by Hristos » Sun Jul 09, 2006 2:33 pm
Сугараа ахын бичсэн түүх. Өөрөөс нь зөвшөөрөл авсан болоно. Хөл бөмбөгтэй танилцсан түүх
Анх хэдэн настайгаасаа бөмбөг өшиглөж эхэлсэнээ санахгүй юм. Ямар ч гэсэн бага насны маань дурсгал ихэнхдээ хөл бөмбөгтэй холбоотой байдаг. 80 аас 90 өөд оны эхээр 5 хорооллын циркийн баруун талд Алаг 13 хэмээх нэвт хөл бөмбөг болсон байр байсныг тэр үеийнхэн сайн мэдэж байгаа байх. Мэдээж хэрэг бусад байрнууд ч бөмбөг нүддэг, ер нь тэр үеийн хүүхдүүд спорттой сайн байсан билээ. Харин манай байрны ялгарах онцлог бол тэр үед байгаагүй зохион байгуулалттай байсных. Зөвхөн тоглох төдий бус судлах хэмжээнд дөхөж очсон байв. 10 жилийн жоохон бацаанууд гадаадын хөл бөмбөгийн мэдээлэл авах гээд л Футбол- Хоккей, Советский спорт сонин худалдаж авцгаан , бараг үг бүрийг нь шахуу словардсаар нэг юм уншиж дуусгадаг байж билээ. Словарь дээр байхгүй үгийг хичээл дээрээ очиж багшаасаа асуун хөл бөмбөгний ачаар байраараа оросоор под хийтэл ойлгочдог болсон байсан юм. Хөл бөмбөг сонирхдог хүн гэдэг доод тал нь гадаадын хот улсуудын байрлал гээд бусдаасаа давуу мэдлэгтэй байдаг. Футбол –Хоккей авах гээд л мягмар гаригийн өглөө бүр хүнсний 100-р дэлгүүрийн сонины газар явдагсан. Сонины газрын эгчийн царайг одоо болтол тод санаж байна. Чехославакын стадион, Унгарын Кэпэш спорт, Лабдаругаш, Хойд ах нарын Спортивные игры сэтгүүл авцгаан зураг хөргийг нь ханандаа наадаг үе байлаа. Багуудын зураг, тоглогчдын плакатаар хоорондоо наймаа хийж, өглөөнөөс орой болтол хийдэг ажил бөмбөг өшиглөх л байв. Энэ үед Москвагаас манай байранд Гансүх гэдэг нэгэн ах хүү нүүж ирсэн юм. Соёлтой газраас ирсэн хүн өөр аж. Шууд л биднийг зохион байгуулалтад оруулж, байрны шигшээ баг, бацаануудын баг гэж байгуулан, бэлтгэлийн хуваарь гарган бараг л мэргэжлийн болж эхэллээ. Өглөө 5 аас бэлтгэлтэй. Бэлтгэл дараалан тасалваас шигшээгээс хасан ихэд хатуу ахлагч байж билээ. Би ч хэдэн удаа унтчаад багаасаа хасагдан хэдэн сарын дараа буцан орж байлаа. Нэгэнт шигшээ баг гэж байгаа хойно тоглолт хийх нь мэдээж. Зуны цагт шарга морьт, Жигжид, Залаат гээд л зуслангаар хэсэн тоглож, бусад үед 2, 6, 31, 45 сургуулийн багууд, 4 буудал, микр, 220 мянгат гээд л хаа л бол хаана тоглодог байв. Хэр барагтай бол ялагддаггүй байлаа. Удалгүй өөрсдөө тоглох баг хайх биш энд тэндээс урилга ирэн тоглодог болсон юм. Ялагдах нь ойлгомжтой болоод ирэнгүүт гансүх за техникээ үзүүлээд хожигдоно шүү хэмээн бид ч гоол хийхийн төлөө биш айлыхныг хэд хэдээр нь хууран гүйсээр тоглолт дуусгадагсан. Майжиг бямбаа хэмээх алтан хаалгачтай, 2 давхарын Ганаа , Хомбоо Болдоо, Эрээ болдоо, Амраа, бямбасүрэн, Отгоо гээд л манай шигшээ тэр үедээ алтан баг байлаа. 31 сургуулийн алдарт Сумьяа багшийн шавь нар ирээд ч будаа болоод буцдаг байлаа. Испаний Барса- Реалын өрсөлдөөн шиг гэвэл өөрсдийгөө хэт өргөсөн болох ч жирийн тоглолт гэхээсээ илүү бараг алалцаан болдог байсан гол өрсөлдөгч гэвэл 220 мянгатын 30 р байр. Хурд хүчээр ааглах тэдэнтэй бид техник тактикаар өрсөлдөнө. Зодооноор дуусах үе ч олон. Бигуу, болдоо, хаалгач Ганаа гээд бас л сайн тоглодог баг байсан даа. Орос 3 сургуулийн талбай дээр ихэнх тоглолтоо хийнэ. Бусад үед циркийн хажууд, Хангай зочид буудлын урд талд. Өвөл зун ялгаа байхгүй хөл бөмбөг л хөөдөг байсан. Тийм болохоор бидэнд бусад үеийхэнтэйгээ адил тамхи татан, архи уух гэсэн зав байдаггүй байлаа. Манай байранд тамхи татдаг хүүхэд ер байгаагүй гээд бодоод үз дээ. Юун архи уух. Хөл бөмбөгийн ачаар хүмүүжилтэй өссөн хэрэг гэж би одоо боддог юм. Атамануудаараа алдаршсан хулигаан 5 хороололд манай байр ёстой л цагаан хэрээ шиг онцгой байр байлаа. Манай байрныхан сургуулийхаа шигшээд бол барагтай шалгарах ба ангийхаа багт ордоггүй хүн гэж ер байгаагүй юмдаг. Бүгд шүтдэг хөл бөмбөгчинтэй. Би Зико, Соёл Марадона, Саруул Литтбарски, Ганаа Киган, Хомбоо Румминиге, Эрээ Хрубеш. Хаалгач бямбаа маань яагаад ч юм Австрийн пеццай. Тэр үед заавал өөрсдийн шүтдэг хөл бөмбөгчтэй болдог моод бйасан гэхэд болно. Байрнаас өвчилсөн хөл бөмбөгөө 10 жилийн ангийхандаа тараан бүгд л бас шүтээнтэй болох гээд л. Хөл бөмбөг сайн мэдэхгүй ангийхандаа чи тэрийг шүт гээд л оноож өгдөг байж билээ. Болдцогт хэмээх үеийнхнээсээ хавьгүй хөгшин харагдан эцэг хэмээх хочтой болсон хүүд тэр үеийн хамгийн хөгшин хөл бөмбөгч Италийн хаалгач Дино Зоффийг, хав хар царайтай отгонгэрэлд Бразилийн хар арьстан сержиньог шүт хэмээн оноож байснаа одоо бодохоор инээд ч хүрэх шиг. Анхны үзсэн дэлхийн аварга маань 1982 оны Испанид болсон ДАШТ. Одоо бодоход үнэхээр харамсмаар. Хэт супер баг байсан даа манай Бразил. Хаалгач перес, 9 ноймэрийн сержиньо 2 оос бусад нь. Зико, Сократес, фалькао, Серезо, Эдер. Одоо ч бүгдийг нь сайн санаж байна. Италид яагаад ялагдаваа? Шоронгоос дөнгөж гарж ирсэн Росси манай хаалганд 3 бөмбөг оруулж, тэмцээн дууссан. Гадаа гарж байрныхаа үүдэнд хэсэг суун, нэг мэдэхэд нулимс урсан худлаа худлаа. Бразил хожигдоогүй гэж бодоод л итгэж өгөхгүй. Сократесийн мөргөсөн бөмбөг орчихгүй яаваа, тэр муу Сержиньо мөргөхийн оронд яагаад айгаад буруу харчиваа, росси хавсаа байсан юм бишүү гээд л толгой элдэв бодлоор дүүрэн. Амьдрал утгагүй юмаа гэж жоохон бацаан анх удаагаа бодож байж билээ. Дэлхийн аваргаас дэлхийн аварга хүртэл бид зөвлөлт хөл бөмбөгөөр амьсгална. Киев Тбилисийн Динамо тэгээд Спартак Москва. Үндсэндээ энэ 3 багийн балиашгууд л олон. Ёвропын 3 цомд ах нар маань урамтай сайхан тоглоно. Ах нар сайн тоголвоос бид ч зурагтаар гадаадын тоглолт олон үзнэ. Гадаад гэлтгүй тэр үеийн Зөвлөлтийн хөл бөмбөг үнэхээр ур чадвар сайн байжээ. Черенков, гаврилов, Дасаев, Родионов, чанов, заваров , буряк, Кипиани, Чивадзэ, Шэнгэлия бага насны маань нэгэн дурсгал. 1981 оны Тбилисийн Динамо, 1986 оны Киев монголчууд бид яаж баярлаж байлаа. Одоо болтол орос ах нараа дэмжнэ, дуртай.
1986 оны ДАШТ. Зико маань гэмтэлтэй. Стадион дүүрэн балиашиг ЗИКО ЗИКО гэж орилоод л. Сэлгээгээр гарж ирээд л бужигнуулна. Францад 11 ийн цохилт алдаад манай Бразил бас будаа. Зико алдсан. Бас л нулимс. Яагаад яагаад гээд л хэдэн сар бодно. 1986 оны ДАШТ Оросод үзсэн тул байрныхантайгаа сайхан байж чадаагүй. Алдарт Марадона байсан тул яалт ч байхгүй аргентин аварга гэж дотроо хүлээн зөвшөөрсөн. Гадаадад ганцаар байсныг ч хэлэх үү яахав дээ л дурсамж үлдсэн. 1990 он. Маттеусын герман машинтай маргалдах юм байхгүй. Үнэхээр робот болсон супер баг байлаа.
1994 он. Ромарио Бэбэто. Цэнхэр гаригийн тамираа Ард кино театрт тоглолтууд үзүүлэн Монголдоо шинэлэг сайхан юм болсон. Тамирааг ганц тэр 1990 оны ДАШТ үзүүлсэнээр нь л монголын спортод шинэ хуудас нээсэн гэж хэлэхэд болно. Өглөө оочорлож тасалбар аваад л стадионд байгаа юм шиг л балиашиглаад л. Бразилийг шүтдэг болсоноос хойш анх удаа Бразил маань аварга боллоо. Харж байгаа биз гэж байрныхнаа дарамтлан хэд хоног ихэд додигор явсанаа санаж байна. Бразил бол Бразил шүү дээ гэж хашгармаар. Гудмаар алхах хүн болгонд Бразил аварга гэж хэлмээр. Үгээр илэрхийлэхийн аргагүй хөөрсөн байдалтай хэд хоног байж билээ. Хоол идээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг.
1998 он. Францад хожигдоно гэж арай бодоогүй. Шок. Чив чимээгүй хэд хоносон. Рональдо бие нь муу байж гэж дараа сонсоод тэгвэл аргагүй гэж хэлэх гэснээ үгээ татсан. Манай бразил хожигдох үедээ ч сайхан тоглоод хожигддог. Дээр үеийн Гансүх ахлагчийн техниоээ үзүүлээд ялагдая гэдэг үг сонсогдох шиг.
2002 он. Эр өсөж эсгий сунадаг гэсэн үгээр би ДАШТ болох Японд нь сурж байлаа. Жилийн өмнөөс эхлэн хөл бөмбөгийн уур амьсгал орж, сонин хэвлэлээр хөл бөмбөгийн хулигаанууд ирнэ хэмээн анхааруулга гараад л. Хэдэн сайхан тоглолт амьдаар нь үзэх санаатай байсан боловч тэр үед японд жинхэнэ хөл бөмбөгийн хэнээрэл дэгдэж, захиалга хэтэрсэнээс интернэтээр захиалга аван шодож тасалбар авах азтанг шалгаруулж байсан юмдаг. Үзэхийг хүссэн 5 тоглолтыхоо нэрийг бичин илгээгээд хариу хүлээдэг систем. Гоё тоглолтууд шүүж бичсэнээс болсон уу аль нь ч таараагүй. Ингээд л стадион явах бодлоо орхиж, эх орондоо байгаа юм шиг л зурагтаар үзэхээр шийдсэн юм. Гэтэл танил америк маань ядаж ганц тоглолт үзэхгүй бол Японд байгаагийн хэрэг байхгүй шүү дээ хэмээн ятгасан тул хоёулаа Сайтама мужруу Англи- шведийн тоглолт шагаар ч хамаагүй үзэхээр шийдэн хөдөллөө. Шагийн тасалбар байх нь ч байна. Хэдэн мянган ногоон хүрж байгаа болтой. Гадаа тасалбаргүй фануудад зориулан ТВ гаргаж байсан ч цагдаагийхан ирээд хаачаад яваад өглөө. америк найзыхаа авчирсан өврийн жижиг зурагтыг асаан тэрэн дээр нь 30 орчим хүн шаван үзэж байснаа бодохоор. Энэ үед ТВ гийхэн ирэн биднийг сурвалжилж, бас зурагтаар гараад авсан гэж байгаа. Нутагт нь байгаа тул цагийн зөрөөгүй, хар шөнөөр үзэх гэхгүй ихэд амар байлаа. Рональдо, Ривалдо, рональдино нар будаа болгосоор дэлхийн аварга боллоо. Танил бразилуудтайгаа ууж тэмдэглэв. Өмнөд Солонгосын тоглолт сайхан дайчин байсан ч шүүгч нарыг худалдаад авчихсан юм бишүү гэсэн бодол ихэд стресс болж байсан юмдаг. Адилхан хамт зохион байгуулсан болохоор Япончууд ч чадвал чадна даа гэж бодож байсан ч японууд шилдэг 16 д гарсандаа ханаад өнхөрөөд өгсөн. Токиогийн солонгосууд гудмаар улаан хувцастайгаа тэнэцгээж, шинжюкүгийн солонгос хороолол тэр аяаараа улаан болсон байлаа.
2006 оны ДАШТ. Алс хол болж байгааг хэлэх үү, үдшийн 22 цагаас эхлээд үүрийн 4 цаг хүртэл хөл бөмбөг гарж байна. Үргэлж үзээд байвал бие гүйцэхгүй, үзэхгүй байхаар сэтгэл хөндүүр. Ажил сургууль амьдралаа хаяалтай биш хамгийн сайхан тоглолтуудыг үзээд л өдөрт 2 цаг унтаад л харайж явна. Үргэлж нойр дутуу болохоор хаана ч хамаагүй нэг газар суувал л унтдаг болоод байгаа. Монголдоо байрныхантайгаа хамт үзэж байсан бол ч сайхан даа.
Хоёр дахь эх орон болсон Японууд маань хожигдож, одоо Бразилаа л дэмжих үлдлээ. Бразил чи шүү.
Сугараа
БАРСА БАРСА БАРСА