танай домгийн farewell -д зориуллаа
Эзэн хааны үнэнч албат ГутиРеал Мадридийн өнгөрсөн 16 жилийн түүхийг бичилцсэн агуу тоглогч Раул Гонзалез багаа орхиход ойрхон байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд Эзэн хааны багийн бас нэгэн чухал тоглогч болох Гути салах ёс гүйцэтгэж байна. Яг мэргэжлийн тоглогч болсноосоо Гути 15 жилийг Реалд өнгөрүүлсэн бөгөөд Реал Мадридийн академд анх элсэн орсон жилээс нь эхлэн тоолох юм бол 26 жил болох болно. Мадридиста гэсэн үг бол Гутиг тодорхойлоход хамгийн тохирсон үг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр Мадридад төрж өсөн, Реалын дэмжигч болон хүмүүжсэн бөгөөд амьдралынхаа туршид Реал Мадрид гэсэн багийн төлөө л зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Тэр хэзээ ч клубтээ гомдол тавьж, үймээн дэгдээж байгаагүй бөгөөд оногдсон үүргээ чанартай биелүүлж багийнхаа амжилт ялалтаас урам зориг эрч хүч авдаг нэгэн. Жозе Мариа Гутьеррез 1976 оны 10 сарын 31-нд Мадридийн төв хэсэг болох Торрехон-де-Ардосд Мадридиста гэр бүлд мэндэлжээ.
Иймээс түүний 8 настайдаа Реалын кантерад (академи) элсэн орсон нь санамсаргүй биш нь ойлгомжтой. Эхэндээ Гути довтлогчын байрлалд тоглодог байсан ч дамжуулах чадварыг нь үнэлсэн дасгалжуулагч нь хагас хамгаалалт руу шилжүүлсэн байна. Залуу хүүгийн карьер гайхалтай хурдан дэвжиж 1994–1995 оны улиралд Реалын С багт багтсан бол дараа жил нь Б багт дэвшсэн. Өсвөрийн багт байхдаа Гути хагас хамгаалалтад тоглодог байсан боловч улиралд дунджаар 30 гоол оруулдаг байлаа. Улмаар түүний авьяасыг үнэлсэн Хорхе Валдано 1995 оны 12 сард үндсэн багт дуудаж Севильягийн эсрэг хийсэн тоглолтонд оролцуулсан байна. 1996 – 2000 оны хооронд Эзэн хааны баг халгаа сэлгээ ихтэй байсан. Энэ 4 жилд 5 дасгалжуулагч солигдсон нь залуу тоглогчид байр сууриа эзлэхэд хүндрэл учруулж байв. Харин 1999 онд Виценте дель Боске ирснээс хойш Гути гарааны үндсэн тоглогч болж багтаа жинхэнэ утгаар тус болж эхэллээ. Үүнээс өмнө Реал аваргуудын лиг, Ла лигт аль алинд нь түрүүлсэн ч Гутигийн оролцоо нэг их байгаагүй юм. Тэр жилдээ Гути Испаний шигшээ багийн анхны дуудлагыг хүлээн авлаа. Харамсалтай нь түүний олон улсын карьер тийм ч дардан байгаагүй бөгөөд ердөө 14 удаа л испанийг төлөөлөн талбайд гарч байсан юм.
2000–01 оны улирал бол Гутигийн хамгийн амжилт арвинтай байсан жил. Фернандо Морьентес бэртэлтэй байсан учраас Гути ихэнхидээ түүний байрлалд довтлогчоор тоглож тэр улиралдаа 44 тоглолтонд 18 гоол оруулсан байна. Харин Раул тэр улиралд 24 гоолтойгоор Ла лигийн мэргэн бууч болж байсан юм. 2002 онд Роналдо Реалд ирснээр Гути үндсэн байрлал хагас хамгаалалтадаа шилжиж гоолын тоо нь ч ”хэвийн” хэмжээндээ очлоо. Дараагийн хоёр улиралд Гути лигийн 63 тоглолтонд 8 гоол оруулсан байдаг. Гутигийн үндсэн байрлал довтолгооны хагас хамгаалагч боловч зүүн жигүүр, хамгаалалтын хагас, туслах довтлогчоор хүртэл тоглож чаддаг учраас Реалд ирсэн дасгалжуулагч бүр түүнийг өндрөөр үнэлдэг байв.
Флорентино Перезийн ”Галактико” төлөвлөгөөний үеэр олон шилдэг одод Эзэн хааны багт ирсэн ч Гути үргэлж гараанд гарч багийн гол тоглогчдын нэг хэвээр байсан. 2004–05 онд Гути карьертаа анх удаа гоолгүй улирлыг өндөрлүүллээ. 2005 оны 2 сард Испанийд шигшээтэй хамт Сан Мариногийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд гоол оруулсныг эс тооцвол тэр өөр гоол оруулаагүй.
2006 онд Роман Калдерон Реалын ерөнхийлөгч болсныхоо дараа Какаг авчирна гэж хэсэг шуугисан. Энэ нь Гути багаас явна гэсэн ярианы эс үүсвэр болсон бөгөөд нэг хотын Атлетикод очиж магадгүй байсан. Гэвч клубын фенүүд түүнийг үлдээхийг шаардаж байсан учраас Гути Сантьягодоо үлдсэн. Тэгээд ч Кака Миландаа үлдсэн учраас Гутигийн ирээдүй тодорхой болсон юм. Ер нь карьерийнхаа туршид Гути Реалаас явах тухай хэл ам үүнээс өөр гаргаж байгаагүй гэхэд болно.
2006 оны ДАШТ-ий дараа Реалын найруулагч Зинедин Зидан зодог тайлсан учраас Гути энэ албаанд томилогдлоо. Шинэ байрлалдаа тэрээр хурдан дассан бөгөөд тоглолтыг гайхалтай уншиж, ухаалаг дамжуулалтуудаараа багтаа маш их тус болж байсан. Мадридчууд тэр улиралд 30 дахь лигийн түрүүгээ хүртснээс гадна Барсаг 2 : 0-ээр ялахад Гути бүх ”хорыг” найруулж тоглолтыг шилдгээр тодорч байлаа. 2006 оны 11 сард Гути багтайгаа шинэ гэрээ байгуулж 2010 оны 6 сар хүртэл үлдэхээр болсон.
Дараагийн улиралд нь ч Реал лигтээ түрүүлж Гутигийн шагналыг цуглуулга нэгээр нэмэгдсэн. Тэр улиралд Гути Реал дэх 5000 дахь гоол оруулсан тоглогчоор тодорч клубын түүхэнд өөрийнхөө нэрийг дахин нэг удаа бичүүлээд амжсан. 2009–10 оны улирал эхлэж байхад Кака Реалын эгнээнд шилжсэн байлаа. Гэсэн хэдий ч Гути гараанд гарч муугүй тоглолтыг үзүүлж байсан. Харин Эзэн хааны цомын тэмцээнд доод лигийн Алкоркон багт ялагдсаны дараа Гути багийн дасгалжуулагч Пеллегринитэй ам мурийж багийн бүрэлдэхүүнээс хэсэг хугацаанд хасагдсан юм. Мөн бэртэл гэмтэлд ороогдож байлаа. Гэхдээ тэр улиралд Кака бас сайн формтой байж чадаагүй учраас Гути улирал дуустал 30 тоглолтонд оролцоод амжсан байна.
ДАШТ-ий дараа Гутиг Туркийн Бешикташ багт шилжиж магадгүй гэсэн яриа гарах болсон нь оргүй зүйл биш байв. Ингээд 7 сарын 25-ны өдөр Гути багийнхантайгаа салах ёс гүйцэтгэж төрөлх Мадрид хотоо орхин Турк луу ниссэн билээ