Монголоос Морпет хүртэлБэлтгэсэн Б.ЦАГААНБААТАР (2009-06-22)
Манай нэртэй гүйгч Бат-Очирын Сэр-Од Будант Альбионд амьдарч бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Түүний тухай Английн сонин хэвлэлд хэрхэн бичсэнийг товчлон сонирхуулж байна.
Монголоос Морпет хүртэлЛондонгийн марафонд 1993 онд Имонн Мартин түрүүлснээс хойш британи эр ялалт байгуулаагүй, Берлиний ДАШТ-ий нормативт цагийг нэг ч британи тамирчин биелүүлээгүй байна.
Ийм үед хаа холын Монголоос -40 градусын хүйтнийг орхин нэгэн марафонч “Morpeth Harriers” (Harriers-анч ноход гэсэн үг) клубт иржээ. Тэрбээр Берлинд болох ДАШТ, амьдран буй хотоос нь 300-хан майлийн (480 км) тэртээд өрнөх “Лондон-2012” олимпийн тухай ярьж сууна.
Бат-Очирын Сэр-Од (буюу Ziggy) Лондонгийн алдарт марафонд уралдахгүй ч наймдугаар сард Берлинд дэлхийн элитүүдтэй хурд сорино. 27 настай гүйгч сүүлчийн гурван ДАШТ, хоёр олимпод гүйгээд байгаа юм. 2008 оны эхэнд Сэр-Од “Good Luck Beijing” уралдаанд 2 цаг 14 минут 15 секундээр түрүүлсэн боловч түүнээс дөрвөн сарын дараа олимпийн уралдаанд гэдэс нь эвгүйрхсэнээс 52-т (2:24:29) барианд оржээ.
Түүний шинэ клуб-Нортумбелэндийн “Morpeth Harriers” холын зайн гүйлтээр баялаг уламжлалтай ч Улаанбаатараас ирсэн дэлхийн түвшний марафончоо баярлан угтсан байна. Сэр-Одыг Зүүн хойд Англид ирүүлсэн гол шалтгаан нь Гейтсхэдийн иргэн, түүний баз хүргэн Жон Макдонаг. “Миний эхнэр Октябрь, Зиггийн эхнэр Оюунтуяа нар эгч дүүс. Би Монголд хэдэн жил ажиллах үед эхнэртэйгээ танилцаж билээ” хэмээн Жон өгүүлнэ.
-“Гэр бүлтэйгээ байгаа болохоор Зигги энд бэлтгэл хийж байгаад Лондонгийн олимпод уралдана. Түүний виз зургаан сарын хугацаатай ч цаашид сунгуулах байх”.
“Монголын өвөл хэцүү” хэмээн Сэр-Од англи хэлээр итгэл муутай ч хурдан ярьж байна. “Их олон, бараг дөрвөн давхар хувцас өмсөж гүйнэ. Гүйхэд хэцүү. Харин Англид өөр юм”.
Гүйлтийн зориулалтын зам дээр анх удаа бэлтгэл хийж, “Morpeth”-ийн хөх-цагаан хувцсыг өмсөх болсон Сэр-Од саяхан North Tyneside-ийн 10 км-ийн гүйлтэд 31 минут 33 секундээр түрүүлжээ. “Redcar” хагас марафонд гүйх гэж байна (уг уралдаанд III байр эзэлсэн тухай ТЦ мэдээлсэн). Өвлийн турш хангалттай бэлтгэл хийгээгүй тул Лондонгийн марафонд уралдахгүйгээр шийджээ.
The Independent (IV.19)
Олимпийн тамирчин Морпет-дОлимпийн тамирчин орон нутгийн клубийн “хаалга тогших” нь тийм ч олон биш. Гэвч үнэхээр тийм зүйл тохиолдож, Бат-Очирын Сэр-Од Монголоос ирээд хэдхэн хонож байна.
Олимпийн наадамд хоёр, ДАШТ-д гурван удаа уралдсан марафонч Сэр-Од “Лондон-2012”-ын бэлтгэлийг нутагт нь базаах зорилгоор иржээ. Эхнэртэйгээ (эхнэр нь түүний дасгалжуулагч) ирсэн Сэр-Од бэлтгэл хийхээр Их Британийн хөнгөн атлетикийн холбоонд (UKA) хүсэлт тавьж байв.
UKA түүнд нэг бус клубийн хаяг илгээж холбож өгснөөс Сэр-Од “Morpeth Harriers”-ийг сонгожээ. Тэдний нарийн бичгийн дарга Майк Бейтмэн ямар ч эргэлзээгүйгээр Сэр-Одыг хүлээн авахаа хэлсэн байна.
Evening Chronicle (IV.9)
Монголын “анч нохой”“Morpeth Harriers”-т бэлтгэл хийдэг монгол гүйгч Б.Сэр-Од тавдахь удаагийн North Tyneside уралдаанд зовлонгүй түрүүлэв. Уитли-Бэйд болсон энэ уралдаанд 1900 гаруй гүйгч оролцсон байна.
Бээжингийн олимпод марафоноор оролцсон Сэр-Од гараанаас эхлэн өнгөлжээ.
Харин гурав дахь километрээс Альнвикийн Дэвид Кирклэнд түүнийг шаргуу нэхсэн ч удалгүй хаягдав. Үл мэдэг салхитай хэрнээ тунгалаг энэ өдөр Сэр-Од арын өрсөлдөгчөөс 33 секундээр урьтан барианд орлоо. Тэрбээр Айван Холлингсуортын энэ замын рекордыг 21 секундээр бас урагшлуулав.
The Journal (IV.13)
Мансфильдийн уралдаанд оролцоно2009 оны “Mansfield Half Marathon”-д сүүлчийн хоёр олимпод оролцсон, Азийн шилдэг марафончдын нэг уралдах боллоо. Улаанбаатараас ирсэн 28 настай Бат-Очирын Сэр-Од зургадугаар сарын 28-нд Мансфильд орчмын 13,2 майлийн (21,1 км) уралдаанд оролцох 1000 гаруй гүйгчийн нэг нь юм.
Түүний гүйсэн дээд амжилт 2 цаг 14 минутыг давах британи гүйгч сүүлийн гурван жилд гараагүй байна. Дээрх амжилтыг Сэр-Од “Beijing Good Luck”-т үзүүлэн түрүүлсэн билээ. Монголын гүйгчийн гол өрсөлдөгчөөр ноднингийн “аман хүзүү” Марк Пауэлл, урьд нь түрүүлж үзсэн Мартин Бродбент, Клоуний Энди Уорд, Кенийн Жон Ванжохи, ноднингийн түрүү Билли Фаркуарсон нарыг нэрлэж болно.
Энэ тэмцээний дээд амжилтыг Эндрью Пирсон 1999 онд түрүүлэхдээ 62 минутаар тогтоож байлаа.
The CHAD (VI.15)
Б.Сэр-Одын 2009 оны амжилтаас
Зай Хугацаа Байр Тэмцээн Хэзээ
10 км 30:19 21 BUPA Great Manchester V.17
10 км 31:27 16 BUPA Great Edinburgh V.3
10 км 31:33 1 North Tyneside IV.12
Х.М 1.06:36 3 Redcar Half Marathon IV.19
3 тойрог 28:09 4 Blaydon Races VI.9