Кот’д Ивиор буюу ‘Заанууд”ДАШТ-ий түүх :2006 оны ДАШТ-аас өмнө дэлхийн хөлбөмбөгт Кот’д Ивиор гэсэн нэр танил бус байсан нь нууц биш. Анхны олон улсын тоглолтоо Бениний шигшээ багтай 1960 онд хийж 3 : 2-оор ялж байсан үеэс хойш олонхи Африкийн багуудын адил Дэлхийн аварга гэдэг тэдний хувьд зөвхөн мөрөөдөл байсаар ирсэн. Тэгвэл 2006 оны ДАШТ энэ бүхнийг орвонгоор нь өөрчилж хөлбөмбөгийн ертөнцөд Африк тивийнхэн цахиур хагалах цаг ирсэн гэдийг харуулсан юм. Хэдийгээр өмнө нь Африкийн цомын тэмцээнд нэг удаа түрүүлж (1992), нэг удаа хүрэл медаль зүүж байсан ч (1986) энэ нь дэлхийн аваргатай харьцуулвал өчүүхэн амжилт. Тэгээд ч тэр үеийн Африкийн цом өнөө үеийнхээс хавьгүй чансаа муутай тэмцээн болдог байсан юм.
Кот’д Ивиорын шигшээ багийг 2006 оны ДАШТ-д оролцуулсан дасгалжуулагч бол цагтаа Мишель Платинитэй хамт мөр зэрэгцэн тоглож явсан Анри Мишель хэмээх мэргэжилтэн юм. Түүний бүрдүүлсэн багт Дидье Дрогба, Эбиэ, Коло Туре гэсэн премьер лит тоглодог шилдэг тоглогчид байсан нь багийн амжилтанд гол нөлөө үзүүлсэн. Ялангуяа Дрогбаг онцлон дурьдахгүй байх аргагүй. Олимпик Марселиас 24 сая фунтээр Челсид худалдагдаад байсан Дрогба урьдчилсан шатны бараг тоглолт болгонд гоол оруулсаар багтаа Герман луу зорчих тийзийг захиалж өгсөн юм. Мөн түүнтэй хамт довтолгоонд Аруне Диндан маш гайхалтай хослож цөөнгүй гоолыг нэмэрлэсэн.
Тухайн үеийн Кот’д Ивиорын шигшээн тоглогчдын бараг 80 хувь нь Францын лигт тоглодог тоглогч нар байсан бол одоо Ла лиг, Сери А, Премьер лиг гээд дэлхийн шилдэг бүх лигүүдэд энэ улсын хөлбөмбөгчид тоглож байгаа нь энэ улсын хөлбөмбөгийн хөгжлийн хурдыг харуулж байгаа байх. Тамирчид ч 2006 оны ДАШТ-д оролцохдоо хөлбөмбөгийн скаутуудын хараанд өртөж том багт очих бодолтой байсан нь дамжиггүй.
Тэд хэсэгтээ Аргентин, Недерланд, Серби Монтенегро гэсэн багуудтай хамт багтаж ”үхлийн” хэсгийг үүсгэж байв. Хамгаалалтаараа алдартай Сербийн шигшээ дээр нэмэгдээд Марадонагийн Аргентин, Голланд, дээр нь Африкийн битүү морь Кот’д Ивиор гэсэн багууд багтсан болохоор үхлийн гэхээс ч өөр яахав.
Хэсгийн хоёр ”аварга загас” Аргентин, Недерландын өмнө аргагүй хүчин мөхөсдөж ялагдсан ч гэсэн Кот’д Ивиорчууд сүүлийн тоглолтдоо Сербийг 3 : 2-оор ялж дэлхийн аваргын анхны ялалтаа байгуулж чадсан юм. Тэрхүү тоглолтонд өдгөө Челсид зүтгэж байгаа Соломон Калу торгуулийн цохилтоос хожлын бөмбөгийг оруулж байх юм. Одоогийн байдлаар ДАШТ-ий түүхэнд тэднээс тэмцээний турш өөр тоглолт болгондоо гоол оруулсан баг байхгүй байгаа.
Дөрвөн жилийн өмнөх энэ тэмцээнээс хойш Кот’д Ивиорын шигшээ багт олон өөрчлөлт явагдсан ч багийн хүч хүчирхэгжсэн үү гэхээс суларсан зүйлгүй. Английн шигшээн менежер байсан Свен Горан Эрикксоноор удирдуулсан тэд энэ жилийн дэлхийн аваргад оролцох эрхээ нэг ч ялагдалгүй авч чадсан байгаа. Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэд хэсэгтээ Ботсвани, Мозамбек, Мадагаскар гэсэн сул багууд багтсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Харин хоёрдугаар даваанд Буркино Фасо, Малави, Гвинеи гэсэн багуудтай багтаж бас л ялагдал хүлээлгүй хэсгээ тэргүүлсэн юм. Дрогба 6 гоолтойгоор урьдчилсан шатны мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдсэн.
Харамсалтай нь энэ жилийн тэмцээнд бас л тэд ”үхлийн” гэх тодотголтой хэсэгт багтчихлаа. Нөхцөл байдал ерөнхийдөө дөрвөн жилийн өмнөхтэй адил бөгөөд хамгийн гол нь тэд өөрийнхөө тивд тоглож байгаа гэдэг л хамгийн том давуу тал нь. Хойд Солонгос, Португалыг аргалаад Бразилаас оноо салгачихвал Дрогба тэргүүтэй ”Заанууд”-ад хасагдах шатанд шалгарах боломж өндөр байна.
Давуу тал :”Заануудын” урд шугам ямар ч сайн хамгаалалттай багийг сандаргахаар хүчтэй. Карьерийн оргил улиралаа өнгөрүүлж байгаа Дрогба энэ формоороо ДАШТ-д оролцох юм бол ”будаа”’ болгох байх. Дээрээс нь Калу, Диндан, Коне, Жервиньо, Саного, Кадер Кэйтэ гээд Европын багуудын довтолгооны цөм болсон довтлогчид нэгэн зорилгын төлөө шигшээ багтаа цугларчээ. Тэд бол яах аргагүй тэмцээний шилдэг довтолгоонтой багуудын нэг. Мөн цаг агаар, уур амьсгал хэмээх хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй болсон.
Сул тал :Кот’д Ивиорын амжилтыг хойш нь чангааж мэдэх хамгийн санаа зовоож байгаа асуудал бол багийн дотоод уур амьсгал. Олон довтлогч нар хувь хувиа хичээж нэг нэгэндээ бөмбөг дамжуулах дургүй болсон нь урьдчилсан шатнаас харагдаж байсан. Сүүлд л гэхэд Соломон Калу өөрийг нь гараанд гаргахгүй байгаад дургүйцэж холбооны удирдлагуудтай түр тар хийгээд авсан.
ДАШТ эхлэхээс өмнө Зааны ясан эргийнхэн энэ зөрчлөө намжаагаад авбал өөр тэдэнд саад болох байх зүйл нэг их алга.
Дасгалжуулагч : Свен Горан Эрикссон (Швед)Өнгөрсөн оны 3 сард Кот’д Ивиорын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Ердөө гуравхан сар хүрэхгүй хугацааны дотор багийнхантайгаа хэл амаа ололцож, ДАШТ-д удирдаж оролцуулна гэдэг бас яггүй хүнд байна байх.
Гэхдээ өмнө нь Англи хэмээх агуу хөлбөмбөгийн эх орныг хоёр ч ДАШТ-д удирдан оролцуулж байсан гэдэг утгаараа юу хийхээ мэдэж байгаа байх. Свений мэргэжлийн дасгалжуулагчийн карьер 1977 онд эхэлсэн. Тэр цагаас хойш 30 хэдэн жил өнгөрсөн гэхээр тоглогчоор бол дадлага туршлага, ур чадвар нь ханасан ахмад тоглогч болж байгаа. Италин, Англи, Португал, Мексик, Швед гээд түүнд очиж ажиллаагүй газар ховор. Энэ хугацаандаа үзүүүлсэн амжилт нь ч гэсэн чамлахааргүй олон байгаа.
Тухайлбал Бенфикаг 3 удаа лигийн аварга болгож, Европын цомд аман хүзүүдүүлсэн, Лациог Сери А-д түрүүлүүлж, цомын тэмцээнд 2 удаа магнайлуулсан. Рома, Сампдориатай хамт италийн цомд түрүүлсэн гэх зэргээр үргэлжилнэ. 2006 оны ДАШТ-ий дараа нэг хэсэг амралтын байдалтай байж байгаад Манчестер ситид ирсэн ч ганц улирал ажиллаад халагдсан.
Гэхдээ 1969–70 ооны улиралаас хойш анх удаа МанЮ-г лигтээ 2 ялсан дасгалжуулагч гэсэн гуншинтай үлдсэн байгаа. Дараа нь Мексикийн шигшээ багийн жолоог атгаж ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцуулах даалгавар хүлээсэн хэдий ч байдлыг бүр ч доройтуулж Мексикийг тэмцээнээс хасах дөхсөн. Улмаар 2009 оны зунаас 2010 он хүртэл доод лигийн Нотс Каунти багт спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байгаад Кот’д Ивиорт иржээ.
Гол найдвар :Дрогбаг зөвхөн Кот’д Ивиорт бус Африк даяар хүндэлж биширдэг. 2004 онд Кот’д Ивиорт өрнөсөн иргэний дайны үеэр Дрогбаг энхийг сахиулагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь түүний нутагтаа ямар нэр хүндтэй харуулна.
Дээрээс нь энэ улиралд урьд өмнөхөөөсө илүү онгодтой, эрч хүчтэй байгаа. 2007 онд премер лигт 20 гоол оруулж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж байсан бол энэ улиралд альхэдийнэ 26-г оруулчихаад байна.
Мөн өнгөрсөн 3 сард Африкийн оны шилдэг тоглогчоор 2 дахь удаагаа тодорчихоод байна. Ийм нөхцөл байдалд фенүд нь түүнээс юу хүлээж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн гоол, ялалт.