Их эзэн, Чингис хааныг бага залуу насанд ийм явдал нэгэнтээ тохиожээ...Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есүхэйг таньж, "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч, Есүхэй өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нөгчив.
Түүхийн шарласан хуудсыг сөхөх ахул ийн аж...
Мянган жилийн хойно түүх ийн өрнөлөө...Аргын тооллын 2009 оны 10 сарын хорины өдөр... Нарлаг Иберийн Барселон хотноо түүхэн улбаат нэгэн татар бүлэг иржээ. Барселон болбоос алдар нэр нь мөрөн гол даяар түгсэн аугаа нэгэн овог билээ. Тэнд аугаа 11 дайчин амьдран суух аж.
Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж яван
Саадагтныг сөхрүүлж, сарвалзсныг номхотгон энгүй шидэт гурамсан цомыг хүртжээ...
Татарын Мэгүжин сүүлтийн 13 дахь үеийн бөө Гурван Бирд (Гурбан Бердыев) өөрийн шилдэг 11 дайчиндаа ийн өгүүлэв:
Тэдний магнайд нь Ширмэн төмөр магнайтай, шивээ хурц хөлтэй Швед довтлогч Ибрай тайш байна гэнэ. Түүний дэмжин ган төмөр зүрхтэй гадас цүүцэн цохилттой, төмөр гинжнээсээ мултархаар түмэн амьтанд гүйцэгдэхгүй тэнгэрийн удамт Мэсси дэмжих аж. Зэвсэгт эрийг айлгаж, зэв тоногийг булаадаг, илдэт дайсныг чичрүүлж, ид бахтай дамжуулдаг ихэмсэг зангүй, ирмүүн баатар Чави зүрх нь болдог гэнэ. Хацар руу жадлавч харсан нүдээ цавчдаггүй, хар цусаа урсгавч харьц ерөөс шантардаггүй, хатуужил ихт Пуёоль хана хэрмийнх нь суур гэнэ.
Хамгаас чухал хамгаалагч, харьшгүй баатар Пуёоль үгүй нь харин бидэнд боломж гарчээ. Хамгаалаад бай, хамгаалаад бай... Хариу довтлохдоо сайн бай... Хамгаас хайрт хөвүүд минь... Угаас алдарт Барсагийн хаалгыг уухай туухай баатар манана гэнэ. Учиргүй гэнэдэх нигуртай гэнэ. Манарч, балмагдах нь үе үе гэнэ, магад алсаас цохивоос маш сайн юм шүү... Муу зүгийн сүнсийг би дуудъя, магад манайх ялна буй... Зүрхтэй бай, Зоригтой бай... Тоглолт эхлэхэд түүний хэлсэн нь үнэн болов. Гурван бирд идээ үзүүлж, залуу баатар Гавардолоогийн сэтгэлийг үймрүүлэв. Муу зүгийн тэнгэрүүд нь Бадмаараг багийн хаалгыг манаж, түүхэн ялалтыг бий болгов.
Ибра, Мэсси тэргүүтэй
Чави, Иниеста удаатай
Пэп андын удирдсан
Галзуу дөрвөн нохой
Түмэн Татарыг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунан довтолж ирсэн ч
Хамаг хүчээ дайчилсан
Хатуужил ихт татарууд
Хавтай дайралтыг зогсоон
Хариу түргэн довтолж
Хасаг тэргийг хэмхчин
Хангалттай ялалтыг байгуулан
харийн цаст орондоо буцлаа.
Гурван бирд үүндээ ханасангүй. Цэгцэрийн шар талд тулалдахад амар байхыг бодож, хамгийн шилдэг баатруулдын нэг Алвесийг рид хувилгааны хүчээр гурван долоо хоног нойрсуулав.
Татааруудтай шударгаар тэмцэж байх үед Алвес баатрыг хорлох Бирдийнхээ тушаалыг үнэнч цэрэг нь нэхэн санаж, бөмбөгөө байн байн булаагдсан өшөөг авахаар нууцаар хэлэлцэн, хөл рүү нь санаатай өшиглөн хорлож орхив. Баавар баатар Алвес тэндээс босон тэмцэх замд бие муужирч, гурван алд газар арай гэж мөлхөн эмчид хүрч, өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, эмч Ричард Бруна ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Бруна чи сонс. сэлгээнд суух Чигрынский минь гэмтэлтэй билээ. Түүнийг тэвчин олон тоглолтод орлоцсны эцэст арга буюу хөл минь гэмтэв. Дотор минь муу байна. Намайг сэлгэх эсэхээ чи мэд. Пэп ноёнд хэл хүргэ... би гурван долоо хоног бэртэв... Магад Пуёолоор орлуулсан нь дээр буй за" хэмээсээр талбайг орхисон ажээ...
Татаруудыг талбайд нь нухнаа .... яахав Алвесийнхаа өшөөг авнаа...