Бамбино
Түүний хочийг Иль бамбино гэдэг. Италиар хүүхэд, жаал гэсэн утгатай үг. Энэ хочийг нь дасгалжуулагч Моуриньо түүнд өгсөн. Хэний талаар ярьж байгаа нь бараг тодорхой болов уу. Манай багийн залуу тоглогч Давид Сантон юм.
Бамбино 1991 оны 1 сарын 2нд төржээ. Анх тэрээр Равенна багт тоглож
эхэлсэн ба 10 настай Сантоныг Интэр анх сонирхож байж. Харин 14 настайд нь багтаа тоглуулах санал тавьж. Үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа хотын нөгөө өрсөлдөгчид болох Миланаас санал ирлээ. Миланд тоглох сонирхол байсан ч тэрээр сонголтоо аль хэдийн хийсэн байсан. Энэ бол Интэр юм. Харин одоо түүнээс Миланд элсэх үү гэсэн асуултад: Заримдаа хүмүүс бодлоо өөрчилдөг ч би хэзээ ч Миланд элсэхгүй гэсэн удаатай.
14 настай Давид гэрээ орхиж академид суралцахаар явлаа.
Энэ үе нь түүнд багагүй тэвчээр, хатуужил суулгасан болов уу. Аав ээж нь бүтэн сайн өдөр бүр хүү дээрээ очиж 3.5 цагийг хамт өнгөрүүлээд гэртээ оройны 8, 9 цаг хариад өглөө нь ажилдаа явдаг байж.
Давид ч багш дасгалжуулагч, эцэг эхийнхээ итгэлийг алдсангүй харин ч олон хүний амнаас түүнийг үеийнхнээсээ ямар нэг юмаар илүү гэх мэт үгсийг их сонсдог байв. Энэ ч бараг үнэн 15 насны багт байхдаа л бараг одоогийн тоглолтоо гаргаж байсан гэдэг. Ийм л болохоор шинээр Интэрийн дасгалжуулагч болоод байсан Моуриньо 17той хүүг багийнхаа зуны бэлтгэлд дуудаж байсан юм. Хагас сарын дараа л Сантон Италийн цомын тэмцээнд Ромагийн эсрэг тоглож, үүнээс хойш түүний итгэмээргүй, үеийн хүүхэд залууст гайхалтай үлгэр дууриал болсон богинохон ч гайхалтай амжилтыг сонирхоцгооё.
Хүндлэгдсэн тоглогч
- Өнгөрөгч улиралд аваргуудын лигийн Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтонд ердөө 1 сарын өмнө л дэлхийн шилдэг тоглогчоор тодроод байсан Роналдугийн эсрэг тоглосон. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг, академийн хүүхдийн тулаан. Гэсэн ч эхнийхээ тоглолтын дараа л Давид Роналдуг ангайлгасан байсан. Давид түүнд ядах юмгүй санагдаж байсан болов уу. Хэдий Интэр хожигдсон ч Роналду - Сантоны дуель гэж авч үзвэл эргэлзээгүй Сантон ялсан. Тоглолтын дараа гэхэд Роналду түүнийг үнэлж, би түүнийг ийм гэж бодсонгүй, ирээдүйдээ гайхалтай тоглогч болж чадна гэдэгт нь итгэж байна гэж өгүүлсэн байдаг.
Роналдутай тоглосон тоглолтоо эргэн дурсахдаа тэрээр: сургуулийн шалгалт маань Роналдугаас илүү миний санааг зовоож байсан гэдэг.
- Мөн жил бүрийн хавар Миланы 2 багийн Сан Сирогийн жентлемен шагнал гардуулах ёслолд тэрээр өнгөрөгч улирлын шинэ залуу шилдэг тоглогчийн шагнал авсан.
- Давид хүүгийн тоглогчийн замнал урт биш. Гэхдээ тэр аль хэдийн бусдад үнэлэгдэж хүндлэгдсэн. Интэрийн дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Жюзеппе Прискогийн нэрэмжит шагналыг өнгөрсөн улиралд тухайн үед Аталантагийн тоглогчид байсан Акуафреска, Флоккари нартай санал асуулгаар өрсөлдөж ялж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр Сери А-н хамгийн нэр хүндтэй, royal, nicest тоглогч гэсэн үг юм.
Занеттигийн залгамжлагч - Сантон эхний тоглолт болох Роматай хийсэн тоглолтоос л фэнүүдийн талархлыг хүлээж, домогт ахлагч Занеттитэй зүйрлэгдэх болсон. Барагтай бол бөмбөгөө алддагүй, оролт сайтай, байрлал зөв эзэлдэг гэх мэт. Интэристи нар мэдээж багийн домогтойгоо зүйрлэлгүй яахав Занеттид бүгд хайртай болохоор. Ахлагчтайгаа ижил нэг зүйл нь түүний олон байрлалд тоглох чадвар юм. Хүүхдийн багт байхдаа тэрээр баруун, зүүн жигүүр, довтлогч, баруун хамгаалагч гэсэн байруудад тоглож багийнхаа мэргэн буудагчдын нэг байж. .
Гэсэн ч Сантон дээд багтайгаа хийсэн эхний тоглолтоосоо л эхлээд зүүн жигүүрт тоглох болсон. Өнгөрөгч улирлын 2-р хагаст 20 тоглолтонд оролцсоны ихэнхэд нь зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглосон.
Өнгөрөгч сард Италийн шигшээд хийсэн тоглолтонд хагас хамгаалагчаар тоглолоо. Липпи түүнийг хамгаалалтанд тоглуулдаг ч энэ удаа түүний байрлалыг нь сольсон. Саяхан аваргуудын лигт Барсатай тоглоход Моу түүнийг мөн л хагас хамгаалалтанд тавьсан. Алдарт дасгалжуулагчид түүнийг чадварыг харж буй нь ойлгомжтой. Одоо түүнд төвд тоглох л дутаад байна.
Магадгүй ахлагчийгаа зодог тайлах үед хангалттай туршлага хуримтуулж, лидерийн шинж байвал домогт Бергомигоос Занетти ахлагчийн тууз авсан шиг зууны шилдэг тоглогчдын нэг ахлагч Занеттигаасаа Сантон ахлагчийн тууз авах ч юм билүү. Интэрийн домогт тоглогчид, ахлагч нарын залгамж халааг Бамбино үргэлжлүүлэхэд гайхах зүйлгүй.
Шинэ Бергоми - 1982 оны ДАшТ-д Италийн шигшээ түрүүлсэн. Уг багийн дасгалжуулагчаар Энзо Беарзот ажиллаж байлаа. Түүний ажигласнаар бол Сантон бол яалт ч үгүй Бергомигийн давталт юм. Яагаад гэвэл түүний биеэ авч яваа байдал, хэнээс ч айдаггүй, тоглолтонд тайван байж чаддаг, олон байрлалд тоглодгоороо надад Бергомиг санагдуулдаг гэжээ. Домогт дасгалжуулагчийн үг хоосонгүй биз.
Мөн түүнийг Бергомитой адилтгадаг зүйл нь Бергоми 82 оны дэлхийн аваргад 19 настайдаа аварга болж байсан нь юм. Учир нь ирэх оны дэлхийн аваргад Сантон оролцохоор болвол мөн 19 настай байх юм. Зун болсон тэмцээнд Италийн шигшээд багтаж чадсан ба ирэх улиралд сайн тоглоод ДА-д бараг л оролцох болов уу. Түүнийг багийнхан нь байнга дэмжиж байгаа. Адил Итали тоглогч Матерацци ах нь түүнд Ирэх ДА-д оролцож чадахгүй бол балконоосоо үсэр гэж хэлсэн удаатай. Тоглоом шоглоом ч түүнийг хурцалж, нэг талаар шахаж хэлсэн үг юм. Сахалгүй л болохоос дараагийн Бергоми болох хүсэлтэй Давид дараагийн дэлхийн аваргад ороход энэ улиралд хэр тоглохоос нь бүгд хамаарна.
Дараагийн Малдини -Малдинитай хамгийн анх Липпи зүйрлэсэн болов уу. Ердөө эхний тоглолтыг нь хараад л. Малдини хэдий Миланы тоглогч байсан ч гэсэн түүнтэй харьцуулдаг хүмүүс асар их. Энэ зүйрлэл Миланыханд таалагдахгүй байж болох ч дэлхий Сантоноос дараагийн Малдиниг хүлээж байна.
Малдинигийн сүүлийн Миланы дерби нь Сантоны эхнийх байсанд нь калчиогийн фэнүүд бэлэгшээдэг.Тэр тоглолтын дараа Малдинигийн өмсгөлийг асуухад Малдини зөвшөөрсөн ч тухайн үедээ өгөөгүй гэдэг. Харин мартаж гэж бодож байтал нь хувцас солих өрөөнд нь өөрөө аваачиж өгсөн гэдэг. Магадгүй алдарт тоглогчийн зан байж болох ч Бамбиног үнэлсэн үнэлэмж ч юм билүү.
Малдинитэй харьцуулсан зүйрлэлийн талаар өөрөөс нь асуухад Малдини бол агуу тоглогч. Миний хувьд түүний амжилтын талыг нь гаргахад л хангалттай гэсэн удаатай. Магадгүй түүнээс илүү гарах ч юм билүү. Ямартаа ч Малдини 20 настайдаа Аззуррид тоглосон бол Сантон 18 настайдаа эхний тоглолтоо хийгээд байна.
Шигшээ баг
Аззурини - Сантон сэри А-д эхнийхээ тоглолт хийснээсээ хойш 2 сарын дараа Италийн 21 насныхны шигшээ багт дуудагдлаа. Голландтай хийсэн нөхөрсөг тоглолтонд шууд гараанд гарч тоглосон ба энэ тоглолт 1:1 гэж тэнцсэн. Энэ тоглолтонд Италийн спортын алдарт хэвлэлүүд болох Газзетта Спортоос түүнийг тоглолтын баатраар нэрэлсэн бол, Корьеро делло Спорт Италийн багаас гоол хийсэн Жиовенкогийн хамт хамгийн өндөр үнэлгээг өгсөн юм. 21 насны шигшээ багтаа хийсэн анхны бөгөөд эцсийн тоглолт нь энэ байлаа.
Аззурри - 2006 оны дэлхийн аварга Италичууд өнгөрөгч зун Холбооны цом тэмцээнд оролцох эрхтэй байсан. Анх Аззуррид дуудагдсаныхаа дараа тэрээр эцэг эх, дасгалжуулагч Моуриньо, багийн тоглогчид, Интэрийн академийнхандаа талархлаа илэрхийлж байлаа.
Италийн шигшээ залуу тоглогчдоосоо илүү туршлагатай тоглогчдоо найдаж, тэднийг шигшээ багт түлхүү авдаг. Хэдий тийм ч багийн дасгалжуулагч Липпи калчиогийн шинэ од Сантоныг багтаа дуудлаа. Тэрээр Липпигийн багийн хамгийн залуу тоглогч нь болсон юм. Аззуррид эхнийхээ тоглолтоо Умард Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтонд бүтэн тоглож Липпигээс өндөр үнэлгээ авсан.
Хэдий Давид хүү Холбооны цом тэмцээний тоглолтуудад бэртлээс болж оролцож чадаагүй ч академид тоглож байх хүү дэлхийн аваргуудтай бэлтгэл хийн, тэднээс суралцаж, том тэмцээний утаа үнэртээд авсан нь түүнд их туршлага болсон буй заа.
Давид хүү Интэрийн хүүхэд, академидээ анхаарсан шинэ бодлогын үр дүн. Сантон бол дөнгөж эхнийх нь. Түүний дайтай олон залуус академид маань суралцаж байна. Ямартаа ч Сантон одоо тэдний хувьд хал цэрэг.
Бамбино бол Интэрийн, Италийн ирээдүй. Энэ бол ойлгомжтой. Харин дээрх супер одуудын хэнтэй нь илүү төстэй, хэнийг нь залгамжлахыг цаг хугацаа бидэнд харуулна.
/www.champions.mn/