Премиер дивизион 2009
Амласныхаа дагуу өөр хэв маягаар ревийвүүдээ бичихийг хичээсэн. Испаний лигийн хувьд бүтэн жилийг дүгнэх гэдэг өмнөх 2-оосоо харьцангуй хүнд байлаа. Англи, Германы лигийг сайн үзэж байсан нь ч бичихэд их амар байсан байх. Магадгүй Испаний лигийг топ 10 гэх мэтээр бичсэн бол хөнгөн байсан байх. Өмнөх 2-оос ялгахын тулд сар сараар дурсахаар шийдсэн. Үүний тулд харин интернет дэх дөнгөж зах нь шарлаж эхэлж байгаа шинэхэн түүхүүдийг маш олон удаа эргүүлэн сөхөх шаардлага гарсан юм.
Нэгдүгээр сарБарса командыг гартаа авлаа. Месси генералын үүргийг жинхэнэ утгаар нь хүлээж авлаа. Тэр талбай дээр жинхэнэ ид шидийг гаргаж байв. Реал харин сарын эхээр Валенсигийн ард бүр 3-р байранд бичигдэж байсан. Энэ сарын нэг онцлог нь хүснэгтийг жаахан цэгцэлж өгсөн сар байлаа. Сарын эхэнд Валенси, Реал, Севилья, Дэпортиво, Атлетико, Вильяреал гэсэн багууд хүснэгтэд маш шигүү зогсож байсан бол 2 тоглолтын дараа Реал Сэвилья 2 Валенсигийн өмнө гишгэж, Малага шумбагчдын хамтаар Европын тавцанд зогсох эрхийг олж авахаар зогсож байлаа.
Онцлох баг – Сэвилья
Андалузчууд Валенсиг бүдрэх хооронд өмнүүр нь гишгэснээр барахгүй болж өгвөл Реалыг авч туучих гээд л.
Онцлох тоглолт. Валенси 3-3 Вильярреал
Валенсигийн гайхамшигт дербиг эндээс үзээрэй.
Хоёрдугаар сарОдоо харин Реал унаагаа юүлж эхлэв. Сэвильягаас зай барьж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд нэг юм тодорхой болов. Дахиад л нөгөө 2 багийн хооронд гол тулаан өрнөх болжээ. Сэвилья харин 3-р байрыг бат эзэллээ. 4-р байр болон Европын лигийн эрхийн төлөөх байрууд нээлттэй хэвээр. Энэ 3 байрын төлөө үнэхээр гал гарч байлаа. 5 баг эрэгчин эмэгчнээ үзэж байсан юм.
Онцлох баг – Малага
Уг нь бол тэд хэн ч биш л дээ. Гэвч тэд том үсрэлт хийж, Европын тавцанд гишгэсээр л байлаа.
Онцлох тоглолт. Барселон 1-2 Эспаньол
Барселоны дербигээс сенсаац гарав.
Гуравдугаар сарБарселон ялсаар л. Олон хүний хувьд аваргын титэм хэнд очих нь тодорхой болжээ. Гэхдээ хайлайтс нь Атлетикогийн эсрэг тоглолт байлаа. Агуэро Форланы хослолтой тулсан энэ тоглолт 4-3-аар өндөрлөсөн юм. Атлетиког л тэднийг хожиж чадна гэж олон хүн бодож байсан нь талаар болсонгүй. Атлетико улмаар Мадридын дербид Реалтай 1-1-ээр тэнцэж, шумбагчдыг 3-2-оор хожлоо. Сарын сүүлд харин Мальоркад 2-0-оор тавиулсан нь бас нэгэн шуугиан болж байлаа.
Энэ сарын нэгэн онцлог нь гоолоор арвин тоглолтууд болж өнгөрсөн. Атлетикогийн тоглолтуудаас гадна Ла Корунья 5-3 Рэсинг, Реал 5-2 Билбао гэх мэт.
Онцлох баг – Атлетико Мадрид
Рожибланкочууд үнэхээр харууштай хөлбөмбөгийг энэ сард харуулж чадсан юм. Тэдний тоглосон тоглолт болгоны гоолууд маш гоё комбинацуудаар орж байлаа.
Онцлох тоглолт. Атлетико 4-3 Барселона
Дөрөвдүгээр сарСэвильягийн 3-р байрны дараах багууд алалцсаар л. Гэтэл гэнэт Сэвилья өөрсдөө бас энд хутгалдаад орчихов. 9 оноогоор бусдаасаа тасарсан явж байгаад нэг л мэдэхэд ердөө ганцхан онооны зөрүүтэй болчихсон байлаа.Валенсигийн тоглолт ороод эхлэв. Тэд бүр Барсагаас тэнцээ салгаж ч дөнгөв. 2 ялалт, 2 тэнцээ авсны дотор Сэвильяг 3-1-ээр хожсон нь маш чухал хожил байсан юм. Вильярреал ч гэсэн чанга байлаа. Тэд сарьсан багваахайнуудын ард ганцхан оноогоор зогсож байв.
Онцлох баг – Валенси
Барсаг чаддаггүй юм аа гэхэд нөгөө тоглолтоо хожиж чадсан бол Сэвильяг гүйцэх байлаа. Гэхдээ тэд Сэвильяг хожсон нь маш том алхам байсан.
Онцлох тоглолт. Валенси 3-1 Сэвилья
Тавдугаар сарШийдвэр гарсан сар. Сэвилья гэнэтхэн л дараалаад 2 хожиж, гэзэг нэхэгсэд нь бүдэрснээр 3-р байраа өөрийн болгож чадсан. Мөн Атлетико 4 дараалан хожсоноор Аваргуудын лигийн эрхэнд хүч түрэн орж ирэв. Тэд Валенсигийн эсрэг хийсэн тоглолтод маш хэрэгтэй хожил авсан юм. Харин Валенси дахиад л 6-р байр луу шидэгдэв. Депортиво ба Малага Европын дэвжээнд зодоглох эрхээ алдсан. Шумбагчид харин Европын лигийн эрхтэй үлдэж чадсан юм.
Хүснэгтийн доод хэсэгт бас л дуулиан тасарсангүй. Реал Бетис хэмээх цагтаа цалгиж явсан баг доошоо уналаа. Хэтафэтай шууд дуэлдаад ам мөчид мултарсан. Одонкор, Сержио Гарсиа нарын одод ингээд 2-р лигт тэмцэлдэх болов оо.
Онцлох баг – Барса ба Атлетико
Барса бүтэн улирлын турш 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байсаар байгаад эцэст нь аварга болсон бол Атлетико гайхамшигтай төгсгөл хийснээр тэр ширүүн өрсөлдөөн дундаас Аваргуудын лигийн эрхийг шүүрч дөнгөсөн. Форлан нь 32 гоолоор лигийн мэргэн бууч боллоо.
Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Реал Мадрид
Реалын арын албаныхны бүтэлгүйтэл нь энэ тоглолтыг маш сонирхолтой болгосон.
Наймааны саруудЛиг дуусаад ч сонирхол өрнөсөн хэвээр. Атлетикод л хамгийн их үйл явдал болов. Довтолгооны шилдэг хослолоо үлдээж чадах болсон. Харин Купэ Франко гэсэн 2 хаалгачаа үдэж, оронд нь Асенхо гэсэн залуу авьяасын олж ирэв. Банэгаг Валенсид нь буцааж өглөө. Сэйтарадис Хайтинга нарыг явуулах нь тодорхой болов. Эцэст нь Хайтинга Эвэртонд очсон бол грек эр ажилгүй үлдлээ. Манишэ Көлнд, Мигуэл Спортингт очлоо. Райес Сантана нарыгаа буцааж татав.
Сэвилья Фабианогоо тогтоож дийлэв. Нэмээд Нэгредог Реалаас авлаа. Бас Тоттэнхамын Зокораг авав. Валенси Мориентосоо Марсель, Албиолоо Реал руу үдсэн ч зунжингаа том багуудын бай болсон довтолгооны дуогоо авч үлдэж чадсан. Мөн Францын лигээс шилдэг зүүн ар Мэтьюг авсан. Алмериагаас Бруно ирсэн. Зигич нь бас Рэсингээс ирсэн.
Шумбагчид бас л нэгэн том бай болох Нилмарыг Интернасионалаас авч дөнгөв. Гэхдээ тэд дасгалжуулагчаа Реалд алдчихсан. Барса Максвелл, Чигрински зэрэг наймаануудаас гадна олон жил тугийг нь өргөж явсан Этогоо Интер лүү үдэж, зөрүүлээд Ибрахимовичийг каталоны нутагтаа газардууллаа. За тэгээд эцэст нь нөгөө алдарт Галактико 2 төсөл. Гэхдээ энэ тухай маргааш орох Оны топ 10-т тусад нь оруулах тул тэндээс уншаарай.
Наймдугаар сар Улирлын өмнө маш эмгэнэлт явдал болов. Эспаньолын багийн шинэ ахлагч ердөө 26-хан настайдаа долоон сартай жирэмсэн найз бүсгүйгээ орхиод зүрхний өвчнөөр бурхан боллоо. Гашуудалд оролцогсдын тоо хэмжээгүй их байсан.
Тоглолтууд ч эхэллээ. Реалын бараг 300 сая Ла Коруньяд эгээтэй л бүдэрчихсэнгүй. Арайхийж 3-2-оор хожсон энэ тоглолтод 94 саяын залуу пеналти гүйцэтгэв. Атлетико 3-0-оор Малагад нам тавиулсан нь их бүтэлгүйтлийн цондон байж. Валенси Сэвильяг 2-0-оор хожиж, чухал оноогоор шинэ улирлыг эхэлсэн бол шумбагчид дөнгөж л тэнцээгээр гараагаа хийв.
Онцлох баг - байхгүй
Сарын сүүлээр ердөө ганц тоглолт болсон тул дүгнэлт хийсэнгүй.
Онцлох тоглолт. Реал 3-2 Ла Корунья
Галицичууд оддын ансамблын эсрэг удаан хугацааны турш маш шаргуу тэмцэлдсэн, харууштай 2 гоол хийсэн билээ.
Есдүгээр сар.
8 сарын ганц тоглолтууд бодит байдлаа жинхэнээсээ олж эхлэв. Атлетико Вильярреал нар дахиад л тэнцээ, хожигдол. Валенси Сэвилья нар 4 гоолтой хожлууд хийлээ. Атлетик Билбао 2 дараалаад яллаа. Атлетик шумбагчдыг 3-2-оор хожиж байхад Атлетико Барсад 5-2-оор уншуулж байв. Атлетик гэхдээ сарын сүүлд Сэвильяд 4-0-оор тоосоо сугартал гөвүүлсэн.
Мальорка 5 тоглоод 10 оноо авсан нь нэгэн гайхашруулсан хэрэг болсон. Ла Корунья шумбагчдыг хожив.
Онцлох баг – Сэвилья
Хүснэгт тэргүүлэгчдээс ердөө 3 онооны ард тэднийг нэхэж байлаа.
Онцлох тоглолт. Атлетик 3-2 Вильяреал
Баскчууд үнэхээр хожъё гэсэн эрмэлзлээр тоглсоор байгаад л хожсон. Энэ видеоноос Испани хэлтнүүдийн алдарт радио хөтлөгчдийн сэтгэл хөдлөлийг давхар сонсох болно.
Аравдугаар сар
Лигийн анхны топ тулаан боллоо. Сэвилья 2-1-ээр Галактико 2-ыг дийлэв. Навас гайхамшигтай байлаа. Тэдний оноо ингээд ижилхэн болсон. Гэтэл залгуулаад бүр ч том шуугиан дэгдлээ. Сэвилья өөрсдөө Дэпортивод тавиулчихлаа. Одоо тэд адилхан 15 оноотой болох нь тэр. Шумбагчид шившгээ хутгасан хэвээр л. Лигийн адаг Хэрэзэд хожигдлоо. Атлетикод бүр ч жигтэй явдал тохиов. Осасунад 30 минутын дотор 3 гоолоор нугаслагдав.Аваргуудын лигт Челсид 4-0-дуулснаар дасгалжуулагчаа үдэж, Флоренц оронд нь ирлээ. Энэ 2 баг саяхан л хүснэгтийн эхний 5-д бичигдэж байсан гэхэд итгэмээргүй. Сарын сүүлд харахад хасагдах зоонд тууж явлаа.
Онцлох баг – Депортиво
Сэвильяг хожоод 4-р байранд хүртэл бичигдэж үзэв. Валенси энэ тэртэй харьцуулахад бүрэлдэхүүн нь өрөвдэлтэй. Тэгсэн хэрнээ дажгүй тоглолт гаргаж чадсан.
Онцлох тоглолт. Гижон 4-1 Мальорка
Хасагдах гэж байсан багууд гэхэд энэ улиралд чанга байх чинь. Хоорондын тоглолтод гэхдээ Гижон нь тасархай ялалт байгуулав.
Арваннэгдүгээр сарХасагдах шатнаас оргил өөд мацах боломжгүй ажиллагааны эхлэл. Шумбагчид Тэнэрифаг 5-0-оор бут ниргэлээ. Дараа нь хэдий Сэвильяд 3-2-оор харамсалтай хожигдсон хэдий ч тэдэнд өмнөх улирлын үнэхээр ялан дийлэхийн хүслэн эргэн ирсэн нь харагдаж байлаа. Вальядолидыг 3-1-ээр хожиход энэ нь бүр ч тод харагдав. Атлетико харин улам л дампуурсаар. 3 дараалж хожигдов. Сарын төгсгөлд харин Эспаньолыг 4-0-оор хожсон нь шумбагчдынх шиг сайн цагийг зөгнөснийх болов уу.
Орой хэсэгт харин маш ойрхон өрсөлдөөн явагдсаар л. Барса 30 оноотой тэргүүлж байгаа бол Реал 28 оноотой ард нь, тэгээд Сэвилья, Валенси, Депортиво гэсэн багууд бараг л оноо ижилхэн. Энэ хэдийн ард Мальорка, Гижон, Атлетик гэсэн багууд дөрөө харшуулан давхиж явах юм.
Онцлох баг – Ла Корунья
3 ялалт, 1 тэнцээ. Атлетикотой хийсэн сэтгэл хөдөлгөм тоглолтын төгсгөл хэсэг нь үнэхээр гоё байсан. Одоо тэд Валенси Сэвилья нарыг бараадахгүй скаудтай ч чаргууцалдаад л явж байна.
Онцлох тоглолт. Сэвилья 3-2 Вильярреал
Уг нь бол 2 топ баг. Гэтэл энэ удаад нэг нь хасагдах шатнаас өрсөлдөж байгаа. Гэхдээ тоглолт нь яах аргагүй 2 топ багийн хэмжээнд өрнөсөн. Шумбагчдад үүнээс өөр дүнд хүрэх илүү их боломж байсан юм.
Арванхоёрдугаар сарДампуурлаар эхэлсэн 2 баг хоорондоо туллаа. Шумбагчид нь 2-1-ээр хожив. Гэхдээ Атлетикогийн нөгөөх уран гоё тоглолтууд эргэн ирсэн байлаа. Дараагийн 2 тоглолтод нь тэд 4 оноо авав. Харин шумбагчид энэ сард боломжит бүх 9 оноог авч чадсан юм.
Реал Барса 2 тэргүүлсэн хэвээр. Араас нь нэхэж буй Сэвилья маш хүнд нэгэн тоглолтыг хийлээ. Валенсигийн эсрэг 3-р байраа хамгаалах тоглолтыг тэд өөрсдийн талд ашигтайгаар шийдэж чадсан. Европын тавцангийн төлөө Ла Корунья, Мальорка, Атлетик багууд арцалдсан хэвээр үлдэв.
Онцлох баг – Виляьрреал
Тэд 3 хожихдоо ирээдүйн шууд өрсөлдөгч Атлетико ба Хэтафэгийн эсрэг маш хэрэгтэй оноонуудыг авсан. Их ч хүнд 2 тоглолт болсон. Шинэ он гарахад тэд хэдийнэ эхний хагас руу ороод ирсэн байлаа.
Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Хэтафэ
Дахиад л 3-2. Хараад байхад энэ жилийн онцлох тоглолтуудад ийм дүнгээр төгссөн тохиолдол нэлээн байна. Тэр тусмаа ихэнх нь шумбагчидтай холбогдох юм.Энэ удаад харин тэдний хувьд ашигтайгаар эргэв. Сүүлийн минут хүртэл суудлаас өндөлзүүлсэн тоглолт болсон гэнэм.
За ингээд сэтгэл хөдөлгөм үйл явдал ихтэй нэгэн том лиг өндөрлөлөө. Юм юм л боллоо. Оны эхнээс Атлетико Вильяреал нар галзуураад эхлэхэд энэ хэд ч ирэх жил алаад өгөх нь дээ гэж бодож байлаа. Валенси Депортиво 2 навсайгаад л. Шинэ улиралд тэгсэн харин шал эсрэгээрээ юм болж байх юм. Хөлбөмбөгийг тааж хэлэх хэцүү гэж энэ дээ. Хавар Малага “балайг нь авч” байсан бол одоо тэд сураггүй харин оронд нь хасагдахдаа тулж байсан Мальорка чанга байна. Атлетик ч гэсэн аймаар байна. Гижоныг улирал эхэлснээс хойш өдий дайны тоглох юм гэж огт санасангүй. Ингээд энэ бүхнээс харахад үнэхээр чанартай нэгэн баг энэ дундаас аргагүй ялгарч байна аа. Энэ бол
Sevilla Fútbol Clube. Тэдэнд Барса Реал 2 шиг аймшгийн бүрэлдэхүүн үгүй, тэд бусад шигээ лифт болдоггүй, сүүлийн хэдэн жил тувтан Аваргуудын лигт орж байна. Ямар ч тохиолдолд тэд формоо барьж, тогтмол амжилт гаргадаг ажээ. Хэдий Барса тасархай байдлаар аваргалсан ч миний хувьд 2009 оны багаар Сэвильяг шилдэг багаар нэрлэх байна. Ийм бүрэлдэхүүнээр ингэж нэг төвшинд тоглоно гэдэг маш хэцүү. Ирэх улиралд бүр ч сайжраасай гэж хүсч байна.
Испаний лигийг дүгнэхэд ийм байна. Эль Класиког яагаад онцлох тоглолтуудад оруулаагүйг гайхаж байна уу. Гэхдээ би хувьдаа энэ 2 тоглолт орох эрхтэй гэж бодохгүй байна. Хавар хэт нэг багийн давамгайлал дор тоглолт болсон бол сая хүсэн хүлээж байсан шиг гоё тоглолт болсонгүй. Дэлхий даяар хэдэн жилийн өмнөх Месси вс. Рүүд гэж тоглоод 3-3 гэж өндөрлөсөн шиг тоглолтыг л Эль Класикогоос үргэлж хүсч байдаг билээ. Тухайн сард болсон дээрх тоглолтууд хавьгүй илүү сонирхолтой болсон буй заа. Цаг завны улмаас нөгөө 2 топ лигийг бичиж амжихгүй нь. Харин оны топ 10-ыг бичсэнийгээ маргааш та бүхэндээ дэлгэсү.