by Forza Juve » Tue May 11, 2010 12:43 am
1966 оны хэрэг явдал давтагдав уу. Трапаттони болон Солонгосын хар дарсан зүүд
Зофф огцороод 7 хоногын дотор л шинэ дасгалжуулагч томилогдов. Италийн шигшээд одоогийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа дасгалжуулагчдаас хамгийн амжилттай, бас нөгөө талаар хамгаалалтын арга барилтай дасгалжуулагч ирэв. Жиованни Трапаттони буюу Иль Трап нь баахан аварга болон цомыг Ювентус болон Интэр байхдаа бөөндсөн алдартай, олны танил дасгалжуулагч маань шигшээг 2002 оны шигшээ тэмцээн руу удирдан оруулах болов. Хэдийгээр Трап алдартай байсан ч дасгалжуулагчийн хувьд сүүлийн жилүүдэд том багуудад ажиллаагүй, олигтой амжилт гаргаагүй, жаахан уруудах байдалтай байсан нь 1996 онд л хамгийн сүүлд Баваритай аварга авсан, ер нь дасгалжуулах арга барил нь хуучирсан гэж тооцогдож байлаа.
Урьдчилсан шатны тэмцээнд нэлээд зүдэрсэн Италичууд харахад хялбар хэсэгт шигшээ тэмцээнд таарсан байв. Тэд Экуадорын шигшээг нээлтийн тоглолт дээр будаа болгосон ч тэдний хэт сайн эхлэл нь сайны ёр биш байлаа. Хорватад хожигдож, Мексиктэй тэнцсэн ч шөвгийн 16-д шалгарч амжив. Тэдний хувьд энэ муу тоглолтуудын гол буруутан нь тэд өөрсдөө биш шүүгч нар байсан тул бас ч хөгжөөн дэмжигчдийн өмнө нүүр улайх хэрэггүй байв. Учир нь тэдний тоглосон энэхүү хэсгийн 3 тоглолтод тэдний 4 гоолыг оффсайд гэж, 1-ийг нь хаалгач дээр алдаа гаргасан гэж тооцоогүй байна. Энэ болгонд Трапаттонигийн ааш зан, бие авч байгаа байдал авах юмгүйгээр өөрчлөгдөж, бүхэл тоглолтуудын турш тааралдсан зүйлсээ цохиж, хэмхлэх, хашгирах, орилох зэргээр эвгүй авир гаргасаар байв.
Ингээд Италичууд Өмнөд Солонгостой хийх тоглолт буюу дараа нь тэдний багыг хожигдуулах гэж санаатай зохион байгуулсан гэж үзсэн тоглолттой учрав. Тоглолтын шүүгч нь Экуадороос ирсэн Байрон Морено гэсэн шүүгч байв. Дээр нь энэ тэмцээнээс эхлээд ФИФА-гаас улс, тив болгоноос шүүгч оруулах гэж ур чадварын хувьд огцом ялгаатай шүүгчдийг сонгож эхэлсэн. Тиймээс энэ тэмцээнд зарим тоглолтыг бүр мэргэжлийн гэхэд хэцүү гэж хэтрүүлмээр шүүгч шүүж байсан нь тэмцээний дараа олон тооны шүүгчийн чадвартай холбоотой асуудал дэгдэж, ФИФА энэ санаанаасаа дараа дараагийн тэмцээнд ухарч, болиход хүргэсэн байна.. Баг талбай дээр гарч ирэхэд тэднийг ‘1966 оныг давтая, Аззуригийн булшинд тавтай морил’ гэсэн аварга том баннер угтав. Өмнөдийнхэн 40 орчим жилийн өмнө Хойдууд Италичуудыг хэрхэснийг сануулахдаа бахархалтай байв. Морено үндэслэлтэй шалтгаанаар Өмнөдийнхөнийг 11-ын цохилтоор тоглолт эхлэхэд 3 минут өнгөрөхөд шагнасан ч Буффон хаачихав. 16 минутын дараа Виери мөргөж, тоглолтыг тэргүүлж эхлэв. Италичууд тэргүүлэлтээ хадгалсан ч тоглолтын хувь заяаг бүр мөсөн шийдэх 2 дахь гоолыг оруулах ёстой байв. Тэр хооронд Трапаттони сэлгээний сандалд бага багаар галзуурсан мэт аашилж, усны хуварцар савнуудыг өшиглөх, хуванцар хаалтуудыг цохих, 4 дэх шүүгч рүү хашгирах зэргээр өөрийгөө барьж чадахаа больсон байв. Цаг дуусахтай зэрэгцээд Өмнөдийнхөн тоог 87 дахь минутад тэнцүүлэв. Нэмэлт цагт тухайн үеийн алтан гоолын дүрэм, эсвэл пенальти Италичуудын зүрхэд цус хуруулж байсан бөгөөд Со нартай таарчихаараа жаахан сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг, сандардаг байдал нь байдлыг улам түвэгтэй болгож байв.. Ядарсан Виери гоолын алтан боломжийг хийсгэв.. Тэгэж байтал Морено Тоттиг дайвсан гэж талбайгаас хөөж орхисон бөгөөд шалтгаан нь бас ч аль талаас харахаас шалтгаалж, үндэслэлтэй байж болох байв. Гэвч тайлбарлагчид санал нийлэхгүй байв. Тэгэж байтал бас нэг алдаа болж, Италичуудын нэг гоолыг буруугаар оффсайд гэсэн үндэслэлээр тооцсонгүй. Хүн дутуу Италичуудын хаалганд нэмэлт цаг дуусахаас өмнө 3 минутын хугацаанд Өмнөдийн Анн Мальдинигийн дээгүүр нисэж орж ирээд алтан гоолыг оруулав. Италийн тоглогчид тоглолтын дараа бэлтгэлийн өрөөг уурандаа будаа болгосон ч тэд одоо нэгэнт өнгөрсөн, хасагдсан байна.
Италид энэ үед ТВ-ийн хөтөлбөрүүд урт бөгөөд ууртай тайлбаруудаар тасалдав. Перужиагийн ерөнхийлөгч Лучиано Гауччи тухайн үед багт нь тоглож байсан Анн дахин хэзээ ч түүний багт тоглохгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр амлалтандаа хүрсэн байна. Италичуудыг хасах, талбайн эздийг ахиулах гэсэн хуйвалдааны зүйлсийн талаарх мэдээлэл, таамаглал бүр газар авлаа. Ла Газзетта Делло Спортын редактор бүр Италичууд хөлбөмбөгийн ертөнцийн улс төрийн золиос боллоо, тэднээс болон ДАШТ-ээс ичиж байна гэсэн утгатай нийтлэл бичсэн байна. Бусад нь энэ бол спорт биш, тэд анхнаасаа л биднийг хасах гэж төлөвлөж ажилласан, яаж Экуадор дээр хожихыг зөвшөөрөв, цуврал хулгай гэсэн зүйлсийг ар араасаа бичиж байв. Гэхдээ зарим нь бусдаас буруугаа эрэх биш, дасгалжуулагчийн зарим нэг алдаатай шийдвэр буюу нөхцөлөө буруу дүгнэж, хамгаалсан хөлбөмбөгийг үзүүлж, довтлогч Дель Пьерог хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Гаттузогоор хожиж байх үедээ сольсоныг онцолж байв. Туттоспорт төрөлхийн, галзуу, эрүүл биш хамгаалах арга барил гэж Трапаттониг буруутгав..
Трапаттони Мореногийн хүчээр амь аврагдаж, цаашид нутгын багыг шүүгчид дэмжиж байна гэсэн таамаг Испаничууд Өмнөдийнхөнд хэд хэдэн аймаар алдаатай шүүгчийн шийдвэрүүдээс шалтгаалж шөвгийн 8-д хожигдож, хасагдсан нь батлах мэт болов. Тэмцээний дараа ч Италийн хэвлэлүүд Мореног зүгээр орхисонгүй, тэрнийг тэмцээний дараа шинэ Шевролет авсан гэх мэт зүйлс бичсээр байв. Тэрээр дараа нь Италид Stupido Hotel гэсэн нэвтрүүлэгт оролцож, нас ахьсан шоуны хүүхнүүдтэй хүртэл хамт бүжиглээд амжив. Мөн бүх төрлийн вебсайтууд Мореног доромжилсон зүйлсээр дүүрсэн байв.
Трапаттони цааш удсангүй. 2004 оны ЕАШТ-д Тотти Поульсенг эвгүйтүүлж, алдаа хийгээд 3 тоглолтоор торгуулж, эхний 2 тоглолтондоо тэнцсэн тэд Болгарыг хожсон боловч нөгөө талд Швед – Дани 2 нөхөрсөгөөр тэмцэж, огт хожигдоогүй Италичууд хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээс хасагдав. Ингээд л Трапийн цаг үе дууссан ба тэрээр шигшээ тэмцээнүүдэд аймшигтай муу үзүүлэлт буюу 7 тоглолтод 2 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдсоноор шигшээн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөв. Энэ дээр нь гоолын зөрүү байхгүй буюу 8 гоол оруулж, 8 алдсан байдалтай байсан нь байдлыг бүр ч дордуулсан зүйл байв. Италичууд 21-ээс доош насныхны төрөлд гайхамшигтай амжилт үзүүлж, тэр үед од болж байсан залуус томчуудын шигшээд ирсэн ч олигтой амжилт гаргаж чадахгүй бүтэлгүйтсээр л байв. Шигшээ баг нутагтаа буцаж ирэхэд, тэднийг хасах гэсэн төлөвлөгөө, тохирсон зүйлс их байсан гэх мэтийн гомдолууд, мөн Сери А-д гадны тоглогчдын тоог хязгаарлах гэсэн яриа гарав.
Марчелло Липпи 2004 онд шигшээн удирдлагыг авч, Сери А-гийн баялаг, авьяаслаг залуучуудаас хүчирхэг баг бүрдүүлэх ажилаа эхлэв. Зофф, Мальдини, Трапаттони гэсэн катанеччог эрхэмлэдэг дасгалжуулагчдаас Липпи арай орчин үеийн хөлбөмбөгт нийцсэн, цаг үетэйгээ нийлсэн дасгалжуулагч гэж тооцогдож байв. Италичууд хэдийгээр залуучуудын сайн хөтөлбөр, хүчтэй лигтэй мөртлөө 1982 оноос хойш амжилт олигтой гаргаж чадахгүй, нэг ёсондоо амжилтаар илт цангасан байдалтай байлаа. Томоохон тэмцээнүүдэд тэд нэг л болохгүй байв. 2004 оны байдлаар тэдний томоохон тэмцээнүүдэд сүүлчийн шатанд, цаг дуусах мөчид азгүйгээр хожигддог байдал, нийт тоо бараг л бүх түүхийн хамгийн азгүй ч гэж нэрлэгдэж болох Англичуудтай бараг зэрэгцээд, муу талаараа өрсөлдөөд эхэлсэн гэж хэлэхэд болох байв. 1982 оноос хойш 4 удаа хагас шигшээ болон шигшээ тоглотод шалгарсан боловч 4 удаа 11-ийн цохилтоор бүгдэд хожигдсон бөгөөд ганц ялсан нь тэднээс ч муу пенальти цохьдогоороо алдаршсан Голландын шигшээ багыг хожсон тохиолдол байв. Дээр нь 2 тоглолтод азгүйгээр алтан бөмбөгийн дүрмээр хожигдсон байв. Ер нь бол сүүлийн үед нөгөө алдартай эргэлзээний хүчин зүйлүүд буюу муу эхэлбэл сайн амжилт гаргах, сайн эхэлбэл муу амжилт үзүүлэх гэсэн зүйлс аажмаар алга болж, тэмцээнд хэцүү учраануудтай таарах болохоор улам л сулраад, нэг л биш болж эхэлсэн байна.