by avarga » Wed Jan 10, 2007 9:46 pm
Ц.Нандигжав: Боксын шүүлтэд маргаантай асуудал байсаар л байна
Г.БАЯРСАЙХАН (2007.01.08)
Ц.Нандигжавыг бокс сонирхогчид андахгүй. Шүүгч хэмээх адармаатай хэцүү үүргийг олон жил нэр төртэй биелүүлж яваа түүний яриа олон хүнд сонин байх болов уу. Энэ удаа түүний тамирчин байсан он жилүүд, саяхан болж өндөрлөсөн Дохагийн Азийн наадам, орчин үеийн боксын шүүлт зэрэг олон зүйлийн талаар хөөрөгдлөө.
-Та боксын спорттой амьдралаа холбоод хэдэн жил болж байна? Яаж яваад энэ зам руу орчихов?
-Бокстой холбогдоод 30 жил болж байна. Харин яг идэвхтэй бокс тоглосон үе маань оюутны жилүүд. 1978-1982 онд улсын шигшээ багт Х.Алтанхуяг, В.Батбаяр багш нарынхаа удирдлагад тоглож, шилдэг боксчидтой гар зөрүүлж явснаараа бахархдаг даа. Манай багын найз Д.Сэдбазар гэж сайн боксчин байсан. Бид хоёр нэг өдөр боксын секцэнд орж байлаа. Харин секцэнд ороод их хурдан улсын шигшээ багт орсон. Үүнд манай В.Батбаяр багшийн нөлөө их бий.
-Хэдэн кг-ийн жинд хүч үздэг байв? Жингийн гол өрсөлдөгч?
-57, 60 кг-ийн жинд тоглодог байлаа. Ер нь Монголын шилдэг боксчид энэ жинд тоглодог. Боксоос төрсөн таван гавьяат тамирчин эдгээр жинд тоглож байсан. Харин сая 48 кг-ийн Э.Цогтжаргал маань гавьяат цолоо авч бид бүгдийгээ баярлууллаа. Энэ дашрамд АНУ-д суугаа Цогтжаргалдаа баяр хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүсье. Намайг дөнгөж шигшээ багт орж байх үед 57 кг-ийн жинд гавьяат Р.Отгонбаяр, 60 кг-д Азийн аварга Г.Батбилэг нар байсан.
Харин Н.Энхбат, Л.Батбаяр, Д.Ганбаатар, Аюур, Наранцацралт, С.Алтансүх гээд олон шилдэг боксчидой нөхөрлөж, гар зөрүүлж явлаа. 1982 онд сургууль төгсөөд эрчимтэй бэлтгэл хийхээ больж, инженерийнхээ ажилд шилжсэн дээ. Гэхдээ 1990 оныг хүртэл өөрийн сонирхлоор УАШТ-д оролцож, хааяа олон улсын тэмцээнд явж байсан. Спортын амжилт гээд яривал 1983 онд МБАТС-ын аварга болж байсан. Мөн 1982 онд “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит их том тэмцээнээс мөнгөн медаль, 1984 онд Улаанбаатарын ОУТ-д гавьяат тамирчин Н.Энхбаттай финалдаж мөнгөн медаль авч байлаа.
-Та их залуудаа боксоо орхижээ...
-Тэгэлгүй яахав. 23 настайдаа л боксыг үндсэндээ орхиж байлаа. Залуу насандаа орхисон болоод ч тэр үү, санаснаа гүйцээж чадаагүй болохоор ч тэр үү бокстой холбоотой баймаар санагдаад шүүгч болсон гэх үү дээ. Би ингэж залуудаа боксыг орхисондоо одоо ч харамсдаг юм. Тиймээс залуу тамирчдадаа хандаж сүүлд нь харамсахгүйн төлөө бүх зүйлээ зориулаарай гэж хэлмээр байна.
-Таны тоглолтын онцлог?
-Тэр үеийн бокс сонирхогчид мэднэ дээ. Би намхан нуруутай, биеийн хөгжил сайтай байсан болохоор урагшаа довтолж, олон угсраа цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авдаг байлаа.
-Хэрхэн шүүгч болсон тухайгаа сонирхуулна уу?
-Намайг шүүгч болоход Р.Отгонбаяр, Г.Батбилэг ах нар их нөлөөлсөн. 1986 онд Р.Отгонбаяр ах намайг Эрдэнэтэд болсон залуучуудын УАШТ-д ерөнхий нарийн бичгийн даргаар авч явсан юм. Тэр мөчөөс хойш шүүгч гэдэг энэ ажлыг хийж явна даа. 1999 онд Ташкент хотод болсон Азийн АШТ-д Батбилэг ахын зөвлөснөөр очиж олон улсын шүүгчийн шалгалт өгч байлаа. Олон улсын шүүгч нар дотроо тивийн зэрэглэлийн, дэлхийн зэрэглэлийн гэсэн ангилалтай.
Хамгийн сүүлд 2004 онд Хятадын Гуанжоу хотод болсон олимпийн эрхийн тэмцээнд шалгалт өгөөд дэлхийн зэрэглэлийн шүүгч болсон юм. Ер нь манайхан сүүлийн үед олон чадварлаг шүүгчтэй болж байгаа. Дэлхийн зэрэглэлийн дөрөв, тивийн зэрэглэлийн есөн шүүгч байна. Энэ олон шүүгчийг бэлтгэхэд манай өмнөх ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу чухал үүрэг гүйцэтгэсэн. Энд нэгэн сайхан мэдээ дуулгахад 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гэж байна. Олон Улсын боксын холбооны календарьт гараад хэдхэн хонож байна. Тиймээс энэ асуудал үндсэндээ шийдэгдлээ гэсэн үг. Зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болох тов тодорсон байгаа. Энэ тэмцээн дээр манай шүүгчид нэлээд олуулаа ажиллах боломжтой.
-Шүүгч хүний онцлог юу вэ? Орчин үеийн бокс шүүгчдээс багагүй ур чадвар шаарддаг болсон?
-Боксын шүүлт сүүлийн 20, 30-аад жил дэлхий даяар маргаантай байгаа шүү дээ. Энэ маргааныг цэгцлэхийн тулд 1989 оноос эхлээд компьютероор шүүх болсон. Тиймээс сүүлийн үед шүүгчдийн арга барил нэлээн боловсронгуй болсон. Энэ талаар AIBA-гийн хуучин ерөнхийлөгч А.Чаудри ч их зүйл хийсэн. Хажуугийн таван шүүгчийн гурав нь нэг секундын дотор зэрэг дарсан тохиолдолд тэр цохилт тооцогдож байгаа. Хэрвээ хэн нэг нь хоцроод дарчихвал бүртгэгдэхгүй өнгөрдөг. Зарим гоё цохилтод оноо өгөхгүй байдаг нь ийм учиртай. Энэ бол шүүгчийн ур чадварын л асуудал. Дээр нь ямар цохилтыг оноонд тооцох вэ гэдэг асуудал бас эргэлзээтэй. Боксын одоогийн шүүлтэд маргаантай асуудлууд байсаар байна. Тиймээс үүнийг яаж боловсронгуй шударга болгох вэ гэдэг нь AIBA-гийн гол зорилт болж байгаа.
-Бокс сонирхогчид Дохагийн Азийн наадмын үеэр шүүлтийн талаар нэлээн сайн ойлгож авсан. Ялангуяа У.Мөнх-Эрдэнийн илт ялалтыг луйвардаад авчихлаа гэж ярьж байгаа. Та газар дээр нь байсан шүүгч хүний хувьд энэ тоглолтыг хэрхэн дүгнэж байна?
-Манай У.Мөнх-Эрдэнэ үнэхээр сайн тоглож ялалт байгуулсан. Шүүгчдийн алдаа бол байсан. Бид тухайн үед нь эсэргүүцэл бичиж чадаагүй. Учир нь тухайн үед бид эсэргүүцэл бичээд ч ялалтаа авч чадахааргүй байсан. Тэр үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг бодож үзээд эсэргүүцэл бичээгүй. Гэхдээ бид энэ асуудлыг өөрийн Үндэсний олимпийн хороогоор дамжуулаад Олон улсын сонирхогчийн боксын холбоонд албан ёсоор тавьсан. Гэхдээ дэлхийн боксын түүхэнд ялалтыг буцаан авч байсан түүх хуруу дарам цөөн л дөө. Ерөнхийдөө өнгөрсөн Азийн наадам шүүлтийн хувьд харьцангуй шударга боллоо гэж дүгнэж байгаа. Тэмцээний үеэр нэг л протест хүлээж авсан.
Казахстаны дэлхийн аварга С.Сапиев, Тайландын олимпийн аваргатай хийсэн мөнгөн медалийн төлөөх тоглолтын дараа Казахстаны тал протест бичсэн. Би тэр тоглолтыг шүүсэн юм. Миний бодлоор Казахстаны тамирчин илт давуу ялж байсан л даа. Тэгээд би Сапиевт ялалтыг өгсөн. Гэтэл нэг шүүгч тэнцүүлээд бусад нь тайландад өгчихсөн байсан. Сүүлд шүүгч нар хуралдаад бичлэг үзэхэд Казахстаны боксчин ялсан нь илт байсан л даа. Тоглолт болгоны дараа шүүгч нарын хурал хийж алдаа гаргасанд нь арга хэмжээ авдаг.
Сая Азийн наадмыг шүүсэн 35 шүүгчийн 10 нь эрхээ хасуулсан. Манай Мөнх-Эрдэнийн тухайд тэгж олон оноогоор хожигдох биш харин ч хэдэн онооны зөрүүгээр ялалт байгуулсан нь сүүлд бичлэгээс харагдсан. Ер нь иймэрхүү асуудал манай боксчдод олон тохиолддог. Гэхдээ одоо байдал дээрдэх байх гэж найдаж байна. AIBA-гийн шинэ ерөнхийлөгч Тайванийн иргэн Ү Чинь Ко бол ОУОХ-ны гишүүн. Өдөр бүр шүүгчдийн семинар хийж, боксын шүүлтийн ажиллагааг сайжруулахаар зүтгэж байгаа. Цэвэрхэн шүүхийг бидэнд уриалж байсан. Өөрөө ч их шударга хүн байна лээ.
-Боксын шүүгчдийг авлигад нэлээн өртдөг гэсэн хардалт байдаг. Таны хувьд тиймэрхүү зүйлтэй учирч, хүний ятгалгад орж байв уу?
-Энэ бол байж болох асуудал. Гэхдээ надад тийм зүйл тохиолдож байсангүй. Гэхдээ олон тэмцээн шүүгээд олон найзтай болоод ирэхээр бас бие биедээ туслах асуудал гарна л даа. Үүнийг авлига гэж ойлгож болохгүй юм. Ер нь шүүгч хүний зорилго бол олон улсын тэмцээнд тамирчдынхаа амжилтыг хамгаалах юм. Тиймээс аль болох чадварлаг шүүж, нэр хүндтэй болон бусдадаа нөлөөлдөг байх хэрэгтэй. Гайгүй чадварлаг шүүгч бол бусдыгаа удирддаг юм. Ер нь шүүгчид найз нөхдийн хүрээнд нэгэндээ туслахаас биш янз бүрийн хахуульд өртөх нь ховор. Ганц нэг байдаг нь дээгүүрээ л шийдэгддэг байх.
-Азийн наадмын үеэр шүүгчдийн рейтинг гаргахад манай хоёр шүүгч эхний байруудад орсон гэсэн?
-Өдөр бүр шүүгчдийн семинар хийж алдаа бага гаргасан, цэвэр шударга шүүсэн шүүгчдийг шалгаруулан рейтинг тогтоож байсан л даа. Манай С.Баясгалан бид хоёр эхний өдрөөс тэргүүлж явсаар тэр чигээрээ дуусгасан. Ер нь ноцтой алдаа гаргаагүй, оновчтой шүүсэн гэсэн үг юм.
-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.