by Khosoo » Tue Sep 22, 2009 8:30 am
Чөлөөт, сонгомол бөхийн 2009 оны ДАШТ Данийн Хернинг хотноо хөшгөө нээлээ.
Эхний өдөр манайхаас гурван бөх зодоглохоор сугалаанд оролцсон байсан ч 96 кг-ийн жингийн Я.Алтантулга эх орноосоо тодорхой шалтгааны улмаас мордоогүй юм. Эхний өдрийн хоёр бөх Б.Наранбаатар, П.Өнөрбат нартай хамт түрүүлээд ниссэн Г.Мандахнаран өнөөдөр дэвжээнд гарах юм.
Дашрамд хэлэхэд манай эхний гурван бөхийг явахад Женко компаний Х.Баттуул болон түүнтэй хамт 9 сарын 20-нд Берлин нисэх байсан хоёр хүн гүн туслалцаа үзүүлж онгоцныхоо билетийг өгчээ. Манай гурав Берлин хүртэл нисээд Данийн Хернинг рүү машинаар давхин амжиж хүрсэн байна. Очиход эмнэлгийн үзлэг, жингийн үзлэг дууссан байсан ч тэнд ФИЛА-ийн конгресст оролцож холбооны ерөнхийлөгч Л.Чинбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ нар ФИЛА-тай ярьж байгааддахин эмнэлгийн комиссыг бүрдүүлэн үзлэгт нь оруулжээ. Манай хоёр удирдлага мөн баг тамирчид очоогүй байхад тамирчдаа сугалаанд оруулсан байсан юм.
Манай баг тамирчдын үлдсэн хэсэг өчигдөр мөн онгоц Эрхүүд саатсаны улмаас хоцрон очжээ. Энэ үед мөн л холбооны хоёр удирдлага гуйж байж эмнэлгийн комиссыг дахин ажиллуулсан байна. Ийнхүү ямар ч байсан манай тамирчид тэмцээндээ оролцохоор боллоо.
Өчигдөр манай хоёр бөх зодоглолоо. Гол найдваруудын нэг МУГТ Б.Наранбаатар дэвжээнд түрүүлж гарсан ба БНАСАУ-ын бөхтэй хүч үзсэн юм. Эхний үед 5-1ээр итгэл төгс ялсан ч дараагийн үеүдэд 1-3, 0-4-өөр ялагдсан юм. БНАСАУ-ын бөх Кён Ил Ян дараа дараагийн учраануудаа ялсаар шигшээд үлдсэн нь Б.Наранбаатарт торгуулийн тойргийн барилдааныг хийх эрх олгосон юм. Манай бөх торгуулийн тойргийн барилдаанаа Их Британий Красимир Крастановтой хийж эхний үед 2-1 ээр ялсан ч 1-4, 0-1 ээр хоёр, гуравдугаар үед ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ дуусгалаа.
55 кг-ийн жингийн аваргаар БНАСАУ-ын Кён Ил Ян, дэд аваргаар Туркийн бөх Сезар Акгуль, хүрэл медальтнаар БеларусийнРизван Газиев, ОХУ-ын Виктор Лебедевь нар тодорчээ.
66 кг-ийн жинд улсын аварга, Азийн АШТ-ийн мөнгөн медальт П.Өнөрбат барилдав. Өнөрөө эхний даваандаа хийлж хоёрын даваанд Австрийн бөхтэй барилдсан. Австрийн бөхийн 1-0, 4-0 ээр ялж БНАСАУ-ын бөхтэй барилдав. Энэ бөхтэй манай бөх 2008 оны Азийн аваргын шигшээ, Улаанбаатард болсон Ерөнхийлөгчийн цом тэмцээнд барилдаж ялагдаж байжээ. Энэ удаа дэлхийн дэвжээнд даагаа нэхэж 1-0, 1-1 ээр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Туркийн бөх Мухаммед Илхантай барилдаж эхний үед 1-0 ээр ялсан ч хоёр, гуравдугаар үед 0-2, 0-1-ээр ялагдсанаар Туркийн бөхийг ялаасай хэмээн хүлээх үлдсэн. Гэвч Туркийн бөх Ираны бөхөд ялагдсанаар манай бөх дагах эрхгүй болж тэмцээнээ өндөрлөлөө.
Энэ жингийн алтан медалийг Ираны Мехди Тагхави, мөнгөн медалийг ОХУ-ын Расул Жукаев, хүрэл медалийг Японы Тацухиро Ёнэмицу, Казахстаны Леонид Спиридонов нар хүртжээ.
Энэ өдөр мөн 96 кг-ийн аварга тодорлоо. Энэ жинд босоо олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга ОХУ-ын Хаджимурат Гацалов дөрөв дэхээ дэлхийд аваргаллаа. Олимпийн хүрэл медальт Азербайжаны Хетаг Газюмов мөнгөн медаль, олимпийн хүрэл медальт Гүржийн Георгий Гогшелизе, Туркийн Серхат Балчи нар хүрэл медаль хүртжээ.
Өнөөдөр манай бөх 60 кг-ийн ОУХМ Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо), 84 кг-ийн ОУХМ Чагнаадоржийн Ганзориг (“Хүч” спорт хороо), 120 кг-ийн ОУХМ Жаргалсайханы Чулуунбат (“Арслан” клуб) нар барилдана.
Г.Мандахнарангийн эхний учраа нь Беларусын Махамедкамил Махамедау. Түүний хэсэгт Иран, ОХУ (Кудухов), Киргиз, Туркмений хүчтэй бөхчүүд байна.
Ч.Ганзориг эхний даваанд хийлж хоёрын даваанд Канадын бөх Трэвиз Кросстой барилдах сугалаа татжээ. Ялах аваас Венесуэл, Францын ялсантай нь хүч үзэх юм.
Ж.Чулуунбатын хувьд Болгарын Димитар Ангелов Кумчевтэй түрүүлж барилдах нь.
~~~Citius, Altius, Fortius