Дэлхийн спорт 10 оны онцлох 102010 он улиран одож тэр онд болж өнгөрсөн бүхэн бидний сэтгэлд дурсамж болон үлдлээ. 2011 он дөнгөж айлчлан ирээд байгаа энэ үед SN уншигч та бүхэндээ өнгөрсөн онд дэлхийн спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. Спортын аугаа их ертөнцөд өрнөж буй үйл явдал бүхэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа спорт сонирхогчидод сэтгэл хөдлөл, баяр жаргал, заримдаа уйтгар гунигийг авчрах нь бий. Ингээд та бүхэн улиран одсон онд болсон онцлох үйл явдлуудын талаар дурсан уншихдаа танд төрж байсан дээрхи сэтгэл хөдлөлөө дахин мэдэрнэ гэж найдаж байна.
1. Өмнөд Африк – 2010 ДАШТМанай гаригийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай номер нэг спорт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд зохион байгуулагдсан болохоор хамгийн түрүүнд онцлон дурьдахгүй бол болохгүй. Африк тивийн өмнөд хэсэгт оршдог ӨАБНУ-д өнгө өнгийн өмсгөлөөр жигдэрсэн дэлхийн супер одууд чуулан бүтэн сарын турш дэлхийн хөлбөмбөг сонирхогчид болон сонирхдоггүй хүмүүсийг ч алаг бөмбөгийн ид шидээр цэнгүүлсэн билээ.
Хар тивд анх удаа зохион байгуулагдсан дэлхийн аваргын ялагчаар сүүлийн хэдэн жил үнэхээр ялагдашгүй гайхалтай байгаа “Ялагдашгүй Армада”-чууд тодорч өөрсдийг нь сүүдэр шиг дагадаг байсан мөнхийн азгүй хэмээх цолоо таягдан хаясан. Аваргын төлөөх тоглолтын өмнө Немцүүдийн ялалтыг урьдчилан тааж алдартай болсон “зөнч” Пол наймаалж Испаний тугтай хоолыг сонгосон нь томоохон сенсаац дэгдээсэн. Тэмцээний турш бараг нь шүтэх нь холгүй байсан Пол андыгаа Германчууд энэ явдлын дараа хүнсэнд хэрэглэхэд ч бэлэн байлаа. Пол зөв таасан уу, эсвэл түүний таавар тоглолтод нөлөөлөв үү ямар байсан Испаничууд Иньестагийн гоолоор ялалт байгуулж анх удаагаа Алтан дагиныг эх орондоо залах эрхтэй болсон юм. Тэмцээний дараа ч нэг хэсэгтээ толгойноос гарахгүй байсан Вувузела бүрээний дүнгэнэсэн дууг эс тооцвол 19 дэх удаагийн Мундиал сайхан болсоон.
Эхэндээ ногоон талбайн шидтэнүүд маань Жабулини бөмбөгнийхөө учрыг олохгүй бага зэрэг сандарч байсан ч яваандаа уран тансаг гоолуудаа ар араасаа харин ч нэг хөврүүлж өгсөн дөө. Өмнөх Дэлхийн аваргын алт мөнгөн медальтай Франц, Италийн шигшээ хамгийн түрүүнд хэсгийн шатанд булайгаа дэлгэж гэрийн зүг буцсан. Тэдний араас олон үндэстний хөвгүүдээр хүчээ зузаатгасан Герман машинд “Гурван арслан”, “Бурхны хүүхдүүд” дайрагдаж төрхөмдөө буцсан билээ. Немцүүдийн хайртай довтлогч Мирослав Клозе Роналдогийн ДАШТ-д оруулсан 15 гоолын амжилтыг эвдэхээр хэрэндээ чардайсан боловч хагас шигшээн Испанитай хийсэн тулаанд бэртэл авч 14 гоолтойгоор тэмцээнийг дуусгасан. Гэхдээ Томас Мюллер хэмээх 20-той залуу ахынхаа шийрийг хатааж 5 гоолтойгоор алтан шаахайг авсан учраас Германчууд хүрэл медальдаа сэтгэл дундуур үлдээгүй байх.
Өмнөд Африкийн ДАШТ-ий өмнө ална хядна, будаа болгоно хэмээн өргөмжлүүлж байсан өнөөх Рүүни, Роналду, Месси гээд мундагууд жинхэнэ тэмцээн дээр юу ч хийж чадсангүй. Уул шугамандаа Английн шигшээг авч явах ёстой Уэйн Рүүни фенүүдээрээ “Boo”-лүүлүүлсэндээ баяртай үлдсэн бол Месси тэмцээний анхны гоолоо оруулах гэж ядсаар байтал гэртээ харих цаг нь болчихсон байлаа. Роналдугийн хувьд харин Хойд Солонгостой хийсэн хэсгийн тоглолтод “хамаг’ гоол дамжуулалт, хууралт, уналт зэргээ шавхаж орхиод түүнээс цааш ёстой таг гацсан юмдаг. Өнгөрсөн улиралд чухам л сүрдмээр аймар формтай байсан эдгээр тоглогчид ийнхүү мияарч байх хооронд Уэсли Шнайдер л “топ” тоглогчийн зангарагыг харуулж чадсан юм. Интерт ирсэн анхны улиралдаа л тус багийн “мотор” болж бүтэн улирлын турш зогсолтгүй ажилласан Шнайдер Дэлхийн аваргад ч энэ эрчээ алдалгүй 5 гоол оруулан, багаа финалын тоглолт хүртэл чирсэн гэхэд болно. Харамсалтай нь тэр эцсийн дүнд ёстой юу ч үгүй гар хоосон хоцорсон. Алтан шаахайгаа Томас Мюллерт алдаж, Дэлхийн аваргын цомоо Испаничуудад бэлэглээд, Алтан бөмбөгөө Диего Форланд зээлж ганц мөнгөн медальтайгаар эх нутагтаа буцсан нь харамсалтай. Гэтэл энэ бүхэн багадсан юм шиг оны эцэст бас FIFA Ballon d”Or шагналын сүүлийн шатнаас түүнийг хасагдчихдаг. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчид Недерланд эрийг ямар гайхалтай байсныг мэдэж байгаа болохоор энэ маргаантай асуудлыг ингээд орхиё.
Шүүлтийн тал дээр мэдээж хэрэг дэлхийн аварга болгон дээр ямар нэгэн асуудал дэгддэг уламжлалтай. Энэ удаа арай л дэндүү гэмээр ноцтой хэд хэдэн алдаа гарсныг энд дурьдая. Шөвгийн 16-д Английн шигшээ Германд яалт ч үгүй бутниргүүлсэн боловч Фрэнк Лампардын 100 хувийн гоолыг тооцсон бол бас тоглолт яаж ч эргээ билээ. Бөмбөг улаан цагаан хаалганы хөндлөвч оноод шугаман дотор бүтнээрээ ойж байхад хэнэг ч үгүй гоол биш гээд өнгөрдөг ФИФА-гийн шүүгч нарыг камерийн хяналтаар солих цаг болсон мэт. Аргентин-Мексикийн тоглолтод ч гэсэн Карлос Тевесийн 100 хувийн отон тоглолтоос оруулсан гоолыг тооцоод дээр нь өөрсдийгөө барьж өгч байгаа юм шиг цэнгэлдэхийн дэлгэцээр тэр отонтой гоолыг харуулж л байдаг. Юутай гэсэн эрхэм хүндэт Закуми танд нэг сарын турш дэлхий ертөнцийг алаг бөмбөгийн тоглолтооор сайхан хөгжөөж, гайхалтай тэмцээнээр бэлэг барьсанд баярласнаа илэрхийлья. Дөрвөн жилийн дараа алдарт самба бүжигчидийн нутагт уулзацгаая !
2. Ванкувер-2010 Өвлийн олимп2 сарын 12-нд Канадын байгалийн үзэсгэлэн цогцолсон Бритиш Колумбиа мужын Ванкувер хотод Өвлийн 21-р олимп нээлтээ хийж цас мөсний спорт сонирхогчидын “нар гарсан” билээ. 82 орны 2,622 тамирчин 2 долоо хоногийн турш Ванкуверт авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд Канадчууд өмнө нь зохион байгуулсан хоёр олимподоо (1976, 1988) медалийн хүснэгтийг тэргүүлж чадаагүй алдаагаа цайруулж 14 алтан медальтайгаар хөрш Америкийг ардаа орхисон юм. Өмнө нь ямар ч орон нэг өвлийн олимпоос ийм олон алт авч байгаагүй гэдэг. Америкийн цас мөсний тамирчид Ванкуверт гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж нийт 37 медаль цуглуулсан боловч чанарын ялгаагаар Канад, Германы ард жагссан. Гэхдээ тэд нэг олимпод цуглуулсан медалийн тоогоор Сэм авгынхан дээд амжилт тогтоогоод амжсан. 2002 оны Солт Лейкийн олимпоос Германчууд 36 медаль авч байлаа.
Наадмын нээлтийн өдөр Гүржийн чарганы тамирчин Нодар Кумаришвили бэлтгэл хийж байхдаа нас барсан нь Ванкуверийн олимпийн хамгийн гунигт мөчүүдийн нэг байлаа. Зохион байгуулалт, уралдааны зам, талбайн чанар, цасгүй өвлийн олимп болох дөхсөн гээд өөлөхөөр зүйл энэ олимпод чамгүй их байсан ч тэр бүхнийг алгасаад онцлох үйл явдлуудаас дурьдая. Канадчууд тэмцээний турш 14 алт цуглуулсан боловч хамгийн үнэ цэнэтэй, хүсэн хүлээж байсан медаль нь хоккейн төрлийнх байсан нь дамжиггүй. Сидней Кросби аваргын төлөөх тоглолтод хожлын шайбыг Америкийн хаалганд оруулж ардын баатар болсон бөгөөд Агч модны орон өвлийн олимпоос 11 дэх алтан медалиа ийнхүү гардсан юм. Тэдний араас Орос-Зөвлөлтийнхөн найман алттай нэхдэг гэж бодохоор хоккейн эх орныхны дээд амжилт лав 12-оос доошгүй жил оршин тогнох нь. Харин сүүлийн 2 ДАШТ-д түрүүлсэн Оросын хоккейчдыг өндөр амжилт үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байсан ч шөвгийн наймд Канадад бут нирнүүлээд нутаг буцсан юм. Ер нь ганц хоккей ч гэлтгүй бусад төрлүүдэд ч Оросын баг тамирчид зорьж байсан амжилтдаа хүрч чадаагүй юм. Тухайлбал уран гулгалтын ханхүү Евгений Плющенко гарцаагүй авах ёстой байсан алтан медалиа Америкийн Эван Лайсачект “луйвардуулж” 2-р байранд орсон бол өвлийн олимп болгоноос “зоолттой” алт авдаг байсан мөсний бүжгийн төрөлдөө ч Оросууд Канад, Америкийг урдаа алдаж 1960 оноос хойш анх удаа уран гулгалтаас алтан медальгүй буцсан юм. Нийлбэр дүнгээр хойд хөрш маань 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл хүртсэн бөгөөд ЗХУ-аас тусгаарласнаас хойш ийм тааруу амжилтаар олимпийн өндөрлүүлж байсангүй. Нэгэнт уран гулгалт ярьсных Ө.Солонгосын Ким Ён А-гийн тухай дурьдалгүй өнгөрч болохгүй. Азийн нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа энэ охин Ванкуверт бүх дасгалаа төгс гүйцэтгэж урьд өмнө нь хэний ч авч байгаагүй өндөр оноогоор олимпийн аварга болж, геннисийн номонд бичигдсэн гэхээр бахархахгүй байхын аргагүй.
Биатлоны төрөлд Оле-Эйнар Бьорндален “хаан”-ы титмээ алдах болоогүй гэдгээ харуулж буухиагаас нэг алт, ганцаарчилсан төрлөөс мөнгөн медаль зүүсэн бөгөөд нутаг нэгт домогт цаначин Бьорн Дэлигийн олимпоос 12 медаль авсан рекордыг эвдэхэд нэг алхмаар ойртож чадсан. Өдгөө Бьорндалений цуглуулганд олимпийн зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль байна. Магадгүй 4 жилийн дараа Эйнар Сочид уралдаж, “мөнхийн” хэмээгдэх дээд амжилтыг тогтоож чадахыг нь үгүйсгэх аргагүй.
Дөнгөж 23 настай ч домгууды эгнээнд багтах замаа альхэдийнэ зассан Германы үзэсгэлэнт Магдалена Нойнер анхны олимпдоо муугүй амжилт үзүүллээ. Лена нийт 2 алт, 1 мөнгө зүүсэн бөгөөд Эрчүүдээс Норвегийн Эмиль-Хегле Свендсен л түүнтэй дүйцэхүйц амжилтыг үзүүлжээ. 21-р өвлийн олимп хамгийн шударга өрсөлдөөн дунд өрнөсөн гэдгийн дэлхийн допингийн эсрэг агентлаг Ванкувераас нэг ч “но”-той зүйл илрүүлж чадаагүйгээс харж болох юм. Манай орны хувьд эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км-ийн гүйлтийн цанын төрөлд Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар Ванкуверийн Цагаан олимпод эх орноо төлөөлөн оролцсон.
3. 2018, 2022 оны ДАШТ, ОУХХ-ны маргаан будилаан2018, 2022 оны ДАШТ-ий эрхийг олгох үйл ажиллагаа будилаантай болсон тухай хүн болгон л ярьж байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн том спортын наамдын талаарх сэдэв болохоор -ингэж хөл болох нь ч аргагүй. 12 сарын 2-нд явагдсан шийдвэрлэх санал асуулгын дараа ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттерийн хөлбөмбөгийг дэлхий дахинд жигд хөгжүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж манай хойд хөрш ОХУ 2018 онд, 2020 онд Ойрхи Дорнодийн жижигхэн Катарт дэлхийн хөлбөмбөг сонирхогчид хуран чуулахаар болсон. Мэдээж хэрэг ОХУ болон Катар, Ойрхи Дорнодын орнууд энэ мэдээг баярлан хүлээж авсан бол бусад ялагдсан орнууд хэрүүл маргаан дэгдээж хүлээж авсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн ялагдсан орнууд өө сэв эрж, маргаан дэгдээх нь тодорхой л байсан. Гэхдээ л энэ удаагийн ДАШТ-ий эрх олгох үйл ажиллагаа ОУХХ-ны нэр хүндийг чамгүй унагаасан, асуудалтай, маргаантай, будилаантай боллоо.
Бүр хамгийн анх 2 ДАШТ-ий эрхийг нэг дор өгөхөөр болсныг зарласны дараа л Зепп Блаттерийг өөрийнхөө ерөнхийлөгч байх хугацааг дуусахаас өмнө (2011)мөнгө хийж авах гэж байна гэж шүүмжилж байсан. Мөн Мишель Платининтэй хуйвалдаж 2018 оны тэмцээнийг Европт баталгаатай зохион байгуулах талаар “юм” хийсэн гэж хэвлэлүүд хардаж байсан юм. Учир нь 2007 онд ОУХХ-ны баталсан “дарааллын журам” ёсоор сүүлийн 2 ДАШТ-ийг зохион байгуулсан тив тэмцээний зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх боломжгүй болж байгаа учраас 2018 онд Европын орнуудад ДАШТ-ий эрх нээлттэй болж байгаа юм. Хэрвээ энэ хардлага үнэн бол бүх зүйл Блаттер болон Платинигийн төлөвлөсөн ёсоор болж зөвхөн Европын орнууд л 18 оны Мундиалын төлөө өрсөлдсөн билээ. За энэ ч яахав баталгаатай зүйл биш. Бусдын улыг шагайхдаа дуртай Английн хэвлэлүүдийн л хийсэн хэрэг. Гэтэл ДАШТ-ийн эрх олгох хурал дөхөх тусам ОУХХ-той холбоотой баримтууд ар араасаа хөвөрч эхлэх нь тэр. Эхлээд Их Британий The Sunday Times сонинд “ОУХХ-ны санал худалдана” гэсэн гарчигтай хурц нийтлэл гарч Блаттерийг гарах гарцгүй болгов. ОУХХ-ны удирдах зөвлөлийн 24 гишүүдийн 2 нь болох Амос Адаму, Рейналд Темарий нар “Хүссэн мөнгийг маань өгвөл худалдсан ч яахав” хэмээн Америкийн талынхантай ярилцаж байгаа нь бичлэгээр нотлогдсон.
Үүний дараа ОУХХ бүх гишүүдийнхээ дунд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, авилгал авах гэж оролдсон 2 гишүүнийнхээ санал өгөх эрхийг түдгэлзүүлсэн юм. Гэхдээ Блаттер тэргүүтэй ОУХХ –нынхон баттай баримтаар нотлогдсон үнэний өмнө яах ч аргагүй байдалд орсон учраас энэ үйлдлийг хийсэн. Дотроо бол Английн хэвлэлүүдэд өс санаж үлдсэн нь хэдхэн сарын дараа сүүлчийн санал хураалтын үеэр тодорхой болсон юм. Ядаж байхад сүүлчийн санал хураалт эхлэхээс 3 хоногийнөмнө Их Британий BBC тв эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр бэлтгэдэг “Panorama” цувралынхаа ээлжит байгаар ОУХХ-г сонгосон нь тун эх оронч бус явдал болсон юм. ОУХХ-нд бугласан авилгал, хахууль асуудал болон хэрхэн ДАШТ-ий эрх олгох нэрээр мөнгө угаадаг тухай уг нэвтрүүлэг Английн ДАШТ-ий эрх авах найдварийг “0” хувьтай болгож орхисон. Ер нь Английн хэвлэлүүд ингэж өөрсдийн эх орноо “алдаг” нь бараг уламжлал болсон зүйл. Английн шигшээ багийн ДАШТ-д амжилт гаргадаггүйн нэг шалтгааныг хэвлэлийнхэнтэй холбон тайлбарладаг бөгөөд шигшээ баг тоглогч нараа дэмжихээс илүү тэдний гаргасан жаахан алдааг сүр болгон дэвэргэж, муулдаг нь тэдний гэм биш зан. Үүнээс болж тоглогчид байнгын дарамтан дор байдаг гэхэд болно. 1998 онд яалаадаа Бексийг Аргентиний эсрэг улаан хуудас авсных нь дараа “10 зоригт арслан 1 **н** жаал” гэх зэргээр бичиж бухимдсан фенүүдийг хөөргөж байсан даа.
Эргээд ДАШТ-ий тухай асуудалдаа орьё. Янз бүрийн хэл ам, маргаан будилаан их байсан ч санал хураалтын ажиллагаа болдгоороо болж ОУХХ-ны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээн зохион байгуулах орныг зарлалаа. Тааварлаж байсан ёсоор Англи ердөө 2-хон саналтайгаа хамгийн түрүүнд хасагдсан. Харин дараагийн шатанд Испани&Португал, Недерланд&Бельги, ОХУ гэсэн нэр дэвшигчидээс ганц дайчин ОХУ 13 саналтайгаар 2018 оны тэмцээнийг авлаа. Испани&Португал тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдөж 7 санал авсан бол , Недерланд&Бельги бүр сураггүй, 2 л гишүүний дэмжлэг авсан юм. ОХУ, Английн багийнхан санал хураалтын өмнө гэмт хэрэг ихтэй, авилгалд автсан гэх зэргээр нэг нэгнийгээ “хийж” байсан болохоор энэ явдал Англичуудын хувьд ёстой гутамшиг гэдэг нь л болов. Английн хэвлэлүүд санал хураалтын дараа “Мафийн эх орон ДАШТ-ийг авлаа”, “Оросын мафи санал хураалтад нөлөөлсөн’ гэх зэргээр шордож байсан ч өмнө шигээ баталгаатай баримтаар Блаттерийг шахаанд оруулж чадаагүй болохоор юу ч өөрчилж чадсангүй. 2022 оны ДАШТ-ий тухайд Катарын танилцуулга сүртэй сайн байгаагүй ч шат болгонд илт давуу ялалт байгуулсаар ялалт байгуулсан. Ердөө 1.6-хан сая хүн амтай, газар нутгаараа ч шалихгүй жижигхэн Арабын энэ орон дэлхийн хамгийн том наадмыг зохион байгуулна гэхэд эргэлзэх хүн цөөнгүй байгаа. Цаг агаар нь зундаа +40 хүрдэг болохоор хамгийн сэрүүн үе буюу 12 сарын хавьцаа л ДАШТ болох боломжтой.
Тэр үе нь +20-30 хавьцаа байдаг бөгөөд дээр нь Европын хөлбөмбөгийн лигүүдийг завсарлах шаардлага гарна. Катарын Шейхууд техник технологиор зодоод тэр халууны асуудлыг шийдчихнэ гэж байгаа ч цэнгэлдэхээс гадна бэлтгэлийн талбай, хөгжөөн дэмжигчидийн бүс гээд бүх хэсгийг хөргөж чадах уу. Мөн пиво, согтууруулах ундаа болон ижил хүйстэний туай асуудлыг таг хорьдог Арабын ертөнц энэ бүхний яаж зохицуулж ДАШТ-ийг зохин байгуулах нь тун сонирхол татаж байна. Сүүлд авсан мэдээллээр Арабын бусад орнууд ДАШТ-ийг хамтран зохион байгуулах төлөвтэй болоод явчихлаа. Харин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “2006 оны Азийн наадмыг тэд сайн хийж чадсан учраас тэдэнд итгэж болно” хэмээн өөрийгөө хамгаалсаар л байна.
4. Сагсанбөмбөгийн ДАШТ-2010, Дюрантын тэсрэлтАнгличууд өөрсдийгөө хөлбөмбөгийн эх орон хэмээн хөөргөдгийн адил Америкчууд сагсны шигшээгээ “Мөрөөдлийн баг” хэмээн онгирдог. Гэвч NBA-гийн супер оддыг эгнээндээ багтаасан Мөрөөдлийн баг нь 1994 оноос хойш дэлхий аваргад түрүүлж чадаагүй байсан. Байсан хэмээхийн учир нь өнгөрсөн 9 сард тэд Туркт зохион байгуулагдсан ДАШТ-д Сэм авгын сагсчид гайхалтай тоглолтыг үзүүлж замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бутниргэсээр дэлхийн аварга болж хар цувралаа төгсгөл болгож чадсан билээ. Майк Кржижевскигийн багт Бээжингийн олимпод түрүүлсэн оддоос нэг ч тоглогч багтаагүй. Леброн, Коби, Уэйд, Бош, Бүүзер гээд бүгдээрээ л янз бүрийн шалтгаан хэлж эх орныхоо төлөө тоглохоос татгалзсан хэдий ч Майк гандан бууралгүй залуу тоглогчидоор багаа бүрдүүлэн Туркийг зорисон юм. Түүний бүрдүүлсэн багийг хэтэрхий олон хамгаалагчидтай, туршлага байхгүй, нуруугаар намхан гэх зэргээр гоочилж байсан ч гайхамшгийг бүтээж чадсан юм. Ялангуяу Оклахомагийн залуу од Кевин Дюрант багийнхаа лидерийн үүргийг гүйцэтгэж тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.
Өдгөө 22 настай энэ залуу дээр тулгуурлан Америкийн багийн тактик зохиогдож байсан бөгөөд тэмцээний турш шигшээ багийнхаа хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тухайлбал нэг тэмцээнд хамгийн өндөр оноо авсан (205), нэг тоглолтод хамгийн өндөр оноо болон дундаж оноогоор хамгийн их (38-22.8) зэрэг амжилтуудыг Дюрант тогтоосон. Шигшээ тоглолтод Америкчууд зохион байгуулагч Туркийн багтай оноолт таарсан бөгөөд хоёр багийн өмнөх амжилтыг харвал тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Туркчууд ердөө 3 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаагаас гадна 2001 оны Еврогийн мөнгө авч байснаас өөр гялтайх амжилтгүй бол Америк Олимпийн 13 алт, ДАШТ-ий 3 түрүү гээд цааш хөвөрнө. Гэсэн ч нутгийнхаа фенүүдээр хүч нэмсэн “12 аварга эр” NBA-гийн залуустай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Эхний үед тэд тоглолтын санаачлагыг гартаа авч байсан ч Дюрантыг зогсоох аргаа олохгүй байсаар 64–81-ээр ялагдал хүлээсэн юм. Истанбулын Синан Эрдем Доме ордонд 15,000 үзэгчидийн өмнө явагдсан уг тулаанд Дюрантаас гадна Лейкерсийн Ламар Одом тун сайн тоглож 11 оноо багтаа авчирсан бөгөөд тэрээр НБА болон ДАШТ-д нэг жилд түрүүлсэн анхны тоглогч болон түүхэнд үлдсэн.
Туркийн Дэлхийн аваргын өөр нэгэн онцлох тоглогч бол Аргентиний Луйс Скола. Хьюстен Роккетсийн харьяалалд байдаг энэ залуу ДАШТ-д тун одтой байж шигшээ багийхаа 2 ч дээд амжилтыг эвдсэн. Шөвгийн 16-д Бразилийн багтай хийсэн тоглолтод Скола 37 оноо авч нэг тоглолтын оноогоор рекорд тогтоосон бол мөн бүх цаг үеийн мэргэн буучын хэргэмийг Эрнесто Германаас булаан авсан юм. Испаний шигшээ баг энэ тэмцээнд тун тааруу оролцож фенүүдийнхээ урмыг хугалсан. 2006 оны ДАШТ-ий ялагчид хэсэгтээ 2 ялагдалтайгаар хасагдах шатанд үлдэж улмаар шөвгийн наймд Сербийн багт 92–89-өөр ялагдал хүлээсэн. Тэд шөвгийн 16-д өмнөх ДАШТ-ий аваргын төлөө тулалдаж байсан Гректэй оноолт таарсан нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. Испани Грекийн шигшээ 1998 оны ДАШТ-д таарснаас хойш нийтдээ таван удаа тоглоход Испани бүгдэд нь хожиж байгаа юм. 16 дахь сагсанбөмбөгийн ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй сэтгэл хөдөлгөсөн тулаанаар хагас шигшээн Серби-Туркийн тоглолтыг нэрлэж байна. Туркчууд ганц онооны зөрүүгээр уг тоглолтод ялалт байгуулсан бөгөөд эхний хоёр үед оноогоор ялагдаж яваад барьж чадсан. Крем Тунчери сүүлийн үед гайхалтай тоглолтыг үзүүлж багийнхаа баатар болсон бөгөөд цаг дуусахаас 1 секундын өмнө авсан 2 оноо нь Туркчуудад ялалт авчирсан юм. 1970 онд Югославчууд нутагтаа зохиосон ДАШТ-д финалдсанаас хойш зохион байгуулагч орон ийнхүү аваргын төлөө үлдээгүй байсан юм.
16 дахь сагсанбөмбөгийн ДАШТ-д нийт 24 орон оролцсон. Өмнө нь 1986 болон 2006 оны тэмцээнд ийм тооны баг өрсөлдөж байсан. Туркийн ДАШТ-ий онооны лидер Л.Скола (27.1) шалгарсан бол самбараас бөмбөг авалтаар Хятадын И Жинлиан (10.2), дамжуулалтаар Аргентиний Пабло Прогионы тэргүүлсэн юм.
5. Пакьяогийн “Мөнхийн амжилт”Мэргэжлийн боксын зууны шилдэг тулаанч Менни Пакьяо энэ жил ялалт, амжилтаар дүүрэн байлаа. 5 сарын эхээр явагдсан Филиппиний сонгуульд тэрээр илт давуу ялалт байгуулж Сарангини мужын төлөөлөгчөөр томилогдсон. Ингэснээр түүний хоч нэгээр нэмэгдэж “Тулаанч конгрессмен” гэсэн шинэ нэртэй болов. “Үндэсний нударга”, “Пакман”, “Ардын баатар” гээд Пакьяогийн хоч чамгүй их. Зав зай багатай төрийн албанд томилогдсон гээд Пакман спортын карьераа цалгардуулсангүй. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж Мэйвэйдертэй хийх супер тулаандаа бэлдэж байсан ч “Алтан жаал”-н талтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас энэ тулаан цуцлагдсан юм. Ялагдал гээчийг мэдэхээ больсон Филиппийн эрдийг зогсоох цорын ганц тулаанчаар Мэйвэйдерийг нэрлэж байсан бокс сонирхогчид энэ мэдээг харамсан хүлээж авсан. Гэхдээ Меннигийн промоутерууд дараагийн тулааны товыг тэр дороо зарлаж 11 сарын 13-нд Америкийн “Торнадо” Антонио Маргаритотой нударга зөрүүлэхээр болзоо тогтоосон юм. WBC холбооны супер дунд жингийн бүсийн төлөөх уг тулаанд ялалт байгуулвал Менни 8 өөр жинд дэлхийн аварга болох боломжтой байлаа. Товлосон цаг болж Техасын Арлингтон хотын “Ковбой” ордонд цугласан 41713 үзэгчидийн уухайн дор тулаан ч эхэллээ. Хэдийгээр Маргарито жин, чацаар Пакьяогоос хамаагүй илүү байсан ч өрсөлдөгчийнхөө ээлж дараалсан хүчтэй, оновчтой цохилтуудын дараа хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо сульдсан байв.
Тулааны үеэр “Торнадо”-гийн хөмсөг задарч, нүүр нь авах юмгүй болсон ч шийр заан үзэлцсээр тулааныг дуусгасан бөгөөд шүүгчдийн санал эргэлзээгүй Меннигийн талд байсан. Өмнө нь Маргаритогоос илүү “чанга” нөхдүүдтэй олон үзэлцэж байсан болохоор Пакьяо ямар ч алдаа гаргалгүй гайхалтай тулаан өрнүүлж нүүрэндээ бараг нэг ч хүнд цохилт аваагүй гэхэд болно. Дээр дурьдсан 8 өөр жинд дэлхийн аварга болох зорилгоо ийнхүү тэрээр биелүүлж чадлаа. Өмнө нь ийм амжилтанд хэн ч хүрч байгаагүй бөгөөд боксын мэргэжилтнүүд энэ амжилтыг дахин давтагдахгүй хэмээн онцолж байна. Үнэхээр ч боксын рингэнд алдар нэрээ мандуулсан шилдэг тулаанчид ирээдүйд олон гарч ирэх нь тодорхой ч Менни шиг жин болгоноос Дэлхийн аваргын бүс зүүх шийртэй эр гарч чадахгүй л болов уу. Тулааны дараа өгсөн ярилцлагадаа Пакман ““Одоо надад өөр ажил байна. Юуны өмнө Филиппиндээ буцан очиж, улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Өөр хэний ч хүрч байгаагүй тийм өндөрлөгт хүрсэн болохоор Пакьяо одоо нэг хэсэгтээ амар жимэр амьдрахыг хүсэх нь дамжиггүй. Оны эхэнд тэрээр Жошуа Клоттиг “зодож” WBO буюу Дэлхийн боксын байгууллагын дэлхийн аварга цолоо хамгаалсан байгаа. Мэргэжлийн боксын ертөнцөд Пакьяогийн хүнд нударганы амтыг мэдрээгүй үлдсэн шилдэг тулаанч гэвэл одоо Мэйвэйдер л байна. Гэхдээ тэр тулааныг үзэх өдөр ирнэ гэж найдаж байна.
6. Надалийн жил“Шороон талбайн хаан’ энэ жил түүхэнд үлдэх хэд хэдэн сайхан амжилт тогтоолоо. Юуны түрүүнд Надаль өмнө нь түрүүлж үзээгүй байсан Америкийн нээлттэй тэмцээнд аваргалж Их Дуулгын цуглуулгаа бүрэн болгосон. Талбайн теннисний шинэ эрин эхэлснээс хойш (1968 оноос хойш) ийм амжилтанд хүрсэн 7 дахь тамирчин нь Рафа болсон бөгөөд хамгийн залуудаа Их Дуулгын 4 цувралд түрүүлсэн теннисчин болжээ. Сүүлийн жилүүдэд Надаль, Федерерийн хажуугаар цахиур хагалах гэсэн Дель Потро, Энди Мюррэй, Монфиль, Бердых гээд авьяаслаг маш сайн тоглож байгаа болохоор эрэгтэйчүүдийн теннисний өрсөлдөөн хавьгүй ширүүссэн. Гэвч Надаль энэ гал гарсан тэмцэл дундаас цойлон гарч түүхэнд үлдэх амжилт тогтоож байгаа нь түүний ямархуу чансаатай тамирчин бэ гэдгийг харуулж байна.
Энэ онд тогтоосон Рафагийн өөр нэгэн амжилт бол нэг шороо, зүлэг, хатуу хучилттай талбайд зохиогдсон Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн явдал юм. Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн амжилт өмнө нь гарч байсан ч өөр өөр хучилттай талбайд түрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байсан аж. 6 сард Ролан Гаррост түрүүлснийхээ дараа Надаль дэлхийн чансааны тэргүүн байраа Федерэрээс эргүүлэн авсан. Хэрвээ Федерер дахиад ганцхан долоо хоног чансааг тэргүүлсэн бол Пете Сампрасын 286 долоо хоног #1-т бичигдсэн амжилттай эн зэрэгцэх байлаа. Федерерийг уйлуулдаг ганц тамирчин Надаль ийнхүү мөнхийн өрсөлдөгчийнхөө замд дахин саад боллоо. Гэхдээ оны төгсгөлд Дэлхий турын финалд Федерер Надалийг ялж гомдлоо бага ч гэсэн тайлсан байх.
Сонирхуулахад жилд дор хаяж 4, 5 удаа хоорондоо таардаг байсан Надаль-Федерер энэ онд Дэлхийн турын финалыг оруулаад ердөө 2 удаа л учраа таарч тогложээ. Учир нь Федерер сүүлийн 3 Их Дуулгад шөвгийн наймаас хасагдсан болохоор мөнхий өрсөлдөгчид маань өөд өөдөөсөө тулах боломж гарсангүй. Тиймээс дутуугаа гүйцэх гэсэн үү ямар ч байсан оны төгсгөлд хоёр ч нөхөрсөг тоглолт хоорондоо хийгээд амжсан. 2010 оныг Надаль 3 Их Дуулга, 3 Мастерс цуралын түрүүтэй, дэлхийн чансааны тэргүүн байранд бичигдэн дуусгаж байна. Нэг үгээр 2010 оны Надалийн жил байв. Аа мөн нэг зүйл сануулахад Надаль түүхэнд Олимпийн наадам, Их Дуулганы цувралд бүгдэд нь түрүүлсэн 2 дахь эрэгтэй болон үлдсэн байгаа. Өмнө нь алдарь Андре Агасси энэ амжилтыг ганцаараа эзэгнэж байсан юм.
Эмэгтэйчүүдийн хувьд Серена Уйльямс Австрали, Францын нээлттэй тэмцээнд магнайлсан. Гэхдээ Америк бүсгүй бэртлээс болж оны сүүлийн Их Дуулгад оролцож чадаагүй нь тоогүй. Серенаг эзгүйд Ким Климстерс өнгөрсөн жилийн цомоо хамгаалж 3 дахь удаагаа Сэм авгын дэвжээнд магнайлсан. Италийн харьж яваа теннисчин бүсгүй Франче́ска Скьяво́негийн үсрэнгүй амжилтыг мөн дурьдахгүй өнгөрч болохгүй. 14 жил мэргэжлийн теннис тоглохдоо шөвгийн наймаас хэтэрч үзээгүй байсан Их Дуулгын цувралдаа тэрээр түрүүлж Италийн теннисний хөгжлийг нэг шатаар ахиулсан. Тодруулбал 6 сард явагдсан Ролан Гаррост тэрээр Австралийн Саманта Стосурыг буулган авч Итали эмэгтэйчүүдээс анх удаа Их Дуулгын аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм.
Аа бас мартсанаас энэ жилийн Уймблдоны эхний шатанд нэг түүхэнд бичигдсэн гайхалтай тогллолт явагдсан юм байна. Америкийн Жон Иснер, Францын Николас Махут нарын хооронд бүтэн гурван өдөр дамнан үргэлсэн айхавтар тоглолт болсон. Нийт цагаа нь авч үзвэл 11 цаг 5 минутын турш эдгээр теннисчид тэмцэлдсэн бөгөөд эцсийн дүнд t 70–68-аар Иснер ялалт байгуулсан юм. Уг тулааныг теннисний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор тэмдэглэж авсан.
7. Интерийн QuintupleЖилийн бүх тэмцээнд нэг баг түрүүлээд бүх цом, шагналыг хамчихдаг уламжлалЕвропын хөлбөмбөгт тогтоод 2 жил боллоо. 2009 онд Каталоны бахархал Барса чухам л замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бут ниргэхээр тэр онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлэ хөлбөмбөгийн ертөнцөд The Sextuple хэмээх шинэ хэллэг гаргаж ирсэн. Жилийн 6 тэмцээнд түрүүлсэн багииг ийнхүү нэрийдэхээр болов. Харин энэ жил Жозе Моуриньогоор удирдуулсан Интер Милан клуб Quintuple хэмээх урьд өмнө нь ховорхон дуулдаж байсан хэллэгийг гаргаад ирлээ. Хар-хөхүүд өнгөрсөн улиралд оролцсон бүх тэмцээндээ (Сери А, Аваргуудын лиг, Италийн цом) магнайлаад зогсохгүй Италийн супер цом, Клубын ДАШТ-ийг шагналын өрөөндөө нэмж тавьсан. Атлетикод ялагдаж Европын супер цомоо алдсаныг эс тооцвол Интер Миланы фенүүдийн хувьд гуниглах зав олдоогүй сайхан л жил байлаа.Интерийн энэ гайхамшигтай сайхан амжилтын үндэс юундаа байв.
Үүнийг тайлбарлахын тулд 2009 оны зун руу эргэж очих хэрэг гарна. Тэр зуны наймааны цонхоор Мораттигийн баг маш сайн ажиллаж түүхэн амжилтынхаа гол түлхүүр болсон тоглогчидыг нэг их хөрөнгө заралгүй авчирсан юм. Тухайлбал Лусиог Байернаас 5 саяар, Диего Милитог Женоагаас 11-ээр, Самюэль Это’ог Ибрагийн наймаанд хавчуулан эгнээндээ нэгтгэсэн бол Шнайдерий Реалаас авахдаа хамгийн их буюу 15 сая евро зарлагадсан байлаа. Дээр нь нэмээд өвлийн цонхоор Горан Пандевийг үнэгүй аваад ирчихсэн. Ингээд л Моуриньогийн гарт под хийсэн сайхан баг бүрэлдчихсэн хойно тактикийн мэргэжилтэн маань юу хийхээ мэдэлгүй яахав. Шинэ тоглогчид багтаа дасах гэдэг хамгийн том асуудал байдаг бол Интерийн шинэ цэргүүдэд харин ч нэг тийм асуудал тулгараагүй шүү. Милито, Самюэль Это’о шинэ багийнхантайгаа хэдэн жил хамт тоглосон юм шиг гайхалтай ойлголцож анхны тоглолтоосоо л гоолыг ар араас нь хөврүүлээд эхэлсэн бол Лусио Самультэй хамт ямар ч дасгалжуулагчын арааны шүлс асгармаар сайн хамгаалалтын хослолыг үүсгэж чадсан.
Дээр нь Шнайдер чухам л Интерт ирэхийг хүлээж байсан мэт багийн гол түлхүүр тоглогч болж Бенеаматачуудад дутагдаж байсан найруулагчийн үүргийг хангалттай сайн биелүүлж байлаа. Занетти, Майкон, Самуель, Жулио Цесар гээд багийн хууччуул ямар байлаа даа. Ийм сайхан хамт олон бүрэлдээд, дээр нь дэлхийн хамгийн шилдэг тактикийн мэргэжилтэн дасгалжуулж байхад 5 цом хүртэхгүй гээд ч яах билээ дээ. Италийн багуудаас анх удаа требль хийсэн Интерт бүх хөлбөмбөг сонирхогчидын өмнөөс баяр хүргэж оргилуун дарс буудуулья
За тэгээд баяр наадмаа өндөрлөсөн бол энэ багийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэе. Моуриньогийн халааг авсан Рафаель Бенитэз ажлаа тааруухан хийснээс болж саяхан ажлаасаа халагдсан тухай та бүхэн мэдсэн байх. Энэ жил Интерийг удирдаж буй 3 дахь дасгалжуулагч болох Леонардо ямар ч байсан өвлийн наймааны цонхоор Кака, Луйс, Фабиано гээд Бразил залуусаар хүчээ зузаатгах төлөвлөөтэй байгаа сураг байна. Одоогийн байдлаар Интерчүүд лигтээ 7-р байранд жагсаж байгаа билээ. Хөлбөмбөгийн ертөнцөд болсон онцлох 10 үйл явдлыг SN та бүхэнд удахгүй хүргэх болно.
8. Гуанжоугийн Азийн наадамАзийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Ахмед Аль-Фахад Аль Сабахын хэлсэнчлэн “Хамгийн гайхалтай, шилдэг Азийн наадам” гэж Гуанжоугийн АСИАД-ыг дүгнэх нь зүйтэй. Хятадууд энэ наадамд үнэхээр их хөрөнгө хаяж, сэтгэл гарган сайн зохион байгуулсныг орон орны сэтгүүлчид онцолж байлаа. Нийт 17 сая ам.долларыг наадмын зохион байгуулалтад зарцуулсан бөгөөд 600 мянга гаруй сайн дурынхан ажиллаж, 9585 сэтгүүлч наадмыг газар дээрээс нь сурвалжилсэн статистик үзүүлэлт байна. Ер нь оролцсон тамирчин, ирсэн зочдынхоо тоогоор Гуанжоугийн Азийн наадам өмнөх АСИАД-уудаа хол хаясан гэхэ болно. “Цэцэгт хот” энэ наадмыг амжилттай зохион байгуулж чадсанаараа олимпийн эрх авах боломжтой гэдгээ ч харуулж чадсан. “Сэтгэл хөдөлгөсөн тоглолт, найрсаг Ази” хэмээх уриатай Азийн 16-р наадамд нийт 45 орны 9,704 тамирчин оролцож тоосоо өргөсөн бөгөөд 42 спортын төрлөөр 2 долоо хоногийн турш спортын ариун талбарт тулалдсан. Олимпийн наадмын 28 төрөлтэй харьцуулбал хавьгүй өргөн хүрээнд Гуанжоугийн наадам зохион байгуулагдсан. Бүжиг, Луут завь, Крикет , Го даам, Каббади гээд дэлхий нийтэд танил биш олон спорт энэ наадамд багтсан байв. Наадам нээлтийн ажиллагаанаасаа эхлээд шинэлэг өнгө төрхийг харуулсан, урьд өмнө нь байгаагүй уур амьсгалыг Азийн наадамд авчирсан байлаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге нээлтийг “Бээжингийн наадмаас ч илүү сайхан боллоо” хэмээсэн нь хэтрүүлсэн хэрэг бус.
Зохион байгуулагчид ч ингэж их хүч хөдөлмөр гаргасныхаа үр шимийг амсаж медалийн тоогоор Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоосон. Нанхиадууд 199 алтан медалийг цуглуулсан бөгөөд нийт медалийн 2-т жагссан Өмнөд Солонгосоос даруй 2 дахин их буюу 416 медаль хүртжээ. Хятадуудын авсан 200 орчим алтан медалиас 110 метрийн халхалттай гүйлтэд түрүүлсэн Лю Сяны алтыг онцолж байна. Бээжингийн олимпоос хойш хойш бэртэл гэмтэлд ороогдож хоёр жил гаран нам жим байсан Хятадын үндэсний баатар энэ Азийн наадамд эргэн ирснээ зарлаж дээд амжилт тогтоон аварга болсон билээ. Мөн тус улсын сагсанбөмбөгийн шигшээ баг Ван Жижигийн шилдэг тоглолтын ачаар Азийн наадмын 7 дахь алтан мелиа авч чадсан. Гуанжоугийн АСИАД-ын үеэр Дэлхий 3, Азийн наадмын 103 дээд амжилт шинэчлэн тогтоогдсон.
Манай орны хувьд 219 тамирчинтэй Гуануод ирж нийт 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн Дохагаас цуглуулсан 14 медалийн тоогоо нэгээр ахиулсан. Хэдийгээр наадмын эхний өдрүүдэд бокс, жүдогийн шилдэг тамирчид маань харамсалтайгаар ялагдал хүлээж байсан ч чөлөөтийн бөхчүүд маань эх орныхоо төрийн дууллыг хоёронтоо Гуанжоуд эгшиглүүлж чадсан. Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Мандахнаран, 72 кг-д Г.Наранчимэг нар эх орныхоо Азийн наадмын алтан медалийн буухиаг Гуанжоуд үргэлжлүүлсэн юм.
үргэлжлэл бий…