Гоол оруулнa гэдэг довтлогч хүний үндсэн үүрэг. Зарим нь энэ үүргээ нэг их зоволгүй биелүүлж байхад , зарим нь хичнээн хичээгээд ч аз ивээхгүй байх нь бий. Клаас Ян Хунтелаар бол эхний ангилалд нь багтана. Төрөлхөөс заяасан мэдрэмж , ур чадварынхаа ачаар тэр , мэргэжлийн тоглогч болсноосоо хойш тэр 271 тоглолтонд 213 гоол оруулчихаад байна. Хүссэн аавын хүү нь ийм амжилтыг үзүүлж чадахгүй шүү дээ. Энэ жилээс дэлхийн топ лигт хүчин зүтгэх болсон Клаасын өмнө хийж бүтээх асар цаг хугацаа байна. ''Улбар шар''-уудын гол найдвар болсон энэ залууг жилийн дараа Алтан Дагиныг үнсэж байхийг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл тэр чинь хүн биш ''гоолын машин'' шүү дээ !
Бага нас Клаас 1983 оны 8 сарын 12-нд Дремпт хэмээх Голландын жижигхэн сууринд мэндэлжээ. Түүнийг ердөө ганцхан сартай байхад гэр бүл нь ойролцоох мужын ''Хаммело'' хот руу нүүсэн бөгөөд чухам эндээс л Хунтеларын ирээдүйн зам тавигдсан гэж хэлж болно. Тэднийх тэрсхэн өссөн гурван хүүтэй. Хунтелар бол айлын дунд хүү. ''Улбар шар''-уудын үнэнч дэмжигч эцгийнх нь нөлөөгөөр ч тэр үү , хөвгүүд хөлбөмбөгт туйлын хорхойтой болон өсжээ. Тэд өдөржин гудмандаа бөмбөг нүдэж , яаж Ван бастен , Рууд Гуллит шиг болох тухай л ярилцана. Ялангуяа Хунтелар бол , ''Марко''-н үнэнч дэмжигч байсан бөгөөд түүн шиг хууралт , техниктэй болох гэж ихэд хичээдэг байжээ.
Удалгүй түүнийг таван нас хүрэх үед эцэг нь v.v. H. en K. гэх орон нутгийн багт оруулав. Хэдийгээр ах дүү хоёр нь ч түүнтэй хамт энд орсон ч , Хунтелар тэднээс хавьгүй эвсэлтэй , авьяаслаг болохыг анзаардаг байсан тухайгаа аав нь ярьжээ. Хунтелаар энэ багтаа зургаан жил гаран тоглосон бөгөөд , хэд хэдэн хүүхдийн тэмцээнд түрүүлж олны анхаарлыг татах болсон үе нь 1994 он. Тухайн үед 11 настай байсан түүнийг Голландын дундаж багуудын нэг Де Грашчап томчуудаас өрсөн өөрийн болгосон байна. Орон нутгийн сонирхогчийн клуб , мэргэжлийн клуб хоёр асар их ялгаатай байх нь ойлгомжтой. Бэлтгэл сургуулилт , байр орчин , хангамж үйлчилгээ гээд л. Гэр бүлээсээ холдсон бяцхан Клаасын хувьд эхэндээ бүх зүйл үнэхээр хүнд байлаа. Академд өнгөрүүлсэн эхний хэдэн жилдээ ямар байрлалд тоглохоо ч мэдэхгүй будилж байсан тухайгаа өөрөө дурссан байдаг. Дасгалжуулагч нь түүнийг зүүн захын хамгаалагч , жигүүрийн хагас хамгаалагч , довтолгооны хагас бүр хаалгачын байрлалд хүртэл тоглуулж үзэж байв. Ингээд арга нь барагдсан тэрээр , Клаасыг довтлогчийн байрлалд тоглуулж үзэхээр шийджээ. Хаа очиж энэ байрлалдаа тэр хурдан дассан бөгөөд гоол оруулах төрөлхийн авьяастай болох нь ч илэрчээ. Хунтелаарыг академд дасгалжуулж байсан тэрхүү мэргэжилтэн нэгэнтээ ''ийм төрөлхийн авьяастай хүүг , би юу бодож хаалганд зогсоож байв аа'' хэмээн уулга алдсан гэдэг.
1997–98 оны улиралд 14 настай Хунтелаар Де Грашчап-н С багийн гол довтлогч болоод байв. 33 тоглолтонд оролцохдоо 20 гоол оруулсан түүнийг дараа жил нь л тушаал дэвшүүлж Б багт дууджээ. Энд тэр өөрөөсөө хэдэн насаар ах томчуултай ''үзэх'' болсон ч , гандан буурсангүй гоолоо оруулсаар байлаа. Нэг их удалгүй Голланд даяар ‘’шинэ Ван Бастен’’ гарч иржээ гэсэн үгс энд тэндгүй дуулдах болжээ. Мэдээж энэ үгс ПСВ , Аяакс , Феиноорд зэрэг томчуудын чихний хажуугаар өнгөрсөнгүй. Ингээд 200 оны зун Хунтелаар хувь заяаны их дуудлагаа хүлээн авч Эйндхөвений алдарт PSV клубыг зорьжээ.
PSV - гээс Аяакс хүртэлТүүнийг ирдэг жил буюу 2000 оны зун Эйндховений баг Партизанаас Матья Кежманыг өндөр үнээр өөрийн болгосон. ''Бэтмэн'' хочоороо алдаршсан энэ залуу ПСВ-д өнгөрүүлсэн 4 жилдээ 122 тулаан оролцож 105 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Иймээс Хунтелаарын хувьд , Кежманыг ''дийлж'' гараанд гарна гэдэг бүтэшгүй асуудал байв. Хааяа нэг сэлгээгээр орж ирснийг эс тооцвол тэрээр энд байхдаа бараг ганц ч удаа гараанд гарсангүй. Өдөр өдрөөр өсөн дэвжиж буй залуу довтлогчийн хувьд энэ бол мөхөл л гэсэн үг. Тиймээс түүнийг 2003 оны өвөл 'төрж өссөн'' Де Грашчап баг руу нь зээлээр явуулжээ. Тухайн үед Хунтеларын авга ах энэ багт ажилладаг байсан нь үүнд нөлөөлсөн байх. Харамсалтай нь Грашчап тэрхүү улиралд хомоол хамж доод лиг рүү унасан бөгөөд , Хунтелаар нилээдгүй таагүй дурсамжтай тэндээс явжээ. ПСВ-д эргэж ирэхэд нь түүнийг хүлээж авах хүн байсангүй тул дахиад л өөр тийшээ цөлөгдөх болов.
Энэ удаа Голландын алдарт довтлогчдын нэг байсан Юри Колхофоор удирдуулсан AGOVV Apeldoorn багийн гишүүн болсон бөгөөд тэд дээд лигт дөнгөж шинээр гарч ирээд байсан юм.. Ид ирэн дээрээ байсан Хунтеларын хувьд энэ улирал үнэхээр гайхалтай өрнөж , лигийн 35 тоглолтонд оролцохдоо 26 гоол оруулжээ. Улиралын төгсгөлд Хунтелар лигийн мэргэн буучаар тодроод зогсохгүй , шилдэг тоглогч болсон ч зүй ёсны хэрэг байлаа.
Энэ бүхний дараа ПСВ , залуу довтлогчоо эргүүлэн авахийг хүссэн ч Клаасд тийшээ очих хүсэл огтхон ч байсангүй. Тиймээс Хееренвений тавьсан ашигтай саналыг хүлээн авч гэрээ байгуулжээ.
Хееренвен энэ наймаанд ердөө 100 -хан мянган евро зарсан бөгөөд ганцхан жилийн дараа Клаасыг 9 сая еврогоор арилжсан нь тэдэнд үнэхээр хожоотой зүйл болсон. Дээрээс нь Хунтелаар тэдэнд УЕФА -н цомын эрх авч өгсөн тул Хееренвенчүүд ямар ч тохиолдолд түүнийг муугаар дурсах учиргүй нь лав.
Дээрх 9 саяыг зарлагадсан ''баян'' баг нь Амстемдамын алдарт Аяакс байлаа.
''Еврэй''-чүүдээс гадна германы Гамбург , АЗ , Феиноорд зэрэг багууд түүнийг сонирхож байсан ч , Аяаксын баялаг түүхийг хүндэтгэн Хунтелаар сонголтоо хийжээ.
Гоолын машинАмстердамын Аяаксаас маш олон алдартай тоглогчид төрөн гарсан байдаг. Энэ нь яах аргагүй тэдний академтэй холбоотой бөгөөд ихэнх мэргэжилтнүүд тэдний сургуулийг хамгийн шилдэг нь гэдэгтэй санал нэгддэг. Т эд үндсэн багаа өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрдүүлдэг учир их мөнгөөр гаднаас тоглогч авах нь өдрийн од шиг ховор. Гэтэл 2005 оны өвөл Хунтелаарыг 9 сая евро буюу түүхэн дэх хамгийн өндөр үнээрээ авсан нь Клаасыг энгийн нэгэн биш гэдгийг тодорхой харуулсан. Мөн тухайн үед Дани Блинд өөрийн 4-3-3 тактиктаа тохирсон , гүйцэтгэл сайтай , авьяаслаг довтлогч хайж байсан тул бүх талаараа Клаас түүний санаанд нийцжээ. Шинэ багтаа дасах гэж тэр зовсонгүй , шууд л ''үндсэн ажилдаа' орж гоолыг ар араас нь бөмбөгдөж эхэлсэн юм. Дөнгөж ирсэн эхний сардаа л гэхэд 7 тоглолтод , найман гоол хийсэн бөгөөд үүнд нь Аваргуудын лигт Интертэй хийсэн тулаан багтана. Хэдийгээр тэр улиралд Аяакс лигийн титмээ ПСВ -д алдсан ч , цомын тэмцээнд гайхалтай тоглосоор түрүүлсэн нь манай гол баатрын л гавьяа. Тэмцээний хагас шигшээ ‘’Рода’’-тай хийсэн хүнд хэцүү тоглолтын сүүлийн мөчид ''унаж татан'' гайхалтай хожлын бөмбөг хийсэн , дараа нь шигшээ тоглолтонд ПСВ -н хаалганд дубльдсэн гээд л ахархан хугацааны дотор тэр Аяаксын фенүүдийн жинхэнэ шүтээн болж чадсан юм
2006-2007
Улиралын өмнө Арсеналын шинэ цэнгэлдэхийн нээлтийн тоглолтонд Хунтелаар гоол оруулж түүхэнд нэрээ мөнхөлсөн. ‘’Флай Эмирэйтс’’-т гоолдсон анхны тоглогч болсон гэсэн үг л дээ. Харамсалтай нь баг нь аваргуудын лигийн урьдчилсан шатанд ялагдал хүлээснээр УЕФА -н цомд л өөрийгөө харуулах боломж түүнд үлдсэн юм. Ер нь тэр цагаас Хунтелаарт Аваргуудын лигт тоглох аз дутсаар ирсэн. Сая хүртэл Реал Мадрид , түүнийг бүрэлдэхүүндээ багтаагаагүй нь голланд эрийг нилээд бухимдуулжээ. Тэрхүү улиралд Аяакс дахиад л ПСВ -д цомоо алдаж , хоёрдугаар байр эзэлсний дээр УЕФА-н цомд дөнгөж плеи-оффын эхний шатнаас л хасагдсан . Багийн хоёр дахь ахлагчаар томилогдсон Хунтелаар урьдын адил гоолоо оруулсаар байсан ч , багийн андууд нь түүний хөдөлмөрийг хайр найргүй ''үгүй хийж'' байлаа.
2007-2008
Бүх зүйл дахиад л давтагдаж , Аяакс Аваргуудын лигээс мултарлаа. Дээрээс нь УЕФА -н цомд ч явсангүй Тэр тусмаа Хунтелаар өөрөө шийдвэрлэх тоглолтонд пенальти алдсан нь үнэхээр харамсалтай.. Магадгүй энэ бүхэн нь тэдэнд сүүлийн хэдэн жил авч чадаагүй лигийн цомдоо анхаарлаа хандуулахад тус болсон байх. Хунтелаар тэр улиралд нийт 33 гоол оруулсан нь түүхэнд бичигдэх үзүүлэлт байлаа. Мөн Яап Стам зодог тайлсан учир багийн ахлагчийн тууз түүнд шилж сэн бөгөөд үүнийгээ дагаад хүлээх хариуцлага нь ч нэмэгдсэн нь тодорхой.
Эзэн хааны багтӨнгөрсөн өвлийн цонхоор Хунтелаар , Испаний алдарт Реалын өмч болсон. Магадгүй энэ шилжилт дэндүү оройтсон байж болох юм. Жил болгон л түүнийг , Европын топ 5 лигийн нэгэнд очно гэсэн яриа гардаг байсан ч биелэлээ ололгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс өнгөрсөн цаг хугацаагаа нөхөх гэж Клаас тун их хичээх нь тодорхой. Мөн cүүлийн үед түүнийг Английн Арсенал багт очно гэсэн яриа түгэх боллоо.. Мань эр ч өөрөө үүнийг үгүйсгэхгүй байгаа. ''Би Премьер лигт тоглохыг хүсдэг , тэндэхийн уур амьсгал , цаг агаар , түүх соёл гээд л бүгд гайхалтай' гэж нэгэнтээ хэлж байснийг нь бодож үзвэл энэ шилжилт биелэлээ олох боломжтой ч юм шиг.
Нисдэг Голланд ХунтелаарАвьяастны өлгий нутаг гэж хэлж болох Голландад шигшээ багт багтана гэдэг тун хүнд асуудал. Ялангуяа довтлогчын байрлал дээр. Хунтелаарыг анх гарч ирж байхад , Рүүд харих болоогүй , дээрээс нь Койт , Ван Перси нарын залуус эзэгнэж байсан учир нилээн сүүлд буюу 2006 оноос л Ван бастен түүнийг анзаарчээ. Шигшээ баг дахь анхны тоглолтоо тэрээр 2006 оны 8 сард хийсэн бөгөөд шууд дубль хийж өөрийгөө хэн гэдгээ харуулсан юм. Хэрвээ шүүгч нэг гоолыг нь отон гэж буруу хараагүйсэн бол анхны тоглолтдоо л хет-трик хийх байлаа.
2007 онд хэд хэдэн удаа ''улбар шар'' өмсгөл өмсөж талбайд гарсан тэрээр Евро 2008 -д эх орноо төлөөлөн оролцсон юм. Зүгээр ч оролцох биш нээлтийн тоглолтонд Румыны хаалгыг мялаагаад амжсан. Харамсалтай нь хэтэрхий хүчирхэг байсан Улбар шарууд ''Хиддинкийн цэргүүдэд'' дийлдэж нутаг буцсан билээ.