Мобиком 1сая, Скайтел 500 мянга, Юнител 400 мянга, Жи-Мобайл-350 мянган хэрэглэгчтэй гээд тооцохоор манай улсын гар утас хэрэглэгчдийн тоо хэдийн 2 саяд хүрчээ. 2,8 сая хүн амтай хэрнээ 2 сая хэрэглэгч гэхэд их эргэлзээтэй боловч дундажаар 1 хүн 2 дугаар хэрэглэж байгаа гэвэл үнэнд дөхөж очих мэт.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 4 операторын отгон оператор Жи-Мобайл компани үндэсний хөрөнгө оруулалттай, бас хамгийн хямд үнэтэй, хамгийн өргөн уудам орон зайд сүлжээгээ хүргэж чадсан гээд олон давуу талаараа бусдаас ялгардаг. Гэсэн хэдий ч хятадын хөрөнгө оруулалттай, хэрэглэгчдийг хуурсан, хууль бусаар гадаад ярианы үйлчилгээ үзүүлдэг гэх мэтээр сөрөг мэдээллүүд ч хэвлэл мэдээллээр гардаг. Энэ талаар сонирхож тус компаний захирал Д.Басбиштэй ярилцлаа.
-Үүрэн холбооны зах зээл хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тэр хэрээрээ ихээхэн ашигтай салбар мэт харагддаг. Танай компаний тухай, энэ ширүүн өрсөлдөөнд баримталж буй бодлогын талаар яриагаа эхлэх үү?
-Ашигтай гэдгийн хувьд хаана гэдгээс их шалтгаална. Алслагдсан суурин газрын хувьд хэрэглэгч цөөн болохоор хэрэглээ бага, үйл ажиллагааны тогтмол зардал хэт өндөр зэргээс огт ашиггүй, хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, харин ч алдагдалтай бизнес юм. Иймд Монгол улсын засгийн газар 2006 онд алслагдсан сум суурин газрыг холбоожуулах тендер зарлаж манай компани үүсгэн байгуулагдсан юм. Бид мэргэжлийн чадварлаг залуучуудын нөр их хөдөлмөрөөр асар богино хугацаанд эх орныхоо хамгийн өргөн орон зайг эзэлсэн үүрэн холбооны сүлжээг ашиглалтанд оруулж чадсан юм. Манай сүлжээний технологийн давуу тал нь интернэтийн үйлчилгээг сүлжээ хүрсэн бүх газартаа хүргэсэн. Цаг агаар, ханш, зар сурталчилгаа гэх мэт шаардлагатай бүх мэдээллээ авах, дэлхийн мэдээллийн санд нэвтэрч гадаад ертөнцөөр аялах боломжийг газар нутаг, хол ойроос үл хамааран бүх хэрэглэгчдэдээ олгосон явдал.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн банк болон МУ-ын Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт хийж үүрэн холбоо очоогүй бүх сумдыг 4 оператор маань холбоожуулсан нь энэ салбарт хийсэн томоохон дэвшил юм. Харин манай ашиглаж буй радио долгионы хүчин чадал, технологийн онцлогоос болоод хамгийн алсдаа 70-80 км-ын тойрогт сүлжээ маань хүрдэг давуу талтай тул манай сүлжээ ороогүй бараг бүх сум суурин газрын иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас хүсэлт их ирдэг. Гэвч энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацааны асуудал тул бид ойрын 3 жилдээ багтааж Монгол Улсынхаа бүх сум суурин газарт сүлжээгээ хүргэх зорилт тавин ажиллаж байна.
-Танай хөрөнгө оруулагчдын талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу
-Хардлага, эсвэл санаатайгаар ч юмуу сөрөг мэдээлэл байнга гардагт эмзэглэх зүйл алга. Манай компани өөр өөрийн салбартаа тэргүүлэгч “Жем Интернэйшнл” ХХК болон “Магнай Трэйд” ХХКомпаний 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай компани.
-Танай үйлчилгээнүүдийн онцлог, үнэ тарифын талаар мэдээлэл өгөөч?
-Манай компани олон үйлчилгээгээрээ анхдагч болж чадсан. Дунд болон түүнээс доош орлоготой хэрэглэгчдийн хувьд ярианы эрхийн хугацаа дуусчихдаг том зовлон байсан. Сунгахгүй бол бүр гаднаас дуудлага авах эрх нь хаагдана. Иймд бид Жи-30 үйлчилгээний урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийгээ нэгжээр цэнэглэх бүрт тухайн өдрөөс эхлэн 365 хоног ярих эрхтэй болгосон нь хугацааны хязгааргүй нөхцлийг бүрдүүлсэн мөн маш бага суурь хураамжтайгаар сүлжээндээ хязгааргүй ярих үйлчилгээг монголд анх удаа нэвтрүүллээ. Энэ маань урьдчилсан төлбөрт Жи-10, дараа төлбөрт Жи-1 үйлчилгээ юм. Өнгөрсөн оны мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын үзэсгэлэнгээс Жи-10 үйлчилгээ маань “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг үйлчилгээ” гэрчилгээ авсан.
Түүнчлэн монголдоо анх удаа Жи-Интернэтфон үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь дэлхийн аль ч цэгээс интернэтээр дамжин дотоодын тарифаар ярих боломжийг бүх хэрэглэгчдэд олгосон. Үүнийг хууль зөрчсөн, олон улсын ярианы үнийг унагасан, олон улсын ярианы үйлчилгээ үзүүлэгч компаниудын орлогыг бууруулсан, энэ зах зээлд давамгайлал нөлөөлөл үзүүллээ гэх мэтээр бусад операторууд болон ХХЗХорооноос их шүүмжилж, манай зарим дугаарлалтыг хаасан. Миний бодлоор, нэгдүгээрт: интернэтээр хийгдэж байгаа яриаг стандартын хувьд олон улсын яриа гэж үзэх тодорхой үндэслэл байхгүй. Ийм төрлийн үйлчилгээг гадаадад огт хориглодоггүй.
хоёрдугаарт: Энэ үйлчилгээний хэрэглэгчид зөвхөн гадаадад сурч, амьдарч байгаа монгол хэрэглэгчид бус монголоос ч тэдэнтэй харьцаж байгаа олон мянган иргэд хэрэглэгчид байгаа. Тэдэнд заавал өндөр үнээр ярихыг тулгах нь төрийн бодлого мөн эсэх.
гуравдугаарт: Бид хэний ч эрхийг хөндөөгүй. Ийм үйлчилгээ гаргасан нь монгол улсын иргэдэд ашигтай, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ болсон. Өөрөөр хэлбэл хохирсон этгээд байхгүй хэн ч биднээс төлбөр нэхээгүй.
-Танай хэрэглэгчид МЦХ уруу ТЭГ төгрөгөөр ярих боломжтой үйлчилгээ нь хууль зөрчсөн учир хаасан гэж тайлбарладаг?
-Энд харилцан холболтын үнэ гэдэг ойлголтыг жаахан тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж холбооны үйлчилгээ үзүүлэгч операторууд бие биеэнтэйгээ холбогдож хэрэглэгчдээ холбох ёстой. Үүнд зарцуулагдаж байгаа өртөгийг хэрхэн тооцох, яаж эх үүсвэрээ олох ёстой юм бэ гэх мэт олон асуудал зохицуулагдаагүй, мөрдөж буй журам заавар нь ч тодорхой биш байсан. Харин бид хэрэглэгчдийн нуруун дээрх нэмэлт өртөгийг бууруулах зорилгоор тухайн үед харилцан холболтоор манайд төлбөр төлдөг байсан Төрийн холбоо, МЦХ, Төмөр зам, Нисэхийн холбоонд дээрх төлбөрийг тэглэх санал тавьж, улмаар МЦХ-компанитай гэрээ байгуулсаны дагуу ЖИ-10, ЖИ-1 үйлчилгээний хэрэглэгчид суурин сүлжээд рүү тэг төгрөгөөр ярих болсон юм. Манай энэ үйлчилгээг хууль зөрчсөн мэт ойлголтыг хэвлэл мэдээллээр цацаж, үүрэн холбооны бусад 3 оператор маань сүлжээгээ хүртэл тасалж байсныг бүгд мэднэ. Тухайн үед биднийг дэмжиж байсан бүх хүнд болон хамт олонд энэ завшааныг ашиглан талархалаа илэрхийлж байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо асуудлыг судалж үзээд өнгөрсөн оны эцсээр 61 тоот тогтоол гаргасан ба харилцан холболтын үнийг компаниуд тохиролцож бус тодорхой үнэтэй байхаар хатуу тогтоосон тул цаашид дээрх үнийг мөрдөх боломжгүй болсон. Энэхүү тогтоол оператор компаниудын хоорондох харилцан холболтыг зохицуулах талаар дэвшилттэй зүйл нилээд агуулсан ч хэрэглэгчдэд ашигтай байх талаар төгс хувилбар болж чадахгүй байна.
Хэрэглэгчдийн нуруун дээрх өртөгийг багасгах, бодит бус өртөгийг арилгахын төлөө манай компаний явуулж буй бодлогыг ойлгож МЦХ-компани руу тэг төгрөгөөр ярихыг зогсоосныг нааштайгаар хүлээн авсан нийт хэрэглэгчдэдээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Манай хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь төрийн албан хаагчид байдаг, тэдний холбооны зардлыг багасгах нь бидний бас нэг эрмэлзэл. Иймд Төрийн холбоо, Төмөр замын холбоо руу ярих тарифийг тэг төгрөг хэвээр нь үргэлжлүүлэх бодлоготой байгаа. Төрийн болон Төмөр замын албан хаагчдын хувьд маш таатай энэ нөхцлийг тухайн холбооны удирдлагууд дэмжихгүй бол, мөн ХХЗХороо зөвшөөрөхгүй тохиолдолд харилцан холболтын үнийг тогтоож бусдын жишиг үнээр ярихаас аргагүйд хүрнэ.
-Сүүлийн асуултыг Танд үлдээе.
-Манай компани төрийн бодлогын дагуу бий болсон. Тэр ч утгаараа хийхээр төлөвлөсөн зүйл их байна. Ойрын хугацаанд хөдөлгөөнт телевизийн үйлчилгээгээ нэвтрүүлнэ. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын станцуудаа нэмэх, ачаалал их зарим станцынхаа өргөтгөлийн ажлаа нэн даруй дуусгахаар шамдан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу эх орныхоо өргөн уудам нутгийг бүрэн хамарсан интернэт үйлчилгээний сүлжээ бий болгох зорилгоор сүлжээнийхээ хамрах хүрээг алслагдсан нутгуудад өргөжүүлнэ. Дээр хэлсэнчлэн харилцаа холбооны салбар маань асар их хөрөнгө оруулалт шаардагддаг болохоор тодорхой цаг, хугацаа бидэнд хэрэгтэй байна, мөн хүндрэлтэй асуудлууд ч их байна.
-Баярлалаа, Та бүхний ажилд амжилт хүсье.