Бид Мадридыг ялах болно- Златан, та хэдхэн сарын дотор Барселонагийн түлхүүр тоглогчдын нэг болж чадлаа. Ийм амархан дасан зохицож чадна гэдэгтээ итгэлтэй байв уу?- Улирлыг ингэж эхлүүлнэ гэж бодож байсангүй. Би өөрт байгаа боломжийнхоо хирээр сайн эхлэл тавихыг хүссэн. Шинэ клубт ирээд анхныхаа 7 хоногт өөрт олдсон бүх боломжийг ашиглахыг оролдсон ч өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй байх тохиолдол байдаг. Гэвч багийн андууд болон дасгалжуулагч намайг багт дасан зохицоход маш их дэм өгсөн бөгөөд одоо ч тусалж дэмжсээр л байгаа. Талбай дээр энэ авъяас чадвартай хүмүүсийн дэргэд тоглохдоо чи зөвхөн өөрийнхөө ажлыг зөв хийж гүйцэтгэж байгаа эсэхдээ л хамгийн их санаа тавих хэрэгтэй. Бусад бүх зүйлс жам ёсоороо явах болно.
- Интерт харьцангуй чөлөөтэй тоглодог байсан бол Барсад тактикийн хязгаарлагдмал байрлалд орсон юм шиг санагдаад байгаа. - Юуны өмнө Интерт 4-4-2 байрлалаар тоглодог байсан бол харин энд бидний тактик 4-3-3. Түүнчлэн 2 клубын хооронд сэтгэлгээний маш том ялгаа байдаг. Би энд 9 номерын байрлал буюу урд тоглодог хэдий ч дасгалжуулагч надад аль нэг жигүүрлүү шилжиж тоглох боломж өгдөг. Энэ үед жигүүрийн тоглогчдын нэг нь миний байрлалыг нөхдөг юм. Интерт би бусдаасаа нилээд зайтай тоглодог байсан бөгөөд энэ нь надад довтолгооны илүү их орон зай гардаг байсан гэсэн үг.
- Та аль аль клубт шилдэг дасагалжуулагчдын удирдлага дор тоглож байна. Жозеф Гвардиола болон Жозе Моуриньогийн хооронд хандлагын хувьд хир их ялгаа байна вэ? - Гол ялгаа нь Гвардиола илүү идэвхитэй, тэр бэлтгэл дээр өөрийн юу хүсч байгаагаа биеэр харуулж чаддаг, яагаад гэвэл тэр дээд ангиллын тоглогч байсан учраас. Харин Моуриньо ийм ангилалд тоглож үзээгүй, гэхдээ аль алинд нь гайхалтай чадвар, агуу их ялах хүсэл эрмэлзэл бий. Тэд өөрсдийн хүсч байгаа зүйлээ маш ойлгомжтой тайлбарлаж чаддаг. Тэд бол ялагчид.
- Хувь хүний хувьд? - Тоглогчидтой маш сайн харилцаатай, мэргэжлийн дасгалжуулагчид. Би өөр хэн нэгний тухай ярьж чадахгүй байна, гэхдээ Жозетой үргэлж маш сайн харилцаатай байсан, одоо Пэптэй ойлголцож чадаж байгаа шиг л.
- Багийнханд чинь чамайг гайхашруулсан ямар нэг зүйл бий юу? - Үгүй ээ, би тэднийг хэрхэн тоглодгийг мэддэг байсан. Тэд бол жинхэнэ мэргэжлийнхэн. Иниэста, Мэсси, Анри, Туре, Кэйта гээд л, би тэднийг хамт талбайд гарахаасаа өмнө хир хэмжээний тоглогчид вэ гэдгийг мэднэ. Тиймээс би огт гайхаагүй, гэхдээ тэдэнтэй мөр зэрэгцэж тоглох гэдэг нэр төрийн хэрэг.
- Таныг багт нэгдэх үед маш их хүлээлт, итгэл найдвар бий болсон. Барселонад өнгөрсөн улирлын амжилтаа давтах хүч чадал байгаа юу?- Миний хувьд ямар ч клубт байсан бүх тэмцээнд ялахыг л хүсдэг. Триплийг давтах гэдэг маш өндөр шаардлага. Дуулиан шуугиан дунд 2 улирал дарааллан дээд зэргийн тоглолт үзүүлэх ёстой болно шүү дээ. Энэ бол маш хэцүү зүйл. Гэхдээ нөгөө талаас, бидний сэтгэл зүй маш өндөр төвшинд байна, түүнчлэн өөрсдийнхөө хүрээнд багагүй дадал туршлагатай болсон. Тиймээс яагаад үгүй гэж?
- Барсад ялангуяа биеийн бэлтгэлжилтийг багтаагаад формоо хэрхэн хэвийн хэмжээнд барих аргачлал байдаг вэ? - Бид маш шаргуу ажилладаг. Бэлтгэл болон тэмцээний хооронд маш сайн тэнцвэрийн харьцаа байдаг бөгөөд бидэнд бүх зүйлийг бэлтгэж нягталдаг мэргэжлийн групп бий. Хэтэрсэн ачаалалгүй, өндөр хэмжээний бэлтгэлтэй тоглолтод ордог. Хэрвээ чи мэргэжлийн энэ төвшинд тоглож байгаа бол аливаа тоглолт маш ачаалалтай болохыг мэдэрнэ, тийм учраас биеийн зөв бэлтгэлжилт маш чухал.
- 12-р сард танай баг ФИФА-н клубуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд ялах нь таны хувьд? - Энэ тэмцээн бол маш олон тоглогчдын түрүүлж үзэхийг хүсдэг зүйл. Бидний хувьд энэ цомыг хүртэж үзээгүй байгаа, тиймээс энэ бол клуб, тоглогчид болон дэмжигчдийн хувьд энэ улирлын гол зорилгуудын нэг байх болно.
- Шведийн шигшээ дэлхийн аваргын тэмцээнд орж чадаагүй. Тийм болохоор 12-р сарын тэмцээн таны хувьд дэлхийн түвшинд өөрийгөө сорих талбар болж чадах уу? - Манай шигшээ дэлхийн аваргад орж чадаагүй нь маш харамсалтай байна. Тэгэхээр дэлхийн цом миний хувьд чухал тэмцээн. Би ямар ч тэмцээнд багийн нэг чухал хэсэг болж оролцохдоо туйлын сэтгэл хангалуун байдаг бөгөөд үргэлж ялахын төлөө явдаг. Би эдгээр тоглолтуудад оролцохын тулд чадах бүхнээ хийж багаа амжилтад хүрэхэд туслах болно.
- Шигшээ багтайгаа бүтэлгүйтсэн явдал таныг хир эмзэглүүлсэн бэ? - Маш гутамшигтай байсан. Би 2 дэлхийн аварга, 2 европийн аваргын тэмцээнд оролцсон, ийм тэмцээнд маш их дуртай. Өмнөд Африкт өрсөлдөж чадахгүй болсон маань надад том цохилт болсон л доо. Гэхдээ надад энэ бүхнийг бодитоор дүгнэх шалтгаан байна: миний шигшээ багтаа тоглодог эсэх төдийлөн гол хүчин зүйл нь биш л дээ. Бид дэлхийн аваргад түрүүлэх хэмжээний өрсөлдөгч байж үзээгүй ч өөрсдийгөө хэн бэ гэдгийг батлах хэмжээний тоглолт үзүүлдэг байсан, гэвч энэ удаад аз бидний эсрэг үйлчилсэн.
- Ирээдүйд бид Златаныг дэлхийн аваргын тэмцээнд харах болов уу? - Яг энэ мөчид би Шведийн шигшээд тоглохгүй гэж шийдсэн байгаа хэдий ч ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс би ямар нэг зүйлийг урьдчилж хэлмээргүй байна. Юу болохыг харцгаая.
- Одоо цагтаа буцаж ирье, та өөрийн өмнөх клубийнхээ эсрэг энэ 7 хоногт тоглох байх. Сэтгэгдэл ямар байна даа? - Интер бол хүчирхэг баг, энэ тоглолт ямар нэг алдаа гаргах эрхгүй чухал тулаан байх болно. Аваргуудын Лигт бидэнд азгүйтэл маш их тохиолдож байгаа. Гэсэн хэдий ч энэ тоглолтод миний хүссэн үр дүн гарна гэдэгт би итгэж байна.
- Тэгээд дараа нь 11-р сарын 29-нд Эль Классико. - Тэгэлгүй яахав, энэ бас маш чухал тоглолт. Зөвхөн бидний хувьд ч биш, клуб, дэмжигчид, тэр ч бүү аль нэгийг нь дэмждэггүй хүмүүсийн хувьд ч тэр. Энэ тоглолтыг хайхрахгүй өнгөрөх хүн байхгүй биз. Бид гэртээ тоглоно, бид ялах болно.
- Өнгөрсөн улирал Бэрнабэу-д 2-6 ялсныг давтах боломж бий юу? - Сайн мэдэхгүй юм, бид хэдэн гоол хийх тухай би огт бодохгүй байна. Барса үргэлж довтолж тоглодог, бид гоол хийж ялна гэдэгтээ харин итгэлтэй байгаа шүү.
www.barca.mn