by barsa68a » Tue Nov 03, 2009 9:29 am
Улсын гарьд И.Доржсамбуу: Хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юм уу гэж бодогддог
Монгол түмний их хайрыг дааж, зүлэг ногоон дэвжээгээ орхилгүй байнга дээгүүр даваанд шалгарч, үргэлж урагшаа давшиж барилддаг бөх бол улсын гарьд И.Доржсамбуу. Түүний нэр бөх сонирхогчдын дунд гэгээн, эрхэм зүйлийн илэрхийлэл болдог. Одоо гарьд маань спортын насаар бол ахмадад тооцогдож, эрийн хувьд бол ид насан дээрээ иржээ. Барилдах, бодох санах, хэлэх ярих нь ч ид тэгширч. Ингээд эрхэм уншигч та дэвжээ чимж, сэтгэл амирлуулсан нэгэн сайхан монгол эрийн ярилцлагыг таалан уншина уу.
- Гарьд аа, одоо ингэхэд нас хэд хүрч байна аа. Бид багцаа л бодож явдгаас нарийн мэдэхгүй юм байна?
- За, ирэх жил 38 хүрнэ дээ.
- Спортын хувьд бас ахмад насанд тооцогдоно. Нас хэр мэдрэгдэж байна?
- Мэдрэгдэх юм аа. Урьд нь 3-4 цаг бэлтгэл хийчихээд 1-2 цаг унтчихад сайхан амраад, тэнхээ орчихсон юм шиг санагддаг байж. Одоо бол үгүй шүү. Ер нь сайн л амрах шаардлага тавигдана.
- Танай үеийнхэн заалны барилдаанд үзэгдэх нь нэн цөөн болж. Одоо ер нь хэн хэн барилдаж байна аа?
- Уг нь бидний үе гурван аварга /Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар/, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг гээд олон сайхан бөхтэй. Одоо бол Өсөхөө аварга, Б.Адьяахүү, У.Балжинням бид хэд л голцуу үзэгдэх болж. Зарим маань хааяа барилдана аа, гэхдээ.
- Барилдааны дараа бие хаа, гар хуруу өвдөнө биз. Тамирчин хүн эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог гэдэг?
- Одоо ч гэсэн гар хуруу нил өвчин. Ер нь бөх барилдана гэдэг амаргүй. Жижиг гэлтгүй бэртэл үргэлж дагаж явдаг.
- Та ер нь хэзээнээс барилдаж эхэлсэн юм бэ. Одоо барилдаад хэдэн жил болж байна?
- Хөдөө сургуульд байхдаа дээлээ урж л өссөн. Хоёрдугаар ангид байхдаа анхны албан ёсны барилдаандаа гарч байлаа. Ер нь биеэр үеийнхнээсээ арай том. 1990 онд цэрэгт татагдаад, дараа жил нь “Алдар”-ын ротод ирсэн. Б.Ганбаатар арслан намайг бөх болгохоор тийш авсан юм. Ингээд 1993 онд цэргийн заан, 1994 онд цэргийн арслан болсон. Ер нь “Алдар”-т ирсэн залуус бөх болдог юм шүү.
- Та эцэг эхийнхээ тухай хуучлаач. Бас багадаа ямар орчинд хэрхэн өссөн тухайгаа?
- Манайх есөн хүүхэдтэй айл. Аав ээж минь нэгдлийн мал маллана. Ээж О.Даариймаа сум, аймгийн аварга саальчин. Харин аав гарын ур дүй сайтай. Нэгдлийн сандал ширээ гээд хийхгүй зүйл бараг үгүй. Аавыг минь Ц.Ишдорж гэдэг. Мал маллаад, хөдөөний бусад хүүхдийн л адил монгол бөхдөө дурлаж өссөн дөө.
- Та “Авзага”-аар овоглоод их удлаа. Яг хэзээнээс эхэлсэн билээ дээ?
- 1995 оноос хойш “Авзага”-ын нэр дээр босч байгаа. Захирал Мэндбаяр ах манай нутгийн хүн. Гурванбулагаас тухайн үед улсын цолтон бүү хэл аймгийн цолтон ч бараг үгүй байлаа. Тэгээд ах нутгийн дүү намайг дэмжье гэхэд нь би түшсэн дээ.
- Бөхчүүд өмнөөс нь барилддаг байгууллага, компаниа байнга солих хандлагатай байдаг. Танд өөр газраас манай нэр дээр барилдаач, илүү их шан харамж өгье гэж байсан уу?
- Тийм санал ирж байсан. Гэхдээ би залуу бөх байхад минь л дэмжиж тусалж ирсэн “Авзага”-аа сольё гэж бодоогүй. Ийм санал хэлээд байна гэж Мэндбаяр ахад хэлж ч үзээгүй. “Авзага”, “Алдар” хоёр бол намайг бөх болоход тус дэм болсон буянтай газар.
- Булган нутаг руугаа ойр ойрхон очдог уу?
- Очно оо, амралтаараа аль болох л нутгаа зорьдог.
- Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий нутгийнхаа байгаль орчинг ихэд хайрлан хамгаалж, бүр тэмцэл хүртэл өрнүүлдэг. Таны хувьд Булган нутагтаа хэр санаа тавьж, хэлж ярьж явдаг вэ?
- Миний нутаг баялагтай сайхан газар. Гэхдээ ашгүй ухаж сэндийлсэн, уруутуулж доройтуулсан нь харьцангуй бага шүү. Би сэтгэл дотроо үүнд нь баярлаж л явдаг юм.
- Гурванбулаг гэдэг нэрийн учрыг тайлж өгөөч.
- Уулаа өгсөхөөр гурван булаг байдаг. Одоо ундарга нь жаахан татарсан. Түүгээр л нэрлэсэн хэрэг.
- Эрчүүд гэрийн ажилд оролцох дургүй байх нь элбэг. Та бол бүр том цолтой бөх хүн. Гал тогооныхоо ажилд оролцдог уу, ер нь?
- /Инээв/ Үгүй, одоо эхнэр байхгүй бол хоол хийж таарна даа. Манайх одоо нялх хүүхэдтэй болохоор эхнэр гарахгүй байгаа /инээв/. Тэгэхээр нэг их гал тогоо руу гүйгээд байхгүй. Харин эхнэр байхгүй үе таарвал гялс балкон дээрээс мах гаргаад чаначих санаатай. Өөр хоол хийж нэг их мэдэхгүй. Бушуухан л мах чанадаг.
- Та яагаад цэнхэр өнгийн зодог сонгосон юм бэ. Булганы бөхчүүд ихэвчлэн ийм өнгийн зодогтой харагдах юм. Энд нэг тохирсон, тааруулсан зүйл бий юу?
- Бөхийн зүтгэлтэн Бат-Очир гуай надад улаан шар зодог “Жижиг” Санжаа гуайгаар хийлгэж өгч байлаа. Түүнийгээ багадахаар нь Ц.Цогтжаргалд өгсөн. Дараа нь улаан зодог өмссөн. Багадахаар нь шинэ зодог хийлгэхээр Ганбаатар арслангийн эхнэр рүү очиход санаанд таарсан улаан өнгө байгаагүй юм. Тэгээд цэнхэр өнгөөр захиалсан. Тэрнээс биш Булганыхан цэнхэр зодог өмсөе гэсэн зүйл байхгүй л дээ. Баасандорж, Өсөхбаяр нарын хувьд бол угаасаа л цэнхэр зодог өмсдөг байсан байх. Одоо би тэр цэнхэр зодгоо л өмсөж байгаа.
- Сэргээшийн тухай яриа хагас жил орчим яригдлаа. Ер нь үндэсний бөх сэргээш хоёр нэр холбогдоод удаж байна. Та энэ асуудлаар юу бодож санаж явна вэ?
- Үнэхээр сэргээш хэрэглээд барилддаг бол шударга биш. Гэхдээ энэ асуудлыг анх үүсэхэд нь л хариуцлага тооцсон бол өдийд ийм хэмжээнд хүрэхгүй байсан болов уу. Анх шинжилгээ авсан жил л асуудал үүсч эхэлсэн. Түүнээс хойш үргэлжлээд л байгаа. Эхнээс нь л ёс журмаар нь хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм.
- Чимэг хураана гэдэг хангалттай шийтгэл биш юм шиг санагддаг?
- Тийм ээ, чимэг хасах шийтгэл биш гэж хэлж болно. Одоо ч сэргээш хэрэглээд явж байгаа юм билүү. Хичнээн сэргээш гарлаа ч гэсэн барилдаад л байна шүү дээ. Тэдгээр бөхчүүдтэй таарч улсын наадмын 3, 4-ийн даваанд унасан бөхчүүдийг яахав гэсэн асуудал бас байгаа. Тэд яаж ч барилдах байсан юм билээ. Эсвэл хариуцлага тооцож чаддаггүй юм бол сэргээшийн шинжилгээ авахаа больчихмоор юм.
- Наадмын өмнө бөхчүүдээс хэрэглэсэн эм тариаг нь асууж, тэмдэглэж авдаг биз дээ. Хэрвээ үнэхээр бэртэлдээ хэрэглэсэн бол тэгэхэд хэлээд, тэмдэглүүлэхэд л асуудалгүй юм биш үү?
- Тийм ээ, эмчийн магадлагаатайгаа байх ёстой л доо. Тэгээд учраа тайлбарлаад, магадлагаагаа үзүүлэхэд болдог байх.
- Зарим бөхчүүд хүч тамир орохын тулд сэргээш хэрэглэх бус бага малын мах, хориотой ангийн мах хэрэглэдэг гэдэг. Таны хувьд хүч тамираа хадгалахын тулд тийм ан хэрэглэдэг үү?
- За, би ан хийж чадахгүй юм даа. Хааяа бага малын мах, хориотой ангийн мах идвэл хүч тамир суудаг гэсэн яриа сонсогддог. Миний хувьд тарваганы маханд их дуртай. Найз нөхөд маань заримдаа тарваганы мах авчирч өгдөг. Өөр ч илүү дутуу зүйлд дурладаггүй ээ.
- Сэргээшийн тухай бөхчүүд хэр мэдлэгтэй байдаг вэ?
- Энэ жил Олимпийн хорооныхон галаар явж, сэргээшийн тухай тодорхой танилцуулж байсан. Гэхдээ зарим бөхчүүд мэддэггүй байхыг үгүйсгэхгүй. Сэргээш хэрэглээд нэг хэсэг л сайн барилдах юм шиг. Харин сүүлдээ биед нь хортой гэж ихэнх нь ойлгодог байх.
- Уучлаарай, та миний мэдэхээр улсын наадамд гурван ч удаа унаж өглөө. Эхлээд С.Мандах начинд. Дараа нь Ц.Цогтжаргал. Энэ жил Э.Энхбатад өгсөн. Өөрөө сайхан барилдах насан дээрээ байгаа хэрнээ ингээд найр тавиад, сайхан сэтгэл гаргаад байх харамсалтай биш үү?
- За ярья даа. С.Мандах бол миний үй зайгүй найз гэдгийг бүгд мэдэх байх. Тэгээд ч тэр жил би бэртэлтэй байсан. Мандах олон жил улсын цолын төлөө барилдсан сайн бөх, миний сайн найз. Харин Цогоогийн хувьд /улсын начин Ц.Цогтжаргал/ манай нутгийн хүү. Бидний аав ээж хоорондоо найзууд. Бас дүү Ёндоотой үй зайгүй найз. Харин Э.Энхбатын хувьд би энэ жил Булганы галаа ахлаж гарсан. Нутгийн бизнесмэн, удирдлагууд манай галыг амжилт гаргаарай гэж наадмын бэлтгэл дээр эргэж тойрч, тусалж дэмжиж байлаа. Тэгэхээр гал ахласан хүнд бас хариуцлага, амжилт гэж байх ёстой болдог. Ингээд нутгийн залуугаа тав дээр үлдэхэд бодож байгаад л авсан.
- Та өөрөө ч илүү цол авч болох бөх шүү дээ. Нутгийн дүүг авчихаад сүүлд харамсахгүй юу?
- Надад хэн нэгэн шахалт үзүүлээгүй. Энэ миний л шийдвэр. Би мөнгө төгрөг хараагүй. Нутаг уснаасаа шинэ цолтон төрөг л гэж бодсон болохоор сүүлд харамсаагүй. Тэгээд ч бөх хүн бэлтгэлээ хэр байгааг, хэр дээшээ барилдах боломжоо өөрөө төсөөлж мэдэрсэн байдаг.
- Та харамсдаггүй юм гэхэд таны эхнэр, таныг дэмжигчид их харамссан байх даа?
- Гэртээ бөхийн асуудлаа би л шийднэ. Гэхдээ эхнэр маань улсын наадмын өглөө тавын даваанд уначихаарай гэж сүүгээ өргөөгүй нь тодорхой. Мэдээж, намайг сайн барилдахыг л харж, хүлээж яваа. Бөх сонирхогчдын хувьд харамсалтай санагдсан байж болох. Гэхдээ энэ миний л шийдвэр байсан.
- Таныг дээшээ барилдах боломжтой бөх гэдгийг энэ хоёр залуу мэдэж байсан. Дараа нь талархснаа хэрхэн илэрхийлсэн бэ?
- Цогоо наадмын дараа хадаг, мөнгөн аягатай сүү бариад талархснаа хэлсэн. Миний төрсөн дүүгээс ялгаагүй шүү дээ. Тэгээд ч үнэхээр гайгүй барилдчихаар байсан жилээ өөрт нь өгснийг мэддэг юм шиг билээ. Энхбат надад “Баярлалаа” гэж хэлсэн. Намар улсын цолныхоо найранд урьсан ч би очиж чадаагүй. Уг нь намайг найрандаа ирэхийг их хүсч байгаагаа хэлж байсан.
- Нэг хэсэг цолны найраа гэж их шуугисан. Одоо энэ байдал хумигдсан уу?
- Шал өөр болсон шүү. Наадамд арав арваараа начин цолтон төрдөг байсан шүү дээ. Одоо тэр мөнгө төгрөгөөр унаж, давахаасаа илүү нутаг усаа л гэх нь илүү болсон. Ер нь монгол бөхөд нутаг усаа гэсэн үзэл байдаг. Энэ нь үзэгч та нарт ч мэдрэгдэж байгаа байх.
- Барилдааны цаг, дүрмийн тухай бөхчүүд бас багагүй ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодол байдаг вэ?
- Би энэ үгийг хэлье гэж боддог ч урьд нь ердөө гаргаж хэлж байсангүй. Гэхдээ энэ удаад хэлье гэж бодлоо. Энэ зөвхөн миний барилдааны онцлогтой холбоотой гэж хүмүүс бүү бодоорой. Намайг сэнжигнээс барилддаг болохоороо л ингэж хэлж байна гэж бодохвий. Барилдааны цагийн хувьд 10 минут барилдлаа гэж бодьё. Гэтэл нөгөө бөхчүүд зугтаад байдаг. Цаг яваад байдаг. Зугтаад буй бөхийг шийтгэж, шахаж элэг бүс, сэнжиг хоёуланд нь атгуулдаг. Гэтэл шийтгэж байгаа юм бол өнөөх зугтсан бөхөд барьц бариулахгүй байвал илүү ончтой юм шиг. Яагаад гэвэл тэр бөх шийтгүүлж байгаа шүү дээ. Гэтэл барьц өгдөг нь шийтгэл биш бараг амжилт, шагнал болчих гээд байгаа юм шиг санагддаг.
- Хаялцах барьцын тухай бас нэлээд яриа гардаг. Барьц шодохыг хүлээдэг гэдэг ч юм уу?
- Барилдааны цагийг багасгаж, хаялцах барьцаар барилдуулах болсныг би ч бас боддог. Бөхийн холбооныхноос асуухаар “Үзэгчдээ бодсон хэрэг” гэж хэлдэг. Гэтэл үзэгчдээ бодоод бөхчүүдээ бас бодохгүй байж болохгүй санагдана. Уран гоё барилдаан бараг үгүй болсон гэж хэлж болно. Өрөөд, мэх хийгээд, нэг л болохооргүй бол барьц халаад, шодолт хүлээх хандлагатай. Ингэхээр монгол бөхийн мэх цөөрч, үзэгчид ч уйдаж цөөрөх юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Харин ч олон мэх хийж, уран сайхан барилдаж байж үзэгчдийн тоо нэмэгдмээр.
- Та улсын наадмын үзүүр түрүүний барилдаанд гарахын өмнө баруун асарт байсан. Тэнд баахан хүн шавчихаад л, танд зааж зөвлөөд байгаа юм шиг санагдсан. Яг чухал даваанд гарахын өмнө гэнэт гарч ирсэн тэр олон зөвлөх хэрэг болохоос нэрмээс болмоор…?
- Тэгэхэд надад тэгтлээ зааж зөвлөсөн хүн байгаагүй. Би өөрийнхөөрөө, сурснаараа л барилдана гэж бодсон. Ер нь сандарч, нервтдэггүй. Төв цэнгэлдэхийн бөхчүүдийн суудал маань сүүдрэвчгүй шүү дээ. Тэгэхээр хоёр өдөр халуун нар дор зогсоод, бас барилдана гэдэг амаргүй. Би сүүдрэвч дагаж л тэнд сууж байсан. Том цолтой бөхчүүд нь чихэлдээд зүүн, баруун хоёр асарт сууна. Харин бага цолтнууд хоёр өдөр яг халуун нар дор сууж байгаа юм. Миний мэдэхээр 1991 онд л ийм байсан. Одоо ч тэр чигээрээ. Бөхчүүдийнхээ суудлын дээр сүүдрэвч барьчихвал бас хэрэгтэй шүү гэж холбогдох газар нь хэлмээр. Төв цэнгэлдэх хэдэн ч жилийн өмнө баригдсан юм. Одоо ч тэр хэвээрээ л байна.
- Х.Мөнхбаатар арслантай барилдахад та сандарч байв уу. Улсын наадмын үзүүр түрүүний барилдаан гэдэг тэр бүр таараад байх даваа биш шүү дээ?
- Үгүй дээ, сандраагүй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон. Гараад нэг өрсөн. Гэтэл шинэ цолтнуудад шагнал гардуулна гээд зогсоосон. Ингээд дахиж өрмөгц хагалж цохиод толгой уургалчихсан. Тэгээд таван минут тэр цээжин дор тэснэ гэдэг бас тэвчсэний шинж. Тэгээд унасан л даа.
- Та Х.Мөнхбаатарыг бодвол олон жил улсын наадамд барилдаж, танигдсан бөх. Унасандаа хэр их харамссан бэ?
- Харамсаад бухимдаад байгаагүй ээ. Нэгэнтээ дийлэхгүй л унасан юм чинь. Харин дахиж ийм алдаа гаргахгүй байх нь чухал. Гэхдээ би давшиж, урагш явж барилддаг болохоор ихэвчлэн унасан ч гэсэн барилдаандаа сэтгэл хангалуун үлддэг юм. Гэтэл тэр барилдаан дээр тэгж өөрийнхөөрөө барилдаж чадаагүй нь л тоогүй. Энэ барилдааны дараа олон хүн намайг хариуцлагагүй барилдсан гэж хэлж зэмлэж байсан. Уг нь сайн барилдья л гэж гарсан.
- Танд ер нь бөх үзэгчид хатуу үг хэр хэлж байв. Санаанаас гардаггүй тохиолдол бий юу?
- Бий. Цэргийн арслан цолтой байсан юм болов уу. Паркийн цэнгэлдэхэд Их сорилгын өмнөх барилдаан болсон санагдана. Би барилдаж яваад дэвжээний захад хүрээд, буцахдаа шүлсээ хаячихаж. Тэгсэн нэг өвгөн намайг “Чи дэвжээ рүүгээ шүлсээ хаялаа. Ийм бөх яаж ахиж, сайн барилдах вэ дээ” гэж загнаж билээ. Энийг би дандаа санаж явдаг.
- Тэрнээс хойш та шүлсээ дэвжээн дээр хаяагүй гэж үү. Зарим бөхчүүд бүр нусаа нийж хүртэл харагддаг шүү дээ?
- Би түүнээс хойш үргэлж тэр үгийг санаж, тийм үйлдэл хийхгүй гэж бодсон. Дэвжээгээ дахиж тэгж бузарлаагүй ээ.
- Та Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдааны үзүүр түрүүнд Х.Мөнхбаатар арсланг давлаа. Улсын наадмын үзүүр түрүүнд таарснаас хойш та хоёр өөр барилдсан байсан уу. Юу бодож гарав?
- Түүнээс хойш Монгол туургатны барилдаанд бид хоёр нэг таарч, маргаантай юм болсон. Их ойрхон унасан л даа, хоёулаа. Тэгээд хөлийн цэцийн шийдвэрээр намайг давсанд тооцсон юм. Нийслэлийн барилдааны хувьд би сайхан барилдчихья л гэж гарсан. Санасандаа хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
- Та Нийслэлийн ойн барилдаанд ноднин жил бас түрүүлж байсан…?
- Өө, тийм үү. Миний нэг харамсдаг юм энэ дээ. Барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг байж гэж одоо харамсдаг. Залуу байхдаа барилдахаа л бодоод тэгж санадаггүй байж. Хэрвээ тэмдэглэл сайн хөтөлсөн бол одоо эргээд хараад сууж байхад сайхан байхгүй юу.
- Бөхийн дүрэмд эмчилгээний цагийн тухай заасан байдаг санагдана. Гэтэл бөхчүүд эмчлүүллээ гээд цагаа аваад байдаг?
- Тийм ээ, би саяхан Баянзүрх уулын хишиг барилдаанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай таарч барилдсан. Гэтэл түүний элэг бүс хэт нарийн, гар авчих гээд. Тэгэхээр нь би хэлтэл “Тэгье ээ, ахаа би сольчихьё” гээд эмчийн тийшээ очоод элэг бүсээ ороолгоод ирсэн. Энэ хооронд нөгөө барилдааны цаг чинь бараг дуусчихаж байгаа юм. Ингээд барьц авч барилдана гэхээр нь би “Элэг бүсээ ороолгоно гээд удсан шүү дээ. Тэгэхээр тэр цагийг барилдааны цагт тооцохгүй” гэж хэлсэн. Гэтэл засуул, хөлийн цэц ерөнхий цэцээс асуух боллоо. Ерөнхий цэц П.Дагвасүрэн гуай ирээд “Золгож барилд” гэсэн. Ингээд миний үгийг сонсоогүй. Гэлээ ч би “За, уг нь дүрэм нь тийм биш. Гэхдээ та нарыг хүндэтгээд барилдья. Энэ залуугийн талаар золгоод барилдья” гэж хэлээд барилдсан. Ийм зүйл бөхөд байгаа юм аа.
- Ер нь залуу бөхчүүд хэл ам хийх нь их болсон шиг харагддаг. Танд тэгж санагддаг уу?
- Тийм ээ, цаг үеэ дагаад тэр юм уу бидний үеэс эрс өөрчлөгдсөн. Миний зодгийг зарим залуу бөхчүүд барьц өгдөггүй гэж Бөхийн холбоонд гомдол гаргасан юм шиг билээ. Нэг удаа холбооноос над руу ярьж байсан. Тэгэхээр нь би үнэнээ л хэлсэн. Миний сэнжгэнд хоёр биш дөрвөн хуруу ч багтдаг, элэг бүсэнд ч хоёр хуруу орох зайтай чангалдаг. Миний зодог яг стандартаар хийгдсэн. Би олон жил бөх барилдсны хувьд хүнд барьц өгөхгүй байх чадварыг өөрийнхөө хэмжээнд сайн эзэмшсэн гэж боддог юм. Гэтэл үүнийг зодогтой холбон тайлбарлаад байдаг. Тэгээд би холбооныхонд хэлсэн л дээ. “Хэрвээ тэгж үзэж байгаа бол би зодгоо аваад очье. Та нар сайн шалгаад үз” гэж.
- Бөхийн дүрэм бөхчүүдийг жин нэмэхээс өөр аргагүй байдалд оруулж байна гэж сүүлийн үед ярих болжээ. Энэ аль хэр үнэний ортой вэ?
- Үнэн. Бөхийн дүрэмд хугацааг богиносгосноор залуучууд дор хаяж 100 кг жинтэй байх гэж хичээдэг болж. Үзэгчдэдээ нийцүүлнэ гэх юм. Хугацааг богиносгосноор барилдаан хурдан болоод байгаа гэж бас ойлгож болохгүй. Миний хувьд дүрмийг бөхчүүддээ, ялангуяа уран сайхан барилдаг бөхчүүддээ нийцүүлбэл илүү үр өгөөжтэй байх гэж боддог. А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нар одоо ч барилдаад явж байхаар л насны бөхчүүд. Ер нь үзэгчид маань том цолтой ахмад бөхчүүдийг унахаар нь “өгчихлөө”, давахаар нь “авчихлаа” гээд байхаар барилдах урам их унадаг юм билээ. Заримдаа бүр бөхөөс хөндийрмөөр ч санагддаг. Больвол больчихмоор ч бодогддог. Би бизнес хөөж явсан биш гайгүй барилдчих юмсан гэж бодож яваа. Тэгээд ч бас тийм доогуур уначихалгүй барилдаж явахад хүмүүс “өгсөн, авсан” ч гэх юм уу яриа гаргахаар сэтгэл эмзэглэдэг. Ингэж хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юмуу гэж үнэхээр бодогддог юм билээ. Одоогийнхоосоо муу барилдаад эхэлбэл барилдахаа болихоос ч өөр аргагүй байх аа.
- Бөхийн дэвжээ рүү ундааны сав чулуудах явдал бас чамгүй гардаг болжээ…?
- Би үүнийг үнэхээр гайхдаг. Тэр хүн лав бөхийн жинхэнэ шимтэн үзэгч биш гэж би хэлнэ. -
Хаялцах барьцыг заримдаа Бат-Эрдэнэ аваргын барьц ч гэж ярьдаг…?
- Миний бодлоор Бат-Эрдэнэ аварга бол үргэлж давшиж, зүтгэж барилддаг барилдаанч бөх. Цагаа хүлээж байгаад тийм барьц авах, өөрөө өрсөлдөгчөө муутгаж байж хүчээрээ тийм барьц олж барих хоёр өөр шүү дээ. Би Бат-Эрдэнэ аваргын барилдааныг үзэх дуртай. Тэгээд ч өөрөө урагшаа явж барилдах дуртай.
- Булганаас анхны олимпийн аварга төрлөө. Та аваргатай уулзсан уу?
- Уулзсаан. Наадмын гал дээр ч ирсэн. Түвшинбаяр ер нь их дайчин, уран барилдаантай залуу. Харин гэмтээд нэлээн удах шиг боллоо. Олимпийн аварга боллоо гээд ааш зан нь хувираагүй “Ах аа” гээд л гүйж явсан. Ер нь манай Булганыхан олон юмны анхдагч. Саяхан нэг таньдаг хүн маань “Булганыхан өөрсдийгөө анхдагч л гээд байдаг би ойшоодоггүй байсан юм. Харин анхны олимпийн аварга төрөхөд аргагүй, баараггүй тэгж хэлж болох юм даа гэж бодсон” гэж ярьж байсан. Би олимпийн үеэр нутагтаа амарч явсан болохоор аваргатай болсноо радиогоор анх сонссон. Монголчуудын маань хичнээн жил хүлээж, олон мундаг бөхчүүдийн тэмүүлж мөрөөдөж ирсэн энэ алдрыг нутгийн дүү хүртсэн нь үнэхээр сайхан.
- Таны амьдралын хамгийн хүнд, харуусалтай үе хэзээ байсан бэ?
- 1995 онд аавыгаа алдсан маань. Манай гэр бүлийн хувьд үзсэн анхны зовлон. Би тэр жил Есөнзүйлийн даншигт барилдаж, заан цол хүртсэн юм. Аав минь тэрний дараахан өөд болсон. Харин дараа нь заан цолыг минь хураагаад авчихсан. Өгөх ёсгүй наадам байсан гээд. Ингээд би “Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Миний хүү заан цолтой гэж бодож байгаа. Тиймээс би аавынхаа бодолд хүрч, энэ цолыг авах ёстой” гэж боддог байлаа. Тэгж өөрийгөө ирлэдэг байсан даа.
- Тэгвэл та хамгийн жаргалтай байсан үеэ дурсаач?
- Гэргийтэйгээ нийлээд хэсэг удсны дараа том охин маань мэндэллээ. Бид хоёр хоёулхнаа байсан болоод тэр үү охиноо мэндлэхэд нэг л олуулаа болчихсон юм шиг санагдаад сайхан байсан. Тэр үе маань их жаргалтай байсан шиг санагддаг даа.
- Хааяа барилдахаа болимоор юм шиг санагддаг тухай та дээр дурссан. Гэхдээ танд амжилт гаргахаар хугацаа, хүч байна. Бөхийн хувьд өөртөө ямар зорилго тавьж байна?
- Би бөхдөө хайртай. Хааяа зарим хүний үгийг сонсоод тэгж боддог ч гэсэн цаашид сайхан барилдана. Заавал цол бодох биш барилдах бэлтгэлээ сайн базаагаад, үзэгч олноо баясгахыг хичээнэ.
- За, сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.