http://sportnews.mnБундэслига 2009Хэрэв энэ жил болсон Энкэгийн аймшигт түүхийг бодоод үзвэл нэг их олон юм хэлмээргүй ч юм шиг. Таагүй зүйл болсны дараа германчууд дандаа Das Leben geht weiter гэж хэлдэг. Тийм л дээ. Амьдрал урсах л болно. Гэхдээ энэ удаад түүний эмгэнэлт хэрэг дэндүү харамсмаар байсан тул ингэж хэлэх нь хэтэрхий бүдүүлэг хэрэг болох байх. 2009 оны бүх үйл явдлыг энэ хэрэг цар хүрээгээрээ хумин дарах билээ. Гэхдээ нэгэнт өнгөрч буй оны тухай дурсан бичих ёстойгоос хойш бичье дээ. Уг нь бол маш их бүр дэндүү их сонин содон үйл явдлаар дүүрэн жил байлаа.
Фольксвагены нутгийнхан аваргалав.
Чононуудын жил байлаа. Он эхэлж байхад тэд ид галзуурч байсан шинэ цэргүүдээс 9 онооны хойно 9-р байранд бичигдэж байлаа. Өвлийн паузаар дасгалжуулагч Магат тэдэнд ганц зөв хоол болох түүхий махыг нь өгсөн бололтой. Улангассан тэд хаврын лигт таарсан бүхнээ зажлахгүй залгисаар эцэст нь аваргалсан. Тэр дундаа алдарт Байерныг хүртэл 5-1-ээр хожиж, түмний тохуу болгосон. 4 сарын 4-нд болсон энэ тоглолтод Графитэ 2009 оны ФИФА-ын шилдэг гоолын 3-т бичигдсэн түүхт гоолоо хийсэн билээ. үзэх
Энэ гоолыг олон хүн лигийн бүх үеийн шилдэг гоолонд гарцаагүй тооцогддог Жэй Жэй Окочагийн гоолтой зүйрлэдэг. Тээр жил тэрээр Кайзерслаутернд байхдаа Кааны хаалганд нэгэн тансаг гоолыг хийсэн юм. Энэ 2 гоол аль аль нь рекорд аварга Байернтай холбогддог нь сонин л тохиолдол.
Вольсбург лигийн 2-р хагаст авч болох 51 онооноос 43-ыг нь авч чадсанаар түүхэндээ анх удаа лигийн аварга болж чадсан юм. Довтолгооны хослол дуо тус бүрдээ 20 гаргаад гоолдсон нь лигийн түүхэнд урьд хожид харагдаагүй явдал байлаа. Графитэ мэргэн бууч болсон бол Жекод нэг л гоол дутсан юм. Энэ улиралд харин тэд нэг л өөдлөхгүй явна. Удаан хугацаанд бэртсэн Графитэ формоо олж чадахгүй байгаагийн дээр Заккардогоо нутаг буцааж, Барцальитай гайхалтай хосолсон Симунекээ бараг тоглуулахгүй байгаа нь тэдний темпийг биш болгоод байна.
Клиннсманны түр зуурын дурлал хийгээд Юппын хоромхон үдлэлт ба Генералын буулт
Лигийн хамгийн том баг хамгийн их анхаарлын төвд байдаг. Тэнд хөдөлсөн жижиг чулуу бүхэн маш их чимээтэй. Германы шигшээг дэлхийн аваргаар гайхалтай удирдсан Клинси хэсэг хугацаанд нарлаг Калифорнидаа амьдарч байгаад нэг л өдөр гэнэтхэн Мюнхенд газардсан билээ. Энэ бол 2008 оны 8 сар. Шинэ улирал гэвч түүний хувьд бараан дурсамжаар дүүрэн байлаа. Эцэст нь Барселонд тоосоо гөвүүлсний дараа тэр ажлаа алдав. Оронд нь мюнхенчүүдийн нэгэн цагийн дурлал Юпп Хайнкес ирлээ. Тэр харин боломжгүй мэт байсан аваргуудын лигийн эрхийг хуучин багтаа авч өгсөн юм. Улирлын дараа гэрээ ёсоор тэр нуруугаа цааш харуулах үед түүнийг залгамжлагч нь нэгэнт ил болов. Энэ бол Аяксыг Аваргуудын лигт түрүүлүүлж, Барселоныг удирдаж байсан, хөлбөмбөгийн ертөнцөд тодорхой нэр нөлөөтэй нэгэн эрхэм байлаа. Түүнийг Луис фон Хааль гэдэг.
Тэрээр ирэнгүүтээ л их өөрчлөлтийг хийж эхэлсэн. Дараа дараагийн саруудад гэвч энэ бүхэн нь Клинсиг хүчтэй санагдуулж эхлэв. Нөгөө л бүтэлгүй туршилтууд, нөгөө л таагүй үр дүн, мөнөөх л тааламжгүй багийн уур амьсгал хэвээрээ. Робберигийн бэртэл ч үүнд том нөлөө үзүүлсэн. Гэхдээ Генерал цагийн эргэлтийг тойрч чадлаа. Боломжгүй мэт байсан Аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдэж чадсанаас гадна оны сүүл рүү лигтээ таарсан болгоноо машиндсаар өвлийн пауз болоход 3-р байр луу хүч түрэн орж ирсэн. Яг ид галзуураад ирэх үед нь лиг завсарласан нь өрсөлдөгчдийнх нь хувьд аз гэлтэй.
Оны сүүлээр олон жил менежер хийсэн Ули Хөнэсс домогт Кайзерын халааг авч, Бэкэнбауэр хүндэт ерөнхийлөгч болсон нь энэ багийн хувьд нэгэн том үйл явдал болсон. Мөн лигийн рекорд болсон наймааг хийсэн, маш олон хүн ирснээс идээшиж байгаа нь ховор. Ерөнхийд нь дүгнэхэд энэ он тэдний хувьд тун тааруу болсон. Гэхдээ төгсгөлийг сайн хийж чадсаан.
Оны хал цэрэг
Лэманн гэж үү? Байж болох л юм. Бэлтгэлдээ нисдэг тэргээр ирж, тоглолтын үеэр “морь харж”, хожиж явсан багаа тоглолт дуусч байхад айлын тоглогчийг өшиглөөд пеналт болон улаан хуудас аван хөөдсөн гээд л энэ жил түүний хувьд тун чиг дуулиантайхан жил байлаа.
Гэхдээ үгүй ээ. Миний хувьд бол Оны хал цэргээр эргэлзэлгүй Сами Хүүпиаг нэрлэх байна. Тайван гэгч энэ эрийн талбай дахь хамгаалалтын армиа удирдсан жолоодлого нь намрын аваргуудын амжилтын нэгэн том хөрс билээ. Чухам тэр л каталоны нутаг руугаа шилэрсэн Энрикэ жаалхүүгийн орхисон орон зайг 300 хувь давуулан бөглөсөн юм. Тэр мөн арын бүс ч гэлтгүй багийнхаа бүх хэсгийг олон жилийн дарь үнэртсэн цамцаа толгой дээрээ эргүүлэн уулын оргил руу даллаж байдаг юм.
Хүүпиатай хүчтэй өрсөлдөх нэг хүн байсан нь харин Зе Роберто. Баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байх үед тэд лигийг өнгөлж байлаа. Ээлж дараагаараа жагсаалаас гараад ирэхэд тэр л ачааны хүндийг нуруундаа үүрч эхэлсэн юм. Тэгж байтал өөрөө гэмтчихэв. Ингээд л Хамбург уруудаж эхэлсэн дээ. Магадгүй тэр бүрэн тоглосон бол Хүүпиагийн өмнө зогсох байсан байх.
Оны дасгалжуулагч
Эргэлзээ үгүйгээр халимаг цуст эрхмийг нэрлэх байна. Тэр л чононуудыг аварга болгож чадсан. Одоо үр шимийг нь Европын тавцанд үзэх болов уу гэтэл тэрээр баруун зүг хүлгийн жолоо залж одсон. Дээд зэргээр хямралд ороод байсан Шалькег тэр балчигнаас нь асар хурдан хугацаанд татаж гаргав. Ноднин бүтэлгүйтэж байсан баг мөн үү гэхээр л харагдаж байгаа. Яахав, учиргүй харууштай комбинацаар довтлоод л гоолдоод байхгүй байгаа л даа. Гэхдээ тиймгайст гэдэг зүйлээр өвч бүрэн зэвсэглэчихээд байгаа. Үүнийхээ л хүчээр тэд намрын лигийн дэд аварга болсон. Дасгалжуулагчийн ур ухаан ямар их хол явдгийг тэр үнэхээр харуулж байгаа.
Өмнөх улирал бараг харагдахгүй байсан Курани Фарфан нар энэ жил хэрхэн өөрчлөгдсөнийг бүгд харж буй. Мөн түүний нэгэн онцлог нь доороос маш олон залуусыг нээж илрүүлээд байгаа. Ганцхан жишээ авахад л алдарт Байерныг талбайд нь 18 настай Матип хүү лигийн дебютдээ хэрхэн шоконд оруулснаар хэлж болно. Гайхалтай дасгалжуулагч.
Оны эргэн ирэлт
Байернтай хэсэгт энэ тухай хальт дурьдсан. Гэхдээ энд түүний тухай онцолж хэлэхийг хүсч байна. Юпп Хайнкесыг тухайн үед Байерныг удирдах юм гэж хэн ч санаагүй. Тэр үед Байерн Мюнхен үнэхээр тамын тогоонд буцалж байлаа. Лигтээ ирээдүйн аваргуудад элэглүүлж, Европт Барселоноор хичээл заалгаж байсан үе. Ирэх жилд нь дахиад л УЕФА-ын цом дээр буух нь дээ гэж байхад тэр ирээд бүхнийг өөрчилж чадсан юм. Хуучин бууны хугархай гэсэндээ олон жил олон газар ажилласан дасгалжуулагчийн ур ухаанаа ашигласаар тэднийг Аваргуудын лигт оруулуулж өгсөн билээ. Өнөөдөр Байерн Аваргуудын лигээс өч төчнөөн мөнгө “сааж” байгаагийн үндэс нь тэр үеийн түүний зүтгэлтэй салшгүй холбоотой.
Улирлын дараа Байерн түүнийг үлдээгээгүй ч Байер түүнийг урьсан юм. Лэвэркузеныг намрын лигт түрүүлнэ гэж бодсон хүн бараг байхгүй. Ганц гол довтлогч Хэлмес нь гэмтчихсэнийг ч хэлэх үү. Гэтэл Юппын тактикт Кийслинг хэмээх буржгар шар залуу яв цав таарч, тэр өнөөдөр лигийн мэргэн буучдыг өнгөлж явна. Юпп ирэнгүүтээ багийнхаа эд деталь бүрд задлан хийсний дүнд манант газраас Хүүпиаг ацарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болсон. Магат байгаагүй бол түүнийг оны дасгалжуулагчаар гарцаагүй нэрлэх байлаа.
Оны шинэ цэрэг
Тони гэж хэн бэ? Клозэ гэж хэн бэ? Аль аль нь л мундаг довтлогч. Хэн нь ч гэсэн ямар ч том багт төвөггүй идээших чадвартай. Гэтэл нэг жаалхүү ирээд хоёуланг нь жийчихдэг юм байна аа. Багт 2 дахь “Үндэсний бөмбөгдөгч” төрсөн үү гэлтэй. Герд Мюллераас ялгаатай нь Томас Мюллер арай арын байрлалд тоглодог. 17 тоглохдоо 5 гоол, 5 дамжуулалт хийчихээд байгаа түүний ирээдүйг маш сайхан зам хүлээж байгаа. Гагцхүү тэр өөрөө л хичээх хэрэгтэй. Роббери эргээд ирэхэд түүний байр суурь ганхаж магадгүй. Гэхдээ тэр олон талт тоглолтынхоо хүчээр өдрөөр өсч буй жаал гэдгээ хэдийнэ харуулчихаад байгаа.
Энэ номинацад дахиад нэг хүнийг оруулмаар байна. Мөн л Байернаас. Лусио бол өнгөрсөн түүх. Одоо цаг гэвэл Бадштуберыг нэрлэнэ. Зүүн хөлт энэ залуу түүний хоосон орхисон зайг мартагнуулж байгаа. Тэр ч байтугай бөөн хүлээлт дагуулж ирсэн Пранич Браафхайд нар бүтэлгүйтэх үед зүүн арыг дааж авдаг. Хамгаалагч хүн гэхэд хаалттай цохилтыг тансаг хийдэг, тэр ч байтугай Швайнигаас буланг булааж аваад удаж байгаа. Хар зар дээр түүний үнэ өдөр ирэх тусам улам л өссөөр.
Уучлаарай, бас нэг хүнийг яг мартах гэж байна. Элиа, Элиа. Холландын У21-ээс ирсэн энэ залуу Хамбургын төдийгүй лигийн нэгэн эрдэнэ болоод байгаа. Түүний гайхалтай хууралтууд, оролтууд, пассуудыг хараад хараад ханашгүй. Хамбургын ачааны хүндийг намраас хойш үүрсээр байгаад таарсан. Ялангуяа олон хүн бэртээд эхлэхэд тэр урд хэсгийг, Зе Роберто ард хэсгийг командалсаар их хол явсан. Энэ залуу тун удахгүй нэг том багт очно гэхэд эргэлзэх хэрэггүй. Шигшээдээ ч гэсэн Роббеныг жийх цаг тун холгүй.
Оны шилдэг тоглогч
Эдин Жеко л авах ёстой. Өөр хэн ч биш. Хэдий мэргэн бууч болж чадаагүй ч бараг адилхан гоол хийсэн. Графитэд түүний хүчээр оруулсан гоол маш их. Жеко бүтэн жилжингээ маш их дамжуулалт хийсэн. Шинэ улирал эхлээд аваргууд мяарч байхад тэр л багаа дээсэн дөрөөн дээр авч яваа. Шилдэг триогийн нөгөө 2 нь бэртлээс салахгүй байхад түүнийг бурхан ивээж буй. Түүнийг авахаар олон том баг өрсөлдөж байгаа. Ямар ч нөхцлөөс яаж ийгээд гоолдоод байдаг тэр өөрийн эрхгүй van the man-ыг санагдуулаад байдаг юм. Боснигоо дэлхийн аваргад оруулж чадаагүй нь л их харамсмаар. Бундэслигийн фэнүүд түүнийг дэлхий нийтэд өөрийгөө таниулаасай гэж маш их хүсч байсан. Гэхдээ тэр дөнгөж 23-хан настай гэхээр дараагийн удаад боломж бас байна аа.
Намрын лигийн шилдэг тоглогч
Бодох юмгүй Мэсут Өзил гэж хэлмээр байна. Диегог бүрмөсөн мартуулаад байгаа залуу. 15 тоглохдоо 6 гоол, 10 гоол хийж 16 оноо аваад байгаа нь Кийслингтэй адилхан. Шигшээдээ хийсэн хэдэн тоглолтуудыг нь харахад л нэлээн олон жил Германы шигшээд харагдаагүй тоглогч гэдэг нь шууд л мэдэгдсэн. Тэр жинхэнэ 10 номерын эзэн болж чадна.
Оны бүтэлгүй эр
Энд бол харин Лэманныг хэлнэ. Бөөн зардал гарган барин жирийн нэгэн бэлтгэлдээ очих хэрэг юу ч байна. Дэлхий даяар аваргуудын лиг үзэж байхад хаалгач хүн байж хаалгаа орхиод талбайн захад давсгаа суллаж зогсоно гэдэг санаанд багтмааргүй. Багийнхаа эсрэг дандаа эсэргүүцсэн мэдэгдэл хийнэ. Тэрийгээ батлах гэж байгаа мэт санаатай бүдүүлэг алдаанууд тоглолтын үеэр гаргана. Уг нь бол өдий насан дээр өдий туршлага ба чадвартай хүн хүнд байдалд байгаа багаа уриалан дуудаж баймаар. Гэтэл тэр эсрэгээрээ ажиллах юм.
Оны зодог тайлалт, хошигновол зугталт
Дахиад л нэг Байерны сэдэв хөндөх нь дээ. Ули Хөнэссыг Байернд менежерээр ирэхэд багийн данс улайж байсан гэдэг. Өнөөдрийн түрийвчний зузаан түүнтэй салшгүй холбоотой. Одоо тэр багийн дотоод хэрэгт хамаагүй оролцохгүй ерөнхийлөгчийн хэсэгт очлоо. Харин орондоо Нерлингер хэмээх ногооноороо эрийг тавьлаа. Өөрийн эрхгүй Кааныг Рэнсинг орлож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Юу болохыг харж л байя.
Энэ ангилалд гэхдээ түүнтэй нэг нөхөр хүчтэй өрсөлдсөн. Өөрсдийгөө Европын хамгийн том спортын сэтгүүл гэж цээжээ дэлддэг Спортбилд сэтгүүлийн тоймчоор 6 жил ажилласны эцэст Лотар Маттеус ажлаа өглөө. Одоо түүнд долоо хоног бүр тойм бичих гэж цаг заваа гарздан суух шаардлага үгүй болов. Харин одоо юу хийх вэ? Цаг хугацаа харуулнам буй заа.
Оны бүтэлгүйтэл
Хэртагийн хаалгач Саша Бурхерт Хамбургын эсрэг сэлгээгээр гарч ирээд 2 минутын дотор 2 дараалж паакталсныг тухайн үед үзээд өнхөрч унатлаа инээж байж билээ. үзэх
Оны тоглолт
Гал гарсан галзуу тоглолт зөндөө болдог. Гэхдээ ийм тоглолт зөвхөн ганц л болно.
Ханноверын Хаггуй нээлтийн гоолыг хийлээ. 4-3-аас тэнцүүлэх гээд Ханновер эрчимтэй үзэж байхад Хаггуй дахиад гоолдлоо. Гэхдээ Гладбах хожлоо. Юу гэнэ ээ? Ойлгоход бэрх тоглолтыг энэ видеоноос үзээрэй. 4 за даа бараг 5 гоол хаалгандаа хийдэг тоглолт хүн амьдралдаа нэг л удаа үзэх биз ээ. үзэх
Оны татал үг
Энд хэд хэдэн хувилбар байгаа. Алийг нь нэгт оруулахаа уншигч та өөрөө мэднэ биз ээ.
Бороо бурхнаас ирдэг. Тиймээс нөү проблем.(Гладбахын бразил тоглогч Дантэ Германд байнга ордог бороо өөрт нь хэр саад болж байгаа тухайд)
Бид нар 2 дахь тойрогт Байернаас авсан зайгаа хадгалж чадлаа.(Майнцын менежер Хайдел Ханновертай тэнцсэний 1-1-ээр дараа)
Хойноос нь(Хоффэнхаймын хаалгач Хилдебранд Ханноверын эсрэг ялалтыг хэрхэн үзсэн(дүгнэсэн) талаар асуухад)
Луис бол мэргэжлийн хүн. Багш. Хөлбөмбөгийн багш. Яг Клиннсманны эсрэг хүн.(Бэкэнбауэр фон Хаалийн талаар)
За ингээд дараа дараагийн өдрүүдэд бусад лигүүдийн дурсамж орно. Аль болох өөр хэв маягуудаар бичихийг хичээх болно оо.