, бас Лондонгийн олимпод эх орныхоо нэрийг гаргах юмсан гэж чин сэтгэлээсээ зорьж байгаа.
Тэр зорилгод хүрэхийн тулд одоогийн энэ миний бэртэл гэмтэл давж туулах ёстой жижигхэн хэсэг нь шүү дээ.
-Гэхдээ л олон хүн таны бэртэлд санаа зовж байгааг та анзаарсан байх?
-Харин тийм ээ. Хүмүүс гадагшаа явж сайн эмчлүүлээрэй гэж их захиж байгаа. Миний бэртэл гайгүй байгаа гэдгийг надад санаа тавьж байгаа бүх хүмүүст хэлье гэж бодож байна. Гайгүйгээр барахгүй одоо өдөр бүр бэлтгэлдээ яваад, хөнгөн зэргийн бэлтгэл хийж байгаа. Харин цаашид сэдрэх вий гэдэг бодох л асуудал.
-Та үндэсний бөхөөр барилддаг уу. Зүгээр сонирхож асууж байгаа юм шүү?
-Бага байхдаа л барилддаг байсан. Нээрэн би энэ зун аймгийн начин болоод /инээв/.
-Хаана?
-Жолооч хийж яваад аймгийн начин болчихсон /инээв/. Наадмын үеэр жүдогийн шигшээ багийнхан Эрдэнэтэд нэгдсэн бэлтгэлд гарчихсан байсан даа. Тэр үед манай нэг бөх Эрдэнэтийн наадамд барилдахаар болоод унаагүй гэхээр нь би жолооч хийж хамт явсан юм. Очсон хойноо барилдмаар санагдаад, наадамд гараад тав давчихсан шүү.
-Та одоо аль клубт харьялагдаж байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороонд харьяалагддаг. Энэ хамт олноор овоглодог болсноосоо хойш тэмцээний зардал гэдэг зүйлд толгой өвдөж байгаагүй гэдгийг би онцолж хэлмээр санагдаж байна. Манай жүдочид олимпийн эрхийн оноогоо цуврал тэмцээнээс цуглуулдаг болохоор аль болох олон тэмцээнд оролцож байх хэрэгтэй байдаг. Тэр бүхэнд “Хангарьд” спорт хороо үргэлж тусалдаг. Тийм байхад би зөвхөн бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргах л үүрэгтэй шүү дээ. Нэг үе бол спортод хүнд хэцүү үе байсан шүү дээ. Тамирчид нь өөрсдөө зардлаа хайж олдог. Одоо тэр үеийг бодвол хувийн хэвшлийнхэн, спортод элэгтэй хүмүүс, төр засгийн зүгээс ч тамирчдад анхаарал сайн хандуулдаг болсон санагддаг. Тамирчид харин амжилт л гаргах хэрэгтэй л гэж бид зорьж явна даа. Бэртэл гэмтэлгүй, эрүүл саруул байхад хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрнэ гэж л хөдөлмөрлөх хэрэгтэй.
С.Цэлмэг
Forza Milan