Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.
Финикс Санс – Улирлын өмнөГарааны 5 тоглогчийнх нь дунд улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн 3 цом байгаа ч гэсэн гарааны 34-тэй Нэш, 36-тай Шак, Хилл нарын насыг нэмбэл 106 болж байна.Тэгэхээр тэднийг зогсоо зайгүй гүйлгэдэг Майк Д`Антониг сольсон нь зөвдсөн ч юм болов уу?
Хөгшчин оддод маань бүхэл тоглолтын турш, бүтэн улирлын турш довтолгоо эхэлснээс хойш ердөө 7 секундын дотор эсрэг багийн зоонд орж, шидэлтийн байрлалуудаа эзлэх нь хэцүү байх нь ойлгомжтой байсан биз.
Гэхдээ ингэж үзэж болохгүй. Д`Антонигийн систем 3-4 улирал дараалан Финиксийг лигийн топ баг байлгасаар ирсэн, өнгөрсөн 4 улиралд дандаа 54-өөс дээш хожил авч байсан. Тэд зөвхөн Сан-Антионог л аргалсан бол магадгүй 2 удаа лигийн аварга болчихсон байх байсныг үгүйсгэхгүй. Олон хүн өнгөрсөн улиралд Финикс плей-оффт 6-р байраар шалгарсныг мартаагүй байгаа ч цөөн хүн тэдний 55 хожил авсныг санаж байгаа байх. “Өрнөд” конференцэд 1-р байранд шалгарсан Лос Анжелес Лейкерс өнгөрсөн улиралд 57 ялалт буюу тэднээс 2-хон хожил илүү авч байсан. Хэрэв Финикс нэмээд ердөө 3 ялсан бол бүсдээ 1-р байранд орж, плей-оффын эхний шатанд Денверийг хялбархан хожих байсан нь гарцаагүй. 6-аар гараад өнөөх л Спэрстэйгээ таарч, бас л хожигдсон. Хэрэв 2 цаг сунгасан эхний тоглолтонд Тим Данкан тоглолтын төгсгөлд холын зайнаас амжилттай довтлоогүй бол уг цуврал хаашаа ч эргэж болохоор байлаа.
Одоо Терри Портерийн дасгалжуулах шинэ Финикс бол тоглолтын хувьд Майк Д`Антонигийн Финиксээс огт өөр баг байх болно. “Хуучин Финикс” дээр дурдсанчлан маш хурдан хэмнэлтэй тоглодог, амархан оноо авдаг, довтолгоог чухалчилсан баг байсан. Харин Терри Портерийн Финикс эсрэгээрээ. Тэд хамгаалалтын баг байх болно. Сайн хамгаалах л ёстой. Гол зарчим нь энэ. Ер нь ч Нэш, Шак, Хилл гэх мэт харьж яваа лидер тоглогчидтой багийн хувьд Терри Портер болон түүний баримталдаг зарчим зөв сонголт байж мэднэ. Өнгөрсөн улирлын дундуур ерөнхий менежер Стив Керр аварга болохын тулд Финиксийн хурдан довтолгооны гол хүн гэж хэлж болох, олон талтай Шон Мэрионыг явуулж, түүнээс хөгшин, удаан, “ховдог” (энэ 2 улиралд тэр маш их мөнгийг Финиксээс залгина) Шакилыг авч дуулиан дэгдээж байсан. Түүний энэ томоохон алхам үр дүнгээ өгөөгүй. Энэ бол Финиксийн удирдлагын алдаа байсан болов уу. Мөн Стив Керр өнгөрсөн улирал эхлээд л лигийн хамгийн шилдэг холбон тоглогч биш болсон нь мэдэгдсэн. Ингээд дүгнэхээр Терри Портер энэ багийг 2 жилийн дотор, магадгүй энэ улиралд л аварга болгохыг оролдох хэрэгтэй, өөрөөр хэлбэл маш хурдтай ажиллах ёстой. Цаг хугацаатай уралдах хэрэгтэй байна. Тэгж чадахгүй бол бас нэгэн сайхан баг юу ч үгүй хоцрох нь. Яг л 2002 оны Сакраменто Кингз шиг.
Сансын уураг тархи нь Нэш ч гэсэн энэ багийн лидерийн үүргийг одоо Амаре Стаудмайр гүйцэтгэх хэрэгтэй. Лигт 7 дахь улиралдаа тоглох гэж байна, мөн өнгөрсөн улирлуудад дараалан авсан баруун, зүүн өвдөгнийх нь гэмтэл бэртлүүд энэ удаа эдгэрсэн. Тэр өөрийн авьяас чадвараа бүрэн гаргаад, эрүүл саруул улирлын турш тогловол, түүнд самбар дор Шакил сайн хань болох юм бол Терри Портерын баг “Өрнөд”-д эхний байранд бичигдэх ч боломжтой. Амаре тоглолт бүрт 25 оноо авч, 60 хувьтай довтолж, торгуулийн шидэлтээ 80 хувьтай гүйцэтгэж, дундын зайнаас үсрэлттэйгээр шидэж Рип Хэмилтон шиг оноо түүх чадвартай. Амарийн сул тал болох хамгаалалтын зарим алдаа, буруу үйлдлүүд нь Шакилын ачаар багасна. Самбар доор эсрэг багийнхныг айлгаж, үргээх ажлыг ирэх улиралд Амаре биш, “Дизель” хийх болно. Үнэндээ ч Амаред энэ ажил зохидоггүй, ихэвчлэн алдаа хийгээд л таардаг. Өнгөрсөн 2 улиралд тэрээр 589 хувийн алдаа гаргасан нь бусад тоглогчдоос хамгийн их байна. Тэгэхээр Амарийн ажил нэлээн хөнгөрнө.
Ер нь бол топ холбон тоглогч, топ төвийн тоглогчтой баг хэзээд лидерийн нэг байдаг. Нэш болон Стаудмайртай Санс Д`Антонигийн үед ч, Терри Портерийн үед ч адилхан лидер л байх болно.
Терри Портер “Тэд маш сайн хамгаалсан тохиолдолд л би гараа өргөнө” гэж анхны хэвлэлийн бага хурал дээрээ хэлж байсан. Санс одоо удаан хэмнэлтэй тоглолттой болно, өнгөрсөн улирлыг бодвол Шакилыг арай их ашиглана. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг манай гаригийн том биетэй хүмүүсийн нэг Шак Финикс хотод яах гэж ирснээ энэ улиралд харуулах байх. Мөн Стив Нэшийн нэг тоглолтонд өгдөг оновчтой дамжуулалтын тоо 2-оор буурч, нэг оронтой тоотой болвол та гайхах хэрэггүй. Финиксийн нэг тоглолтонд авдаг 110 оноо 95 болтлоо буурвал бүр ч тайван хүлээж аваарай. Тэдний тоглолтын хэв маяг ингэж л өөрчлөгдөнө.
Терри Портерийн мэдэлд дайчин тоглолттой, сайн хамгаалдаг, сул гарсан үедээ лигийн шилдэг холын зайнаас шидэгчдийн нэг Ража Белл, магадгүй лигийн хамгийн хурдан нь болох Леандро Барбоза, холбогчоос эхлээд төвийн тоглогч хүртэл бүх байрлалд тоглох чадвартай Борис Диау, жижиг наймаа ч Санст ихээхэн ашиг тусаа өгөх Мэтт Барнс, оргил үеэ өнгөрөөсөн ч ид үедээ өөрөө хийж чадаагүйгээ зүйлээ кареерынхаа төгсгөлд бусдад яаж хийх ёстойг нь зааж өгч хийлгэж чадсан Майкл Финли болон хоккейчин Рэй Бурк нарын замналыг дагаж болох Грант Хилл зэрэг тоглогчид байна.
Эдгээр залуусыг ирэх улирлын хүрэхийг хүсч буй зорилго нь мэдээж аваргын бөгж. Энэ нь хэцүү байх ч гэсэн тийм боломж бол байгаа. Д`Антони Сансыг дасгалжуулсан хэвээр байсан бол аварга болох магадлал одоогийнхоос бага байх байсан. Би түүнийг муу дасгалжуулагч гэж боддоггүй, тэр бол сайн дасгалжуулагч. Түүний шинэ баг Нью-Йорк одоо хэрхэн өнгөтэй, жавхаатай тоглож байгааг та харж байгаа байх. Гэхдээ Шакилтай, Амаретай, Мэрионгүй Финикс Санст хамгаалалтыг эрхэм болгосон, оноо авахаасаа илүүтэйгээр эсрэг багтаа оноо өгөхгүй байхыг чухалчилсан Терри Портерын систем илүү тохирно.