1990 Марадонагийн өшөө авалтИтали 90-ийн бэлтгэл ажил ДАШТ-ны бэлэг тэмдэг болох үндэсний далбаан өнгөтэй, бөмбөгний хэлбэртэй дүрсний нэрийг сонгохоос эхэлсэн. Чиао нь бимбо /хүүхэд/, dribbly /бөмбөг эзэмшигч, хуурагч / гэсэн нэрнүүдийг хялбархан ч юм уу, азаар ч юм уу ялж, сонгогдсон байна.
Тэмцээнд зориулж 2 шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьсаны эхнийх нь Баригийн футурист хэв маяг бүхий Рензо Пианогийн /Парисд Помпидугийн төвийн загварыг гаргаснаараа алдаршсан/ загвараар үзэсгэлэнтэй боловч 60000 хөгжөөн дэмжигчдийн суудалтайгаараа нутгын жижиг багт хэт томдсон цэнгэлдэх хүрээлэн баригдав. Бари нь хөлбөмбөгийн эрх мэдэл бүхий албан тушаалтан Антонио Матаррезегийн төрөлх хот, гол улс төрийн түшиц бааз байсан нь том цэнгэлдэх баригдахад нөлөөлсөн.
Нөгөө нь Туринд баригдсан төсөвөөсөө маш ихээр хэтэрсэн Делли Алпи цэнгэлдэх юм. Зардал хэтрэх гол шалтгаан нь Италийн хүчирхэг хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Примо Небиологийн тулгалт, хүчлэлтээр хийгдсэн цэнгэлдэхийн гол талбайг тойрсон хөнгөн атлетикийн зам нэмэгдсэнд байсан.
Үүний үр дүнд талбайгаас хэт хол үзэгчдийн суудал, хотын төвөөс алсад байрладаг, салхины нөмөр багатай гэх мэт шалтгааны улмаас хүн болгоны дургүй мөртлөө Италидаа хамгийн алдартай, их хөгжөөн дэмжигчидтэй Ювентус болон хөрш жижиг Торино багуудын төрөлх цэнгэлдэх хүрээлэн мэндэлэв. Үүнийг 2008 онд Итали 2016-д зориулж дахин шинэчлэхээр ажил эхэлсэн байна. Женоагийн цэнгэлдэх энэ тэмцээнд зориулж бараг л дахин баригдсан гэхэд болох бөгөөд хөлбөмбөг талаасаа үнэхээр сайхан цэнгэлдэх болж чадсан бол Миланы Сан Сиро нэг шинэ үеэлсэн суудал, цэнгэлдэхийн дээвэр шинээр хийгдсэн байна. Даанч эдгээрийг хийхэд аварга крануудыг Сан Сирод ашигласан тул цэнгэлдэхийг зүлгийг үндсэндаа алаад хаясан байна. Үүнээс хойш цэнгэлдэхийн зүлгийг байнга маш их хөрөнгөөр шинэчлэсээр ирсэн байна.
Италийн засгийн газраас 3500 тэрбум лир зарцуулсан бөгөөд тэмцээнийг зохион байгуулсанаар ашиг биш, алдагдал хүлээсэн байна. Үүний дараа 1992-1993 онуудад тэмцээний цэнгэлдэхүүдийг дахин сэргээх үйл ажиллагаатай холбоотой олон тооны хээл хахуулийн хэрэг болон 24 ажилтан ослоос болж амиа алдсан, 678 нь гэмтсэнтэй холбоотойгоор баахан баривчилгаа болж, ээлж дараалсан шүүх ажиллагаагаар тэмцээнтэй холбоотой асуудал дууссан байна. Ромд ДАШТ-д зориулж метро ашиглалтад орсон боловч тэмцээн дуусахад хаагдаж, түүнээс хойш өнөөг хүртэл ажиллаагүй байна.
Тэмцээний бүтээн байгуулалтай холбоотой авилга, хээл хахуулийн хэрэг нь дараа нь Tangentopoli гэж нэрлэгдсэн томоохон авилгын хэрэг илэрсэнийг дээр өгүүлсэн.
Италичууд энэ тэмцээнд чадварлаг, бариу шорттой өссөн залуучуудаас бүрдсэн, 21-ээс доош насны залуучуудын багын дасгалжуулагч байсан Азелио Вичинигээр удирдуулан оров. Одуудын багын урд өмнөх улиралд Сампдориг түүхэн дэх цорын ганц аваргын цолд хөтөлсөн Жианлука Виалли байсан бол талбайн төвд Хан хүү хэрээрээ алдаршсан Ромагийн найруулагч Жианкарло Жианнини, Донадони, Де Наполи, Анчелотти 3-ийн дэмжлэгээр бүх зүйлийг хянаж байв. Хамгаалалт үндсэндээ Барези, Мальдини, Ферри, Бергоми гээд Миланыханаас бүрдсэн байв.
Хаалгыг Вальтер Зенга гэсэн хачин боловч гайхамшигтай хаалгач хариуцаж байсан бөгөөд нийт тэмцээний туршид нэг л гоол алдсан гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Үүний дээр Ювентусд байхдаа гайхалтай улирлыг үдсэн жижигхэн биетэй, Сицилиэс гаралтай Салваторе Скилаччи сүүлийн мөчид багтаж чадсан байна. Хүн бүр л түүнийг эцсийн мөчид шигшээд багтсан болохоор банз халаасан байдалтай тэмцээнийг дуусгана гэж бодоцгоож байв.
Сальваторе Скиллачи яваандаа санаанд оромгүйгээр Италичуудын баатар болсон ч түүний ийнхүү харвасан од шиг алдарын оргилд хүрээд, маш хурдан мартагдсаныг тайлбарлахын тулд сэтгэл зүйч, эсвэл хар шидтэн байх хэрэгтэй байх аа. Тэмцээн болсон жил 26-тай байсан тэрээр 1960-аад оноос мафиараа алдаршсэн Палермод төрж, өссөн байна. Гоолын машин байсан тэрээр карьерийнхээ эхний жилүүдийг Палермогийн өстөн байсан Мессинад тоглож, Сери Д, С, Б-д өнгөрөөсөн.
Карьерийнхээ турш тэрээр нүүдэлчин байдалтай буюу Мессина дахь Палермогийн хүн, умард дахь сицил хүн, Япон дахь Итали хүн байлаа. Тэрээр өөрийн цахилгаан мэт, баруун хөлийн үхлийн цохилтоор алдаршсан бөгөөд 1989 онд Сери Б-д Мессинад тоглож байгаад 23 гоол хийсний дараа томоохон алхам хийж Ювентустэй гэрээ хийж дөнгөв. Эхний улиралдаа Скиллачи 15 гоол хийж багтайгаа Италийн цом, УЕФА-гийн цомыг авав. Хэдийгээр Ювед ирээд хурдан дасаж, гоолуудыг машиндсан ч Вичинигийн шигшээд багт дуудагдах магадлал бага байлаа. Учир нь шигшээгийн босс Сампдоригийн хосууд болох Виалли, Манчини нарыг ихээр үнэлж байсан байсан ч Манчини гэмтэж, шигшээгийн үндсэн довтлогчоор Вилла, Наполигийн Карневале нарыг сонгосон байна. Манчинигийн гэмтэл Скиллачид сайнаар нөлөөлж, шигшээд эцсийн мөчид дуудагдаж, Австрийн эсрэг эхний тоглолтод сэлгээнд сууж тэмцээнийг эхлүүлэв.
vs
Италичууд тоглолтын турш өрсөлдөгчөө балбаж байсан ч тэр хэмжээгээрээ маш олон боломжуудыг алдаж байв. Тэр тусмаа шигшээгийн гарааны довтлогчид болох Виалли, Карневале нар бүр их боломжуудыг хийсгэх дуртай байв. Цаг дуусахаас 15 минутын өмнө тоо 0-0 байхад Вичини Скиллачиг сэлгээгээр оруулсан нь түүний шигшээд тоглосон 2 дахь л тоглолт байв. Түүнийг бие халаалт хийж байхад Ювентусын хаалгач, шигшээгийн нөөц хаалгач байсан Стефано Таккони түүнд гарахад бэлдээрээ, чи талбайд гараад яг л Жон Чарльз /Ювентусын нэг англиас ирсэн домогт тоглогч/ толгойгоороо гоол оруулна гэж хэлж байв. 4 минутын дараа Виалли гайхамшигтай дамжуулалтыг өгч Скиллачи ч боломжийг ашиглаж мөргөж гоол хийв. Цэнгэлдэх хүрээлэнгийн хөгжөөн дэмжигчид, бүх Итали даяараа галзууртлаа баярлаж, Скилаччи ч шигшээгийн гол тоглогч гэж тооцогдож эхлэв.
АНУ-тай хийсэн дараагийн тоглолтод Вичини Скиллачиг талбайд гаргасангүй, энэ тоглолтод Жианнинигийн гоолоор талбайн эзэд хожив. Виалли 11-ээс цохилт алдав. 2-р үед Скиллачи Карневалегийн оронд талбайд сэлгээгээр орсон нь Карневалег уурлуулж, мань хүн Вичиниг дайрч, нутгын аялгаар баахан хараал урсгав. Энэ нь 1974 онд Киналиагийн хийсэн үйлдэл, дохио зангааг хөгжөөн дэмжигчдэд сануулж байв. Чехословакийн эсрэг хийх тоглолтод нийтийн шахалтын ачаар Скиллачи гараанд гарав.
Тэрээр энэ найдварыг гоолоор хариулсан ч түүний гоол Роберто Бажогийн хувийн ур чадвараар оруулсан гайхамшигтай гоолын сүрд даруулав. Хэсгээс шалгараад Италичууд Уругвайчуудтай таарсан бөгөөд 65 минутад Скиллачи хаалганаас 30 ярдад бөмбөгийг хүлээн авав. Тэрээр огцом эргээд хэлбэрэлтгүй, эргүүлэгтэй цохилтоор хаалганд гоол хийж, багаа ялалтад хүргэв. Шөвгийн 8-д Ирландтай таарсан бөгөөд мөн л Тото гоолыг хийж багыг цааш нь чирэв. Ингээд Скиллачи гарааны довтлогч болсон нь Виаллиг сэтгэлийн хямралд оруулж, дасгалжуулагч Вичинитэй муудалцахад хүргэсэн бол нөгөө гарааны довтлогч Карневале муухай авираасаа болж шигшээгээс хасагдсан байна. Скиллачи хагас шигшээд Виаллигийн цохилтоос ойсон бөмбөгийг авч гоол хийсэн бол 3-р байрын төлөө Английн эсрэг тоглолтод бас дахин гоол оруулж, тэмцээний мэргэн буучаар шалгарав. Тэмцээний үеэр түүнийг гоолыг Палермод тэмдэглэж өдөр бүр баярын арга хэмжээ болж байсан бөгөөд тэмцээний дараа тэрээр тэнд баатарын ёсоор очиж байв.
Санаанд оромгүй огцом алдаршсаны дараа Скиллаич олны нүдэнд дээр бүдгэрч эхлэв. Тэрээр тухайн үедээ сулхан байсан Ювентусд дараагийн 2 улирал нь 11 гоол, мөн муухан байсан Интэрд өнгөрүүлсэн 2 улиралдаа бас л 11 гоол хийв. Муу тоглолт, гэмтэл бэртлээс шалтгаалж, шигшээ багаас хасагдав.
Скиллачи баатараас гологдол болж, хөгжөөн дэмжигчдад бөөлүүлдэг болов. Ювентусд байхдаа Ториногийн эсрэг тоглолтод оролцоход эсрэг багынхан нь аварга хиймэл дугуйны дүрс байрлуулсан нь түүний ах нь Палермод дугуй хулгайлсан хэргээр буруутгагдаж байсантай холбоотой доромжлол байв. Интэрт байхдаа хөгжөөнн дэмжигчдад бөөлүүлж, цэнгэлэхийн орчим дахь граффитид түүнийг бүтэлгүй өмнөд гэсэн байдалтай доромжилсоноор зурж, бичиж байв. Дээр нь Интэр уналтын үед байсан тул Скиллачигийн байр суурь бүр дордсон байна.
Тэрээр 1994 онд Японы лиг рүү явж, 3 улиралд 60 гоол оруулсан бөгөөд зодог тайлсныхаа дараа Сицилд хөлбөмбөгийн сургууль нээсэн байна. Тэрээр шигшээ багт 16-хан тоглолтод орж 7 гоол хийсэн боловч зөвхөн ДАШТ-ны амжилтыг тооцвол 7 тоглолтод 6 гоол буюу үүний 2 тоглолтод сэлгээгээр орсон гэсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн. Тэрээр дараа нь улс төрд орж, баруун төвтэй хүчнээс Палермогийн орон нутгын консул болж сонгогдож байв.
Итали 90-ын Италичуудын үндэсний баатар Тото Скиллачи байсан бол чөтгөр нь яах аргагүй Марадона байв. Тэрээр ихэнх Италийн багуудын фэнүүдийн заналт дайсан тэр дундаа Умардын багуудын хувьд чөтгөр нь байсан бол Наполид бол бурхан нь байв. Тэрээр Наполид байхдаа 3 жилд 2 Скудетто хүртсэн бөгөөд сүүлийнх нь Милантай хийсэн хүнд тэмцлийн үр дүнд хүртсэн хүндтэй аварга цол байв. Марадона бол Наполи байсан бол мөн тэрээр Миланы дайсан, Милан хотынхны дайсан байв.
Ядаж байхад энэ үе нь бүс нутгархсан Умардын лигийн хүчний хамгийн хүчтэй үе байсан бөгөөд тэрээр бас өмнөдийн залхуу этгээд гэж тооцогдож байв.
vs
Тэмцээний нээлтийн Аргентин – Камеруны тоглолтын эхэнд төрийн дуулал эгшиглэж, тоглогчдыг ээлжээр нь камераар харуулж байхад цэнгэлдэх даяараа чимээгүйхэн харцгааж байв. Камер аажмаар Марадона дээр тусаж тогтоход цэнгэлдэхэд байсан 80 000 хөгжөөн дэмжигчид бөөлж, шүгэлдэж, түүнд дургүйгээ хүчтэй илэрхийлж байсан нь хөгжөөн дэмжигчид үзэн яддаг тоглогчдоо барьсан хариу байлаа. Хөгжөөн дэмжигчид Камеруныг тоглолтын туршид дэмжсэн бөгөөд тэд Африкаас ирсэн хар арьстан тоглогчид руу биш өөрийн улсын нэг хотын төлөө тоглодог цагаан арьст Аргентин руу дайрч, арьсны гэж бодогдохоор үзэл гаргаж байв. Камерунчууд 2 тоглогч нь хөөгдсөн ч 1-0-ээр хожсон боловч Марадона удахгүй өөрийн хайртай Наполид өшөөгөө маш амттайгаар авахыг хэн ч мэдэхгүй байв.
ДАШТ-ны өмнө Марадона аварга багыг хэтэрхий шударга бишээр хэцүү хэсэгт хуваариласан байна гэж гомдолж байв. Тэрээр энэ тэмцээнийг Италичуудыг түрүүлүүлэхээр тохируулж, зохион байгуулсан байна гэж байсан ч Италичууд түрүүлэхгүй юм шүү гэдгийг 7-р сарын 3-нд хагас шигшээд өөрийн Наполийн Сан Паоло цэнгэлэхэд батлан харуулсан байна. Италичууд энэ хүртэл бүх тоглолтондоо ялж, ганц ч гоол алдаагүй байсан бол Аргентинууд нэмэлт цагын дараах пенальти цохилт, Марадонагийн хувийн гайхамшигтай тоглолт, азаар энэ хүртэл явж ирсэн байна.
Италичууд энэ тоглолтын эргэлзээгүй хүчтэй баг нь байсан ч энэ тоглолт Италид биш, Наполид болох байв. Хагас шигшээ тоглолтын өмнө Италийн эх оронч үзэл газар авч эхлэв. Улс төрчид, спортын одууд Наполигийн фэнүүдийг төрөлх баг Наполи буюу Марадонагаас өөрийн улсын шигшээг илүүд тавьж дэмжихийг уриалж байв. Үүний эсрэг ч Марадона зүгээр байсангүй Наполичуудад Умард ноёрхсон улсад та нарыг өмнөдийн хог шаар мэт жилийн турш үзэж байснаа нэг л өдөр тэднийг дэмж гэж хүсэж байгаа нь хачин зүйл байна гээд л авч өгөв.
Гэсэн нь яг энэ тоглолтод Наполигийн фэнүүд Марадонад зориулж, Марадона бид чамд хайртай ч эцсийн эцэст бид Италичууд гэсэн баннер барьж цэнгэлдэхэд орж ирсэн байлаа. Хэдий баннер энэ тэр байсан ч цэнгэлдэхэд байсан Италичуудаас хичнээн нь шигшээ багаа дэмжсэн нь тодорхой бус байдаг. Зарим нь ихэнхи нь гэж байхад зарим нь тийм гэдэгт итгэлгүй байлаа.
Тоглолт өөрөө сэтгэл хөдөлгөмөөр өрнөв.
Вичини хэт санаа зовж, эрүүл ухааны алдаж, гараанд баахан хамгаалагчид гаргачихав. Италичууд Скиллачигийн гоолоор тэргүүлж эхлэсэн ч хэд хэдэн алтан боломжийг хийсгэв. Гэтэл гай болж тэмцээний туршид муу байсан Аргентинчууд анх удаагаа сайн тоглоод эхлэв. 68 дахь минутад гэмгүй дамжуулалт Зенгагийн хаалганд ирж, мань хүн цохиж гаргахаас өмнө Кладио Канижжиа амжиж мөргөв. Зенга хамгийн сүүлд хаалгандаа бөмбөг орохыг ДАШТ-ээс бүр өмнө 1989 оны 10-р сард Бразилын эсрэг тоглоход харсан бөгөөд үүнээс хойш 981 минут буюу 10 тоглолт өнгөрсөн байна.
Италичууд довтолгооноор бөмбөгдсөн боловч гоол оруулж чадсангүй, шүүгчийн өгсөн аймаар урт 9 минутад ч Аргентины хад шиг хамгаалалтыг нэвтэлж амжсангүй торгуулийн цохилт хийхээр болов. Донадони алдав, Серена бас Сержио Гойкочеаг аргалж чадсангүй, тоглолтын хувь заяаг Марадона шийдэхээр болов. Марадона маш тайван цохиж хожлыг авав. Цэнгэлдэх хүрээлэн чигээрээ нам жим болов, Италичууд хасагдав. Тэмцээний дараа буруутанг хайх аян явж, бүх юм Виалли, Зенга 2 дээр буув.
Учир нь тэмцээнд нэг нь муу тоглож, гоол оруулаагүй, нөгөө нь пенальта алдсан. Үүнээс болж, нөгөө 2 сэтгэлийн хямралд орсон тухай мэдээлэгдэж байв. Вичини дасгалжуулагчийн албандаа үлдсэн боловч 1992 оны ЕАШТ-нд шалгарч чадаагүй гэх шалтгаанаар ажлаасаа халагдах байв.
1990 оны ДАШТ 1994 оны ДАШТ тэмцээний дараах баахан пенальтигаар шөвгийн тоглолтууд шийдэгдсэн уйтгартай тэмцээн болсон байна. Аргентинчууд хэт хамгаалсан арга барил, бохир тоглолтоор энэ тэмцээнийг нураасан байна. Шигшээ тоглолт түүхийн турш дахь хамгийн муу тоглолт болж, Германчууд пенальти авах гэж жүжиглэж, Аргентинчууд эсэргүүцэж мэдрэлээ алдав.
Зарим нь Германчууд аварга болоогүй бол Аргентинчууд хөлбөмбөгийг сөнөөх байсан ч гэх нь бий. Италийн фэнүүд Аргентинчуудыг гол буруутанаар тооцож, шигшээ тоглолтод төрийн дуулалыг нь бөөлөв. Яг энэ үед камер тоглогчдыг харуулж, Марадона дээр тогтоход мань хүн гичийний хүүхдүүд гэсэн үгийг ямар ч амны хайрцаг уншдаг хүн ойлгогдохоор хэлж байв.