by anufi » Tue Apr 08, 2008 8:39 pm
Монголын Сагсан бөмбөгийн тvvхэн дэх “слэм данкчид”
Д.БАЯСГАЛАН (2008-02-26)
Сагсан бөмбөгийн “гоо сайхан”, “урлаг”, “цэцэг” гэхчлэн нэрлэгдсэн цагаригт дээрээс довтлох буюу “Слэм данк” нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг довтолгооны гайхамшигтай арга техник билээ. NBA болон бусад гадаадын лигт данк шотын “мангасуудын” энэ довтолгоо нь ердийн байнгын дүр зураг. Тэгвэл Азид тэр тусмаа Монголд слэм данк арай өөрөөр үнэлэгдэнэ.Цагаригт дээрээс довтлоно гэдэг тухайн тоглогчоос овсгоо самбаа, ур чадвараас гадна өндөр чац, үсрэмтгий чанарыг шаарддаг. Монголд эдгээр чанар тэгш заяасан буюу эзэмшсэн сагсчин ховор байсан, эдүгээ ч ховор. Тэгээд ч сагсчин бүр цагаригт дээрээс довтлоод байдаггүй. Тэр тусмаа хоёр гараар довтлоно гэдэг тийм ч амар бус. Тиймээс Монголд дээрээс довтлогчдыг онцгойлон авч үзэх учиртай.
Монголд сагсан бөмбөг хөгжөөд багагүй хугацаа улирч, манай сагсчдын хэдэн үе солигджээ. Ахмад сагсчдын слэм данкийн талаарх яриа, дурсамжууд он цагийн эрхээр ч юм уу хоорондоо хол зөрүүтэй байгааг анхаарахгүй байхын аргагүй. Зарим нь тохдог сагсчин байгаагүй гэж байхад зарим нэг нь тэр тэр тохдог байсан гэх зэргээр өгүүлнэ. Энэ талаарх баримт, тоон үзүүлэлтүүд ч ховор юм. Энэ нь угаасаа тэр болгон тохоод байдаггүй, “тохолтын” онооны статистик хөтөлдөггүйтэй холбоотой байх.
Манай олонх мэргэжилтэн багш нарын хандлагаас үзэхэд тоглолтын бус үеэр, тухайлбал бэлтгэл, бие халаалт, шоу үзүүлбэр дээрх тохолтыг төдийлөн тооцохгүй байгаа юм.
Тиймээс тоглолтын болон тоглолтын бус үеийн тохолтыг ялгаатай авч үзэх ёстой аж. Хэрвээ тоглолтын бус үед тохдог тоглогчдыг тооцвол манай нэгэн нэртэй сагсчны хэлснээр” би ч бас хальт мульт” тохчихдог байсан гэх тоглогчид маш олон гарч ирэх” бололтой. Түүнээс гадна бие халаалт дээр тохчихдог тоглогчид нэг үеэ бодвол маш олширсон, дунд сургуулийн тоглогч ч тохоод байх болсон гэх нэгэн ч байна. Тиймээс яг тоглолтын дундуур ядаж л түргэн довтолгооны үеэр тохож байгааг жинхэнэ “данк шотод” тооцох учиртай ажээ. Тиймээс дор нэр дурьдах тоглогчдыг яг тоглолтонд тохож байсныг нь гол болгохыг хичээв.
“Алдарын гурван өндөр”
Монголд хамгийн анх “Алдар” нийгэмлэгийн багт, хожим УБДС-ын багт тоглож явсан манай нэрт сагсчин спортын мастер Н.Цогтоо болон спортын мастер Л.Цэрэнжанхар, Г.Дэмбэрэлсайхан /Волейболын спортын гавьяат мастер/ нарыг “тохож” байсан гэх баттай бус мэдээ байна. Тухайн үедээ “Алдарын гурван өндөрийн” нэг болох спортын мастер Н.Цогтоо нь 1960-аад оны дунд үеэс тоглолтын дундуур хааяа нэг, бие халаалтын үед нэг болон хоёр гараар тохдог байжээ. Тухайлбал 1965 оны “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн дээр нэг тоглолтын явцад цагариган дээрээс довтлоход цагираг нь хугараад ойчиж байсан гэдэг.
Тэр үед модон самбартай, цагариг нь нарийн, ганц хүзүүтэй, тулгуургүй байж. Дасгалжуулагч асан, байт сурын спортын гавьяат мастер Г.Бямбаа тэр үед нь: “Өөр кольцо байхгүй шүү… Кольцо зүгээр байлгаарай “ хэмээн хэлж байсан байдаг.
Тодруулга: Эдүгээ Бямбаа гуай: “Би яг тэгж ч хэлж байгаагүй санагдана. Харин “Чи өөрөө бэртчихэв зээ. Эсвэл бэртэнэ, эсвэл цагариг хугална шүү” гэж хэлж байсан санагдаж байна. Нэг гараараа хийчихээд (дээрээс нь тохчихоод) хоёр гараараа бариад бууж байсан. Цогтоо бол тэр үеийнхээ залуучууд дотроо арай л онцгойдуу тоглодог байсан” хэмээн дурсаж байна.
Эндээс үзэхэд Цогтоо нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цагаригт дээрээс довтлох элементийг хамгийн анх гүйцэтгэсэн сагсчны нэг бөгөөд тоглолтын үед “тохдог” цөөн тоглогчдын нэг байжээ. “Ер нь тэр үедээ кольцо зүгээр байлгадаггүй явсан” гэдэг.
Наваандоогийн Цогтоо 1945 оны нэгдүгээр сарын 26 -нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 1-р 10 жилийн сургуулийг 1962 онд төгсчээ. Сагсан бөмбөгийг анх 7-р ангиасаа эхлэн тоглож эхэлсэн. 1960 онд нийслэлийн 10 жилийн сургуулиудын тэмцээнд анх аварга болж байсан. 1962 онд дунд сургуулиа төгсөөд “Алдар“ багт тоглож эхэлсэн. Тэр үеийн “Алдар” нь бараг УШБ байсан бөгөөд тэнд есөн жил тоглохдоо 1963 оны МБАТС-д түрүүлж, 1962,1963,1968 оны УАШТ-ий аварга болж байжээ.
“Чой тавьяа!”
1970-аад оны үед “Алдарт” тоглож явсан спортын мастер Д.Чойжамц агсан /1956-2002/, 1980-90-ээд оны үеийн Б.Дашдорж нар цагаригт дээрээс довтолдог байсан шилдэг төвийн тоглогчид зүй ёсоор тооцогдож байна. “Чой” хэмээх Чойжамцыг Монголд анх дээрээс довтолж байсан гэх хүн ч байна. Ямартаа ч тэрээр тоглолтын явцад нэг болон хоёр гараар, араар болон өврөөрөө аль алинаар нь довтолдог байжээ.
Дагвын Чойжамц нь 1956 оны зургадугаар сарын 9-нд Улаанбааатар хотод төрсөн. 17-р сургуулийн 7-р ангийг төгсөөд ЗХУ-ын Новотройцк хотод Барилгын ТМС-д сурч төгсчээ. Дараа нь Барилгын цэргийн 158-р ангид цахилгаанчин хийж байгаад цэрэгт татагдан улмаар “Алдар” нийгэмлэгт тоглох болжээ. Тэрээр 198 см өндөртэй, тухайн үедээ манай улсын хамгийн өндөр сагсчдын нэг байв.
Мөн түүний дараах үед буюу 1980-аад оны үед цагирагт дээрээс довтолж оноо авдаг байсан цөөхөн тоглогчийн нэг нь “Дашаа” хэмээх Дашдорж юм. Тэрбээр анх 1986 онд “Ган зам” тэмцээний үеэр дээрээс довтолсон байна. Тэр тоглолтын үед нэг болон хоёр гараар, араараа ч, өврөөрөө ч тохдог байжээ.
Балдангийн Дашдорж 1965 оны аравдугаар сарын 22-нд УБ хотод төрсөн. 1983 онд 52-р дунд сургуулийг, 1987 онд ЦИС-ийг цэргийн авто ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1982 оны өсвөрийн улсын аварга (“Хөдөлмөр”), 1986, 89, 92 оны Улсын аварга (“Алдар”), 1994 оны УАШТ-ий хүрэл медальт, мөн МСБХ-ны Лигийн “1+11” багт 2 жил, “Генералууд” багт 3 жил тоглосон. Лигийн анхны аварга (1995). 1987 онд спортын мастер цол хүртсэн. Улс, хот, спартакиадын болон бусад тэмцээнүүдэд шилдэг хамгаалагч, төвийн тоглогчоор удаа дараа шалгарч байсан, 188 см өндөртэй, манай улсын хамгийн шилдэг төвийн тоглогч, хамгаалагч.
Дээр нэр дурьдсан тоглогчид нь тоглолт болгон дээр байнга тохож байсан гэсэн үг биш бөгөөд эгзэг нь таарсан үед хааяа нэг тохох тохиолдол байсныг тэмдэглэх нь зүйтэй байх.Тэднийг тоглохоор талбайд гарахад үзэгчид “Чой тавьяа”,”Дашаа тавьяа” хэмээн хашгиралддаг байжээ.
Ер нь 1980-аад оны дунд үед дээрээс довтолдог ганц хүн нь Дашдорж байсан гэдэг. Түүнчлэн “Том Бадаа” хэмээх Бадрал (Хүч) мөн тоглолтын үед цөөн удаа дээрээс тохож явсан бөгөөд гэхдээ нэг гараар тохож байсан. Тэрээр 1981 оны өсвөрийн улсын аваргаар тоглолтын дундуур цагаригт дээрээс нэг гараар довтолж байсныг нүдээр үзсэн нэгэн ярьж байна.
Шараваагийн үе
ОУХМ Ц.Шаравжамц зөвхөн дээрээс довтлогчдын төдийгүй Монголын сагсан бөмбөгийн түүхэнд онцгой байр суурь эзэлнэ. Тэрбээр тоглолтын явцад цагаригт дээрээс довтолж явсан, үүнийгээ олон улсын тэмцээн дээр ч баталсан “данкчин” юм. Тэрээр 212 см өндөр чацтайгаас гадна эвсэл, ур чадварыг нь хамт тооцох юм бол аргагүй л Монголд ховорхон төрөх сагсчны нэг юм.
Тэрбээр ид үедээ (1998 онд) гүйж үсрээд цагаригт толгойгоороо мөргөж байсан нь 90 см гаруй үсэрдэг гэсэн үг. Зөвхөн нэг, хоёр гараараа араар болон өврөөр тохоод зогсохгүй 360 хэм эргэж, хоёр хөлнөөс эргэж, тоглогчийн дээгүүр нисч, хүүхэд зогсоож байгаад дээгүүр нь харайж, нэгээр (аллей-ооп) буюу агаарт шууд тогтоож, өөртөө хаяад гэх мэтчилэн олон төрлийн данк шотыг Монголын хөгжөөн дэмжигчдэд анх үзүүлжээ. Тэрчлэн NBA-ийн шоу тоглолтноос харж болох хоёр бөмбөгөөр зэрэг тавих, нүдээ боолгоод харалгүй, хагас бөхийсөн тоглогчийн дээгүүр харайж довтолсон Монголын цорын ганц тоглогч юм. Мөн алдарт Ж.Ирвин, М.Жордан нараас эхтэй торгуулийн шидэлтийн шугамнаас нисч тохдог (“Free throw line shot”) данк шотыг хүртэл тэдэнтэй эн зэрэгцэхээргүй ч, шугамнаас жаахан дотогшоо гишгээд амжилттай гүйцэтгэж байсан билээ.
Цэрэнжанхарын Шаравжамц 1974 оны дөрөвдүгээр сарын 5-д Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. 1992 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургуулийг төгссөн. 212 см өндөр. МСБХ-ны лигийн аварга./1994-95/ 1998,1999, 2005 оны аварга. Сагсан бөмбөгийн спортоор 1990 оноос тоглож эхэлсэн. УШБ-ын бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн наадамд 4 удаа, Азийн наадамд 2 удаа оролцон тогложээ.
-Хамгийн анх 9-р ангид байхдаа сургуулийн тэмцээн дээр 10-р ангийнхныхаа эсрэг тоглолтонд чөлөөнд сугарч гараад цагариганд дээрээс довтолж оноо авч байжээ. Сургуулийнхаа аварга болж байхдаа хийсэн тэр анхны данк шот нь цаашид сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд нь асар их урам зориг өгсөн байдаг.
-Олон улсын тэмцээний анхны данк шот нь 1996 онд ОХУ-ын Эрхүү хотын “Ермак” багийн цагаригийг “мялааснаар” эхэлжээ. Тэрбээр самбар доорх “Box out”-ын үед тохойгоор уруулаа сэт цохиулаад, ордны эмчээр цусыг нь тогтоолгон оёулж, марль чихчихээд бууж иржээ. Эргэж тоглолтонд ороод 2 төвийн тоглогчийнх нь урдаас заналтайгаар “тавьж” хариугаа авсан нь хожим олон үзэгчдийн санаанд хоногшин үлдсэн байдаг.
-1993 оны Шанхайн Зүүн Азийн наадамд “тавьж” байгаагүй боловч 1997 оны Бусаны тоглолтонд хэдэнтээ тохож, монгол сагсчин ч бас данк шот хийж чадахыг Азийн “мэргэжил нэгтнүүддээ” харуулсан. Тухайлбал Хятадтай тоглосон тоглолтонд нэг гараар, хоёр төвийн тоглогчийн хажуугаар гараад тохож байв. Словакийн дээд лигийн “Вахостав Жилина” багт нэг жил орчим тоглосноор монгол “легионерийн” мөрийг Евролигийн талбай дээр анх гаргасан.
Ази тивээс хамгийн анх Америкийн мэргэжлийн домогт “Харлем Глобетроттерс” багт гурван жил тоглосон. Энэ хугацаанд NBA-гийн зарим ододтой болон NCAA-гийн “Сиракуз”, Сент Жонс” зэрэг олон багуудтай тоглож ирээдүйн NBA-гийн одуудтай тоглож явжээ. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Алдрын өргөөнд” “Харлем” багийнхаа хамт заларсан Азийн анхны сагсчин.