За хэсгээ хамгийн сүүлд нээж байгаадаа хүлцэл өчье. Өмнөх дэлхийн аварга шигээ бичиж чадсангүй ээ. Янз бүрийн л шалтаг шалтгаан байлаа. Гэхдээ жаахан юм хийснээ дэлгэе дээ.
ХолландХамгийн том амжилт. Дэлхийн аваргад нийт 9 удаа оролцсоноос далаад онд 2 дараалан финалд үлдэж байлаа.
Дэлхийн чансаа. 4
Багийн од. Довтолгооны хэсэг нь тэр чигээрээ одод гэхэд болно. Шилэн хүн Мюнхенд ирээд гэмтэл гээчийг мэдэхгүй тоглосоор, уруудаж явсан багийг чирсээр улирлыг дуусгасан. Ван Перси гэмтээгүй байсан бол Арсенал тайтл өргөөд зогсож байсан байж мэднэ. Ван дер Ваарт, хөдөлмөрч шар 2 багийнхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээ гаргасан. Гэхдээ энэ удаад Шнайдерыг онцлоё доо. Реалаас явахгүй гэж сүүлийн өдрөө хүртэл мэдэгдэж байсан ч хүчээр шахуу Интерт ирсэн. Гэвч тэр шинэ багтаа дорхноо дасан зохицож, багт хамгийн ихээр дутагддаг байсан найруулагч болон стандартын мэргэжилтний үүргийг гайхамшигтай гүйцэтгэсэн билээ. Ямар ч нөхцөл байдлаас см-ын зөрүүгүй үхлийн пасс хаяж чаддаг нь түүний гол зэвсэг. Түүнээс гадна тоглолтын явцад их буу мэт хүчтэй буудаж чаддаг нь ямар ч хаалгачийг бажгадуулдаг. Зиданаас хойшхи 10 номертонгууд дунд тэр одоо толгой цохиж буй. Тоглолтыг уншихдаа гарамгай. Ямар сайндаа хэдий Милито 2 гоол хийж Интер аваргалсан ч олон олон хөлбөмбөгийн сайтууд түүнийг МОМ-оор нэрлэсэн байх вэ дээ. Энэ формоороо тэр дэлхийн аварга ч авч чадна.
Одоогийн байдал. Дээрх сүүлийн өгүүлбэрийн үргэлжлэл болгоод бичье. Холландын хэр тоглох нь Шнайдерын зүүний учгийг хэр татахаас ихээхэн шалтгаална. Хамгаалалт муутай баг хол явдаггүй гэж үү? Гол хамгаалагчаа тавиад туучихсан бараг л хамгаалагчгүй гэж хэлж болох Байерн Аваргуудын лигийн финалд үлдчихсэн шүү дээ. Хамгаалалтаас илүү хаалгач л хамгийн том толгойны өвчин болж байгаа. Штам, Франк де Бур, ван Бронкхорст 3 байхад ар тал бат байдаг байсан. Яагаад гэхээр энэ 3 алдаа гаргасан ч ард нь ван дер Сар зогсож байдаг байлаа. 14 жилийн дараа түүнгүйгээр гэнэтхэн том тэмцээний босгон дээр зогсох болоход амаргүй санагдаж байна, фэн бидэнд. Одоо тэгээд хаалган дээр хэн зогсох вэ? Орон гаран тоглолттой Аяксын Штэкэленбург уу? Тийм ээ. Үнэндээ өөр ямар ч сонголт бидэнд алга даа. Довтолгоо нь хамгаалалт болоод дуусаг дээ.
Довтолгоо гэснээс ван Нистелрой ингэхэд хаачаа вэ? Шигшээгийн босс хэлэхдээ түүнд гэмтлээ бүрэн илааршуулж, хуучин формдоо ороход цаг хугацаа хүрэлцсэнгүй гэсэн. Гэхдээ босс энэ удаад зөв шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна.
ДаниХамгийн том амжилт. 4 удаа орохдоо 1998 онд Францад шөвгийн 8-д үлдэж байлаа.
Дэлхийн чансаа. 35
Багийн од. Арсеналын бүтэлгүй шараас өөр илүү гаргаж нэрлэх хүн алга даа. Тэр шигшээгийнхээ хувцсыг өмсөхөөрөө төрөл арилжсан мэт болчихдог. Гэхдээ өнгөрөгч улиралд клубтээ ч гэсэн муугүй зохицож байгаагаа харуулаад байсан шүү. Ганц жишээ авахад л Аваргуудын лигт Портогийн эсрэг хэт трик хийсэн явдлыг хэлж болно. 2009 оны 9 сард тэр хөлбөмбөгөөс тэр бүү хэл энэ ертөнцөөс бүрмөсөн холдож болох байв. Бэлтгэл рүүгээ явж байхдаа машиныхаа удирдлагыг алдсанаар гудамж даван торон хашаа эвдээд мод мөргөж зогссон гэдэг. Хажууд нь хүн байсан бол үг дуугүй байсан гэх. Гэвч түүнийг дуртай Астон Мартин машин нь аварсан юм.
Шигшээдээ 32 тоглоод 11 гоол хийгээд байгаа түүнийг дасгалжуулагч Олсен ихэд үнэлдэг. Тэр ердөө 22 настай, түүнд сурах юм их бий, гэхдээ л тэр одоо манай багийн салшгүй нэг хэсэг гэж хэлсэн байлаа. Бэндтнер өндөр том биеэ ашиглан толгойгоороо сайн тоглодог. Бусад нуруулаг скандинавчуудынхаа хамтаар стандартаас аюул их тарих магадлалтай.
Никласын дараа нэрлэгдэх тоглогчид бол Ливерпүүлийн Аггер мөн экс Шальке Поулсен, Файеноордын хөгширсөн Томассон нар юм.
Одоогийн байдал. Үндсэн хаалгач Томас Сөрэнсен Английн лигийн цомд Стоук Челси 2 тоглоход тохойдуулсны улмаас тоглохгүй болсон. Холландтай адил 2-р хаалгач нь тоглох болсон ч улбар шаруудыг бодвол сонголт ихтэй. Урьдчилсан шатанд Португал, Швед, Унгар гэсэн хүчирхэг хэсэгт орсон ч хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Энэ формоороо байж чадвал хэсгээсээ нэгээр гарч чадахыг ч үгүйсгэхгүй.
ЯпонХамгийн том амжилт. Данитай адил 4 удаа орж байгаа. 2002 онд нутагтаа болсон дэлхийн аваргад хэсгээсээ гарч чадсан нь хамгийн том амжилт.
Дэлхийн чансаа. 45
Багийн од. Маргаан байхгүй олон жил Европт тоглосон Накамура. Гэхдээ энэ удаад өөр нэгэн нэр түүний нэрнээс дутахгүй дуулдаад байгаа. Бүгд Накамураг мэдэх тул нөгөө нэрийг нь сонирхох уу даа. Энэ бол Хонда. Хонда гэхээр бүгд л хүчирхэг мотортой машин гэж боддог. Энэ залуу ч нэрэндээ таарсан мэт эцэж цуцахыг үл мэдэн гоол оруулахын төлөө зүтгэдэг довтлогч билээ.
2 жилийн өмнө нутгаасаа гарч Холландын Фэнлог дээд лигт үлдээхийн төлөө ирсэн ч чадаагүй. Гэвч тэр шантралгүй тэмцсээр буцаагаад багаа дээшлүүлж чадсанаар барахгүй өөрөө 16 гоол 14 пассаар 1-р дивизийн шилдэг тоглогч болсон билээ.
Тэр зүүн хөлтэй, гоолдох чадвар сайтайгаараа ван дер Ваарттай зүйрлэгддэг ч 1,81 см хэрнээ толгойгоороо маш сайн тоглодог. Стандартаас тэр зүүн хөлөөрөө ямар ч аюултай нөхцлийг бий болгож чаддаг билээ. Түүний араас Арсенал, Ливерпүүл зэрэг том багууд чих тавьж байсан ч ЦСКА өнгөрсөн өвөл 6 саяар өөрийн болгож чадсан юм. Аваргуудын лигт Сэвильятай таарахад тэр шинэ багтаа дэбютээ хийв. Хариу тоглолтод москвачууд ямар тоглогчийг авснаа илүү сайн мэдсэн болов уу. Эхний гоолыг бэлдэж өгснөөс гадна дараагийн гоолыг дархан зүүн хөлөөрөө стандартаас хийснээр ЦСКА анх удаа шөвгийн 8-д үлдсэн билээ. Аваргуудын лигийн плэй оффт гоолдсон анхны япон тоглогч болсон нь энэ ээ.
Түүнийг Наката Накамура нарын дараах хурц од болно гэдэгт одоо бүгд эргэлзэхээ болсон. Хоч нь ч гэсэн үүнийг батлах мэт. Фэнлод очоод тэр Кайзер буюу эзэн хаан хэмээх хочтой болсон юм. Одоо байгаа Орос орон нь жинхэнэ Царь-уудын өлгий нутаг билээ.
Одоогийн байдал. Япон бол яг л жинхэнэ ази баг. Сахилга батыг дээд зэргээр чанга сахидаг, ядрахыг мэдэхгүй гүйж чаддаг, тоглогч тус бүр нь эрэмгий гэх мэт. Сул тал нь ч гэсэн бас бусадтайгаа адил. Толгойгоор тааруу, хаалганы урд алуурчны төрх дутагддаг, хамгаалагчид нь гэмтэмхий. Ингээд бодохоор Бэндтнер Это мэтийн том биетэй довтлогчид тэдэнд хүндрэл их авчрах мэт.
КамерунХамгийн том амжилт. 6 дахиа оролцож байгаа. 1990 оны Италийн дэлхийн аваргыг хөлбөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй биз ээ. Роже Миллагийн булангийн тугны дэргэдэх сэтгэл хөдөлгөм гайхамшигт бүжиг үеийн үед дэлхийн аваргын нэгэн сүлд чимэг болсоор л байна. Шөвгийн 8-д тэд Англид цаг сунгаад харамсалтайгаар хожигдсон юм.
Дэлхийн чансаа. 19
Багийн од. Самуэль Этог хэлэхгүй бол алдас болно. 2 өөг багтай дараалан Аваргуудын лигт түрүүлсэн тоглогчийг мэдэхгүй юм байна. Ер нь түүний талаар олныг нуршаад илүүц биз ээ. Мөн Сонгийг бас хэлж болно.
Одоогийн байдал. Шалькегийн 18 наст Матип, Нюрнбергийн 21 наст Чупо-Мотин, Кайзерслаутерны 21 наст Мандек нарыг дуудсанаас харахад туршлага их л нимгэн баг босч байгаа. Гэхдээ л өлсгөлөн арслангуудыг хэзээ ч басч болдоггүй. Это ямар ч үед яаж ийгээд гоол хийж чаддаг довтлогч. Их л гоё хэсэг байгаа даа.