Ч.САНЖААДАМБА ДҮҮ МИНЬ ТАСАРХАЙ ЧИГЭЭРЭЭ БАРИЛДААРАЙТөмөр барс жилийн цагаан сарын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан урьд жилүүдийнхээс сонин содон болсон билээ. Бяр хүч тэгширсэн шилдэг 256 бөхийн дундаас босоо түрүүлсэн цэргийн арслан Ч.Санжаадамба даваа бүхэнд тунан барилдаж, даваагаа ахиулсаар улсын өндөр цолтой бөхчүүдийг ч илүүрхэн энэ жилийн түрүүг авсан.
Ч.Санжаадамба оны өмнө болсон гурван том барилдаанд түрүүлснээс гадна цагаан сарын сорилго аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлж улсын цолонд ойрхон, ирээдүйтэй сайн бөх болохоо харуулсан юм. Цагаан сараас хойш мөн л "Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан", "Аваргуудын нэрэмжит барилдаан", "Бүх цэргийн наадам" зэрэгт гурвантаа түрүүлж улмаар цэргийн хурц арслан болоод байна.
2008 онд Монгол Улсад анх удаа болсон Монгол туургатан бөхийн наадмын барилдаанд түрүүлж 20 сая төгрөгийн шагнал хүртсэн. Монгол Улс, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 256 бөхөөс босоо түрүүлсэн залуу бөх Ч.Санжаадамба бөхийн хорхойтнуудын талархлыг хүлээж, улсын цолтой бөхчүүдийг айлгаж эхэлсэн билээ.
2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон Монгол туургатны хоёр дахь наадамд тэрбээр босоо түрүүлсэн нь өсөх ирээдүйтэй, сайн бөх болохоо нотлон харуулсан юм. Тийнхүү Монгол туургатан бөхчүүдийн барилдаанд хоёр дахиа түрүүлсэн түүнд дотоод гадаадын бөхчүүд болоод үзэгчид илүү их өндөр итгэл хүлээлгэж, улсын цол авч, монгол туургатнуудын манлай бөх болох ерөөл тавьж байсан юм.
Туурга нэгтэй олон орны бөхчүүдийн дунд танил болж, онцгой барилдаанаараа ялгарч байгаа аймгийн арслан маань өдөр өдрөөр бяр тэнхээ нь нэмж, мэх, чадвар нь өсөөр байна. Тэрхүү чансаагаа ахиулж, монгол наадмын түрүү бөх болох ирээдүй ч түүний өмнө нээлттэй байна.
Цагаан сарын барилдаанд Ч.Санжаадамба үндэсний бөхийн шинэ гарааг эхлүүлсэн онцлогтой, олон шагналыг нэгэн дор хүртсэн рекорд тогтоолоо. Анх удаа аймгийн арслан цолтой бөх цагаан сарын барилдаанд түрүүлсэн нь бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн бол, Улаанбаатар хивс ХК-ны нэрэмжит “Цахиур хагалах бөх”, Даян аварга А.Сүхбатын “Ирээдүйн аварга”, УИХ-ын гишүүн Л.Гүндалайн “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналын эзэн болж түүхэнд тэмдэглэгдэх амжилтын гараа болсон юм.
Ийнхүү Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба аймаг, улсын цолтой бөхчүүдээсээ болон энэ цаг үеэсээ илт тасархай бөх гэдгээ харууллаа. Бөх сонирхогчид, шинжээчид түүнийг эр бяр тэгшхэн, мэх ур чадвараа тэнцүүхэн хадгалж бэлтгэлээ зөв сайхан хангаж барилдвал шинэ аваргын чансаатай бөх болох нь хэмээн үнэлэв. Мөн Ч.Санжаадамба монгол бөхийн шинэ үеийнхэн хүч түрэн гарч ирж байгааг ч харуулж байна гэж улсын алдар цолтой бөхчүүд ярив. Ч.Санжаадамбад одоо улсын цол ойрхон байна. Тэгэхдээ өмнөх жилийн улсын баяр наадмаар хоёрын даваанд өвдөг шороодсон нь түүнд тун том сургамж болсон. Улсын наадмын таавар будилж, гартаа орж ирэхээр байсан улсын цолоо алдсанд бөхийн хорхойтнууд, дэмжигчид нь ч сэтгэл гонсгор байсан.
Ч.Санжаадамба цаашид барилдаанаа байнга хянаж, ахмад бөхчүүдийн сургамж, зөвлөгөөг чихэндээ нааж, алдаандаа санамж, сэрэмж авч байх нь чухал байна. Архангайн “Бөх билэгт” дэвжээг тэргүүлэн барилдаж буй Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаярын залгамж халааг авч, улсдаа цолтой бөхөөр тэргүүлдэг нутгийнхаа тэргүүлэх чанарыг бататгаж, монгол бөхийн түүхийн хуудсыг ч шинэ амжилтаар эвдэх боломж Ч.Санжаадамбад байна. Наанадаж, аймгийн арслан цолоос шууд улсын олон цолыг алгасах амжилт түүнд бэлээхэн байх шиг. Улсын баяр наадмаар эхний даваанаас түрүү автлаа босоо байж чадаж гэмээнэ Улсын арслан Азжаргалын амжилтыг ч эвдэж болно. Улсын начин, харцага, заан, гарьд цолыг алгасаж Улсын арслан болох боломж байна шүү дээ. Түүнтэй эн зэрэгцэхээр аймгийн цолтон одоогоор алга. Улсын цолтнууд бүгдээрээ айж бэргэж байна. Монгол туургатан бөхчүүдийн наадамд хоёр дахиа үзүүр түрүү булаалдсан Улсын арслан Д.Ганхуяг энэ жилийн цагаан сараар их шөвгийн дөрөвт үлдэж, гурав дахиа өвдөг шороодсон нь Ч.Санжаадамбын гарт орсон нь нэгэнт тодорхой болов.
Улсын арслан Х.Мөнхбаатар, Азжаргал нар ч нэг бус удаа Ч.Санжаадамбад өвдөг шороодсон нь түүнийг хорьж барьж тогтооход бэрх болсон гэлтэй. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Рагчаа, Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Мөнгөнцоож, Даваабаатар нар л түүнийг торгоохгүй бол урдуураа өөр “Улаан хөлтнийг” цэргийн арслан залуу маань гаргахгүй нь бололтой. Ер нь, аварга болох хүн тасархай бөгөөд илт ялгаатай харагддаг. Тйимээс манай ахмад бөхчүүд “Аварга аваргаараа төрдөг” хэмээсэн нь олон жилийн ажиглалт, туршлагаас харагдана. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ анх гарч ирэхдээ нэг иймэрхүү байж билээ. Үеийнхнээсээ илт тасарсан. Яг л үүн шиг Ч.Санжаадамба үеийнхнээсээ тасархай байгаа нь тодхон. Тиймээс нутгийн эрхэм дүүдээ “Тасархай” шүлгийнхээ хийморийн бадгийг ч өргөн барьсу.
...Хөөрхөн бүсгүйчүүл нь эрчүүдээсээ тасархай
Хүчирхэг бөхчүүл нь зүлэгт дэвжээнээсээ үл тасархай
Хөөргөн залуус нь эцэг эхээсээ тасархай
Хөрст газар минь үлэг гүрвэлийн яснаас үл тасархай
Тасархай, тасархай
Тасархай хол тасархай Монгол минь гэвч
Тасарсан хойноо ч дуу нь тасархай биш ээ
Таван тивдээ цуу нь тасрахгүй Монгол оо...
хэмээн монгол туургатан бөхчүүд дундаа ч босоо яваарай, таван тивдээ ч босоо яваарай, Санжаадамба минь.
Басхүү эрхэм дүүгээ аархаж яваарай гэж хэлье. Аархахын учрыг ч ах нь аминчилж ухааруулья. Аядуухан хэвлэгдэх гэж буй “Аархуу шүлэг”-ийн номондоо аваргын дайтай барилдаж Арын хангайнхаа бөхийн босоо удмыг алдахгүй байх шүлэг тэрлэж оруулахаа амлан, аархуу ерөөлийг ч өргөе. Ай, дүү минь тэгээд ч улсын наадмын торгон дэвжээ урд чинь чулуугаа хөндөхийг хүлээн, дөрвөн уулын нуруу хотолзон байхыг анзаарна уу?
Омог хүчтэний домогтой
Босоо Тайхар дүнхийнэ
Олон үеийн бөхчүүдийн
Зодгыг чангалж ханхайна
Даяар олноо ундаалсан
Гурван Тамир мяралзана
Дархан цолоо дуудуулсан
Наадмын манлай тэвхэлзэнэ
Луу гүний Вандан аварга шигээ
Хайрхан уулын Чимэддорж аварга шигээ
Далай вангийн Жамьян аварга шигээ
Хамгийн залуу Өсөхөө аварга шигээ
Өлзийт дэнжийн Дэлэг арслан шигээ
Өргөн Хашаатын Мижиддорж арслан шигээ
Хурдан шаламгай Чойжилсүрэн арслан шигээ
Хурц эрэмгий Мөнх-эрдэнэ арслан шигээ
Дэнжийн ногоон зүлэг байтугай
Дэлхийн дэвжээ ч багадсан
Дэлэг арслангийн удам Асашёорьюү шигээ
Мөнхбат аваргын удам Хакуко шигээ
Аавын удам нь Архангайн
Агуу их аварга Бат-Эрдэнэ шигээ
Тасархай, тасархай
Тасархай хол тасарч барилдаарай
Тасархай,тасархай
Тасархай цол хүртэж барилдаарай
Санжаадамба дүү минь
Санахын түрүүнд аварга л болоорой.