by Чуугий » Sun Jun 14, 2009 1:33 pm
Xөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лхүмбэгарав: Шигшээ багийнханд бэлтгэл дутагддаг
Гайхамшигтай хэрнээ азгүй тоглолт Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбай дээр явагдаж, хэдий манай хөлбөмбөгийн шигшээ баг нийлбэр дүнгээр "Сhallenge cup"-аас хасагдсан ч Макаогийн шигшээ багийг илт давуу хожсоноороо Азидаа муугүй гэдгээ харуулж чадсан юм. Үүнд багийн ахлагч хүний үүрэг багагүй нь мэдээж. Тиймээс энэ дугаартаа үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лхүмбэнгаравыг урьлаа. Тэрбээр ихэвчлэн хамгаалагчийн байрлалд тоглодог ч улс, нийслэлийн гээд эх орондоо зохиогддог тэмцээнүүдийн "мэргэн бууч"-аас авахуулаад олон "шилдэг"-ийг нь хүртдэг нэгэн юм. Мөн дэлхийн чанартай тэмцээнүүдэд эх орны нэрийг авч гарч байсан үе цөөнгүй. Авьяаслаг хэрнээ цөөн үгтэй, даруухан энэ залуу ардчилалтай зэрэгцэж хөлбөмбөгтэй амьдралаа холбосон бөгөөд баг дотроо хамгийн ахмад нь, хамгийн шилдэг нь.
-Анх хэзээнээс хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Наймдугаар ангиасаа л тоглосон. Монголын Спорт Сургалтын Төвд анх тоглож эхэлсэн. Түүний дараа болохоор клубт тоглодог байж байгаад улсын шигшээ багт 1998 оноос хойш тоглох болсон.
-Азийн багуудтай харьцуулбал манай баг?
-Азийнхантай харьцуулбал ер нь манай хөлбөмбөг хөгжих шатандаа яваа л гэж боддог шүү дээ. Цаашдаа улам илүү сайн болно. Тиймээс яг тийм ийм гээд харьцуулах нь арай өрөөсгөл болов уу?
-Үндэсний шигшээ багийн ахлагч байх ямар байна?
-Мэдээж маш сайхан. Үүний хажуугаар энэ чинь маш их хариуцлага шүү дээ. 2003 оноос хойш гэхээр чинь зургаа дахь жилдээ багийн ахлагч гэдэг хүндтэй үүргийг гүйцэтгэж байна.
-Таныг багийнхан дундаа хамгийн ахмад нь гэж сонссон? Та хэдэн настай вэ?
-Би одоо 33 настай. Манай багийнханы насны дундаж нь 25 шүү дээ. Довтлогчоор тоглодог А.Мөрөнгөөс авахуулаад 20 настай тоглогчид ч бий.
-Та хөлбөмбөг тоглохын хажуугаар суралцдаг гэсэн?
-Тийм. Би одоо Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Гэхдээ саяхны тэмцээнүүдээс болоод түр чөлөө авчихсан байгаа. Удахгүй хичээлдээ орно доо.
-Саяхны нэг сонин дээр манай шигшээ багийн дасгалжуулагч багийн тамирчдыг багийн "тоглолт тааруу, нэг л их цохисон, гүйсэн хүмүүс байдаг юм" гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Энэ талаар?
-Би тэрийг хараагүй юм байна. Гэхдээ үгүй байлгүй дээ. Ер нь тэгээд хөлбөмбөг гэдэг чинь багийн спорт учир багийнхан нэг нэгнийгээ ойлгож, мэдэрч тоглохгүй бол амжилт гаргахгүй шүү дээ. Манай багийнханы хувьд тийм зүйл нэг их ажиглагдаад байдаггүй. Тэгээд ч шигшээ багийнхан хоорондоо маш сайн уур амьсгалтай, нэгнийгээ сайн ойлгодог.
-Хувийнхаа зүгээс "шигшээ багийнхаа төлөө тэгж тоглох юмсан, тийм амжилт гаргах юмсан" гэдэг бодол байдаг л биз дээ?
-Байлгүй л яахав. Мэдээж сайн тоглохыг хичээнэ. Гэхдээ одоо ч тэгээд надад цаашдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох бага хугацаа л үлдэж дээ.
-Манай багийн тоглолтуудаас харж байхад ихэвчлэн чөлөөт цохилт ч юм уу, булангийн цохилтоос гоол хийж харагддаг. Энэ талаар?
-Ер нь булангийн цохилт, чөлөөт цохилтууд чинь гоол хийхэд их таатай боломжууд шүү дээ. Тиймээс түүнийгээ сайн ашиглаж чадвал довтолгооны сайн арга л гэсэн үг. Гэхдээ бас сайн довтолгоо төдийлөн их гардаг-гүй нь бэлтгэл жаахан тааруу хийдэгтэй холбоотой юм шиг санагддаг.
-Бэлтгэл хэр хийдэг юм?
-Өдөрт бол нэг хоёр цаг орчим л хийдэг. Тэмцээний үеэр бол арай илүү хийнэ. Ер нь тэгээд байнгын бэлтгэлтэй байвал манай багийнханы чадвар ч гэсэн эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэвч одоогийн байдлаар шигшээ багийнханы маань ихэнх нь сурдаг, зарим нь ажилладаг болохоор бэлтгэлийг байнга хийгээд байдаггүй.
-Шигшээ багийнханд ойрын хугацаанд тоглолт бий юу?
-Ойрын хугацаанд бол тоглолт байхгүй байна. Гэхдээ удахгүй Гонконгд болох Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож магадгүй.