Америкийн нээлттэй тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөж, хоёрдугаар шатанд өрсөлдөх теннисчдийн нэрс бүрэн тодорлоо. Энэ шатны томоохон дуулиануудын нэгийг Австрийн Юрген Мелзер тавьсан бөгөөд тэрээр Оросын шилдэг теннисчдийн нэг Марат Сафинийг 4 сетэд 1-6 6-4 6-3 6-4-өөр буулган авч тэмцээнээс мулталсан аж. Өдгөө 29 настай Сафиний хувьд Их Дуулгын цувралд 2 удаа түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж явсан ч сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлээгүй байсан юм. Тэрээр Австри эрийг эхний сетэд 27-хон минутын дотор буулган авсан ч хоёр дахь сетээс энэ эрчээ алдаж эхэлсэн бөгөөд олон алдаа гаргаж, 6 : 4-өөр ялагдал хүлээж хүнд байдалд орсон юм. Тоглолтын турш Сафин ердөө 15-хан эйс гүйцэтгэсэн нь түүний өмнөх жилүүдэд үзүүлдэг байсан амжилтаас хэд дахин бага үзүүлэлт ажээ. Гурав, дөрөв дэх сетүүдэд ч Мелзер итгэлтэй тоглолтыг үзүүлж Сафинийг 6-3, 6-4-өөр буулган авсанаар 2 цаг 13 минут үргэлжилсэн уг тоглолтын ялагчаар тодорчээ. Хоёрдугаар шатанд түүнийг Аргентиний шилдэг теннисчин Хуан Мартин Дель Потро хүлээж байна. Өдгөө 28 настай Мелзерийн хувьд оргил амжилтаа 2006 онд үзүүлж Румыны нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд тур тэмцээнүүдэд хамгийн амжилттай оролцдог теннисчдийн нэг аж.
***
Испаний алдарт теннисчин Рафаель Надаль эхний шатанд Францын Ришар Гаскетэй оноолт таарчээ. Долинг хэрэглэсэн гэх үндэслэлээр 3 сар орчим теннис тоглох эрхээ хасуулаад байсан Ришар өнгөрсөн 8 сараас л теннисдээ эргэн ирээд байсан юм. Тиймээс түүнийг Надальд хүчтэй эсэргүүцэл чадахгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байсан нь биеллээ оллоо . Тоглолтын эхнээс л Рафа санаачлагыг гартаа авч тэргүүлсэээр гурван сетэд 6-2 6-2 6-3-аар өрсөлдөгчөө буулган авсан юм. Түүнд энэ ялалтыг авахад ердөө 1 цаг 40 минут л шаардагджээ. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Надаль ”Би өөрийнхөө тоглолтонд сэтгэл хангалуун байна. Урд болон хойд гарын цохилтууд маань өмнөхөөсөөө ч илүү хүчтэй болсон шиг санагдаж байна. Ришарын хувьд авьяаслаг тоглогч гэдэгт нь эргэлздэггүй. Түүнийг дахин теннисний талбайдаа эргэн ирсэнд маш их баяртай байна” хэмээжээ. Испани эрийн дараагийн шатны өрсөлдөгч нь Германы Николас Киефер байх юм. Николас 1-р шатны учраа болох Францын Мишель Лодраг 3 сетэд
6-3 6-4 6-4-өөр өвдөг сөхрүүлсэн ажээ.
***
Энэ жилээс томчуудын зүрхэнд шар ус хуруулах болсон Аргентиний 20 настай залуу од Хуан Мартин Дель Потро эхний шатыг нэг их хүч зарцуулалгүй давлаа. Тэрээр өөрийн нутаг нэгт Хуан Монакотай тоглохоор оноолт таараад байсан юм. Тоглолт 3 сет үргэлжилж 6 – 3 6-3 6-1-ээр Дель Потрогийн талд шийдэгдсэн аж. Эхний сетүүдэд Хуан Монако, өрсөлдөгчдөө чамгүй эсэргүүцэл үзүүлж тус бүр 3 гэйм авч чадсан ч, сүүлийн сетэд яах аргагүй хүчин мөхөсдсөн юм. Монако өнгөрсөн жилийн 2 сард өөрийн оргил чансаа болох 12-р байранд жагсаж байсан бөгөөд ATP турын 3 тэмцээнд магнайлж байсан байна.
***
Дэлхийн чансааг тэргүүлэгч Швейцарийн Рожер Федерер эрэгтэй теннисчдээс анхлан хоёрдугаар тойргийн тулаанаа хийлээ. Америкийн Девин Бриттоноор эхний шатны ялалтаа төвөггүй авсан Рожер энэ удаа нилээдгүй хөдөлмөр зарж байж дараагийн шатанд шалгарлаа. Германы Саймон Грулийг мэргэжилтнүүд эхний шатанд хамаг хүчээ зарсан тул Рожерт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж байсан ч тоглолт огт эсрэгээрээ өрнөсөн юм. Тэрээр эхний сетэд 6 3-аар ялагдал хүлээсэн ч хоёр дахь сетээс гайхалтай тулааныг үзүүлж Федерерийг 3 гэймээр тэргүүлж эхэлсэн юм. Энэ үед Рожер туршлага гэж юу байдгийг харуулж 7 гэймийг дараалан авч тоглолтыг эргүүлж чадсан юм. Ингээд гурав дахь сетэд тэрээр 7 : 5-аар ялж чадсанаар дараагийн шатанд шалгарч чадлаа. US опений сүүлийн 5 жилийн аварга Швейцарь эр энэ жил түрүүлж чадвал домогт Билл Тилдений 7 удаа түрүүлсэн амжилтанд нэгээр ойртох юм. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Федерер ”Өнөөдрийн ялалтыг авсанаар би өөрийгөө шинэ түвшинд аваачлаа. Ер нь Америкийн нээлттэй тэмцээний эхний тоглолтууд үргэлж л хүнд болдог юм. Ямар ч байсан энэ эрчээрээ хичээх болно” гэжээ.
Энэ хооронд Оросын Николай Давыденко, Германы 6-4 6-3 7-5-аар ялж, хоёрдугаар шатанд Чехийн Ян Хенричтэй тоглохоор оноол таарчээ.
Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Францын Гаель Монфиль, нутаг нэгт Жереми Чердиг 6-1 6-4 6-3-аар, Германы Андрес Бек, Оросын Евгений Королевийг 5 сет үргэлжилсэн хүнд тоглолтын эцэст 6-3 6-4 2-6 2-6 6-4-өөр буулган авсан байна.
Мөн өдөр эмэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатны ялагчид аль хэдийнэ тодроод эхэлсэн байна. Чансааны 12-т бичигдсэн Польшийн Агнеска Радванска Оросын Мариа Кириленкотой учраа таараад байсан юм. Энэ жил 22 настай Кириле́нко тоглолтын эхнээс л хүчтэй давуулалтуудаараа Радванскаг сандаргаж байлаа. Үүний хүчинд тэрээр эхний сетийг 6-4-өөр өөрийн болгосон юм. Удаахь сетэд Польш бүсгүйн тоглолт сэргэж 6 -2-оор сетийн харьцааг тэнцүүлж чадсан ч нэгэнт тоглолт нь орчихсон Орос бүсгүйн өмнө аргагүй хүчин мөхөстсөн юм. Сүүлийн сетэд Мариа 6-4-өөр ялалт байгуулж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлсэн аж. Кириленко дараагийн шатанд Хятадын На Литэй тоглохоор оноолт таарчээ.
Энэ шатны сонирхолтой тулаануудын нэг 7-р хэсэгт боллоо. Оросын Вера Звонарева, Ана Чакветазетэй оноолт таараад байсан юм. Оросын ирээдүй хэмээн өргөмжлөгддөг Чакветазе энэ удаа нутгийн эгчийгээ арай барсангүй. 3-6 6-1 6-1-ээр ялагдал хүлээлээ. Эхний сетэд Ана 6-3-аар ялж чадсан ч удаахь сетүүдэд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар тэмцээнээс мултарсан аж. Бээжингийн олимпийн хүрэл медальт Вера Звонарева ийнхүү 2 дахь удаагаа US опений 3-р шатанд шалгарлаа. Тэрээр өмнө нь 2004 онд энэ амжилтыг үзүүлж байсан юм.
Ямар ч тэмцээнд орсон үргэлж түрүүлэх боломжтой теннисчдийн тэргүүн эгнээнд бичигддэг Америкийн эгч дүү Уйльямсууд тус бүрийн өрсөлдөгчдөө ялж дараагийн шатанд шалгарлаа. Венус нэг нутгийн Матек Сэндсийг 6-4 6-2-оор цаг хүрэхгүй хугацааны дотор буулган авсан бол Серена Унгарын Мелинда Чинкийг 6-1 6-1-ээр төвөггүй өвдөг сөхрүүлжээ. Тэрээр дараагийн шатанд Испаний Мартинез Санчезтэй хүч үзэх юм. Харин эгч Уйльямс нь Словакын залуу од Магделена Рубариковатай өрсөлдөхөөр оноол таарсан байна.
Өнөөдөр тоглогдох сонирхолтой тулаанууд гэвэл Сербийн Елена Янкович Казакстаны Ярислава Шведоватай, Оросын Елена Дементьева талбайн эзэн Мелани Оудинтэй, Америкийн Энди Роддик Францын Марк Жикелтэй тус өрсөлдөнө. Мөн дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина Германы Кристина Барройстой, Новак Жокович Австралийн Карстен Баллтэй 2-р шатны тоглолтоо хийнэ.