Берлинд өнгөрөөсөн 2 хоног буюу нийслэлд Пелег харж финалыг мэдэрсэн минь
Финалын урд өдөр буюу хагас сайны өглөө эрт ямархуу адал явдалтай учрахаа сайн мэдэхгүй нийслэлийг зорихоор гэрээсээ гарлаа. Өмнөх орой нь ачаагаа жин тан болгосон тул гарахдаа сандарч түвдсэнгүй. Ачаа ч гэж дээ, ганц бие эр хүнд бэлдээд байх юм юу байхав. Шүдний сойз, солионы 2 подвоолк, нүүр гарын алчуураа душгелтэй нь, замдаа унших нэг ном тэгээд хамгийн гол зүйл болсон дижикамаа аваал болоо. Сахлаа хуссан тул 2 хоногтоо энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Уг нь машин олоод явья гэж бодож байсан ч толгойтой болгон шахуу тийш зорьж байгаа мэдээлэл аваад замын түгжрэлээс айж галт тэргийг сонгосон хэрэг. Амьхандаа халуу шатахаас өмнө бас хол замд суудалтай тухтай явах санаатай Франкфурт хотын вокзалаас хамгийн эхний галт тэргэнд суусан ч хүн пиг байлаа. Арай гэж нэг суудал олов. Өөдөөс настайвтар хос сууж байсан, эрэгтэй нь намайг хаа хүрэхээр явааг асууж байна. Берлин гэсэн чинь толгойгоо сэгсрээл инээснээ хөлбөмбөг яагаад ингэж хүмүүсийг татаж байдаг юм болоо гэснээ гүй би ч гэсэн залуу байсан бол тэгэх л байсан байх даа гээд залуу байхдаа 86 оны Мексикийн дэлхийн аваргын бүх тоглолтыг шөнөжин сууж үзэн Марадонаг биширч байсан тухайгаа ярив. Тэр 2-ын аялга нь харваас орос хүмүүс. Тэгсэн Казахстанаас ирээд энд суурьшсан улс ажээ. Монгол гэснийг минь мэдээд улам илүү саймширч социализмын үед ч сайхан байсан шүү гээд надаар хань татаж хуучин цагаа дурсацгаана. Тэгж ингээд аахар шаахарыг ярьж явтал Кассел хотод би ч дараагийн галт тэргэндээ суух болж нөгөө 2 ондоо чиглэл рүү явлаа. Шинэ унаандаа зүтгэсээр бас нэг суудал оллоо. Ам хуурай явах дургүй хүн яахав, хамт суугчидтайгаа танилцав. Дэлхийн аварга үзэхээр арслант Африкийн нэг хар залуу, алс Гуулин улсын 1 залуу 2 бүсгүй аялж явна. Бүгд Берлин гэсэн ганцхан зорилготой байсан тул ингээд тавуулаа нэг гал болох нь тэр. Тэд аяны хүмүүс болохоор ачаа ихтэй юм. Дөрвүүлээ инээж хөхрөөд л сайхан ч ааштай байх юм, эсвэл дэлхийн аваргын уриа хүмүүсийг ийм болгоод байгаа юм болов уу. Ингээд Берлин хүртэл дахиад 3 удаа унаагаа юүлэв. Тэр тоолонд л том том ачаатай бөөн хүмүүс нэгээс нөгөө рүү бие биетэйгээ уралдацгаана. Манай алтны нинжа нараас ч шаламгай хөдөлгөөнтэй байсан шүү. Би гар хоосон шахуу тул 2 бүсгүйд туслалцаж явсан, тэр 2-ын зан ч шинэ унаанд орох бүр улам л хайлсан тугалга шиг болсоор. Тэгж явахдаа бид эмэгтэй хүний жижиг гар цүнх олов. Галт тэрэгний шалгагчид өгье гэтэл тэр хүн хаа явааг бүү мэд, лав л ойрын хэдэн вагонд байсангүй. Берлин ортол бидэн дээр ирж амжих ч юм уу бүү мэд. Тэр олон зуун хүнээс хэнийг нь гэхэв, дотроос нь утасны дугаар гарч магад гээд хоорондоо зөвшилцөөд уудаллаа. Ээ бурхан минь, юу байсан гээч. Утасны дугаар биш харин Герман Португалын хос билет байх нь тэр.
Шуналгүй хүн гэж байдаггүй байх аа, тавуулаа өлөнгөтсөн нүдээр шүлэнгэтэн харж гөлрөв. Гэхдээ хэнд нь ч авч ашиглах буруу сэтгэл байсангүй.Бүгд тойруулж барьж үзэн дэлхийн аваргын бага финалын билет ингээд барьж үзэцгээлээ гээд нэгнээ хөөргөн бяцхан хөгжилдөв. Тэр хүн цүнхэндээ амьдралаа орхисон байлаа. Жолооны үнэмлэх, даатгалын үнэмлэх, банкны картууд гээд л хэчнээн ч бичиг баримт байгаа юм бүү мэд. Утасны дугаар харин олсонгүй. Цаг бага тул вагоны кондукторыг ямар ч байсан олохоор хар залуу бид 2 түмэн амьтан дундуур шахалдан вагоноос вагон уруу зүтгэлээ. Нэлээн явж байж арай гэж олоод хэлтэл нөгөөх чинь байдгаараа малийгаад тэр хойно 2 хос царай нь цав цагаан болчихсон явж байгаа, би өгчихье их баярлалаа гэж байна. Бид 2 герман хүний үнэнч занг мэдэх дээрээс нь хариуцлагатай ажилтай хүн тул шууд итгэж гарт нь атгуулаад буцлаа. Берлинд буугаад нөгөө хэдтэйгээ салах ёс гүйцэтгэж байтал нэг эмэгтэй амьсгаадчихсан гүйж ирээд учир зүггүй биднийг тэврээд авлаа. Тэр цаана шалгагч нөгөө малийдаг царайгаа гарган зогсоно. Наана нь хүүхний нөхөр бололтой булиадуу залуу нааш чиглэн алхана. Хүүхэн „Бидэнд хангалттай мөнгө алга, та хэдийг шагнах ёстой. Би гялс мөнгөний автомат олоод мөнгө аваад ирье, заавал хүлээж байгаарай, манай нөхөр та нартай юм яриад зогсож байг“ гэлээ. Цүнхэнд нь уртаашаа 30 евро байсныг бид мэднэ л дээ хэхэ. Бүгд хэрэггүй ээ, өөр хэн ч олсон ингэх л байсан гэсэн чинь Муу хүмүүс олоогүйд бурхандаа баярлалаа гээд тэгвэл хэдүүлээ хоолонд орьё гэнэ. Бид хэд ч баахан ачаа бараагаа яаая гэсэн хүмүүс байгаа тул Зүгээр ээ, та хэрэгтэй юмаа олсон бол болоо гэцгээлээ. Тэгээд тавуулаа тэр хүүхний үнсэлтээр шагнуулж урт замын аянаа өндөрлөлөө. Энэ маш зүдэргээтэй хэрнээ зугаатай холын аян байсан юм. Газар газрын фэнүүд өөрсдийнхөө хэлээр дуулцгаан сэтгэл хөдөлгөм байсан. Бараг 2 хүний нэг нь хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн юм өмсөж зүүсэн байсан. 4 5 жил бишгүй нэг галт тэрэгдэж байхдаа үүр цайхаас эхлээд л суудлын төлөө алацсан ийм тулааныг харж байсангүй.
Галт тэрэгний буудал дээр буугаад өөрийн эрхгүй дуу алдлаа. 10 жилийн хугацаанд Германы түүхэнд хамгийн өндөр буюу 700 сая еврогоор баригдсан энэ нүсэр байгууламж үнэхээр аварга ажээ. Хэчнээн ч үйлчилгээний цэг байгаа юм, тоо лав алга. Хальт хоёр гурван шатан дээрээс доош харж сонирхчихоод дараа тухтай танилцахаар төлөвлөн гадагш гарлаа. Цаг бага тул найз руугаа гялс ярьчихаад Сони сентер дэх ЦДФ телевизийн дэлхийн аваргын арена уруу алхлав. Замдаа 2 аварга Адидас пүүзтэй тааран дурсгалын патиар татуулав. Мөн Райхстагийн өмнө байрлах Адидас аренагийн гадаа очиж маргаашийн финал үзэх эрхээ баталгаажууллаа. Merci Zizou гэсэн плакатан дээр очиж мөн зургаа авахуулсан. Энэ үедээ тэмдэглэлээ энэ хүнээр дуусгая гэсэн санаагаа олж авсан. Тэгээд замд алхам тутамд зогсож саатмаар олон сайхан зүйлстэй тааралдсан ч хүчээр өөрийгөө хорьж цааш алхлаа. Берлин энэ дэлхийн аваргад үнэхээр нүсэр бэлтгэжээ. Аргагүй нийслэл бас хүн амын тоо зэргээрээ бусад хотуудаас эрс ялгарч байлаа. Завтай байсансан болоосой, тэгсэн бол хэд хоногийн өмнө ирж энэ бүхнийг нэг бүрчлэн үзэхсэн гэж битүүхэн харамсана. Ингээд зорьсон газраа очлоо. Олон хоногийн өмнөөс ярьж жин тан болгосон тулдаа орох эрхээ ядах юмгүй авав. Тэгээд цаг жаахан байсан тул тэр хавиар нэг хоолны газар олж бор гэдсээ бордлоо.
Тогтсон цагтаа ЦДФ Арена уруу дотогшиллоо. Сэтгэл алдмаар сайхан зүйлийг болгожээ. 6 том дэлгэц байрлуулсан нь хаана суугаад харсан ч нүдэнд илхэн харагдахаар байлаа. Мянгаад хүн суух боломжтой аж. Мөн 2 3 давхарт байрлах кафе ресторануудад хүмүүс сууцгаан хоол идэн дарс шимэнгээ шилэн цонхоороо дэлгэц рүү ширтэцгээнэ. Хэдэн зураг аваад сууж байтал супер гурвал буюу хөтлөгч Кернер, ФИФА-ын шүүгч асан, онолын эксперт Майер болон Майнцын дасгалжуулагч, тактикийн эксперт Клопп нар гарч ирлээ. Энэ Клопп дэлхийн аваргын өмнөхнөөс урьд үзэгдээгүй шинэ сайхан тактикийн дүгнэлтүүдийг харуулан олон түмний талархлыг хүлээж байгаа билээ. Клинсманныг буувал оронд нь нэр дэвших хүмүүсийн тоонд нэлээн дээгүүрт явж байсан, тэр 2 адилхан тактикаар багаа амжилттай тоглуулж байгаагаараа ижилсдэг. Тэр 3-ын яриаг сонсон, олон сайхан хөлбөмбөгийн дуунуудыг сонсоод хөгжин байтал Пелегийн нэрийг зарлалаа. Амьд домог болсон хөлбөмбөгч маань Celebrate the day-ын аян дор гүйсээр орж ирлээ. Тэр байгууламж нурах шахсан гэхэд болно. Нэлээн шуугисны эцэст намдсан. Тэр үед нь хажуудаа байсан хэдэн жаахан хүүхэдтэй нийлээд Пелеееееее гээд л хашгираадахлаа. Агуу хүн маань инээмсэглэн гараараа даллаж байна. Камерын хүн бидэн лүү эргэснээ хуруугаа уруулдаа хүргэж байна. Өмнө хэрэв хашлага байгаагүй бол хэд том харайхад л Пелег хүзүүдэж авахаар зайнд байсан юм. Зөвхөн мөрөөдөл мэт зурагтаар харж, сэтгүүлээс хардаг байсан хүнээ дэргэдээс нь харна чинээ зүүдэлсэнгүй явлаа. Бяцхан хүүхэд шиг доороо дэвхцэж ч байх шиг. Пелег ирээд явтлаа үнэндээ түүний юу ярьсныг сайн сонсоогүй. Зөвхөн хүмүүсийн шуугианд алдарт хүнийг гөлрөн орчлонгоос тасарсан байлаа. Нэг харсан дэлгэц дээр Бэкэнбауэр Марадонаг явуулж байгаа бололтой нөхөрсгөөр тэврэн гарч байна, энэ үед Пеле байдгаараа марзайчихсан зогсож байсан. Үе үеийг эзэгнэсэн агуу 3 тоглогч гээд бодсон чинь самсаа шархираад ирлээ. Удалгүй нөгөө аян дээрээ амьд домог маань дэгдсээр буцав. Араас нь харайж очоод салахгүй тэвэрмээр санагдаж байсан ч агуу хөлбөмбөгчийг амьдаар харсандаа баярлаад ханашгүй. Нэг хэсэгтээ зөвхөн сая өнгөрсөн, хожим амьдралын минь алтан дурсамжуудын нэг болж хоцрох хором мөчийг сэтгэлдээ бат хадгалан зогсож дахиад л хорвоогоос хөндийрөв. Тэгж байтал клинси-үлдэх-хэрэгтэй.де гэсэн вэбсайтын нэр бүхий подвоолк бүх хүмүүст тарааж байнаа. Аваад мөрөн дээрээ тохож орхилоо.
За ингээд удалгүй хүрэл медалийн төлөөх тоглолт эхэллээ. Германы шигшээ А Б багийн холимог болон талбайд гарчээ. Энэ тоглолтод Герман хэдий хожсон ч илүү байсан гэж хэлэхгүй. Каан аварга хамгаалалтаа гаргаж чадаагүй бол байдал бас өөрөөр эргэж болох л байсан. Швайни хүү од нь гийгээд 3 буудаагүй бол ч... Гэхдээ л хожсон бол хожсон. Энэ тоглолт зарим улс хаалган дээрээ толгойны өвчинтэй байдаг бол Герман дэлхийн шилдэг 2 хаалгачтай гэдгийг харуулсан тоглолт болсон. Каан бүүр сурсан зангаараа бөмбөгөө бат барьж байлаа. Леманн хэдий сайн барьдаг ч түүн шиг бат итгэлтэй хав атгадаггүй. Үүнд мэдээж Кааны олон жилийн туршлага нөлөөлнө л дөө. Нэг мэдсэн гадна зассан тайз болохоор оройн сэрүү унаж жиндэж ч байна шүү. Нөгөө бэлэгний подвоолкоо подвоолкон дээрээ давхарлаж өмсөөд л суучихав. Жаахан байж байсан чинь хажуу талын нөхөр босоод зогсоодох гэж байгаад зургийг минь авч байна, сонин санагдсан бололтой. Нөгөө талаас Фиго Нуну Гомеш 2 сэлгээгээр орж ирээд нэг нь дамжуулж нөгөөх нь гоолдож нэр төрийн ганц гоолыг хожим хийв. Энэ гоолонд тэнд суусан португалчууд бөөн баяр болж байсан. Фиго маш гоё пасс өгч хөлбөмбөгийн алдарт замналаа сайхан дурсамжтай дуусгалаа.Шүүгчийг шүглээ үлээх үед арена дахиад л доргилоо. Дэлхийн аваргын 54, 74, 90, ...2006 дуугаа бүгд дуулаад л. Нэг анзаарсан чинь 2006 гэдгээ 2010 болгоод сольж орхиж. Хэсэг дунд нь хөөрч байгаад гарч найз руугаа залгалаа. Энэ хэдэн өдрүүдээр зочид буудалд ажиллана, одоо унтлаа гэж байна. Оюутны бор амьдралыг сайн мэдэх тул яахав, сайхан амраарай л гэлээ. Тэгээд гудманд хэсэг зогсон баярлалдан байх хүмүүсийг харан хэсэг зогсож байгаад буцаад орлоо. Тоглолтын оргил үеүүд, тоглогчдын ярилцлага энэ тэрийг жаахан сонсож байгаад эргээд гарч Бранденбургийн хаалгыг зорилоо. Тэнд гэтэл жинхэнэ дайн болж байнаа, хөл гишгэх зай байгаа юм уу бүү мэд.Бранденбургийн хаалга, Адидас арена энэ тэр гээд хүмүүсийн хөөрцөглөөнд умбан удаагүй л болох шиг болсон тэгсэн харин шөнө дунд аль хэдийн болжээ. Хөдөөнөөс том нийслэлд ирсэн бас тэр өдрийн унаануудын хуваарь нь цагаасаа ондоогоор явсан зэргээс болоод жаахан будилж найзындаа ирэхэд гэгээ орж байлаа. Хөргөгчийг нь онгойлгож хүйтэн юм авч сайн залгилж цангаагаа тайлаад унтахаар хэвтлээ. Өглөөнөөс авахуулаад болсон явдлууд нүдний өмнүүр жирилзэн нойр хулжиж орхив. Ялангуяа Пелегийн инээсэн нүдэнд дулаахан царай бодогдоод, дотор нэг л сайхан. Тэгж байтал ч аргагүй ядарсандаа давсанд явж орхижээ.
„Hips don’t lie“ зүүдэнд яваад сэрчихлээ. Гэтэл миний утас руу хэн нэг нь залгасан аж. Сандраад цаг хартал аль хэдийн өдөр дунд өнгөрчихөж. Нөгөө Бранденбургийн хаалган дээр Германы шигшээгийнхнийг харна гэсэн будаа. Гэхдээ дэмждэг баг биш болохоор тэгтлээ их харамссангүй. Зурагт асаатал аль хэдийн дуусчихаж. Компьютер асаан буцах унаагаа хайж суутал найз маань ч ороод ирлээ. Шүршүүрт оронгуут нь л дагуулаад гарлаа. Тай хоолны газарт орцгоов, манай хотын хамгийн хямд газраас ч 2 дахин хямд ажээ. Тэгээд хотын төв рүү явахаар метроны буудлыг чиглэлээ. Том газар болохоор явсаар байтал бараг тоглолт дөхүүлээд Адидас аренад очив. Гэхдээ бас ч гэж хэдэн минут байсан тул гадуур нь явж сонирхлоо. Педро жаал найзыгаа мөн бусад Роббен, Кака, Зидан... гэх мэт найзуудтайгаа аренагийн гадна ханыг тойруулаад гоёжээ. Энэ арена нь 1945 онд зөвлөлтийн цэргүүд оройд нь тугаа хатгаж байсан Райхстаг буюу парламентын байшингийн чанх урд баригджээ. Финал болох Олимпиа стадионыг яг дуурайлган 10 мянган хүний багтаамжтайгаар барьсан гэнэм. 1970 оноос эхлэн дэлхийн аваргын бүх бөмбөгийг нэг бүрчлэн аварга томоор дэлгэн тавьсан байлаа. Тиймгайст аргагүй л ялгарч харагдана. 98 оны Триколоре бас гоё харагдаж байлаа. Мкдоналдстой мөн 4 жижгэвтэр хөлбөмбөгийн талбайтай тэнд нь хүмүүс тоглоцгооно. Мөн нэг аварга том бөмбөг харагдана, нөгөө талд нь гарвал том дэлгэцэн дээр адидасын рекламууд гарах ажээ. Бас нэг онцлох юм нь хориод зурагтан дээр дэлхийн аваргын одод юм ярих бөгөөд өмнө нь байгаа чихэвчүүдээс сонгож дуртайгаа үзэх боломжтой нэг газар байсан. Би Рикелмег сонгож жаал сонсоод стадион уруу орлоо. Оронгуут сэтгэл сэргээмээр сайхан өргөө угтлаа. Ногоон зүлэг дэвсэж хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Эргэн тойронд нь хэдэн мянган хүн 2 давхарт хуваагдан сууцгаасан байлаа. 2 талд нь 2 аварга дэлгэц зоож. Өмнө нь Хертагийн тоглолтыг үзэж байсан тул жаахан харьцуулж харлаа, нээрээ л Олимпиа стадион дүрээрээ байна шүү. Энэ өдөр харин тэнд зөвхөн финал л төлөвлөгөөнд нь байсан. Өмнөх орой нь гэхэд л тоглолтын өмнө Латин-Гран Пригийн рекордч Хуанес тоглосон байсан. Гэхдээ удахгүй галзуу тоглолт үзнэ гэхээс тэр зэрэг ч яамай санагдаж байлаа.
Хүсэн хүлээсэн мөч ирж дэлгэц дээр стадионы зураг тодорлоо. Зэрэгцээд бөөн шуугиан. Сайн харвал Францыг дэмжигчид дийлэнх нь ажээ. Германчуудаас лав ихэнх нь Францыг дэмжиж байсан. Гэхдээ италичууд ч цөөнгүй байсан. За тэгээд тоглолтын тухай тусад нь бичих тул энд алгасья. Зиданд улаан өгөх үед харамсалтай байсан ч дотроо шүүгчийг дэмжиж суулаа. Нөгөө тэмдэглэлийн төгсгөлөө хийнэ гэсэн санаа маань ч хийсээд алга болчихсон. Тоглолтын дараа францчуудаас олон хүн харин нэг их гутарсангүй, италичуудтай нийлээд хөлбөмбөгийн талбай дээр бүжиж гарсан. Дахиж олдохгүй боломжийг алдахгүй хэмээн хөөрөлдөн байгаа нь илт. Энэ ч нээрээ үнэхээр стадионд байгаа мэт байсан юм. Би ч байдгаараа хөөрч сандаалаа тайлж шидчихээд хөл нүцгэн баахан манаргалаа. Найзынхаа бүжгэнд явахыг бараг харж байгаагүй, бүжиглэж байхыг нь ч үзээгүй. Тэгсэн нөхөр харин хүмүүс дунд дэвхэцчихсэн харайлгаж явна. Угийн шооч болохоороо өөрийгөө мэдэхгүй ганцаараа баахан инээлээ. Францыг дэмжиж байсан ч Итали түрүүллээ гээд муу нь юу байхав, баахан баярлалаа тэдэнтэй. Дэлгэцэн дээр тэд талбайгаар нэг гүйлдээд л, энд бид хэд бас өөрсдийнхөө талбайд баахан таваргаад л. Фэнүүд аль таарсантайгаа зургаа даруулцгаагаад л. Хөлбөмбөг өө, чи үнэхээр агуу юм аа. Чамаас өөр ингэж улс улсын үзэл бодол өөр хүмүүсийг нэгтгэн наадуулах зүйлийг би мэдэхгүй юм. Янз янзын гоё хувцас өмссөн фэнүүд нэгэнтэйгээ тэврэлдэн бүжиглэн байх нь дахин давтагдашгүй мэт. Тэнд зөвхөн Итали Францын фэнүүд байгаагүй юм. Иран, Герман, латин америкчууд бас монгол байсан. Африк Азийн төлөөлөл нэлээн байлаа. Хэзээ ч үл мартагдах сайхан дурсамжийг сэтгэлдээ хийн тэндээс тэгээд гарав. Найз өглөө эрт ажилтай тул унтахаар явлаа. Надад энэ баярын дараа гэр лүүгээ явахад дэндүү харамсалтай байлаа. Тэгээд ганцаараа Бранденбургийн хаалгыг зорив. Фэнүүд нь суларч дуусаагүй байсан. Нэлээн хүлээсний эцэст хүмүүсээ оруулж эхлэв. Удалгүй стадионоос италичууд ирж оочер улам ихэслээ. Гэсэн ч бүгд нэг чиглэлд явж байгаа тул удалгүй бүгд дотогшлов. Тэгтэл энд харин ёстой жинхэнэ газар газрын фэнүүд цугларчээ. Өчигдөр ингэж таараагүй юм. Финал гэж финал л байдаг юм байна. Хүн бүр финалыг үдэхээр ийш тэмүүлж. Бразилын арми нэлээн том байлаа. Аргентин, Англи, Швед, Мексик, Япон гээд л бөөн фэнүүд тугаа барин доороо бүжиглэцгээнэ.Би тэднийг нутаг буцацгаасан гэж бодож байсан, гэтэл үгүй ажээ. Дэлхийн аваргын үеэр ганцаардана гэдэг өрөөсгөл ойлголт, огт танихгүй таарсан хүн бүртэйгээ тэврэлдэн зургаа авахуулж, өөд өөдөөсөө харан бүжиглэнэ. Тэр аварга талбайд эхлээд баахан холхилоо, финалын өдөр гээд шопууд нь бүх юмаа тал хувиар буулгасан байв. Ах эгч нарын арзайсан олон дүү нартаа хэдэн подвоолк,малгай аваад нийслэлийн пяавыг тамшаалан сууж хөлөө хэсэг амраалаа. Өглөө хоосолсон 2 мемори кардаа дүүртэл нь зураг аваад сүүлдээ ч бас ядарч байгаагаа бага зэрэг мэдэрч хаалга руу дөхлөө. Гэтэл нэг хаалганы хажууд Ламбада явж байнаа. Өнө эртний сайхан цаг санагдан шууд өнгөрөөд явж чадсангүй. Жаахан өндөрхөн шиг газар нь зогсож байгаад дараа дараагийнх нь хэдэн сайхан хуучны дууг сонсон сэтгэл хоргодон зогслоо. Явах гэхээр л дэлхийн аварга ингээд дуусч байгаа мэт санагдаад хөл хүндрээд байв. Нэг харсан чинь маш сайн таньдаг хүн хажууд зогсоод байх юм. Бодоод бодоод санадаггүй, тэгж байснаа гэнэт Адидас аренаг саналаа. Камераа гаргаад авсан зурагнуудаа эргүүлэн харж байтал тэр франц хүүхний зураг байх нь тэр. Өөрт нь харууллаа, тэгсэн чинь нүд нь томроод гайхаад барахгүй байгаа бололтой. Ахаа гээд дуудаж байна, бас 2 найз нь бололтой хүүхэн залуу 2 ирлээ. Нөгөөдүүлдээ хашгирч хэлээд л, ах нь ч гэсэн гайхаад л намайг тэвэрч байна. Танилцаж зургаа даруулцгаалаа. Тэгсэн Францын фэн уругвайчууд байж. Тэр эрэгтэй нь ирэх жил Хятад явж хөлбөмбөг тоглоно, боломж гарвал багаараа Монгол уруу ухасхийх санаатай гэнэ. Тэдэнтэй нийлэн хэсэг зогсож байгаад сүүлдээ гэр лүүгээ явахаас аргагүй болов. Гадаа гэгээ орох дөхчихөөд байсан юм. Гэртээ суугаад дэлхийн аваргыг өнгөрөөсөн бол миний хувьд онцгой тусгүй хэрэг байсан юм, зурагт хаасны дараа дотор харанхуйлаад юу болох байсныг хэлэхэд хэцүү. Бүтэн жил хонон өнжин хүлээсэн дэлхийн аваргаа ингэж үдсэндээ сэтгэл тун өег байлаа.
Ингээд найзындаа ирж хальт нүдний хор гаргаад явахаар тохирсон машин дээрээ очив. Замдаа унтан явсан ч хажуугаар шурдхийн өнгөрөх итали далбаатай машинуудыг бас харж амжиж л байлаа. Бүгд аваргаа тэмдэглэхээр нутгийн зүг буцаж байгаа ажээ. Франкфуртэд буугаад хот руугаа явах унаагаа хартал дөчөөд минут дутуу байнаа, тэгэхээр нь гадуур дэлхийн аваргын маргааш ямар байхыг сонирхож нэлээн алхаллаа. Баар савнууд улсуудын далбааг өлгөөстэй хэвээр. Гэсэн ч өчигдөр л буцалж байсан газар гэхэд өнөөдөр юу ч болоогүй мэт эгэл хэвийн амьдрал өрнөж байх юм. Уйтгартай санагдаж байлаа, дотроо дэлхийн аваргын уур амьсгалыг дахиад хэд хоног мэдрэх юмсан хэмээн хүсэмжилнэ. Ганц нэг Берлин Финал гэсэн подвоолктой хүмүүс алхацгаана, өчигдөр Берлинд байсан улс бололтой, үүргэвч энэ тэрээс нь тэгж санагдана. Тэгээд гэртээ ирүүт шууд зурагтаа асаалаа. Нөгөө сайхан Нетцер, Бэкэнбауэр нарын царайг харахыг тэсгэлгүй хүсэж сувгаа баахан эргүүллээ, байдаггүй шүү. Цээж хөндий оргиж, дотор хоосорч байх шиг. Яагаад ингэж байнаа,өмнө нь дэлхийн аваргаар ингэдэггүй байсан даа гэж өөрөөсөө асуух нь холгүй. Гэхдээ өөртөө хариултаа олох амархан ажээ. Бүтэн жил хүлээж хүлээж дараа нь бүтэн сарын турш үгээр хэлж үзгээр дүрсэлшгүй гайхмамшигтай сайхан уур амьсгалаар бүүвэйлэгдэн унтсан болохоор энэ ажээ. Энэ сайхан нойрноосоо сэрнэ гэхэд дэндүү харамсалтай ч сэрэхгүй гээд яах вэ. Тэгж байтал дараагийн дэлхийн аварга нэг л мэдэхэд хажууд зогсож байна.
Дараагийн 2 өдөр нь бүтэн сарын турш хойшлуулсан ажлаа гүйцэлдүүлж савж унатлаа гүйлээ. Ингээд жаахан зав гаргаад өнөөдөр форумдаа орж үүнийг сараачин суув аа. Сүүлийн хэдэн өдөр Зиданы мөргөлт дэлхийн аваргыг биднээс холдуулахгүй байлгасаар, үүнтэй хамтаар миний анхны санаа эргээд биеллээ олов. Тийм ээ, Зидан бол агуу гэхэд багадах хүн. Тэр хэчнээн уучилж болшгүй алдаа хийсэн ч гэр бүлээ, эмэгтэй хүнийг оройлон дээдэлдэг эрхэм ариун сэтгэлийг нь яалтай ч билээ. Ингэхээр түүнийг бас шууд буруутгаж чадахгүй нь ээ. Ямар ч байсан Зидан олон хүний хувьд, миний хувьд Рүүд та 2-ыг дэлхийн аваргаар сүүлийн удаа харж байгаа нь туйлын муухай байна. Дахиад ийм мөч ирэхгүй гэж харуусах ч хүний амьдрал хойно доо, цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүн төрөлхтөнийг олон жилийн турш уран хурц хараа, уян налархай хууралт, ухаалаг нарийн тоглолтоороо баясган тэдэнд сэтгэлийн эрхэм дээд цэнгэлийг бэлэглэн байсан чамд баярлалаа.