Түүнд олон хоч бий. Өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй хүнд нударганыхаа амтыг мэдрүүлдэг тул ”Desroyer” буюу Сүйтгэгч гэнэ. Филиппиний ард түмний хайртай хүү тул ”Ард түмний аварга” гэнэ. Эх орон ард түмнийхээ төлөө ихийг хийсэн тул ”Үндэсний нударга’ гэнэ. Гэхдээ аль нь ч түүнийг бүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь тэр дэндүү олон авьяастай тул улс төрөөс өгсүүлээд кинонд хүртэл тоглож манаргаж явдаг нэгэн. Өнөө цагийн мэргэжлийн боксын хөнгөн жингийн шилдэгүүдий нэг дэлхийн таван удаагийн аварга Филиппиний боксчин Пакьяоний тухай ярьж байнга гэдгийг та ойлгосон байх. Ингээд энэ алдарт эрийн намтартай танилцья.
Эммануэль Дапидран Пакьяо 1978 оны 12 сарын 17-нд Филиппиний олон арлын нэг болох Минданоад төржээ. Бага байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулж, хал үзсэн тэрбээр 16 наснаасаа боксын карьераа эхлүүлсэн бөгөөд мөнгө олж амьдралдаа залгуулахын тулд энд тэндэхийн шоугаар тэнэж, хэнтэй ч хамаагүй ”зодолддог” байлаа. Нэгэн удаагийн тулааны үеэр дотны найз Пенафлорида нь хүнд бэртэл авч нас барсаны дараа тэрбээр заавал мэргэжлийн боксчин болж найзынхаа мөрөөдлийг биелүүлнэ хэмээн өөртөө тангарагласан гэдэг. 1995 оны 1 сарын 22-нд түүний мөрөөдөл биелэж анхны мэргэжлийн тулаанаа хийсэн бөгөөд Филиппиний Vintage Sports сувгаар түүний тоглолтыг үзсэн олон хүн, залуу боксчны ур чадварыг үнэлжээ. Хэдийгээр тэр бусад боксчдоос илүү хүнд жинтэй бээлий өмсдөг байсан ч амжилт гаргахад нь тийм их нөлөөлсөнгүй. 2001 он гэхэд тэрбээр ихэнхи азийн шилдэг боксчидтой нударга зөрүүлж яггүй өрсөлдөгчид тооцогдох боллоо. Анх гарч ирж байснаа бодвол жин ч харьцангуй өсөж ‘Super bantamweight” буюу 50 кг-д тулалдах болсон байна. Тэр оныхоо зургаан сард Пакьяо Өмнөд Африкийн ”Чулуун гар” хочит Ледвабатай тулалдаж нокаутаар буулган авснаар анхны IBF-ийн бүсээ гардсан төдийгүй дэлхий нийтэд өөрийгөө таниулах анхны алхмаа хийсэн гэж хэлж болно. Энэ бүсээ тэрбээр таван удаа хамгаалсаны эцэст Доминиканы Агапито Санчезд алдсан аж.
Баррера ба Пакьяо <<анхны тулаан>> 2003.11.13Алдарт Майк Тайсон, Оскар де ла Хойя, Майкл Мүүрер зэрэг боксчдыг дасгалжуулж байсан Фредди Раочын удирдлаган дор очсон нь Пакьяогийн амжилтын эх гэж зарим хүн үздэг. Энэ нь ч үнэний ортой. Пакьяо нэгэнтээ ”Түүний зааж сургасан зүйлүүд миний амжилтанд мэдээж их нөлөөлсөн. Ялангуяа тоглолтын өмнө өөрийгөө хэрхэн төвлөрүүлэх аргыг сурч авсанаар би тулааны үед маш тайван байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байж чаддаг болсон ” хэмээн дурсжээ. 2003 оны сүүлээр Пакьяо Мексикийн алдарт Марко Берреротой тулалдахдаа чухам л хүлээцтэй, ухаалаг тулалдсаныхаа ачаар ялж чадсан. 11 үе үргэлжилсэн энэ тулаан Сан Антонио хотын Аламодоме ордонд болсон бөгөөд харамсалтай нь болсын холбоодуудаас энэ тулааныг нэг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ Америктаа нэр хүндтэй ”Ring” сэтгүүл түүнийг дэлхийн аваргаар өргөмжилсөн нь тийм ч чамлахаар шагнал биш.
Маркес ба Пакьяо <<анхны тулаан>> 2004.5Дээрхи ялалтаас зургаан сарын дараа Пакьяо мексикийн бас нэгэн ”хүнд гартай” тулалдахаар боллоо. “Динамит” Хуан Мануэль Маркес бол тухайн үедээ WBA, IBF-ийн хөнгөн жингийн (Featherweight) бүсийг эзэмшдэг байсан тул ийн нэрлэхэд болохгүй зүйл үгүй. Гэтэл өнөөх ”хүнд гар” чинь дөнгөж эхний раундад л Пакьяогийн өмнө гурван удаа унаж, шившигээ тарьсан бөгөөд шүүгчдийн тусламжгүйгээр энэ тулаанд ялагдах байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Эцсийн дүн гарахад хоёр шүүгч тэднийг тус бүр 115-110 оноогоор тэнцүүлсэн ч хожим энэ шийдвэрээ алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Моралес ба Пакьяо <<анхны тулаан>> 2005.3.19Жилийн дараа Пакьяо Лос Анжелосын MGM Grand зочид буудалд нилээд гүй хүнд тулаан хийсэн. ESPN-ний бүх цаг үеийн шилдэг 50 боксчдийн тоонд орсон Мексиктийн алдарт Эрик Моралестэй тэрбээр 12 раунд тулалдаад шүүгчдийн саналаар ялагдсан аж. Залуу боксчны хувьд энэ ялагдлаас нилээдгүй олон зүйлийг сурч авсан нь тодорхой. Тэр оныхоо есөн сард Пакьяо Моралесийн нутаг нэгт Хектор Валезкуезийг ялсан бөгөөд энэ тулааны дараа Олон улсын хупер хөнгөн жингийн (Super Featherweight) бүс түүний мэдэлд очжээ.
Моралес ба Пакьяо << хоёр дахь тулаан>> 2006.1.212006 оны эхлэлийг Пакьяо сайхан тавьж Моралесээс хариугаа авч чадсан. Тэр тусмаа 10 дахь раундад хүчтэй өрсөлдөгчөө нокаутаар сөхрүүлсэн нь түүний нэр хүндийг нилээдгүй өргөсөн юм. Тулаан Лас Вегасын Томас&Мак центерт болсон.
Оскар Лариос ба Пакьяо 2006.7.2Super Bantamweight жиндээ хоёр удаа аваргалаад байсан Лариосыг Пакьяо нэг их хүч гаргалгүй ялсан. Тулаан 12 раунд үргэлжилсэн бөгөөд энэ хооронд Лариос хоёр ч удаа нокуатанд ороод амжсан. Филиппиний Кесон хотын Аранета ордон энэ өдөр нутгийнхаа хүүг дэмжих гэж ирсэн Филиппинчүүдээр дүүрч, зохион байгуулагчдад нилээдгүй орлого оруулжээ.
Моралес ба Пакьяо << эцсийн тулаан>> 2006.11.18Ямар ч арга хэмжээг шоу болгох төрөлхийн авьяастай Америкчууд Моралес, Пакьяо хоёрын өрсөлдөөнийг ашиглан нилээдгүй ашиг олсон. 2006 оны 11 сарын 18-нд Томас&Мак центерт ”оны шилдэг тулаан” -ийг үзэх гэж 18,276 үзэгч цугларсан бөгөөд харамсалтай нь тулаан ердөө гуравхан раунд л үргэлжилж Пакьяо өрсөлдөгчөө нокаутаар буулган авчээ. Оны төгсгөлд HBO болон Ring сэтгүүлээс дээрхи тулааныг оны шилдэгээр тодруулж Пакьяог мөн оны шилдэгээр нэрлэсэн юм.
Хорхе Солис ба Пакьяог (2007.4.14)Пакьяогийн ивээн тэтгэгч Боб Арум, Баррератай дахин тулаан зохион байгуулахаар хөөцөлсөн ч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул Мексикийн Хорхе Солисыг сонгосон байна. Тулаан эхнээсээ л Филиппин эрийн давамгайлал дор өрнөж, наймдугаар үе гэхэд Солис үргэлжлүүлж чадахгүй болтлоо ”зодуулсан” тул шүүгч тоглолтыг зогсоожээ. Энэ нь ялалтын дараа Пакьяогийн нокаутаар ялсан тулаан 34-д хүрсэн ба 49 тулаан хийснээс хоёрхон ялагдаж 3 тэнцсэн гэсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байлаа.
Баррера ба Пакьяо <<хоёр дахь тулаан>> 2003.10.62007 оны зургаан сард Пакьяотой гэрээтэй ажилладаг Top rank компани, Беррерогийн талтай тохиролцоонд хүрснээр удаан хүлээлгэсэн тулаан зохиогдохоор болсон юм. Тухайн үед супер хөнгөн жингийн бүсийг Хуан Мануел Маркез эзэмшдэг байсан ч дээрхи тулааныг хүмүүс илүүтэй хүлээж байсан нь тулааны сүр дуулианаас илт харагдаж байсан аж. Лас Вегасын хамгийн тансаг зочид буудлуудын нэг болох ”Mandalay Bay Resort”-д энэ тулаан явагдсан бөгөөд Пакьяогийн хувьд өрсөлдөгчөө буулган авахад нэг их хүндрэл учирсангүй. 11-р раундад Пакьяо Беррерогийн баруун хөмсгийг сэтлэхэд Мексик эр спортын бус авир гаргаж оноогоор торгуулсан нь түүний ялагдах гол үндэс болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Эцсийн дүн гарахад хоёр шүүгч 118-109 оноо өгсөн бол гурав дахь шүүгч 115-112 өгснөөр Пакьяо ялагчаар тодорч нилээдгүй мөнгө халаасалжээ. Түүний авсан мөнгө ойролцоогоор сая доллар гэж сүүлд хэвлэлүүд мэдээлсэн байдаг.
Маркес ба Пакьяо <<хоёр дахь тулаан>> 2008.3.15Маркесийн талынхан энэ тулааныг ”дуусгаагүй ажил” хэмээн сүржнээр нэрлэж байлаа. Гэвч Пакьяо өрсөлдөгчөө дөнгөж гуравдугаар раундад л ”нам цохин” ажлаа дуусгаснаар барахгүй WBC, The Ring сэтгүүлийн супер хөнгөн жингийн бүсийг эзэмших эрхтэй болжээ. Ийнхүү тэрбээр гурван өөр жинд аваргалсан Филиппиний анхны боксчин болсон юм. (өмнө нь WBC-гийн Flyweight, IBF-ийн Super Bantamweight жингийн бүсийг эзэмшиж байсан)
Гэтэл тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Маркесийн менежерүүд дахиж тулаан зохион байгуулья гээд салж өгсөнгүй. Тэдний тавьсан 6 сая долларын саналыг Боб Арум хүлээж авах гэж байсан ч өөр ажилд дарагдаад ”бага зэрэг амсхийе” хэмээн хойшлуулжээ. Харин Пакьяогийн хувьд жин өгсөхөөр шийдээд байсан тул тэр дороо эсэргүүцлээ илэрхийлж ”Энэ ажил нэгэнт дууссан. Тиймээс дахиж сөхөх хэрэггүй” гэснээр асуудал нэг тийш болсон байна.
WBC-гийн хөнгөн жингийн бүсМэргэжлийн боксын 61 кг буюу Lightweight жингийн бүсийг өмнө ямар ч Филиппин боксчин зүүж байгаагүй. Тэгвэл 2008.6.28-нд Лас Вегас хотноо Пакьяо энэ түүхийг өөрчилсөн юм. Тэрбээр бүсийг эзэмшиж байсан Америкийн Давид Диазыг найман дахь раундад нокаутаар (2:23) буулган авсан бөгөөд ингэснээр дөрвөн жинд аваргалсан хосгүй амжилтын эзэн болсон юм. Гавьяа шагналаас гадна асар их хөрөнгө мөнгө түүний ялалтыг дагалдсан нь ойлгомжтой. Ганц хоёр жишээ дурьдахад Пакьяао энэ тулаанаас 3 сая доллар олсон бол зохион байгуулагчид нь 20 сая ам.долларыг халаасалсан байна. Энэхүү ялалтынхаа дараа Пакьяо супер хөнгөн жингийн бүсээ хүлээлгэн өгч, цаашид хөнгөн жиндээ үзэлцэхээр болжээ.
”Мөрөөдлийн тулаан”Өнгөрсөн оны 12 сард зохиогдсон ”Мөрөөдлийн тулааныг” та бүхэн санаж байгаа байх. Лас Вегасын MGM grand зочид буудалд Пакьяо, Америкийн домогт боксчин Оскар де ла Хояатай тулалдахаар болсон нь тэр дороо л шуугиан тарьж, үзэгчдийн сонирхлыг маш их татах болсон юм. Тоглолтын тасалбар л гэхэд гарснаасаа хойш дөрөвхөн цагийн дотор зарагдаж дууссан гэхээр ямар гайхалтай тулаан болсон нь ойлгомжтой. Тулааны өмнө мэргэжилтнүд Оскарын жин Пакьяогийнхаас хэтэрхий их байгаа учир хүч тэнцвэргүй тулаан болно гэлцэж байсан ч Филиппин эр есдүгээр раундад өрсөлдөгчөө нокаутад оруулж чадсан юм. Тоглолтын дараа ”Алтан жаал” <<Мэдээж хэрэг би цааш тулалдыг маш их хүсэж байсан. Гэвч үнэхээр бие маань дийлэхгүй байхад би юу хийж чадах билээ дээ>> гэжээ. Энэ тоглолтоос олсон 30 сая долларын 15 нь Пакьяогийн халаасанд орсон ба боксын түүхэн дэх хамгийн их орлого олсын тулааны нэгэнд ”Мөрөөдлийн тулаан” зүй ёсоор нэрлэгдсэн юм.
Рикки Хаттон ба Пакьяо 2009.5.2Өөрийн жиндээ өрсөлдөгчгүй шахам болсон Пакьяог, Рикки Хаттон зогсоож чадна байх гэж олон хүн найдаж байлаа. Тиймээс ч тулааныг ”Өрнө-дорнийн тэмцэл” хэмээн нэрлэж байсан юм. Гэтэл Хаттон дөнгөж хоёрдугаар раундад л Пакьяогийн хүнд нударганд өртөн газар унаснаар тулаан өндөрлсөн нь олон хүний урмыг хугалсан билээ. Пакьяо өрсөлдөгчөө ийм сулбагар нэгэн гэж бодоогүй хэмээн мэдэгдсэн бол Хаттоны дасгалжуулагч энэ бол түүний зодог тайлах болсны дохио гэж мэдэгджээ. Лас-Вегас хотын “MGM Arena”-д болсон уг тоглолтыг үзэхээр 16262 үзэгч очсон ба 20 сая долларыг Пакьяо халаасалж чаджээ. Мөн тэрээр өөрийн жиндээ тасархай гэдгээ дахин нотолсон юм.
Рингний гаднаБоксын ертөнцөд ялалт амжилтаар бялхаж яваа Пакьяо зодог тайлаад улс төрд хүчээ сорихийг хүсдэг. Хүсдэг ч гэж альхэдийнэ хүчээ сориод үзчихсэн. 2006 оноос хойш тэрбээр дүүргийн, болон мужын сонгуульд хэд хэдэн оролцсон ба одоогоор олигтой амжилт гаргаагүй л байна. Саяхны нэгэн ярилцлагадаа тэрбээр 2010 оны Филипиний сонгуульд хүчээ сорино гэдгээ мэдэгджээ. Түүнийг ийнхүү улс төрд орох болсныг спорт сонирхогчид таагүй байдлаар хүлээн авсан бөгөөд
Пакьяогийн амьдралаар хийсэн Pacquiao: The Movie кино 2006 оны зургаан сард нээлтээ хийж 99,322 ам.долларын ашиг олжээ. 2008 онд тэрбээр “Anak ng Kumander” хэмээх тулаантай кинонд тоглосон ч амжилт олж чадаагүйгээр барахгүй кино шүүмжлэгчдийн зүгээс хэл аманд өртсөн аж. Сүүлийн мэдээлээр Холливудын супер од Селвистр Сталлоне, Филиппин эртэй хамтран кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Пакьяо EA sports компанитай хамтран Fight Night цуврал тоглоомыг гаргасан бөгөөд тоглоомын хамгийн сүүлийн цувралд Рикки Хаттонтай хийсэн түүний тулааныг оруулжээ. Үүний хажуугаар тэр Телевизийн салбарт ч хүчээ сорьж буй ба GMA, Carlo J. Caparas’ Totoy Bato зэрэг шоу зохион байгуулдаг гэнэ.
Time сэтгүүлийн 2009 оны дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн тоонд тэр багтжээ. Спортын ертөнцөд байгуулсан гавьяа зүтгэл болон Филиппиний ард түмний төлөө хийсэн ажлыг нь үнэлж энэ нэр хүндтэй хэргэмийг түүнд гардуулсан аж.
Өнгөрсөн оны Бээжингийн олимпод Пакьяо Филиппиний багийн тугчаар явсан. Хэдийгээр тэр олимпод хүч сориогүй ч ерөнхийлөгч Арройогийн хүсэлтээр Филиппиний олимпийн хороо түүнд энэ эрхийг олгосон аж.
Түүний эхнэрийг Жинкее Пакьяо гэдэг бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэйгээ Филиппиний Сантос хотод амьдардаг.
Мэргэжлийн боскт Пакьяон нийт 54 тулаан хийснээс ердөө хоёрхон ялагдаж 3 тэнцжээ. Харин үлдсэн 49 ялалтынхаа 37-г нь КО буюу нокаутаар авч байсан байна.