Финал эхлэх дөхөөд сэтгэл догдлоод хэцүү байна шүү хэхэ, зүгээр сууснаас гээд нэг нийтлэл оруулъя.
Мадрид хүрэх зам Байернийн финал хүрэх зам дардан байгаагүй ээ, хэсгийн эхний тоглолтуудад гамшиг гэмээр тоглолтуудыг үзүүлж бүх зүйл буруугаар эргэж болохоор байв. Сүүлд хоёр жилийн өмнө лигийн аварга авснаас хойш тэд хар бараан нэг улирлыг өнгөрүүлж фенүүдийнхээ урмыг хугалж байсан. Энэ улирлын эхлэл өмнөхөөсөө төдий л дээрдхээргүй бүр муу гэмээр байсан нь фенүүд бидэнд “арай өмнөх улирал давтагдах гэж үү?” гэсэн бодол төрүүлж байсныг нуух юун.
Аваргуудын лигийн А хэсэгт хувиарлагдсан Байерн эхний тоглолтоо Израйлийн Маккаби Хайфа багийн талбай дээр хийж Томас Мюллэрийн хоёр, ван Буйтэнийн нэг гоолоор 3:0 харьцаатай хожив. Үүний дараа талбай дээрээ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан Ювэнтусыг хүлээн авч тоглосон боловч хуурай тэнцээ хийлээ. Тоглолтын дараа Ван Гаал “Бид маш их боломж гаргасан ч нэгийг нь ч ашиглаж чадаагүй нь шившигтэй хэрэг” гэж байсан юм.
Бордогийн эсрэг давхар ялагдалХоёр 7 хоног завсарласан хэсгийн тоглолтын дараагийн учраа Францын аваргууд. Энэ удаад Байернийн боломжийн эхэлсэн амжилт дараалласан хоёр ялагдлаар солигдов. Францад болсон эхний тоглолт дээр 1:1 харьцаатай тэнцэж байх үед Мюллэр 30 дахь минутад хоёр дахь шар картаа аван талбайгаас хөөгдөж багаа хүнд байдалд орхисон бөгөөд, тоглолтын төгсгөлд Ван Буйтэн мөн улаан карт аван 9-үүлээ тоглолтыг дуусгасан билээ. Энэ тоглолт 2:1 харьцаатай Бордогийн ялалтаар дууссан юм. “Энэ бол шилдэг багийн үзүүлэх тоглолт биш” гэж тоглолтын төгсгөлд Байерний ахлагч Ван Боммэл хэлж байв.
Үүнээс ч муу зүйл дараа нь тохиолдов. Торгуулийн улмаас Бордогийн эсрэг хариу тоглолтыг өнжих болсон Ван Буйтэн, Мюллэргүйгээр тоглосон тоглолтод Байерн талбай дээрээ 0:2 харьцаатай хожигдов. Энэ хоёр дараалласан хүнд цохилтын дараа Байерн хэсэгтээ 4 оноотой хэвээрээ үлдсэн бол Бордо 10, Ювэнтус 8 оноотой болсон байв. Үлдсэн бүх тоглолтдоо ялаад ч хангалтгүй бусдын тоглолтоос хамааралтай ер нь байдал бишдсэн байлаа. Ван Гаал хэдийгээр “Бүх зүйл дуусаагүй, бидэнд боломж байсаар байна” гэж байсан ч бодит байдал дээр бүх зүйл Бордогийн тоглолтоос хамаарах болсон үе.
Туринд болсон эргэлтДараагийн тойрогт гол найдвар болсон Бордо өөрийн талбай дээр Ювэнтусыг хожиж Байернд боломж гаргав. Харин Байерн өөрсдийн хийх ёстой даалгавраа арай чадан гүйцэтгэлээ. Талбай дээрээ Израйлийн багийг Оличийн цорын ганц гоолын ачаар хожлоо. Тоглолтын дараа “Манай баг өөрсдийн нөөц бололцоог дайчилж чадахгүй байгааг бүгд харлаа” гэж Байернийн ерөнхийлөгч хэлсэн юм. Ингээд дараагийн шатанд гарахийн тулд Ювэнтусын талбай дээр “финал”-ийн тоглолт хийх боллоо.
Ингээд 12 сард Алпийн нуруу руу аялаж байхдаа тамирчид өөрсдөд нь зөвхөн ялалт хэрэгтэй байгааг мэдэж байсан юм. Тоглолт эхлээд 19 дахь минутад Давид Трэзэгэ эхний гоолыг оруулан талбайн эзэд тэргүүлж эхэлснээр бүх зүйл дууссан мэт боллоо. Гэвч Байернийн тоглолт сэргэж эхэлсэн юм, энд хэрэглэсэн “сэргэлт” гэдэг үгийг Байернийн үлдсэн улиралд хамааруулж болно. 30 дахь минутад Оличийн авчирсан торгуулийн цохилтыг Бутт оруулж тоглолтыг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөсөн юм.
Үлдсэн хагас эхэлснээр л Байерн санаачлагыг гартаа авч Олич, Гомэз, Тимошук нарын гоолоор итгэмээргүй үр дүнг үзүүлэн 1:4 харьцаатай талбай дээр нь Ювэнтусыг бут ниргэв. Ийнхүү Байерн дараагийн шатанд шалгарлаа. Энэ тоглолтын талаар клубын босс Карл-Хайнц Руммэниггэ “ид шидийн гэмээр үдэш байлаа” гэсэн юм.
Аз бидний талдХасагдах шат эхэлснээр Байерн өмнөх шигээ тааруухан тоглолт үзүүлж эхэллээ, гэхдээ гол нь үр дүн тэдний талд дуусч байсан юм. Эхний шатанд алдарт Ливэрпүүлийг мулталсан Фиорэнтинотай эхний тоглолтыг гэртээ хийлээ. Роббэн 45 дахь минутанд торгуулийн цохилт хийсэн боловч тавхан минутын дараа Пэр Кролдруп гоолдон түүний хөдөлмөрийг үгүй хийлээ. Байерн бүх хүчээрээ довтолж байсан боловч амжилтгүй болсоор... цаг дуусах мөч ч дөхлөө. Яг энэ мөчид буюу цаг дуусахаас ердөө нэг минутын өмнө Оличийн гаргасан дамжуулалтыг Клозэ гоол болгосноор чухал ялалтаа авлаа. Хэдий сүүлийн гоол отон байсан боловч шүүгч анзааралгүй тооцсон юм.
Гурван долоо хоногийн дараа Италийн Флорэнц хотноо болсон тоглолтын гоолын салхийг Хуан Варгас 28 минутанд хагалан эхний үеийг дуусгалаа. Энэ үр дүн л Фиорэнтиног дараагийн шатанд хангалттай аваачих байсан юм. Хоёрдугаар үе эхлээд дахиад л талбайн эзэд гоолдсноор Байерн маш хүнд байдал орлоо. Энэ гоолоос 6 минутын дараа Ван Буйтэн гоолдсноор тооны харьцааг ойртуулсан боловч 64 дахь минутанд Жоватевич хоёр дахь гоолоо орууллаа. Виолагийн фенүүд ухаангүй баярлалдацгааж байв. Гэвч үүнээс минут хүрэхгүйн дараа Роббэнын оруулсан гоол тэднийг нэг мөсөн чимээгүй болгосон юм. Түүний 30-аад метрийн зайнаас хүчтэй цохисон гоол багаа дараагийн шатанд аваачсан билээ.
Барсэлонагийн өшөө авалтДараагийн шатанд тэд Европийн тавцан дахь заналт өрсөлдөгч Манчэстэр Юнайтэдтай таарав. Байернийн талбай дээр болсон эхний тоглолтын эхэнд оруулсан Рүүнийгийн гоол МанЮ-д 63 минут оноогоор давамгайлах боломж өгсөн юм. Гэвч өөрсдийн фенүүдийнхээ дэмжлэг доор Байерн тоглолтын хоёр дугаар үеэс сэргэн улмаар 77 дахь минутанд Рибэригийн цохисон чөлөөт цохилт гоол болон тооны харьцааг тэнцүүлэв. Үүний дараагаар 1999 оны Барсэлонагийн финалын үйл явц давтагдав, гэхдээ энэ удаа Байерн ялалтын эзэн болсон юм. Тоглолт дуусч байх мөчид Гомэзийн эхлүүлсэн довтолгоог Олич төгс гүйцэтгэн талбай дээрээ амин чухал ялалт авлаа. Амин чухал гэсний учир нь МанЮ-г талбай дээр нь хожино гэдэг ямар ч багийн хувьд дэндүү хэцүү даалгавар болох байв.
Рүүний эхний тоглолт дээр бэртэн долоо хоногийн дараа болох хариу тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байсан ч гарааны бүрэлдэхүүнд орж гэнэтийн бэлэг барив. МанЮ талбай дээрээ эхнээсээ санаачлагыг гартаа аван гурав дахь минутанд Гибсон, 7, 41 дахь минутуудад Нани хоёр гоол оруулав. Олд Траффорд даяар МанЮ-ийн фенүүд баяраа тэмдэглэж эхэлжээ.
Гэвч эхний үе дуусахийн өмнөхөн Олич өөрийн гайхамшигт ур чадварыг үзүүлэн Ван дэр Саарын хаалганд хоёр дахь гоолоо хийлээ. Ийнхүү эхний үе дууссан бөгөөд дараагийн үеийн 50 дахь минутад эзэн багийн хамгаалагч Рафаэл улаан карт аван талбайгаас хөөгдсөн нь тоглолтод багагүй нөлөөлөв. Үүний дараахан Рибэригийн булангаас хаясан бөмбөг Роббэн дээр ирэхэд агаар дээр маш хүчтэй гуядахад Ван дэр Саар хааж чадалгүй гоол болов. Энэ бол хожлын гоол байв яг л Фиорэнтиногийн талбай дээр оруулсан гоол шиг нь!
Лионыг илүүрхэвӨмнөх хоёр шатанд авэй гоолоор шалгарсан Байерн хагас шигшээд Реал Мадридыг дуулайнтанхан мулталсан Лионтай таарч, төвөггүйхэн буулган авсан юм. Эхний тоглолтод Рибэри 37 дахь минутад улаан карт аван талбайгаас хөөгдөн тоглолтыг барцадтайхан эхэлсэн боловч 69 дахь минутанд Роббэнын алсын цохилт тоглолтын цорын ганц гоол болж талбай дээрээ хожив.
Хариу тоглолт долоо хоногийн дараа болж, Рибэри байхгүй ч гэсэн айлын талбай дээр гайхалтай тоглов. Энэ өдөр Оличийн өдөр байжээ. Тэрээр 26,67,78 дахь минутуудад гоолдон тоглолтын баатар болсон юм. Ийнхүү Байерн бүтэн есөн жилийн дараа аз хийморь, авъяас чадвар аль алинынх нь хүчээр Аваргуудын лигийн финалд үлдэж байна.