БИ ААВГҮЙ ӨССӨН ХҮН. АРСЭН ВЭНГЭР ААВ ШИГ МИНЬ Л САНАГДДАГАрсеналд орохдоо би уйлсанАлгаа хавсран залбирах түүний зүүн гар дээр S.B.R гэсэн үсгүүдийг 21.02 гэсэн тооны хамт шивсэн байна. Энэ бол түүнийг дөнгөж 3 настай байхад 1991 оны 2 дугаар сарын 21-нд өөд болсон эцэг Ригобертын дурсгалд хийлгэсэн шивээс юм.
Эцгийнх нь тухай ганц дурсамж болох зүйл энэ юм. Жоохон байсан болохоор эцгийнхээ тухай юу ч санадаггүй ба одоо хэр нь яаж өөд болсоныг нь мэдэхгүй яваа юм. Камеруны нийслэл Яоундын давчуу байшинд 17 эгч, 10 ахын хамт эцэггүй өсөх маш хэцүү байсан.
Гэхдээ гаднын улсын зочид буудалд дөнгөж 14 настай дээрээс нь атаархсан дасгалжуулагч нар хоол өгөхгүй өлсгөж байхад бүүр хэцүү байх нь ойлгомжтой.
Эмирэйтсийн баатрын маань дээш гарч ирсэн замнал үргэлж дардан байсангүй. Корсикийн Бастиа клубээс Буучдын эгнээнд шилжсэнийхээ дараа олон шөнө ганцаараа өрөөндөө уйлж байсныгаа хэлж байна. Гэвч Арсэн Вэнгэр түүнд хэзээ ч байгаагүй аав шиг нь хандаж тусалж байжээ.
Сонг:
"Би анх Арсеналд ирэхдээ хэнийг ч таньдаггүй, Англиар ярьж чаддаггүйгээс гадна хоолыг нь үзэн яддаг байсан.
Анхны хоёр жилдээ маш хэцүү байсан. Зочид буудлынхаа өрөөнд ганцаараа уйлаад л байж байдаг байлаа.
Бэлтгэлийн дараа Францад байгаа найзууд руугаа байнга ярьдаг байсан болохоор утасны тооцоо асар их гардаг байсан.
Би өөртөө тийм ч их итгэлтэй байдаггүй байсан ч Арсэн надад маш их тусалсанд би их талархаж явдаг юм. Тэр надад үргэлж итгэж, намайг тайвшруулж, сэтгэлийг минь засдаг байсан. Клуб надад Энфильдэд бөөн Франц сувгуудтай байр олж өгөхөд л би суурьшиж эхэлсэн."
Оюутан найз охин Оливиа нь Францаас ирж нийлэхэд мань хүнд бүүр ч сайхан болоод явчихаж. Найз охин нь Англиар ярьж чаддаг болохоор хамаг тооцоонуудыг нь орчуулж өгөхөөс гадна өөрийнх нь дуртай хоолуудыг хийж өгдөг байжээ. Тэр хоёр Англид гэрлэсэн бөгөөд одоо 3 настай Нолан болон 1 настай Кайлин хэмээх хөвгүүдтэй. Сонг гэр бүлээ маш эрхэмлэдэг бөгөөд хөвгүүдийнхээ нэр болон төрсөн он сар өдрийг хоёр гар дээрээ шивүүлжээ. Эхнэрийнх нь нэр баруун бугуйн дээр нь байдаг бол зарим нэг ах, эгч нарынх нь нэр баруун гар дээр нь байдаг. Өөрийнх нь хэлсэнээр: "Уг нь бүх ах, эгч нарынхаа нэрийг шивүүлмээр байсан ч гар маань дэндүү богинохон болоод"
Одоо 23 настай Сонг: "Ууган хүү маань төрөхөд амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Одоо би маш жаргалтай байна. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хөвгүүддээ хамгаа зориулахыг хүсч байна. Сургуульд байхад найзуудыг маань аавууд нь ирж авдаг байхад намайг хэн ч авдаггүй байсан. Энэ надад их нөлөөлдөг байсан. Аав маань яаж өнгөрснийг би одоо болтол мэддэггүй юм. Би их жоохон байсан болохоор надад их л хэцүү байдаг байлаа. Ээжээсээ одоо болтол асуугаагүй л явна. Намайг гуравтай байхад л өнгөрсөн гэдгийг мэднэ. Одоо би Эмирэйтсийн талбай дээр гарах бүрдээ эхнэр хүүхдээ хараад асар их баяслыг авдаг. Миний гэр бүл манай талбай дээрх тоглолт бүрийг ирж үздэг. Тэд миний урмыг сэргээдэг."
Ядууралд нэрвэгдсэн Африкт жаалхүүгийн ганц хүсэл нь хөлбөмбөг байжээ. Ээж Катерин нь хичээлдээ шамдахыг шаардаж хөлбөмбөг тоглохыг нь хориглодог байсан байна. Гэвч Сонгийн хэлснээр: "Хичээлд би ёстой дургүй байсан. Ганц хүсдэг юм маань хөлбөмбөг тоглох л байлаа."
Өөр өөр ээжээс төрсөн 27 ах, эгч нартайгаа амьдардаг байсан Камерун дахь амьдралаа нэг их сайн санаад байдаггүй гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Түүнийг 8 настай байхад ээж, нагац эгч хоёр нь хоёр ахтай нь хамт Парис хот руу шинэ амьдрал зохиохоор явжээ.
Хувь тавилан Ээж нь цэвэрлэгчээр ажиллаж, бүгдээрээ Парисын ганц өрөө байранд амьдарч байгаад Сейн - Сан Дени рүү
арай томхон шиг байранд орсон нь залуу хүүгийн карьерыг эхлүүлсэн нүүдэл болсон юм. ДАШТ-ийг санаачилсан Жюль Римэгийн үүсгэн байгуулсан клубын Улаан Од хэмээх цэнгэлдэх яг л эгц өөдөөс нь хараад байж байдаг байлаа. Арсеналын өөр нэг тоглогч Абу Диабийн гараагаа эхэлсэн газар бас тэнд байдан байжээ.
"Цэнгэлдэхийн эсрэг талд амьдарч байгаагаа мэдсэний дараа хөлбөмбөг миний хувь тавилан байж болох юм гэж би бодох болсон" гэж Сонг хэлж байна. Дасгалжуулагч нарын нэгээс тоглож болох эсэхийг асуухад ээжээр нь зарим нэг цаас бөглүүлэх шаардлагатай гэж. Улаан Одынхон ээжийг нь сайтар ятгасны эцэст энэ ажлыг гүйцээж дөнгөсөн байна.
13 настай залуу Сонг хүүхдүүдийн багт гэрийнхээ дэргэдэх захаас авсан хямдхан гутлаа өмсөөд тоглож эхэллээ. Тэндээ 7 сар тоглосны эцэст нэг тэмцээний дараа нэгэн эмэгтэй түүн рүү утасдаж Майкл Эссиэний хуучин клуб болох Корсикийн Бастиа багт тоглох санал тавьжээ.
"Ээж намайг явуулахгүй санаатай байлаа. Миний эхний гурван сар маш хүнд байсан. Дөнгөж 14 настай би зочид буудалд ганцаараа амьдарч байхдаа гэрээ маш их санаад Энд байж чадахгүй нь гэж бодож байлаа. Гэвч менежер Франсуа Чикколини намайг гэртээ аваачиж хоол өгөөд шинэ хувцас авч өгч байсан юм.
Нэг өдөр академийн дасгалжуулагч нар цуглаж уулзаад бидний хэн нь үндсэн багт гарч тоглох хэмжээнд байгааг ярилцсан. Франсуа намайг заагаад "Ганцхан энэ л байна" гэж хэлж билээ. Тэрнээс хойш бусад дасгалжуулагч нар "Түүнд хоол өгч болохгүй" гэж хэлдэг болсон. Намайг өлсгөснөөрөө өөрсдийн тоглогчдыг сайн харагдуулах гэсэн байх л даа."
Чикколини үндсэн багийн менежер болж дэвшихэд Сонг дөнгөж 16 настай байхдаа дебют тоглолтоо хийжээ. Анхныхаа цалинг авч байх үеэ эргэн дурсаж байна: "3000 евро байсан юм. Би тийм их мөнгө ерөөсөө харж байгаагүй. Шууд дэлгүүр хэсч тэмдэглэсэн дээ. Зах хэсч солилцоо хийдэг байсан би шууд л загварын дэлгүүрүүдээр хэсдэг болсон.
Хамаг мөнгөө дор нь үрж орхисон. Яагаад гэвэл энэ бол хөлбөмбөгөөс мөнгө олж байсан анхны минь тохиолдол байсан учраас. Би угаасаа хөлбөмбөгөөс амьдралын баталгаа олж авах тухай бодож байгаагүй, би зүгээр л тоглохыг хүсч байсан."
Тэгтэл 17 настай байхад нь Бастиагийн нэг дасгалжуулагч утасдаж Арсенал руу шилжиж өөрийн баатар Тиерри Анри болон "Дийлдэшгүй" багийн бусад гишүүдтэй мөрөөдлийн уулзалт хийх боломжийг дуулгажээ.
"Тэр надад Арсэн Вэнгэр чамайг Арсеналд ирээсэй гэж хүсч байна гэж хэлсэн. Гэхдээ би түүнд итгээгүй л дээ. Миний хувьд Арсенал бол МӨРӨӨДЛИЙН баг байсан. Барселона биш, Реал Мадрид биш, Манчестер Юнайтед биш. Тиерри Анри, Деннис Бергкамп, Роберт Пирес, Фредди Люнберг, Патрик Виэра нартай тоглох. Би тэгэхдээ тэр дуудлагыг тоглоом байна гэж бодсон.
Лондонгийн Колней дэх бэлтгэлийн бааз дээр ирж Арсеналын бэлтгэлийг харж байж л үнэмшсэн шүү. Арсэн Вэнгэртэй уулзахад намайг Бастиад тоглож байхыг харсан болохоор Арсеналд тоглоосой гэж хүсч байна гэж хэлсэн.
Тэгтэл Тиерри Анри намайг тэврээд "Арсеналд тавтай морил" гэж францаар хэлсэн. Би ёстой өөртөө ч итгээгүй. Би дөнгөж 17 настай байлаа шүү дээ. Дараа нь Деннис надтай ярих гэж оролдсон. Би даан ч Англи хэл мэддэггүй байсан. Би ёстой сүрдсэн байсан. Австри руу улирлын өмнөх бэлтгэлд явж байхдаа "Арсеналынхан намайг одоо явуулсан ч гэсэн би жаргалтай харих болно" гэж бодож байснаа санадаг юм. Анхны өдрөө зочид буудлаас найзууд руугаа залгахад тэд бүгдээрээ Тиерри Анрийн жерси авчраарай гэж захиж байж билээ. Австриас буцсаны дараа гурван долоо хоногийн турш би юу ч сонсоогүй болохоор нэг юмыг нь буруутуулчихлаа даа гэж бодож байсан.
Тэгтэл Арсэн гэнэт залгаад Арсеналд хүрээд ир гэж хэлсэн."
Сонг ямар нэг цом өргөж Вэнгэрийн ачийг хариулахыг маш их хүсдэг.
"Арсэн бол дэлхийн хамгийн шилдэг менежер. Би түүнийг аав шигээ санадаг, миний шинэ аав. Тэр бусдаас илүү шинэ тоглогчдод итгэл үзүүлж чаддаг. Биднийг улам сайжруулахын тулд тэр өдөр бүр маш шаргуу ажилладаг учраас бид түүний төлөө ялахыг хүсдэг. Цом авах нь чухал гэдэг нь мэдээжийн хэрэг гэвч бид залуу баг хэвээрээ байгааг санах хэрэгтэй. Фэнүүд цом авахыг маш их хүсч байгааг бид мэднэ. Бид ч ялалтад ойрхон байна.
Фэнүүддээ хэлэх үг маань: "Бидэнд итгэ. Энэ баг маань улам сайжирна."
Би яг зөв клубтээ байна. Барсаг мартаж үз. Арсенал бол хамгийн шилдэг клуб. Арсенал надад миний бүх юмыг өгсөн. Би энд байх дуртай. Явахаар бол би лав уйлах байх. Энэ багтайгаа лигтээ түрүүлэхийг би мөрөөдсөөр байгаа."
Арсенал лигтээ түрүүлэх юм бол Премьер Лигийн Цомыг шивүүлэх зай Сонгийн зүүн гар дээр бэлэн байгаа.
Эх сурвалж
http://www.newsoftheworld.co.uk/sport/football/785475/I-GREW-UP-WITHOUT-A-FATHER-ARSENE-HAS-BEEN-MY-DAD.htmlБантагнасан Цогоо