Шаби Алонсо: “Реал Мадрид”-ын нэгээхэн хэсэг нь байхыг хүссэнДэлхий дээрх хамгийн хүчирхэг хөл бөмбөгийн багийг бий болгохоор эрэлд гарах үедээ Испанийн эззн хааны “Реал Мадрид”клубын ерөнхийлөгч Флорентино Перез өнгөрсөн зуны туршид хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ цуурайтуулсан шилдэг тоглогчтой холбогдож, хэдэн саяар нь хөрөнгө амлаж байсан билээ. Харин үр дүнд нь ноён Перез 94 сая еврогоор Криштиан Рональдуг, 68,5 саяар Какаг, Карим Бенземад 35 сая евро төлж багтаа авч чадсан юм. Гэтэл өнгөрсөн зуны наймаа дотроос магадгүй түүний хувьд хамгийн ашигтай бизнес нь Шаби Алонсо байсан аж. 35 сая еврогоор “Сантьяго Бернабеу”клубт очсон тэрбээр багийнхаа шинэ гишүүдийн адилаар шуугиан тариагүй ч “Оддын баг”-ийг бүрдүүлэх бас нэгэн чухал оньс байв.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Алонсо “World Sport” сзтгүүлд ярилцлага өгчээ.
-”Реал”-ын тухай ярихаас өмнө нэг зүйлийн талаар асууя гэж бодлоо. Ливерпуль”-ийг орхисондоо харамсч байна уу?-Үгүй ээ. Би нутагтаа эргэж ирсэндээ баяртай байгаа. Бүх зүйл сайн байна. Би “Ливерпуль”-д гайхамшигтай таван жилийг өнгөрүүлсэн. Гэхдээ ямар ч хөлбөмбөгчийн хувьд нэг клубт хэсэг хугацаанд байсны эцэст орчноо өөрчлөх нь байдаг л зүйл. Тийм ч учраас би энд ирсэндээ баяртай байна.
-Та “Ливерпуль”-ийг цаг хугацаа, нөхцэл байдлын хувьд зөв үедээ орхисон гэж бодож байна уу?-Тэгж л бодож байна. Клубын зарим гишүүд, бас шүтэн бишрэгчид миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хүсэл сонирхлыг ойлгоогүй байжболохл юм. Гэхдээ миний бодлоор би “Ливерпуль”-ийн төлөө хийж чадах бүхнээ хийсэн, зориулсан. Анх 2004 онд “Ливерпуль”-д ирэхэд ямар дүр зурагтай байсан, түүнээс илүү сайн нөхцөлд орхисон гэж бодож байгаа.
-”Ливерпуль”-ийн дасгалжуулагч Рафаель Бенитез та хоёрыг муу харилцаатай байсан гэсэн цуурхал гарсан. Үнэхээр үнэн гэж үү?-Үгүй дээ. Би тиймэрхүү яриа, цуурхлыг хангалттай сонсч, уншсан. Бидний хэн хэн нь нэгнийгээ хүндэлдэг, үргэлж л тийм байсаар ирсэн. Намайг явахын өмнө бид хоёр маш сайн ярилцаж, нэг нэгнийгээ сайн ойлголцсон. Би үргэлж Рафаг хүндэлж, биширдэг байсан, тийм ч байх болно. Рафа бол гайхалтай чадварлаг дасгалжуулагч. Хувь хүний хувьд ч гэсэн. Багийн менежмент гэдгийг сайн ойлгодог, тоглогчдыг хэрхэн зоригжуулахаа мэддэг. Бид одоо ч гэсэн дотно, сайн харилцаатай байгаа. Шинэ талбарт хүч сорих гэсэн миний хүсэл мөрөөдөл, шийдвэрийг Рафа хүндэтгэж байгаа гэж бодож байна.
-Өнгөрсөн зун Бенитез таныг “Ювентус”-т зарахыг оролдсон. Энэ таныг “Ливерпуль”-ээс явахад нөлөөлсөн үү?-Тийм гэж болно. Гэхдээ цорын ганц шалтгаан биш л дээ. Надад шинэчлзл хэрэгтэй байсан, шинэ багт хүчин зүтгэж, шинэ зүйлийг мэдрэхийг хүссэн юм. “Реал Мадрид”-ын цоо шинэ төлөвлөгөөний тухай анх сонсоод түүний нэгээхэн хэсэг нь байхыгхүссэн. Үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Энэ багийн бүрэлдхүүнд багтсан тоглогчдын нэрсийг харахад урьдаас төлөвлөж, тооцоолсон гэдэг нь шууд л харагдана. Нэг багт ийм олон шилдэг тоглогч байна гэдгийг сонсоод бодит бус юм шиг санагдаж байсан шүү.
-Довтлох чиглэлийн супер оддыг эс тооцвол та “Реал”-ыг тэнцвэртэй байлгахад чухал үүрэгтэй гол тоглогчдын нэг. Энэ нь танд ямар нэг байдлаар дарамт учруулж байна уу?-Үгүй ээ. Харин ч бусад хүмүүс надад итгэл хүлээлгэж, намайг хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байгаа нь сайхан хэрэг. Тийм болохоор би багийн дасгалжуулагч болон ерөнхийлөгчид намайг сонгосон нь алдаа биш гэдгийг батлахаар хичээж байгаа.
-Та “Реал Сосьедад”-д тоглож байгаад 2004 онд “Реал Мадрид”-д ирэх боломжтой байсан шүү дээ. Тухайн үед яагаад “Ливерпуль”-ийг сонгосон юм бэ?- Надад “Реал Мадрид”-д очих завшаан байсан л даа. Гэхдээ “Ливерпуль”-ийг сонгосны дараа л энэ асуудал нухацтай яригдаж эхэлсэн. Гэхдээ би “Ливерпуль”-д очсондоо хэзээ ч харамсдаггүй. Тэндээс олон зүйлийг сурч, хөлбөмбөгчийн хувьд өсч дэвжиж, өөр улсын ёс заншил, соёлтой танилцсан. Өөр орны лиг, хөл бөмбвгийн болоод амьдралын хэв маяг, хэл соёл гээд л. Хувь хүн талаас би нас бие гүйцэж, өөрийн чадвартаа итгэх итгэлтэй болсон. Өөрийнхөө юу хийж чадахыг мэддэг болоод зогсохгүй залуу байхдаа гаргадаг байсан алдаагаа залруулах чадвартай болсон.
Энэ нь яг юу гэсэн үг юм?Дөнгөж хөлбөмбөг тоглож эхэлж байх үедээ би шүүмжлэлийг хэт гүнзгий тусгаж авдаг байсан. Нэг тоглолтод тааруухан тоглолоо гэж бодоход хэвлэлээр намайг муу байсан гэж бичдэг. Харин үүнд нь би сэтгэлээр унаж, шаналдаг байсан юм. Бас өөрийнхөө чадварт итгэж найдахын оронд бусдын үгэнд хэт автдаг байлаа. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Би өөртөө илүү ихээр итгэж, ухаан сууж, аливаа юмны наад цаадхыг ялгах болсон.
-Их Британийн амьдралын хэв маягтанд таалагдсан уу?-Үнэнийг хэлэхэд надад Британийн өв соёл таалагддаг. Гэхдээ хоолыг нь би тийм ч их таашаадаггүй. Британичууд их найрсаг, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг хүмүүс. Бас хошин шогийн мэдрэмжтэй, хөлбөмбөгийг бүрэн утгаар нь ойлгодог. Тоглолт бүрийгхэдэн арван мянган хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчид байнга үздэг. Зарим нь бүр хөгжөөн дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхийн тулд хотоосоо гарч, өөр хотыг зориход хүрдэг. Испанид бол тийм биш. Бас “Ливерпуль”-ийн фанатууд үнэхээр гайхалтай. “Энфилд” цэнгэлдэх рүү яваад ороход хөгжөөн дэмжигчид сүлд дуугаа дуулаад л, амьдралдаа хэзээ ч мартахааргүй гайхамшигтай мэдрэмж шүү.
-“Реал Мадрид” энэ улиралд Ла лиг, Аваргуудын лиг хоёрт түрүүлэхээр онилоод байгаа. Энэ талаар ямар бодолтой байна? Таны хувьд ахадсан хэрэг гэж бодож байна уу?-Яг ч тэгж хэлж болохгүй байх. Өнгөрсөн улиралд “Барселона” гурван цом хүртсэн шүү дээ. Тэд чадна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Манай багийн хувьд олон тооны шилдэг тоглогчид байгаа болохоор мэдээж хэрэг дарамт, шахалт байгаа. Бас бүгд зангидсан гар шиг болохын тулд цаг хугацаа шаардлагатай. Яг л “Барса”-гийн адилаар. Гэхдээ миний бодлоор манай багийн бүрэлдэхүүнд байрлал бүрт хоёр шилдэг тоглогч өрсөлдөж байгаа. Тэгэхээр энэ нь бүхий л улирлын туршид том давуу тал болно гэж бодож байна. Учир нь гэмтэл бэртэл авахгүй, улаан картаар торгуулахгүй тоглогч гэж байхгүй шүү дээ.
-Криштиан Рональду тэр үнэхээр дэлхийн хамгийн шилдэг тоглогч мөн үү?-Би хэн нэгнийг энэ хорвоо дээрх хамгийн шилдэг нь гэж хэлэх нь утгагүй гэж бодож байна. Рональдугийн хувьд зарим чадвараараа яах аргагүй хамгийн шилдэг нь. Би түүнийг “Реал” руу явж байгаа гэдгийг сонсоод баярлаж байсан.
Ла лигт Кака, Лионель Месси гээд түүнтэй эн зэрэгцэхүйц сайн тоглогчид байдаг. Одоо дутаж байгаа хүн гэвэл миний сайн найз Фернандо Торрес л байна.
Улаанбаатар таймс