by Khosoo » Sun Feb 28, 2010 3:42 am
Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Чехийн Прага хотноо, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Польшийн Варшав хотноо өнөөдөр эхэллээ. Прагад 39 улсын 329 жүдока зодоглож буй нь тэмцээний цар хүрээ хэр том болохыг мэдрүүлж буй биз ээ. Харин Варшавт 30 улсын 193 бүсгүй хүч үзэж байна.
Өнөөдөр манай М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзэж эхний даваандаа Беларусын Дарья Скрипникийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Францын Елена Бенард юко үнэлгээгээр ялагджээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд дэлхийн цомоос алт, хүрэл медаль аваад буй Д.Төмөрхүлэг зодоглоогүй бол Г.Болдбаатар барилдлаа. Эхний тойрогт хийлсэн Г.Болдбаатар хоёрын даваанд Украйны Олексей Полтавцевийг вазари үнэлгээгээр ялсан ч Унгарын Ласло Буржанд торгуулиар ялагджээ.
Харин 66 кг-ийн жинд манай хоёр лидер зодоглосонгүй. Тэд жин өгсөж 73 кг-д хүч үзсэн. 66 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгч манай хоёрыг байхгүйд Армений Армен Назарян аваргаллаа. Тэр дэлхийн цомоос гурав дахь алтан медалиа хүртэж буй нь энэ. 22 насандаа анх аваргалж байсан тэр одоо 27 настай. Арменчууд түүхэндээ нийт 6 алтан медалийг дэлхийн цомын тэмцээнээс хүртэж байжээ.
Харин 73 кг-ийн жинд манай шилдэг гурван бөх барилдлаа. Гран-прин аварга Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Мастеруудын аварга С.Мияарагчаа хүч үзсэн. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Молдавын бөх Виталий Шаулюктай хүч үзлээ. Манай аварга эхлээд юко үнэлгээ авч, өрсөлдөгчөө торгуулсан ч 3:33д цэвэр ялагджээ.
С.Ням-Очир эхлээд Унгарын бөхийг юко үнэлгээгээр, дараа нь Бельгийг мөн юко үнэлгээгээр ялж хэсгийн хагас шигшээд Оросын бөхтэй ширүүн өрсөлдөж ялалт байгууллаа. Манай бөх эхлээд вазари үнэлгээ авсан ч 3 торгуулж вазари үнэлгээ алдсан байна. Харин юко үнэлгээ илүү байсан тул ялалт авчээ. Хэсгийн аваргын төлөө Лорен Месегтэй барилдаж эхлээд вазари үнэлгээ авч удалгүй цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо.
Харин С хэсэгт орсон С.Мияарагчаа Австрийн Марсел Оттыг 53 секундэд цэвэр, Унгарын Аттила Унгвариг цэвэр, Чехийн Ири Ванекийг 30 секундэд цэвэр ялж хэсгийн аваргын төлөө Португалийн бөх Андре Алвестай барилдаж мөн л 34 секундэд цэвэр ялжээ. Ийнхүү манай хоёр бөх хэсгийн аварга болон хагас шигшээд хоорондоо таарсан. С.Мияарагчаа хэсгийн 4 барилдаанд ердөө 118 секунд зарцуулав.
Хэсгийн аваргын төлөө манай хоёр бөх тэнцүүхэн хүч үзэж вазари үнэлгээгээр С.Мияарагчаа ялан аваргын төлөө шалгарч, С.Ням-Очир хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө С.Ням-Очир Эстоний Кунтер Ротбергтэй барилдаж цэвэр ялагдсанаар шагналт байр эзэллээ. Харин аваргын төлөө С.Мияарагчаа Солонгосын Бан Гуй Мантай барилдсан. Бан Гуй Ман нь дэлхийн цомын 3 удаагийн, Ази тивийн хошой аварга бөх юм. Тэр тусмаа Улаанбаатарт болсон Чингис Хаан дэлхийн цомын тэмцээнд түрүүлж байсан билээ. Манай тамирчин энэ бөхөд ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.
Өнөөдөр тодорсон зургаан аварга зургуул өөр улсын тамирчид байгаа нь жүдогийн даяарчлалыг харуулж байна. Эмэгтэйчүүдэд Турк, Бельги, Румыний жүдочид түрүүлсэн бол эрчүүдэд Итали, Армен, Солонгосын бөхчүүд алтан медаль хүртжээ.
Европын дайлаар мордсон манай бөхчүүд одоогоор дэлхийн цомын тэмцээнүүдээс нийт гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 8 медаль хүртээд байгаа билээ. Маргааш энэ тоо нэмэгдэх нь дамжиггүй.
Маргааш эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар Польшийн бөхтэй, 90 кг-д Д.Нямхүү Оросын бөх Мурат Газиевтэй, -100 кг-ийн жинд Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казахстан, Румыний ялсантай нь, олимпийн аварга Н.Түвшинбаяр Оросын Ашхаб Костоевтой, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд Канадын Эми Коттонтой барилдах оноолт тус тус гарчээ.
~~~Citius, Altius, Fortius