by mongoljin » Sat Aug 19, 2006 5:37 pm
ЧЕЛСИГ ХЭН ЗОГСООХ ВЭ?
8-p сарын 19, 2006
Sugaraa
Энэ долоо хоногт Английн аварга шалгаруулах тэмцээн эхлэнэ. Гол сэдэв бол мэдээж Челсиг хэн зогсоох вэ гэдэг асуулт. Ингээд бүх 20 багийг товч танилцуулья.
АРСЕНАЛ Ирсэн: Томаш Росицки («Борусси», Герман). Явсан: Деннис Бергкамп (зодог тайлсан), Сол Кемпбелл («Портсмут»), Робер Пирес («Вильяреал», Испания). «Эмирэйтс» цэнгэлдэхийн дээд зэрэглэлийн 9000 суудлын үнэ л хуучин стадионы 38000 тасалбарыг бүгдийг нь зарсанаас илүү орлого багтаа авчрана. Аваргын төлөө Челситэй үзэж тарахад бэлэн болжээ. 260 сая фунт гэсэн дэлхийд хамгийн их өртэй баг. Гэвч 60 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх нь шил толиор гялалзан, 42000 улирлын билет нь зарагдаж, Астон Виллатай хийх эхний тоглолтын тасалбар кассанд очихоосоо өмнө захиалгаар алга болжээ. Өрөө дарж эхэлсэн тул багийн удирдлагын мэдэгдсэнээр дахиж тоглогчдоосоо зарахгүй гэнэ. Супер ахлагч Анри багтаа үлдсэн нь ирээдүйгээ итгэлтэй харах гол шалтаг. Анригаас гадна (Фабрегас, Туре, Эбуе, ван Перси, Диаби, Сендерос, Клиши) гэсэн хөл нийлсэн шижгэр залуус бий. Арсеналын шинэ залуусын авьяас чадварыг дэлхий дахин өндөр үнэлж байгаагийн нэг жишээ бол Тео Уолкотт багтаа ганц минут ч тоглоогүй байж ДАШТ д Английн шигшээд орсон явдал юм. Шинээр ирсэн Росицки дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг. Венгерийн тактикт тохирсон тоглогч гэж хэлж болох юм.
ЧЕЛСИ Ирсэн: Андрей Шевченко («Милан», Итали), Михаэль Баллак («Бавари», Герман), Саломон Калу («Фейеноорд», Голланд), Жон Оби-Микель («Люн», Норвег). Явсан: Эрнан Креспо («Интер», Итали), Эйдур Гудьонсон («Барселона», Испани), Дэмьен Дафф («Ньюкасл»), Асьер дель Орно («Валенси», Испани), Глен Жонсон («Портсмут», зээл). 3 дараалан түрүүлсэн 5 дахь баг болж түүхэнд нэрээ үлдээхэд Челсид юу саад болох вэ? Хариулт – Аваргуудын лигэд түрүүлэх гэсэн том зорилго нь дотоодын тэмцээнд гай болж болох юм гэж Таймс бичжээ. Жозе Моуринью Челси дэх 3 дахь улирлаа шинэ халимагтай, 4-4-2 гэсэн шинэ системтэйгээр, Аваргуудын лигэд заавал түрүүлэх гэсэн хуучин зорилготойгоор эхэлж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд мэдээж мөнгө хайрласангүй. Шевченког 60 сая доллараар авсан нь 29 настай тоглогчдын дунд хамгийн үнэтэйд тооцогдож, Оби-Микель шиг залуу тоглогчид 32 сая ногоон зарна гэдэг бусад багт бол зүүдлэгдэхгүй. Баллак долоо хоногт 250 мянган ногоон авах гэрээ байгуулсан нь Анригийн цалингаас хол давж байна. Супер цомоор Ливерпульд ялагдсан нь одоохондоо Челси шинэ тоглогчид нь хөл нийлэх арай болоогүйг харууллаа. Гэхдээ хэдэн сар үргэлжлэх УАШТ д Челсид өрсөлдөгч бараг байхгүй бизээ.
ПОРТСМУТ Ирсэн: Сол Кемпбелл («Арсенал»), Дэвид Жеймс («Манчестер Сити»), Глен Жонсон («Челси», зээл), Нванкво Кану («Вест Бромвич»). Явсан: Андрес Д' Алессандро («Вольфсбург», Герман) Александр Гайдамак өнгөрсөн жил 8 шинэ тоглогч авж байсан бол энэ зун шигшээ багийн 3 тоглогчтой боллоо. Британы хэвлэл мэдээллээс Ядуучуудын Челси хочтой болсон Портсмут дасгалжуулагчаа солихгүй бол амжилтанд хүрэхэд бэрх. Реднаппын үе дуусаж, сайн мэргэжилтэн ирвэл сайн тоглож болох юм. Ямар ч гэсэн хуучин шигээ унахгүйн төлөө тоглохгүй байх.
МАНЧЕСТЕР СИТИ Ирсэн: Хатем Трабелси («Аякс», Голланд), Андреас Изакссон («Ренн», Франц), Бернардо Корради («Валенси», Испани), Осман Дабо («Лацио», Итали), Дитмар Хаманн («Ливерпуль»), Пол Диков («Блэкберн»). Явсан: Дэвид Жеймс («Портсмут»), Брэдли Райт-Филипс («Саутгемптон»), Дэвид Соммель («Шеффилд Юнайтед»). Шинэ стадионоо дүүргэх болон УЕФА гийн цомын эрх авах зорилготой. Хамгийн тогтворгүй тоглолттой баг. Зах зээлд гаргасан хөдөлмөрөөрөө Челси Портсмутын дараа орж байна. Тоглогч аваад л байдаг тэгсэн мөртлөө хүчтэй болдоггүй. Хамгийн сүүлийн цомоо 30 жилийн өмнө хүртэж байжээ.
АСТОН ВИЛЛА Том тоглогч аваагүй ч том тоглогчоо алдаагүй. Нэг талаар юу ч өөрчлөгдөөгүй юм шиг харагдав ч нөгөө талаар тоглогчдоос бусад бүх юм өөрчлөгджээ. Хойд Ирландын Мартин О'Нил шинэ дасгалжуулагч болсоноор улирлын тасалбар сайн зарагдаж байна гэж багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Селтикт байхдаа О'Нил Их Британий хамгийн авьяаслаг дасгалжуулагч хэмээн нэрлэгдэж байлаа. Мөн олон арван жил Астон Виллаг удирдаж ирсэн босс Даг Эллис ашгүй нэг юм хөл бөмбөгөөс холдож, багаа Америкийн саятан Рэнди Лернерт зарсан нь хувьсал ирж байгааг харуулж байна. Өнгөрсөн жил арай ядан премьер лигэд үлдэж байсан бол энэ жил сэнсаац тарьж мэдэх юм.
ВЕСТ ХЭМ Ирсэн: Карлтон Коул («Челси»), Жонатан Спектр («Манчестер Юнайтед»), Роберт Грин («Норвич»), Тайрон Мирс («Престон»), Жон Пэнтсил («Хапоэль», Тель-Авив, Израиль), Ли Бойер («Ньюкасл»). УЕФА гийн цомын эрх авах зорилготой. Вест Хэмийг ийм хурдан премьер лигэд буцаж ирнэ гэж цөөхөн хүн итгэж байсан байх. Гэхдээ Уиган Вест Хэм хоёр сулхан багууд ч довтолж тогловол амжилтанд хүрдгийг харууллаа гэж Soccernet.com. бичиж байна. Шинэ улирлын хамгийн сонирхолтой баг болж болох юм. Ален Пэрдью залуучуудад найдлага тавьж байна. Шинэчүүлээс гадна Бенаюн, Эштон, Хэрвуд, Рео-Кокер болон жижиг Фердинадын тоглолтыг сонирхон үзээрэй.
ЛИВЕРПУЛЬ Ирсэн: Дирк Кейт («Фейеноорд», Голланд), Крэйг Беллами («Блэкберн»), Жейрмен Пеннат («Бирмингем»), Габриэль Палетта («Атлетико Банфилд», Аргентин), Фабио Аурелио («Валенси», Испани), Марк Госалес («Альбасете», Испани). Явсан: Фернандо Морьентес («Валенси», Испани), Жибриль Сиссе («Марсель», Франц, зээл), Жими Траоре («Чарльтон»), Крис Киркланд («Уиган»), Брюно Шейру («Ренн», Франц). Хамгийн сүүлд аварга болсоноосоо хойших 16 жилийн дотор ийм хүчтэй бүрэлдхүүнтэй болсон нь анх удаагаа гэж Таймс бичиж байна. Челсиг хэд хэд хожиж, ганц дайсан нь болоод байгаа баг. Хамгаалалтаар Челсигийн л дараа орох болов уу. Гонсалес, Пеннат, Беллами, Кейтыг авахад 52 сая ногоон зарцуулсан. Довтолгоонд хурд нэмэгдсэн.
ТОТТЕНХЭМ Ирсэн: Дидье Зокора («Сент-Этьен», Франц), Димитар Бербатов («Байер», Герман), Бенуа Ассу-Экотто («Ланс», Франц). Явсан: Майкл Кэррик («Манчестер Юнайтед»). Эхний 4 т орох гол зорилгоос гадна Арсеналаас л дээгүүр орох гэсэн бас нэгэн далд зорилго бий. Бидэнд Кэррик үгүйлэгдэх болно. Гэхдээ Кэррикт ч би үгүйлэгдэх болно гэж Эдгар Давидс ярьж байна. Улсын аваргын тэмцээнд Тоттенхэм Манчестер Юнайтэдыг 5 жил, Арсеналыг 7, Челсиг 16 жил ялж чадаагүй байгаа. Энэ анти рекордуудаа эвдэхэд хамгийн ойрхон баг энэ жил бүрдсэн. Мартин Йолын багийг Английн шигшээ гэхэд ч болохоор. Робинсон, Дженас, Леннон, Кинг, Раутлиж, Дефо гээд л. Кэррикийн зайг Зокора элбэг хаах байх гэж найдаж байна.
НЬЮКАСЛ Ирсэн: Дэмьен Дафф («Челси»). Явсан: Ли Бойер («Вест Хэм»), Амди Фай («Чарльтон»), Алан Ширер (зодог тайлсан). Энэ улирлын зорилгоо дасгалжуулагч Глен Редер Английн шилдэг багуудын эгнээнд буцан орох гэж тодорхойлж байна. Глен Редер Уотфорд, Вест Хэмтэй 7 р байранд орж байлаа. Гэхдээ ирэх жил нь премьер лигээс хасагдаж байсан. Өнгөрсөн жил Ньюкаслтай 7 р байранд орсон. Уламжлал ёсоор бол энэ жил....................гэж Guardian бичжээ. Ширер зодог тайлж, Оуэн гэмтэл авсанаас довтолгоо хамгийн их асуудалтай байна. Интерээс Мартинсийг авахаар хөөцөлдөж байна.
ШЕФФИЛД ЮНАЙТЭД Ирсэн: Дэвид Соммель («Манчестер Юнайтед»), Клод Дэвис («Престон»), Ли Ти («Эвертон»), Роб Халси («Лидс»). Премьер лигээс унахгүй байх зорилготой. Болж өгвөл өнгөрсөн жилийн Уиганы гавьяаг давтах. Энэ баг тодорж товойж чадахгүй байж болох ч дасгалжуулагч Уорнокк хэзээд тодорсоор байх болно гэж Таймс Уорноккын сэтгэлийн их хөдөлгөөнийг дайруулсан байна. Жинхэнэ англи хөл бөмбөг тоглодог. Хатуу ширүүн тоглолттой.
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД Ирсэн: Майкл Кэррик («Тоттенхем»), Томаш Кущак («Вест Бромвич», зээл). Явсан: Рууд ван Нистелрой («Реал», Испани), Тим Ховард («Эвертон»), Жонатан Спектор («Вест Хэм»), Куинтон Форчун («Болтон»). 18,6 сая фунтаар Керрикийг авсан нь 5 жилийн өмнө Вероныг авж байсантай адилхан хэрэг. Фергюссон дунд зэргийн тоглогчийг их хэмжээний мөнгөөр авдаг **н** зангаа засаагүй л байна гэж Guardian энэ наймааг дүгнэж байна. Өнгөрсөн жил Челсигээс эхнээсээ л хоцорж эхлэснээ мартсан юм шиг, аваргуудын лигийн хэсгийн тоглолтод сүүлийн байр эзлээгүй юм шиг, Английн цомоор сонирхогчдын багтай тэнцээгүй юм шиг л сэр Фергюссон бүрэлдхүүнээ бараг өөрчилсөнгүй. Багаас өгсөн мөнгөний ихэнхийг Керрикт зарж орхилоо. Яагаад ч юм Керрикийг шинэ Рой Кин гээд бодож орхисон. Шинэ Кинтэй болж байвал болоо гээд Нистелройг орлох довтлогч ер хайсангүй. МЮ энэ жил ч шагналгүй хоцрох шинжтэй. Скоулз, Гиггз, Гари Невилл, ван дер Сар ирэх улирал залуужихгүй, Браун ,Флетчер техниктэй болохгүй. Сульшер гэмтддэггүй супер болохгүй хойно амжилт хүлээх ч юу л бол. Дээр нь Рүни Роналду нар хайр сэтгэлтэй болох нь ч эргэлзээтэй. Жоохон өөдрөг мэдээ гэвэл Хайнце эдгэрсэнээс гадна Польшийн Кущак үнэхээр сайн хаалгач гэдэг л байна даа.
УИГАН Ирсэн: Эмиль Хески («Бирмингем»), Дэнни Ландзаат (АЗ, Голланд), Эммерсон Бойс («Кристал Пэлас»), Фитц Халл («Кристал Пэлас»), Крис Киркланд («Ливерпуль», зээл), Луис-Антонио Валенси («Вильяреал», Испани). Явсан: Жейсон Робертс («Блэкберн»), Жимми Баллард («Фулхэм»), Дэмьен Фрэнсис («Уотфорд»), Дэвид Томпсон («Портсмут»), Стефан Аншо. Өнгөрсөн жилийн 10 р байраа давтах зорилготой. Тоглолтоо судлуулсан тул энэ жил хэцүүдэх байх. Шилдэг бомбардир Робертсыг Хески оролж чадах болуу даа. Сүүлийн 10 жил Европт гараагүй амжилт үзүүлээд байгаа баг. 2002-2003 улиралд 4 р дивизионд байсан Уиган 3 жилд 3 шат дэвшсэн. УЕФА гийн цомын эрх авахад ч дөхөж очсон. Уиганы түүхээр бичсэн ном удахгүй гарж, кино хийх эрхийг Америкийн продюсор худалдан авжээ. Сайн хөл бөмбөгчидийг хичнээн урьсан ч Уиганд ирэх бодолтой хүн ховор. Тиймээс Хески мэтийн тоглогчидыг урьж байна. Хичнээн хуучин шигшээ гээд Хескиг 11 сая ногооноор авна гэдэг эрсдэл. Голландын Ландзаат ч гэсэн 30 нас хүрсэн хүн. 5 саяын үнэ хүрсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн гол баатар болж байсан Робертс, Баллард ,Томпсон нар явж ,энэ жил түгшүүр ихтэй л байна. Энэ асуудлуудаа шийдчивэл Уиган киноныхоо 2 р ангийг хийж эхэлсэн ч болох юм.
БЛЭКБЕРН Ирсэн: Фрэнсис Жефферс («Чарльтон»), Бенни Маккарти («Порто»), Жейсон Робертс («Уиган»). Явсан: Крэйг Беллами («Ливерпуль»), Пол Диков («Манчестер Сити»), Лоренцо Аморозо, Вратислав Грешко. УЕФА цомын эрх . Блэкбернийг УЕФА гийн цомд оруулсан ганц амжилтаар нь л Марк Хьюзийг Британий арлын хамгийн шилдэг залуу дасгалжуулагч гэж үзэж болно хэмээн Таймс дүгнэжээ. Довтолгоогоо үндсээр нь шинэчлэсэн. Тогтвортой тоглодог, зарим үед хатуу ширүүн , бүр харгис гэмээр тоглодог энэ багт ур чадвар, сэтгэх гэдэг үг ажиллах, зүтгэх, гүрийх гэдэг үгнээс доор тавигддаг. Үнэхээр багийг гүрийдэг зүтгэдэг Робби Севиж (өнгөрсөн жил 11 шар + 1 улаан карт), Люкас Нилл (11 шар) и Стефен Рид (7 шар) нар авж явж байна.
БОЛТОН Ирсэн: Куинтон Форчун («Манчестер Юнайтед»), Абдулайе Мейте («Марсель», Франц), Идан Таль («Маккаби», Тель-Авив, Израиль). Явсан: Жей-Жей Окоча (Катар), Брюно Н'Готти, Ради Жаиди («Бирмингем»), Халилу Фадига. Болтоны азаар Английн хөл бөмбөгийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчаараа Макларенийг тавьлаа. Болтоны дасгалжуулагчийг авж ч магадгүй байсан шүү. Макларен баахан үнэтэй тоглогч аваад Мидлсборотойгоо доошоо унах шахсан бол Аллардайс бараг мөнгө заралгүй Болтоныг дээд хэсэгт аваад явж байлаа гэж FourFourTwo бичжээ. Болтонд Хөгшчүүлийн асрах газар гэдэг хоч яг таарна гэж үзэх мэргэжилтэн ч бий. Окоча Катар явсанаас гадна гоол бараг хийдэггүй довтлогчидоо засчвал ч уг нь.
ФУЛХЭМ Ирсэн:Баллард («Уиган»), Франк Кедрю («Мидлсбро»), Габриэль Закуани («Лейтон Ориент»). Явсан: Стид Мальбранк. Эхний 10 д орох зорилготой. Өнгөрсөн жил Жозе Моуринью Крис Коулмэнийг лигийн шилдэг британ дасгалжуулагч гэж тодорхойлсон. Энэ жил их хүнд жил болох байх. Босс Мохаммед Аль-Файед багаа анхаарахаа байж, цаг ч мөнгө ч зарахаа байсан. Багийн лидер Стид Мальбранк гэрээ нь дуусаагүй ч багаа солино хэмээн мэдэгдэж, хямрал эхлээд байна.
РИДИНГ Ирсэн: Сеул Ки Хьюн («Вулверхемптон»). Энэ жил Ридинг бүхнийг гайхуулах болно гэж Вест Хэмийн Алан Пердью хэлжээ. Байгуулагдаад 135 жил болохдоо анх удаагаа дээд лигт орсон энэ багийг эзэн нь зарах гэж байгаагаа мэдэгдсэн байна.
МИДЛСБОРО Ирсэн: Хулио Арка («Сандерленд»). Явсан: Франк Кедрю («Фулхэм»), Жимми-Флойд Хасселбайнк («Чарльтон»). Дасгалжуулагчаа шигшээд алдсан. Оронд нь ирсэн Гаррет Саутгейт юу ч өөрчлөсөнгүй. Мидлсборо урьдын адил хамгаалалгүй довтолсоор байх болтой. Мендьетта, Боатенг, Рошембак, Видука, Даунинг, Якубу гээд л сайн тоглогч олонтой ч цомын тэмцээнд л амжилт гаргаж магад. Лигэд бол үсрээд л 10 р байр.
ЭВЕРТОН Ирсэн: Эндрю Жонсон («Кристал Пэлас»), Жолеон Лескотт («Вулверхемптон»), Тим Ховард («Манчестер Юнайтед»). Явсан: Найджел Мартин (зодог тайлсан), Данкан Фергюсон, Ли Ти («Шеффилд Юнайтед»). Зорилго нь УЕФА гийн цомд орох болон Ливерпулийг ялах. Яаж тоглохыг нь урьдчилан хэлэхийн аргагүй баг. Өнгөрсөн жил маш муу эхэлж, хэт сайн дуусган 11 д орсон. Дасгалжуулагч Мойес энэ жил нилээд мөнгө боссоосоо салгасан ба англи-саксон гарлын дайчин гүргэр залууст үржээ. 2 дивизионы мэргэн бууч Энди Жонсоныг 17 саяаар, хамгаалагч Лескоттыг 10 саяаар авсан. Юу болохыг мэдэхгүй. Эвертоны тоглолтыг Англид хэн ч урьдчилан хэлж чадахгүй.
УОТФОРД Ирсэн: Дэмьен Фрэнсис («Уиган»), Крис Пауэлл («Чарльтон»), Дан Шитту («Куинз Парк Рейнджерс»). Хэрэв Уотфорд Италийн интертэй хийсэн нөхөрсөг тоглолт (1:1) шиг тоглолт дахиад 38 удаа үзүүлж чадвал премьер лигэд үлдэж чадна гэж Guardian хэлж байна. Бооцоо тавих бүх газрын мэдээгээр энэ жил доошоо буцаад явах хамгийн магадлалтай баг.
Бэлтгэсэн Сугараа