Жошуа Жей Ховард 1980 оны дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Винстан Салимд төржээ. Тэрбээр “Даллас Маверикс” багт хамгаалан тоглогчийн байрлалд тоглодог. Энэ байрлалд түүнтэй эгнэх тоглогч тийм ч олонгүй гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй биз ээ.
Түүний мэргэжлийн сагсан бөмбөгт хүрсэн зам мөр, намтар түүх тийм ч амар, шулуун дардан байсангүй.
Одоо бол Ховард маш сайн тоглогч гэдгийг хүн бүхэн зөвшөөрч байгаа ч сагсан бөмбөгт хөл тавьж байхад нь түүний авьяас, ирээдүйг урьдчилан харсан хүн цөөхөн байсан юм.
Драфтын 29-өөр мэргэжлийн сагсан бөмбөгт элсэж байсан тэрбээр биеэ бүрэн дайчилсны эцэст өөрийгөө харуулж, олон олон шүтэн бишрэгчтэй тоглогч болсон билээ.
Түүнийг коллежид тоглодог байхад нь “Atlantic” бүсийн 2003 оны шилдэг тоглогчоор нэрлэж байсан төдийгүй, Вэйк Форест их сургууль 41 жил завсарласны дараа аваргын төлөө тоглолтод оролцсон юм. Ховард бол ACC-ийн түүхэнд 500 удаа самбараас бөмбөг авч, 1500 оноо “халааслан”, 200 оновчтой дамжуулалт, 200 бөмбөг таслалт, 100 блок-шот гүйцэтгэн алдраа мөнхөлсөн зургаан хүний хоёрдугаарт бичигдсэн ховор сагсан бөмбөгч. Түүний урд өдгөө “Хьюстон Рокетс” багт тоглож буй Шэйн Баттьерийн нэр байдаг аж.
Америкийн “Фокс” нэвтрүүлэг Ховардын ур чадварыг үнэлж үндэсний шилдэг тоглогчоор нэрлэж байсан удаатай. Мөн Жон Вүден, Жеймс Нэйсмит нарын нэрэмжит шагналыг 2003 онд хүртэж байжээ. Коллеж дүүргэх үедээ Ховард дунджаар 19.5 оноо авч, 8.3 самбараас бөмбөг авалт, 2.1 оновчтой дамжуулалт, 1.5 блокшот гүйцэтгэж байжээ. Яг энэ үеэр 2003 оны драфтын ажиллагаа эхэлсэн юм.
Ховардын хувьд драфтын эхний бүсээс гарах эсэх нь тодорхойгүй байсан хэдий ч 29-д жагсаж, “Даллас Маверикс” багт ирсэн түүхтэй. Ховард анхныхаа тоглолтыг “Лос-Анжелес Лейкерс” багийн эсрэг хийн 17 оноо авч, 13 удаа самбараас бөмбөг авснаар багийнхаа ялалтад томоохон хувь нэмэр оруулсан байна.
Гэхдээ “Даллас Маверикс” багт дасан зохицох эхний үе амаргүй өнгөрсөн. Ямар ч сагсан бөмбөгчид гарааны таван тоглогчийн бүрэлдэхүүнд багтахгүй байх нь сэтгэл санааны хувьд нэлээд хүнд тусдаг. Ховард энэ замыг тойролгүй дайрч өнгөрсөн юм. Удалгүй “Даллас” багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж “цомхотгол” хийхээр болжээ. Залуу тоглогч Ховардыг багтаа үлдээх эсэх тухай нэлээд нухацтай авч хэлэлцсэний дараа ямар ч байсан урмыг нь хугалалгүй, авьяас чадварыг нь сорьж үзэх нь чухал гэж тогтсон гэдэг. Тэр ч багийнхаа удирлагуудын итгэлийг хөсөрдүүлэггүй бөгөөд Маркис Даниэлс, Жош Ховард нар хамтдаа 2003 оны шилдэг шинэ тоглогчдын II багт нэр дэвшсэн юм.
Харамсалтай нь Ховард эхний улиралдаа гэмтэл авч, 13 тоглолт өнжсөн. Өөрийнхөө хэн болохыг бусдад харуулах хүслээр буцалж байсан түүний хувьд энэ байдал шаналгаа зовиуртай, цагаа олоогүй “дайрлага” байсан нь мэдээж. Тэр жил плей-оффын эхний шатнаас хасагдсан “Даллас Маверикс” багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхээр шийдээд байлаа. “Даллас” довтлон тоглогчдоор үндсэндээ хахаж байсан тул зарим тоглогчдоо явуулж, халаа сэлгээ хийх нь гарцаагүй болоод байв.
Энэ болох ёстой солилцоо Ховардыг гарааны тавтад багтах боломжийг олгож магадгүй байсан юм. Гэвч Даниэлс, Финли, Стэкхаус, Тэрри, Данпьер, Новицки нарын дархлагдсан тоглогчид байсан тул Дон Нельсон Ховардыг нөөц тоглогчдын суудалд арга буюу суулгасан юм. Гэвч нэг их удалгүй Даниэлс шагайндаа гэмтэл авснаар Ховард гарааны тавд багтлаа. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 12.6 оноо авч, 6.4 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 1.53 удаа бөмбөг таслан, талбайд 32 минут тоглож байв.
Залуу Ховардын хувьд гурав дахь улирал нь нэлээд хатуу болж өнгөрсөн билээ. Тэр дунджаар 15.6 оноо авч, 6.8 удаа самбараас бөмбөг аван, 1.2 удаа бөмбөг тасалж байсан ч дахиад л гэмтэл авч, 59 тоглолт өнжсөн юм.
Харин гэмтэл нь бүрэн эдгэрч, талбайдаа буцаж ирснээсээ хойш тэрбээр олон олон гайхалтай тоглолт үзүүлж, өдгөө олны сайн мэдэх болсон шилдэг хамгаалан тоглогчийн дүр төрхөө бүтээсэн юм. Одоо бол “Даллас”-ыг түүнгүйгээр төсөөлөхөд амаргүй. Ховардгүй “Даллас”-ыг сайн баг гэж хэлэхэд төвөгтэй. Тэгэхээр тэр багтаа хэрэгтэй, чухал тоглогчийн нэг болж чаджээ. Энэ дашрамд нэг шинэ мэдээ дуулгахад 2008 онд Бээжин хотноо болох зуны олимпод оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Жош Ховард, Шэйн Баттьер, Брюс Боуэн нарын нэр дэвшээд байна.
Энэ улиралд Жошуа ердөө хоёр тоглолт л өнжсөн. Сагсан бөмбөгчдийн хувьд хийж буй үйлдэл бүр нь зөв, программчлагдсан мэт байдаггүй болохоор Ховард ч бас алдаа гаргадаг. 2006 оны плей-оффын финалд “Майами Хит”-тэй өөрийнхөө талбайд хийсэн шувтаргын хариуцлагатай 5 дахь тоглолтын үеэр Ховард завсарлагаа авах боломжгүй үед “time out” хэмээн техникийн торгууль хүлээсэн удаатай. Түүний энэ болчимгүй үйлдлийн хариуд Дуэйн Уэйд торгуулийн шидэлтийг алдалгүй гүйцэтгэж, баг нь нэг оноогоор илүү гарснаар “Майами Хит” ялалт байгуулжээ.
Жошуа NBA-д дөрөв дэх улиралдаа тоглож байна. Түүнийг алдарт Скотти Пиппентэй төстэй гэцгээдэг бөгөөд төрмөл авьяас, ямар ч байрлалаас оноо авах чадвар, нягт хатуу хамгаалалт зэргээр нь Рэй Аллен, Трейси МакГрейди, Коби Брайнт нартай адилтгадаг.
“Лос-Анжелес Лейкерс”-ийн хамгаалан тоглогч Коби Брайнт “Миний бодлоор бол тэр үнэхээр гайхамшигтай тоглогч. Би түүний тоглолтыг үзэх маш их дуртай. Ямар ч тоглолт зөвхөн түүнээс хамаарч байдаг нь гайхалтай. Түүнчлэн Ховард бол багийн гулзайшгүй багана, хамтран тоглогчдынхоо өмөг түшиг нь. Тоглогчид сандарч эргэлзсэн, барьц алдсан үедээ юу хийж, яахыг түүнээс л асуудаг. Энэ хэдхэн үгээр түүний гайхалтай мөн чанар ямар нэг хэмжээгээр тодрох биз ээ” гэж ярьсан байдаг.
mongolnews.info