http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_i ... yes&vpage=Хакухо М.Даваажаргал эх орондоо гүүр барьж өгөх бодолтой байгаа гэнэСумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Энэхүү уулзалтыг Засгийн газраас зохион байгуулсан юм. Ийн их аваргыг Ерөнхий сайд хүлээн авч уулзах болсон нь түүнд Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг гардуулахаар болоод байсан юм. Тэрээр хүндэт өргөмжлөлийг гардахдаа аав Ж.Мөнхбатынхаа хамт ирлээ. Харин өргөмжлөлийг гардуулахаар Ерөнхий сайд С.Батболд, шадар сайд М.Энхболд болон бусад албаны хүмүүс цугласан байв.
Хүндэт өргөмжлөлийг гардуулахын өмнө Ерөнхий сайд С.Батболд "Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, Монгол,
Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс, ард түмнийхээ зан заншил, соёлыг ойлгуулахад их хувь нэмэр оруулж байгааг тань өнөөдөр төр засгаас ийнхүү өндрөөр үнэлж байна" хэмээсэн юм. Түүнчлэн "Өнөө жил түүхэн олон ой давхацсан төдийгүй Монголын ард түмэн бүтээлч ажил, хөдөлмөрөөрөө улс орныхоо хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралыг урагш ахиулсан амжилт дүүрэн он болж байна" хэмээн нэмж оңцлов.
Харин Хакухо М.Даваажаргалыг Хүндэт өргөмжлөлөө гардсаны дараа сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Зуны энэ сайхан дэлгэр цагт эх орондоо ирж байгаадаа баяртай байна. Өнөө жил олон ой давхацсан. Тэрхүү жилээр төрийнхөө хүндэт өргөмжлөлийг хүртсэндээ маш их баяртай байна" гэв.
Ингээд өргөмжлөлийг гардуулах ёслолын ажиллагаа дууссаны дараа тэд ширээнээ сууж энгийн яриа өрнүүлсэн юм. Тэдний яриаг сонсвол Их аварга эх орондоо ирээд нэг хонож байгаа юм байна. Мөн Нагоя башёд монголчууд амжилттай барилдсанд сэтгэл өндөр байгаагаа энэ үеэр хэлж байв. Түүнчлэн сумод барилддаг монголчуудын бодож санаж явдаг зүйлийг мөн ярьсан юм. Энэ нь улсын баяр наадам давхацдаг Нагоя башёд унахгүй барилдахыг хүсдэг гэнэ. Харин энэ үед дархан аварга Ж.Мөнхбат ярианд оролцож "Манай хүүд 9-ийн тоо хатуу юм шиг байгаа юм" хэмээж байв. "19 түрүүлээд байсан юм. 20 болгох гээд болохгүй байна аа даа. Өөрөө 69 дэх аварга. Ес дээр заавал бүдэрдэг. Тийм зүйл ажиглагдаад байгаа юм" гэж Ж.Мөнхбат аварга тоглоом болгон ярьж суулаа.
Түүнчлэн өөрийнхөө бодож явдаг зүйлээ энэ үеэр мөн ил гаргаад авав. Энэ нь Монголдоо нэг томоохон гүүр барьж өгөх тухай асуудал. Хэдийгээр хаана, ямар гүүр барьж өгөх гэж байгаагаа дуулгаагүй ч ямартай ч эх орныхоо их бүтээн байгуулалтад гар бие оролцох бодолтой байгаагаа хэлэв.
Хакухо М.Даваажаргал эх орондоо арав хоноод буцах ажээ.