by Адмирал » Sat Sep 05, 2009 2:08 pm
Рафа хэнээр пенальт цохиулах бол? Ямар ч байсан би биш. Үүнийг би сайн мэдэж байсан. Луис Гарсия Каррагаас бөмбөгийг нь авах гэж байгаа харагдав. Бенитес тоглолт бүрт шахуу Каррагерыг пенальт цохих хүнээр нэрлэн гаргадаг байлаа. Хэрэв тийнхүү итгэл хүлээлгэсэн хүн нь торгуулийн цохилтоо алдчихвал юуны түрүүнд Рафа шүүмжлэлийн бай болох биз. Харин тэр мөчид Рафа Хави Алонсог сонгосон. Хави Каррагаас бөмбөгөө аваад 11 метрийг тэмдэглэсэн цэг дээр тавив. Энэ үеийн сэтгэлийн дарамтын тухай бол ярилтгүй. Би дотроо “Хави наад бөмбөгөө хаалганд хийгээрэй” хэмээн залбирч байлаа. Хави зүүн доод буланд маш хүчтэй цохилоо. Би шууд л тэнцээний гоол орлоо гэдгээ баярлан үсэрчихсэн байв. Гэвч… Дида пенальтыг хаачихжээ. Харин тэр бөмбөгийг барьж чадаагүй ба Хави агшин зуур алдаагаа засч нэмж цохин гоол орууллаа. “Ливерпуль”-ийнхэн цаг үргэлж гайхамшигтай тоглолтоор багтаа маш их дэм болдог испани эрийн араас нэхэн баярлан гүйцгээв. Тэр зүүн хөлөөрөө маш нарийн, мэдрэмжтэй цохиж “Милан”-ы хаалганд гурав дахь гоолыг хийж чадлаа. За ийм л байдаг юм даа, Дида! “Ливерпуль”-ийг басах хэрэггүй шүү, “Миланынхаан”! Та нарын өнөөх доогтой инээд чинь хааччихав?
Би тэнцээний гоол орсонд баярлахын зэрэгцээ Хавигийн өмнөөс дотор минь уужирсан. Хэрэв тэр пенальт алдаад “Ливерпуль” 2:3-аар хожигдон гэртээ харьсан бол манай хөгжөөн дэмжигчид Хавиг хэрхэн угтаж авах байсан бол? Магадгүй түүний “Ливерпуль” дэх ирээдүй бүрхэг болох байсан биз ээ. Хави бол зан чанарын хувьд тууштай, хатуу чанга нэгэн. Тиймдээ ч торгуулийн цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэдэг. Ийм сайн тоглогчийг бид өөрийн болгосон нь их завшаан юм. Би түүний оронд байсан бол тийм эгзэгтэй үед пенальтыг бараг л алдах байсан болов уу? Ер нь цохих зүрх ч хүрэхгүй байсан биз. Өөрийн намтрын хуудсанд “Аваргуудын лиг”-ийн шувтаргын тоглолтод торгуулийн цохилт алдсан гэж бичүүлэхийг хэн хүсэх билээ.
Баяр хөөр, тайвшрал гээд сэтгэл хөдлөлийн олон хэлбэр илрэн Хавигийн араас гүйн очоод баяр хүргэн тэвэрлээ. Тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж чадсандаа хэт баярлаж, биеэ барьж чадахгүй хөөрсөн тоглогчид Хавиг дарж алчих шахан овоорно. Тийм ээ, бид ямар гайхалтай эргэлтийг хийж чадав аа. Зургаахан минутын дотор “Миланыхны” тэр тоомжиргүй инээд, ихэмсэг байдлыг өчүүхэн төдий ч үлдээлгүй арилгаж чадлаа. Хэрэв энэ гурван гоол арай хол зайтай орсон бол “Милан” сэхээ аваад бидэнд дараагийнхыг нь хийх боломж олгохгүй байсан биз ээ. Хэдхэн хормын зайтай орсон гоолууд тэднийг үнэхээр цочирдуулж чадсан. Эхлээд би, тэгээд Влади, улмаар Хави, Дидагийн хаалгыг угсруулан мялаалаа. “Милан”-ы тоглогчид яг л авто осолд ороод цочирдсон хүмүүс шиг харагдаж байв. Хаашаа гүйгээд байгаагаа ч ойлгохоо байчихсан, гуйвах нь гуйваад сандарч явлаа.
Карло Анчелотти тоглогчдоо энэ үхмэл байдлаас нь амьдралд эргүүлэн авчрахыг эрмэлзэн зарим нэг сэлгээг хийв. Тэр Зеедорфыг суулган Сержиньог талбайд гаргалаа. Түүнийг сэлгээгээр орж ирэнгүүт “Милан”-ы зүүн жигүүрийн довтолгоо эрс сэргэв. Энэ мөчид Рафа хариу арга хэмжээг авч эхэлсэн. Тэр “Стивен” хэмээн хашгираад “Чи барууны хамгаалагчаар тогло. Сержиньог хамгаал” гэх нь сонсогдов. Влади энэ жигүүрт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан ч Рафа түүнийг Сержиньог тогтоож дийлэхгүй гэж тооцжээ. Намайг ийнхүү үнэлсэнд баярлалаа, Рафа! Сержиньо үнэхээр эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан бөгөөд би түүнийг хамгаалах гэж гүйсээр сүүлдээ шөрмөс татчих гээд байлаа.
Мехуто Гонзалес үндсэн цаг өндөрлөснийг зарлан шүгэл үлээхэд би ямар ч тэнхээгүй болсноо мэдрэв. “Шүүгч минь, цаг сунгалгүй асуудлыг шууд одоо шийдчихье” гэж хэлмээр санагдаж байлаа. Манай багийн илээчдийн нэг нь тэр даруй гүйж ирээд хөлд массаж хийж эхэллээ. Би түүнд “Надад үргэлжлүүлж тоглох чадал алга” хэмээн өөрийн мэдэлгүй хэлж билээ. Би үнэхээр ядарч туйлдаж гүйцжээ. Ийм үед “Ататюрк”-ийн талбай хэрийн хэмжээнээс хамаагүй том ч юм шиг санагдаж байлаа. Дахиад гучин минут тоглоно гэдэг миний хувьд бүх насаараа хоригдох ял сонсож байгаа гэмт хэрэгтэн шиг л байсан. Яг ийм үед л хөлбөмбөгч хүн өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг нээдэг ажээ. Би дахиад бөмбөг хөөх тэнхээ байхгүй болсон мэт байвч ингээд замын дундаас гарчихаж болохгүй билээ. Толгойд минь хүч чадалдаа эргэлзсэн ийм бодол эргэлдсээр байсан. Би шилбэний хамгаалалтаа аваад оймсоо шагайндаа хүртэл буулган дээшээ хараад хэвтэхэд илээч зангирсан булчин шөрмөсийг минь суллан массаж хийж байлаа.
Нэмэлт цаг эхэлж, би дахиад л Сержиньотой халз туллаа. Тэр энэ удаа улам шийдэмгий, итгэлтэй болжээ. Авъяаслаг бразил тоглогчийг бөмбөг авангуут нь сүүлчийнхээ тоглолтод өрсөлдөж буй мэт хамаг хүчээ шавхан хөлд нь сууж байв. Айронсайдад найзуудтайгаа бөмбөг хөөж явах үеэс Стамбулд “Аваргуудын лиг”-ийн түрүү булаацалдсан энэ мөч хүртэл би хамгаалалтын энэ техникийг төгс гүйцэтгэвэл л сэтгэл хангалуун байдаг билээ. Миний бие ч гэсэн үүнийг хийхэд зориулагдсан гэж боддог. Хэдий ядарч туйлдан хамаг хүч минь шавхагдаж, үүнээсээ болоод итгэл сэтгэл минь мохсон ч би зөнгөөрөө л бөмбөгтэй хүний хөлд сууж байдаг. Сержиньогийн эсрэг тоглоход хөл маань сунаад улам урт болчихсон юм шиг санагдаж байлаа. Ийм нөхцөлд “Миланыханд” манайх илүү хүнтэй тоглосон мэт байсан байх даа. Манай Гарсия, Влади нарын хурдтай, хөнгөн тоглогчид хором бүрт Дидад төвөг учруулж байлаа. Харин хамгаалалтынхан бол хана хэрэм шиг л зогссон. Биднийг багийн эрх ашгийн зэрэгцээ найз нөхдийн хэлхээ, холбоо улам хүчирхэг болгож байлаа. Хэдий бусад шигээ гүйхэд хэцүү байсан ч Карра урьдын адил хамгаалалтад найдвартай зогсохын зэрэгцээ үе үе довтолгоонд оролцоно. Түүний биеийн эд, эс бүрт ялах хүсэл бадарч байсан учир ийм хүч гаргаж байлаа. Түүнчлэн бусад тоглогчдод заавар зөвлөгөө өгөн байрлалаа алдахгүй байхыг анхааруулна. Учир нь тэр хэнд ч заавар өгөх туршлагатай нэгэн билээ. Нэг удаа тэр хаалганы хажууд нүүрний шугамны цаана гарчихсан булчингаа суллаад зогсож байгаа харагдав. Сүүлд энэ тухай асуухад Карра шөрмөс татах нь хугархай, цуурсан хөлтэй гүйснээс хэцүү юм байна лээ хэмээж билээ. Тийм ээ, энэ үнэн үг шүү. Бид хэдий тамир тасарч, унах шахаж байсан ч хожигдохгүй гэсэн хүсэлдээ дийлдэн хөл дээрээ тогтож байсан билээ.
Би ч гэсэн тоглолтын явцад талбайгаас гарч, хөлөө бага ч болов амраамаар байлаа. Үндсэн цагийн 90 минутад ядарч туйлдсан бие маань нэмэлт цагт Сержиньо хэмээх бразилийг хамгаалах гэж гүйсээр улам бүр цуцсаар байв. Би түүнийг нэхэн гүйж явахад тэр улиралд Лигийн цомын шигшээ тоглолтод “Челси”-д хожигдсон маань өөрийн эрхгүй эргэн санагдаж байж билээ. Харин энэ бодол маань надад илүү их хүчийг өгсөн. Бид дахиад нэг финалд хожигдох ёсгүй. Тэр аваргын цом, алтан медаль минийх, “Ливерпульийнх”. Хичнээн их ядарч байсан ч түүнийгээ гаднаа ер харуулж болохгүй. Би багийн ахлагч шиг байх ёстой. Өөрийн үйл хөдлөлөөрөө багийнхандаа итгэл төрүүлэх хэрэгтэй. Өөрөө ингэж хичээж байсан болохоор бусдыгаа мөн хүчээ дайчлан тоглохыг шаардаж байлаа. Хоёр багийн хооронд ийнхүү хожлын төлөө ширүүн тэмцэл өрнөж байгаа ч аугаа түүхтэй баг “Милан”-ыг хүндэтгэж буйгаа гадна төрхөөрөө илэрхийлэхээ би мартаагүй. Ялангуяа Шевченкод хүндэтгэлээ илэрхийлэхийг хичээсэн. Тэр бол авъяасын цуглуулга болсон довтлогч, эр хүний хувьд жинхэнэ жентельмэн юм. Би түүний хөлд сууж бөмбөг булаагаад дараа нь түүнийг татан босгож байсан. Нэмэлт цагийн эхний үе өндөрлөж, хоёр баг байрлалаа солиход би түүнд амжилт хүссэн үг хэлж байлаа. Бид тийм дотно найз нөхөд биш. Цүнамид нэрвэгсдэд туслах хандивын тоглолтод бид нэг баг болж, Шевченко манай багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэх үед түүнтэй ярилцахдаа ухаалаг, сайн хүн юм гэдгийг нь мэдэж билээ.
Дэлхийн шилдэг довтлогчдын нэг хэмээн үнэлэгдсэн тэрбээр цаг дуусахад хоёрхон минут үлдээд байх үед шийдвэрлэх гоолыг оруулах шахлаа. Зүүн жигүүрээс төв рүү дамжуулсан бөмбөг хаалганаас тавхан метрийн зайтай зогсох түүн дээр очиход би “За ингээд дуусдаг юм байжээ. Шевченко үүнийг яавч алдахгүй” гэж бодоод амжсан. Гэвч болоод өнгөрсөн зүйлийг хараад би нүдэндээ итгэсэнгүй. Тухайн үед “Ататюрк”-д байсан хэн боловч надтай ижил бодолтой байсан болов уу. Шевченко асар хүчтэй мөргөхөд Жерзи хааж амжлаа. Ойж ирсэн бөмбөгийг нэмж цохиход Жерзи дахиад л хүрэв. Түүний хийсэн энэ техникийг би бэлтгэл дээр ч харж байгаагүй юм байна. Жерзиг анх гайхалтай хаалт гүйцэтгэхэд нь бидэнд давуу тал байна гэсэн мэдрэмж төрөв. “Милан”-ыхан ч бурхан, азын тэнгэр тэднээс нүүрээ буруулжээ гэдгийг ойлгосон биз. Ийм байдлаас торгуулийн цуврал цохилтоор ялагчийг тодруулах болоход бид сэтгэл зүйн маш их давуу талтай байлаа.
Шүүгчийн сүүлчийн шүглийн дуу цангинахад тун хүнд байдлаас тоглолтыг эргүүлж, ийнхүү тэнцэж чадсандаа бахархахын зэрэгцээ Шевченко, Сержиньо нарын аюултай довтолгоо манай хаалганд орчихоогүй өнгөрсөнд дотор уужирлаа. Үүний зэрэгцээ пенальт яаж өрнөх бол? хэмээн догдолж эхлэв. Рафа талбай руу гарч ирээд хэнээр нь пенальт цохиулбал итгэлтэй байгааг сонжин харлаа. Жими шууд л “Би цохихгүй шүү” хэмээв. Харин Карра “Би цохино” гэж итгэлтэй дуугарах нь сонсогдов. Карра ямар ч үед бардам, итгэлтэй байдаг билээ. Энэ мэтчилэн Диди, Хави, Влади, Жибриль, Рийсе, Гарсия, би гээд найман тоглогч пенальт гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Одоо энэхүү найман тоглогчоос Рафа үндсэн тавыг сонгох ёстой. Түүний мэдүүлгийн хуудсыг харахад Диди, Жибриль, Рийсе, Влади, Стиви гэсэн дарааллаар бөглөжээ. Би тав дахь нь. Хамгийн сүүлчийн цохилтыг хийх хүнд бусдаас илүү дарамт ирдэг. Ийм хүнд цохилтыг хийх эрхийг надад өгч, итгэл хүлээлгэсэн Рафад баярлалаа. Луис Гарсия “Би цохилт гүйцэтгэмээр байна” хэмээн Рафаг шалах нь сонсогдов. Ийнхүү үүрэг хариуцлагаа ухамсарлан багийнхаа төлөө амлалт үүрэг өгч байгаа тоглогчдоо харахад бахархмаар байсан. Магадгүй гаднаа ингэж хэлж байгаа бүгд л дотроо айж, эмээж байсан нь лавтай.
Мехуто Гонзалес хоёр багийг талбайн төвд ирэхийг дуудсанаар цуврал торгуулийн цохилтын үйл явц эхэллээ. Одоо нэгэнт үүнээс мултран гарах аргагүй болжээ. Хэдийгээр хамгийн сүүлчийн цохилтыг хийх ч энэ мөчөөс анхаарлаа төвлөрүүлж, хувийн бэлтгэлээ хангаж эхлэв. Тэр улирлын сүүлчээр би “Тоттенхэм”-ийн эсрэг тоглолтод торгуулийн цохилт алдчихаад “Би дахиж хэзээ ч пенальти цохихгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Гэвч би одоо энэ амлалтаа зөрчих гээд зогсож байна. Пенальти гэдэг бол гоол оруулах хамгийн өндөр магадлалтай боломж билээ. Харин шийдвэрлэх мөчид үүнийг алдана гэдэг уучилшгүй хэрэг. Би энэ чухал үед багийн ахлагчийнхаа үүргээр торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой. Дотроо элдвийг эргэцүүлэн бодсоны эцэст зориг шулуудан Рафа руу дөхөн очоод “Болж байна, дасгалжуулагч аа. Би тав дахь цохилтыг гүйцэтгэе” хэмээн хэллээ. Үүнийг би заавал хаалганд оруулах ёстой.
Ингээд Мальдини бид хоёр аль баг нь түрүүлж цохилт гүйцэтгэхээ шодохоор шүүгч Мехуто Гонзалес руу очив. Шүүгч рүү явахын өмнө Карра “Хэрвээ зоос чиний талд буувал эхэлж цохилт хийе гээрэй. Тэгвэл эсрэг багийнханд дарамттай байх болно” гэж хэлсэн. Гэвч шодолтод дахиад л Мальдини хожлоо. Юу гээч нь болоод байна аа? Би тэр үдэш Мальдинид зоосоор гурав дахиа ялагдсан нь энэ. Хоёр талдаа сүлдтэй зоос баймааргүй юм. Шодолтод дийлсэн Мальдини “Манайх эхэлж цохино” гээд яваад өгөв. “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн суусан талын хаалганд цохилт хийх болсон гээд ер нь Италийн багийн талд маш их давуу бий боллоо.
Гэвч бидэнд нэгэн нууц зэвсэг байжээ. Тэр бол Карра юм. Жерзиг байрлалаа эзлэхээр явахын өмнө Карра түүнийг татаж үлдээгээд “Чи шпагетти хаалтыг хийгээрэй” гэв. Жерзи юу ч ойлгохгүй өөдөөс нь гайхан харлаа. Тэгэхэд нь Карра гараа дээш өргөн савчуулаад “Ингэдэг юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1984 онд хөлөө гуйвчуулан зогсож өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулснаар “Аваргуудын лиг”-ийн цомыг авсан “Ливерпуль”-ийн ялалтад маш том үүрэг гүйцэтгэсэн Брюс Гроббелаарын өвөрмөц хаалтыг Жерзигээр хийлгэхийг хүсчээ. Би тухайн үед Жерзиг тэрхүү үйлдлийг хийснээрээ түүхийг давтана гэдэгт итгээгүй ч польш хаалгач Каррагийн хэлснийг ойлгоод хэрэгжүүлэхээ амлаад явсан. Миний хувьд хаалгачдаа “Амжилт хүсье” гэхээс өөр үг хэлж чадаагүй. Жерзи Каррагийн үгийг үнэхээр сайн тусгаж авчээ. Тэр шугам даган яг л муур шиг үсэрч байсан. Багийн бусад тоглогч талбайн төвд бие биеэ мөрөөр нь тэврэн хожил, хожигдлын алинд ч бид хамт гэдгээ илэрхийлэн зогслоо.
Хамгийн түрүүнд Сержиньо цохилт гүйцэтгэхээр болжээ. Жерзигийн өвөрмөц хөдөлгөөнд балмагдсан уу, бразил тоглогч бөмбөгөө үзэгчдийн суудал руу цөлж орхив. Яг энэ мөчид надтай зэрэгцэн зогссон Гарсия, Рийсе нарын тэврэлт огцом чангарч, сэтгэл нь их хөдөлсөн нь мэдрэгдэж билээ. Би ч “Тийм ээ. Сайн байна, Жерзи. Диди, одоо үзүүлээд өг” хэмээн хашгиран зогсож байв. Бидний хэлхэлдэн зогссон эгнээнээс Диди итгэлтэйгээр урагш алхан гарлаа. Зарим тоглогчийн хувьд талбайн төвөөс цохилт гүйцэтгэх цэг рүү яг л цаазлуулах гэж байгаа ялтан шиг дуртай, дургүй өөрийгөө хүчлэн алхдаг. Харин Диди бол огт тийм биш. Яагаад гэвэл тэр герман үндэстэн. Германчууд хэзээ ч торгуулийн цохилт алддаггүй билээ. Тэр ямар ч үед огт сандарч мэгддэггүй. Диди гүйхдээ зангаж Дидаг хуураад эхний бөмбөгийг хийв. Ингэснээр бидний давуу байдал улам нэмэгдлээ. Дидиг буцаж ирэхэд багийнх нь нөхдийн инээмсэглэсэн царай түүнийг угтан авсан.
Үүний дараа Жерзи Пирлогийн цохилтыг хаалаа. Хариуд нь Сиссе “Милан”-ы хаалгыг мялаав. Йон даль Томассон “Милан”-ы эхний бөмбөгийг оруулж, тоо 2:1 боллоо. Ингээд Рийсегийн ээлж болов. Би түүнийг алхаж явахад нь “Түүнд л хамгийн чухал тав дахь цохилтыг өгөх ёстой байсан юм даа” хэмээн бодож байлаа. Рийсе солгой хөлний асар хүчтэй цохилтоороо шагшигдсан тоглогч юм. Тэр бөмбөгт хүрсэн л бол хаалгач амжиж хаана гэж байхгүй. Гэвч тэр хүчтэй цохисонгүй, бөмбөгөө зүүн доод булан руу өнхрүүлэхэд түүнийг нь Дида хаалаа. Чөтгөр аваг, шаргал үст маань юу хийх нь энэ вэ? Хэрвээ түүнд дахиад нэг цохилт хийх боломж байсан бол хаалганы торыг урагдтал цохиж, бөмбөгийг үзэгчдийн дунд оруулах байсан биз. Бэлтгэл дээр Рийсе пенальти болон 16 метрийн талбайн гаднаас чөлөөт цохилт хийхдээ тийм л байдаг. Гэвч тэр Стамбулд 11 метрийн цэг рүү алхаж явахдаа бодлоо өөрчилсөн бололтой. Эргэж ирэхдээ тэр толгойгоо гудайлган санаагаар унасан байлаа. Тэгж их итгэж байсан хүн маань ингээд бөмбөгөө хаалгачид бариулчихсанд уурлаж загнамаар байсан ч найзыгаа тайвшруулах үг хэлэн угтав. Үнэндээ тухайн үед хэн ч нэг нэгнийгээ буруушаасан үг хэлж чадахгүй байсан. Рийсе ч ямар нэг зүйл сонсох тэнхээгүй болсон байлаа. Тэр ойр дотныхоо хэн нэгнийг алдчихаад уй гашууд автсан мэт харагдах аж. Гэтэл тэр эгнээндээ эргэн нэгдсэн даруйд гаднах байдлаа эрс өөрчилж, юу ч болоогүй мэт зогсов. Магадгүй өөрийнх нь доожоогүй байдал багийнханд нь сөргөөр нөлөөлнө гэж бодсон биз. Хэзээ нэгэн цагт торгуулийн цохилт алдаж байсан хэн нэгэн л ийм үед ямар байдгийг ойлгох болов уу. Хэрэв энэ алдааг байнга эргэн сануулж, яриад байвал ямар олиг байх вэ. 1996 оны Европын АШТ-д Английн эсрэг тоглолтод Шотландын Гари Макийн пенальти алдсан талаар хүмүүс одоог хүртэл ярьсаар байдаг. Анд маань үүнийг эмзэглэн хүлээж авдгийг олон жил хамт тоглосны хувьд би мэднэ. Харин манай багийнхны хэн нь ч Рийсегийн тэр цохилтын тухай нэг ч удаа ам нээгээгүй билээ.
Кака тоог 2:2 болгосны дараа Шмицер “Ливерпуль”-ийнхний эгнээг орхин хаалга руу алхлаа. Гэтэл тэр нэг л итгэл муутай харагдах аж. Түүний энэ байдлыг хараад би Владиг эхний тавтад оруулсан Рафаг зүхэж байлаа. “Энэ бол түүний “Ливерпуль”-д хийж буй сүүлчийн тоглолт шүү дээ. Ийм байхад тэр …” гэсэн бодол төрөв. Харин Влади цохилтыг тун итгэлтэй гүйцэтгэж, миний толгойд эргэлдэж байсан элдэв бодлыг сарниулж өглөө. Тэр буцаад гүйж явахдаа цамцныхаа энгэр дээрх логог үнсэж байгаа харагдав. Влади сүүлд нь надад хаалга руу алхаж байхад булчин нь хөндүүрлэж, шөрмөс нь татах гээд хэцүү байсан гэдгээ хэлсэн. Хувь заяаны эрхээр тэр өөр баг руу явсан ч Стамбулд “Ливерпуль”-ийн төлөө хийсэн сүүлчийн цохилтыг нь би ямагт дурсаж, талархаж байх болно. Влади “Ливерпуль”-д тоглох хугацаандаа тийм ч төгс байгаагүй. Тэр гэмтэл авахдаа амархан, мөн бэлтгэлийн хэмнэлээ тааруулахдаа муу. Нэг бус удаа гайхалтай гоол оруулж байсан ч энэ нь түүний байх ёстой түвшинд тийм хангалттай биш билээ. Үдэлтийн тоглолт нь хэн бүхний санаанд нийцэхээр болсон нь яамай даа.
Владигийн амжилттай цохилтын дараа Шевченко бөмбөгийг заавал хаалганд оруулах даалгавартай болов. Би дотроо түүнийг гарцаагүй хийнэ гэж бодсон. Тэр довтолгооны төгсгөлийг хийх, гоол оруулах чадвараараа дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор ордог. Гэхдээ тэр нэмэлт цаг дуусахын өмнөхөн хоёр удаа гоолын боломжоо алдсандаа цохилтод орсон байж болох юм. Мөн манай сэтгэлзүйн тулааны шинэ мастер Жерзи үйл хөдлөлөөрөө түүнд нөлөөлөхийг оролдож байлаа. Украин довтлогчийн бөмбөгөө 11 метрийн цэг дээр тавихаас эхлээд үйлдэл бүрийг нь ажиглан цоо ширтэх Жерзи энэ үедээ өнөөх алдарт “шпагетти” тактикаа хийсээр л байв. Шевченко гүйж ирээд хаалганы яг голд цохиход Жерзи зүүн гараараа хаалаа.
Yeeeesssss! Ийнхүү баярлан уртаар хашгирсны дараа нуруун дээрээс ачаа аваад хаячихсан мэт бие хөнгөрөөд сайхан боллоо. Хэрэв Шевченко цохилтоо оруулсан бол дараа нь миний ээлж байсан учир сэтгэлд минь битүүхэн айдас хургаж байсныг нуугаад яах вэ. Харин одоо би пенальти цохих шаардлагагүй боллоо. Ингээд энэ үдшийн бүх тэмцэл өндөрлөлөө. Одоо миний сэтгэл зовж, санаа тавих цорын ганц зүйл бол ялалтын баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэсэн асуудал.
Тавдугаар сарын 25-ны тэр түүхэн ялалтаас хойш бараг өдөр болгон л энэ үйл явдлыг дурсах сэжүүр гарч байгаа. Тиймээс тэрхүү гайхамшигт үдшийн мөч бүр шууд л цаасан дээр буулгаж зурж чадахаар сэтгэлд минь хоногшин үлдсэн. Манай гэрийн ойролцоо, мөн “Мелвүд”, “Энфильд”-д гээд Ливерпулийн хаа сайгүй Аваргуудын лигийн түрүү авах үеийн гэрэл зургуудыг тавьсан нь үүний гол шалтгаан юм. Мөн телевизүүдээр бичлэг нь гарна. Үнэхээр би ингэж бүжиглэсэн гэж үү? Надаас ийм дуу гарсан гэж үү? Тэр бүгдийг хараад ийм бодол төрдөг. “Галт цагариг” хэмээх дууг сонсох бүрт тэр өдөр эргээд оччихсон мэт санагддаг юм.
Жерзи Шевченкогийн цохилтыг хаах мөчид манай багийнхан хаалгачийнхаа зүг ойрын зайн уралдаан хийж байгаа юм шиг л гүйцгээж билээ. Гэтэл нэмэлт цаг явж байхад шөрмөс нь татаад талбайн гадна сууж байсан Карра тэгээгүй юм шиг л цойлон гарав. Тэр хамгийн түрүүнд Жерзид хүрсэн бөгөөд Финнан, Луис, Рийсе, Хаби, Диди, би гээд бусад тоглогч араас нь очлоо. Хаалгачдаа баяр хүргэчихээд үзэгчидтэй баяраа хуваалцахаар талбайн зах руу алхав. Бидний энэ амжилтад үнэнч Копуудын маань үзүүлсэн нөлөө их билээ. Тиймээс тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг юм. Сэтгэл хөдөлж баярласан би талбайг тойрсон гүйлтийн замаар зурагчин, зураглаачдаар хүрээлүүлээд “Yeeeessss!” хэмээн хашгиран гүйж явлаа. Баяр хөөр нүүрэнд нь тод илэрсэн хөгжөөн дэмжигчид багаа дэмжсэн үг бүхий зурагт хуудас, том самбараа савчуулан үсэрцгээх аж. Каррагийн гэрийнхнийг олж хараад тэдэн дээр гүйж очин тэврэлдэв. Мөн “Ливерпуль”-ийн хамгийн алдартай дэмжигчдийн нэг Жо Ред Мэн тэнд байлаа. Би түүнд шигшээ тоглолтын тасалбарыг бэлэглэсэн юм. Харамсалтай нь гэрийнхнийгээ олж чадсангүй. Ямартай ч аав, Пол ах, мөн найзууд маань тэнд хаа нэгтээ хүмүүсээр хүрээлүүлээд баярлаж байгаа нь лавтай биз ээ. Би талбайг тойрон гүйж явахдаа “Рафагийн улаан арми”, “Стиви Жи, Карра хоёр италичуудыг нуга дарна” гэх зэрэг үг бичсэн самбаруудыг уншиж байлаа. Надад гладиаторын хувцас өмсүүлчихсэн зураг мөн харагдав. Дэмждэг баг нь Европын тавцанд, шилдгүүдийн эгнээнд эргэж ирсэнд баярласандаа нулимс унаган зогсох хүдэр эрчүүдийг хараад өөрийн эрхгүй багийнхнаараа бахархлаа. Өдийд хичээлдээ явж байх ёстой хөвгүүдээ тэврэн зогсох аавууд мөн харагдана. Одоо манай хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”-уудын фанатуудаас том тэмцээний түрүү аваагүй гэсэн шүүмжлэлийг сонсохгүй биз ээ. Стамбулд бид “Аваргуудын лиг”-ийн тав дахь түрүүгээ авсан. Тэгвэл “МЮ” энэ тэмцээнд хичнээн удаа түрүүллээ? Хоёрхон. Бид тав дахь түрүүгээ авснаар аваргын цомыг “Энфильд”-д үүрд хадгалан авч үлдсэн.
Баярлаж хөөрсөн манай хөгжөөн дэмжигчид намайг үзэгчдийн суудал руу оруулах гэж татаж чангаана. Би “Та нар битгий тат л даа. Би ядарсандаа сунаж унах нь” хэмээн арай ядан хэлж байв. Надад тэдний дундаас буцааж биеэ татаж гаргах ямар ч тэнхээгүй болсон байлаа. Арайхийн хөгжөөн дэмжигчдийн шахцалдаан дундаас гарахад хөл маань мэдээгүй болчихсон мэт гуйван алхаж явав. Энэ үед “Sky” сувгийн Жефф Шривз намайг хүзүүдэн авч ярилцлага өг хэмээн тулгалаа. Гэвч би сэтгэл хөдлөлөөсөө болоод юу ярихаа мэдэхээ больжээ. Хоёр цаг өндөр ачаалалтай гүйсэн биеийн минь ядаргаа толгойд минь юм бодох, ярих тэнхээ үлдээсэнгүй. Жефф асуултаа угсруулан тавих ч би бүдэг бадагхан түүнийг нь сонсож байлаа. Би зүлгэн дээр хамаг биеэ сул хаяад хэвтмээр байв. Тэгээд “Үнэндээ надад хэлэх ч үг олдохгүй байна. Яг одоо ярьж чадахгүй нь” хэмээн хэлээд ямар их баярласнаа илэрхийлэн түүнийг тэврээд холдов.
jerzy-dudek Сэтгэл хөдлөл маань аажмаар буурч, орчин тойрноо мэдэрч эхэллээ. Энэ үед хамгийн түрүүнд Шевченко талбайд хэвтсэн байгааг анзаарч харав. Пенальти алдчихаад гэдрэг унасан тэрбээр яг л хөшөө мэт хөдөлгөөнгүй байх аж. Шевченкогийн нэг удаагийн муу цохилт нь миний түүнийг үнэлэх үнэлгээг огтхон ч өөрчлөхгүй билээ. Миний хувьд тэр үргэлж аваргаараа л дурсагдана. Түүн дээр очин татаж босгоод тэвэрлээ. Нүд рүү нь харахад уй гашууд автан гуниглаж буй нь илт. Хожим Шевченко болон “Милан”-ы тоглогчид дэд байрын медалиа хаячихсан гэдгийг сонссон. Би ч гэсэн мөнгөн медалиа ил тавиад байдаггүй болохоор тэднийг ойлгосон. Шевченког хараад “Лигийн цом”-ын шувтаргын тоглолтод өөрийн хаалганд хийсэн автогоол, мөн “Евро-2004”-т Францын эсрэг тоглолтод багаа хожигдоход хүргэсэн дамжуулалт өгсөн таагүй мөчүүдээ эрхгүй эргэн санаж билээ. Аав минь, мөн Стив Хейвэй хожил, хожигдлын алинд ч өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандаж байхыг надад үргэлж зааж сургадаг. Тэгвэл тэр үдэш Шевченко нарын хэд хэдэн тоглогч ийм үлгэр дууриаллыг надад биечлэн үзүүлсэн. Андрей “Та нар сайн байсан шүү” хэмээн баяр хүргээд цамцаа солилцох хүсэлтийг минь эелдгээр зөвшөөрч байв. Тэр өөрт нь маш хүнд байсан ч тэр хэцүү мөчөө даван туулаад өөрийг нь ийм байдалд хүргэсэн багийнханд баяр хүргэн явж байлаа. Түүнчлэн Мальдини над дээр ирээд баяр хүргэн гарыг минь чанга атгасан. Мальдини талбай дээр ч, тоглолтын бус үед ч жинхэнэ жентельмэн шиг байдаг. Шагнал гардуулах ёслолын өмнө тэр надад “За цом руугаа яв даа” хэмээн инээмсэглэж байв.
Мальдиниг ийн хэлсний дараа бид медалиа гардахаар явлаа. Би багийн ахлагч учир хамгийн сүүлд медалиа зүүв. UEFA-гийн тэргүүн, гүйцэтгэх захирал Леннарт Юханссон, Ларс Кристер Олссон нар хүзүүнд минь аваргын медаль зүүх мөчид хамгийн түрүүнд аав минь бодогдсон. Хүүгээрээ бахархан инээмсэглэн зогсох аавыгаа төсөөлөв. “Баярлалаа, аав аа. Энэ медалиа танд зориулъя. Таны үнэт сургаал, зөвлөгөө намайг энэ зэрэгт хүргэсэн шүү” хэмээн бодов. Шагналын тавцанд гарч зогсоод Рафа болон бусад дасгалжуулагчид медалиа авахыг хүлээн зогслоо. Энэ хооронд UEFA-гийн албаны хүмүүс, зохион байгуулагчид “Та ийшээ яв, одоо энд зогс” гэх зэргээр бараг үйлдэл бүрийг минь зааж байлаа. Гэвч би тэдний хэлж байгааг үл анзааран гагцхүү тусгайлан бэлтгэсэн суурин дээр сүртэйгээр гялалзах мөнгөлөг цом руу нүд салгалгүй харж байсан юм. Бага багаар дөхсөөр дэргэд нь очив. Одоо бол би үүнд хүрч болно. Урьд нь мухар сүсэг, уламжлал зэрэг зүйл аваргын цомд хүрч үзэх хүслийг минь хязгаарлаж байсан бол одоо хазаарлаж тогтоох юу ч үгүй болсон билээ. Би өмнө нь очоод доош бөхийн цомыг таатайгаар үнсэв. Мэдээж мөнгөлөг энэ цом хүйтэн байсан байх. Гэхдээ надад тийм мэдрэмж ер төрөөгүй.
Champions-League-classics-001Энэ жаахан солиотой сонсогдож магадгүй юм. Би Ливерпульд буцаж очтолоо, “Энфильд”-д цомыг ёслол төгөлдөр залах хүртэл түүнээс алхам ч холдмооргүй санагдаж байв. Манай баг хамгийн сүүлд энэ тэмцээнд түрүүлснээс хойш өдийг хүртэл “Аваргуудын лиг”-ийн түрүүг авах хэмжээнд тоглоогүй, тэгж ч үнэлэгдээгүй ирсэн. Тийм боловч дэмжигчид маань цаг ямагт биднээс үүнийг шаардаж, хүсч байсан. Энэ шалтгааны улмаас Европын цомыг гардах хүсэл бидний зүрх сэтгэлд шингэсэн байсан юм. Цомыг тийнхүү шуналтайгаар үнссэний минь учир энэ билээ. Би тэр үдэш мөнгөн цомыг бараг арав гаруй удаа үнссэн байх аа. Сүүлд гэртээ харьсан хойно Алекс надад “Чи намайг жилийн турш үнссэнээсээ олон удаа тэр цомыг энхрийлэх шиг болсон шүү” хэмээн хэлж билээ. Мэдээж хайрт бүсгүй маань намайг яагаад тийм авир гаргасныг ойлгосон нь лавтай. “Ливерпуль” клубт энэ цом ямар чухал болохыг би хөгжөөн дэмжигчдэдээ, дэлхий дахинд мэдрүүлэхийг хүссэн.
Юханссон над руу дөхөж ирээд миний гарт цомыг атгуулахын өмнө “Чи сэтгэл хөдлөлөө маш тод гаргах ёстой шүү” гэв. Би хариуд нь “Мэдээж. Энэ бол тэдний төлөө хийх зүйл” гээд багийнхаа гайхалтай хөгжөөн дэмжигчдийн зүг заасан.
Юханссоныг харахад жаахан сэтгэл дундуур байгаа бололтой. Магадгүй бидний хожил түүнд таалагдаагүй байж болох юм. Карра тоглогчдын дундуур шурган гарч ирээд Европын хөлбөмбөгийн хамгийн эрх мэдэлтэй тэр эрхэм рүү “Цомоо түүнд өгөөч” хэмээн байдаг чадлаараа хашгирав. Би Юханссоны хавирга руу нь хатган яарууллаа. Алив ноёнтоон, цомоо надад өгөөч. Одоо энэ гайхалтай цом “Ливерпуль”-ийнх болсон. Урьд нь телевизээр “Аваргуудын лиг”-ийн шагнал гардуулах ёслолыг үзэж байхад энэ хүн ялагч багийн ахлагчид цомыг гардуулан өгөөд хамтдаа дээш өргөж байгаа харагддаг. Тэгвэл энэ удаа тэгэхгүй ээ. Энэ цом зөвхөн биднийх. Би Юханссоны гараас цомыг бараг булаах шахам аваад агшин зуур эргэн тойрноо тойруулан харлаа. Улирлын турш энэ мөчийг хүртэл мөр зэрэгцэн тоглосон багийн андууд, манай дасгалжуулагчид, штабынхан, цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 40 мянган хөгжөөн дэмжигч, түүнчлэн цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж буй хэдэн сая үзэгч намайг цомоо дээш өргөхийг амьсгаа даран хүлээж байгаа. Би мөнгөлөг цомыг толгой дээрээ өргөх мөчид газар хөдөлж байгаа мэт их нүргээн нөмрөн авсан. Шагналын тавцан дээр манай багийнхан баярлан үсэрцгээж, улаан туг хаа сайгүй намиран, баярын цаасан буудлага тэнгэрт цацарч байлаа. Үнэхээр гайхалтай мөч.
Би цомоо багийнхандаа дамжуулан өглөө. Хави надаас авангуутаа тун шуналтайгаар удаан гэгч үнсэж байгаа харагдав. Ер нь манай багийнхны дийлэнх нь ийм байдлыг үзүүлсэн. Би Рафа дээр очоод түүнийг чангаар тэвэрлээ. Тэр бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаг хүн биш юм. Европын цомыг дөнгөж гардаад байгаа энэ л мөчид дасгалжуулагчаа тэврэхгүй бол хэзээ тэгэх билээ? Би энэ гайхалтай үйл явдлыг зурагтаар үзэж байгаа Алексдаа зориулан зураглаачийн дуран руу нь хараад үнсэлт илгээлээ. Карра бид хоёр тэдний өмнө галзуу юм шиг л бүжиглэж байсансан. Ингэхдээ “Галт цагариг” хэмээх дууг хоолой мэдэн дуулж байлаа. Эргээд бодоход ямар ч хөггүй, солгой хоолойтой юм шиг л хашгичиж байсан байх даа. Гэхдээ энэ нь хэнд хамаатай юм бэ? Бид 0:3-ээр хожигдож байгаад гайхалтай эргэлтийг хийн Европын цомыг гардчихаад байна шүү дээ.
Хувцас солих өрөөнд ороод ч бидний сэтгэл хөдлөл буурсангүй, дуулж, бүжиглэж, бие биедээ баяр хүргэн тэврэлдсээр байлаа. Тэнд “Ливерпуль”-ийн эзэн Дэвид Мурс биеэ барьж чадалгүй нулимс дуслуулан сууж байгаа харагдав. Одоо тэр багийнхнаараа бахархах эрхтэй билээ. Би түүнийг хараад “Тийм ээ, эрхэм ээ, бид чадсан. Одоо энэ цом таных. Энэ үеийг хүртэл хангалттай шүүмжлэлийг та хүртсэн. Тэгвэл одоо баярлаж хөгжих цаг. Та ингэх эрхтэй хүн. Одоогийнх шигээ үргэлж инээмсэглэж, сайн сайхан үгийг хэлж байгаарай. Клубийн эзний хувиар, бидний эрхэм андын хувиар ийм мөчийг олон удаа харна аа” хэмээн бодсон. Тэр өдөр хувцас солих өрөөнд болсон үйл явдлаас сэтгэлд хамгийн их хоногшин үлдсэн нь Мурс захирлын цомыг яг л өлгийтэй хүүхэд тэвэрсэн мэт энхрийлэн зогсох тэрхүү зураглал билээ.
“Ливерпуль”-ийн хувцас солих өрөө үнэхээр хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаантай байлаа. Энэ үед Жерар Улье ирж баяр хүргэсэн нь цөөнгүй хүнийг гайхашруулсан. Клубийн зарим нэг хүн хуучин дасгалжуулагчийг ирсэнд дургүйцэн амандаа бувтнан суугаа нь анзаарагдав. Би л хувьдаа маш их баяртай байсан. Жерар хаалга андуурч энд орж ирээгүй шүү дээ. Тэр өмнө нь ажиллаж байсан багийн хамт олондоо баяр хүргэх гэж сэтгэл гарган энд ирсэн. Тэр ингэх ч эрхтэй. Түүнийг “Ливерпуль”-д үнэн голоосоо хайртай гэдгийг би мэднэ. Тиймээс ч тэр “Ливерпуль”-ийг энэ амжилтад хүрсэнд биднээс дутуугүй баярласан. Магадгүй ихэнх дасгалжуулагч орхин явсан баг нь өөрийнх нь удирдаж байсан үеийнхээс илүү амжилт гаргахад дургүй байдаг болов уу. Харин Жерар тийм хүн биш.
Зочид буудалд эргэж очоод ядарснаа улам мэдэрч, сандал дээрээ лагхийн суулаа. Барош нарын зарим залуус Такшим талбай1 руу хөгжөөн дэмжигчидтэй баяр тэмдэглэхээр явжээ. Бидний байрласан зочид буудал ч манай фанатуудаар дүүрсэн байв. Би шууд л орон дээрээ уначихмаар байсан ч хамт зургаа татуулж, гарын үсэг авах гэсэн олон хүн гадна талд намайг хүлээж байгааг бодон биеийн зовиураа тэвчин гарлаа. Манай ихэнх тоглогч найз бүсгүй, эхнэрүүдээ дагуулан ирсэн бөгөөд зочид буудлын доорх уушийн газарт цуглан тоглолтын талаар эргэн ярилцав. Тэр улиралд бид Премьер лигт тун хангалтгүй амжилт үзүүлсэн ч Европын тавцанд хааны титмийг нь зүүчихлээ. Хачирхалтай юм. Яагаад энэ вэ? Премьер лиг бол тоглогчоос бие бялдрын хөгжлийг их шаарддаг. Харин манайд Англид бус, Европын хэмжээнд өрсөлдөхөд тохиромжтой тоглогч түлхүү байсан юм. Ур чадвар, хурдаа ашиглаж тоглодог хөлбөмбөгчдийнхөө ачаар бид “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Премьер лигт бол дайчин, түрэмгий хүн манайд дутагдаад байлаа.
Би тэнд удаан суумааргүй байв. Ядарч туйлдсан бие минь амралт хэрэгтэй байгааг сануулан янгинах аж. Гэвч миний багын найзууд зочид буудалд ирсэн тул хэдэн лонх шар айраг ууж, тэдэнтэй ярилцах хэрэгтэй боллоо. Тэд бүгдээрээ л Какагийн ур чадварыг шагшин магтаж байлаа. Би үүнийх нь хариуд “Өнөөдөр “Милан”-ыхнаас миний зогсоож чадахгүй цорын ганц тоглогч нь тэр байсан” гэж хэлсэн. Тун удалгүй Струан ирлээ. Тэр шууд “Энэ гайхалтай үдшийг чи төгсгөж, тав дахь цохилтыг хийсэн бол бүр ч сайхан болох байлаа. Би үүнийг маш их хүссэн” хэмээв. Хэрэв би цохисон бол оруулна гэдэгтээ итгэлтэй байсан ч аль болох эрсдэлгүйгээр эртхэн хожлоо баталгаажуулах нь чухал билээ. Струан надад хаягласан мессежүүдийг надад үзүүллээ. Үүний дотор Жон Терригийн баяр хүргэсэн үг байв. Жей.Ти “Би маш их баярлаж байна. Нүд орой дээр гарах шиг л боллоо. Баяр хүргэе” хэмээн бичжээ. Европын цомыг өргөх миний оронд тэр өөрөө зогсож болох байсан. Харин энэ боломжийг нь тасалсан багийн ахлагчид тэр баяр хүргэсэн мессеж илгээжээ.
Хоногийн 24 цаг, долоо хоногийн бүх өдөрт хором, мөч бүрийг хөлбөмбөгт зориулж байдаг Рафа одоо л нэг амралтаа эдэлж байх шиг. Тэр эхний үед гаргасан бидний алдааг шүүмжлэхээ зогсоож, хэдэн шил улаан дарсны ард нь гарчээ. Мөн зочид буудлын хамгаалалтынхныг яаж аргалсныг бүү мэд, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид уушийн газрыг дүүргэсэн байв. Би ярих ч тэнхээгүй болтлоо ядарсан ч тэднийг хүндэтгэн хүссэн асуултад нь хариулж байсан. Шар айраг шимж, хүмүүстэй ярилцаж суусаар байтал гадаа гэгээ ороод эхэлжээ. Үдэшлэгээс хамгийн сүүлд гарсан хүний нэг нь би байв. Би өрөө рүүгээ явахаар уушийн газрын үүдэнд очоод эргэж хартал миний шинэ найз, аварга багийн мөнгөн цом ширээн дээр байлаа. “Найз минь чи ганцаараа үлдэж болохгүй шүү” гэж бодоод цомыг аван шатаар өгслөө.
Би бараг хоёр цаг унтаад огло харайн бослоо. Би хаана ирчихээ вэ? Нар дээр хөөрч, өрөө тод гэрэлтэй байсан учир нүдээ шууд нээж чадсангүй. Аажмаар орчиндоо дасч орныхоо нөгөө талыг харахтайгаа болов. Гэтэл… Тэнд бидний ялалтын илэрхийлэл болсон цом байлаа. Надтай хамт нэг өрөөнд орсон Хаби Алонсо эхнэртэйгээ хаа нэг газар хоносон бололтой, байсангүй. Би цомтойгоо өрөөндөө ганцаархнаа хоножээ. Орны дэргэдэх толины өмнө тэр нүүрээ гоодох бүсгүй мэт үзэсгэлэнтэй харагдана. Толинд ойн хоёр болж харагдах цомтой “Өглөөний мэнд” хэмээн мэндчилээд өрөөнд минь тэр яаж ирснийг эргэн санахыг хичээлээ. Би өрөөндөө эргэж ирснээ бүүр түүр санаж байсан.
Би цом руу гөлрөн харж, өмнөх оройны үйл явдлуудыг эргэн дурслаа. Би ингээд бараг 20 минут хөдөлгөөнгүй хэвтсэн байлаа. Энд бид хоёр хоёулхнаа байна. Цомыг хаана байгааг надаас өөр хэн ч мэдээгүй байх даа. “Ливерпуль” энэ цомыг эргүүлэн авах гэж 21 жил хүлээсэн. Харин тэр цомыг би ингээд дэргэдээ аваад байж байна. Гүн бодлоосоо ангижран өглөөний цайгаа уухаар гарлаа. Зоогийн газарт хөлөө зөөж ядан оронгуут л Каррагийн “Бидний цом яачихав аа?” хэмээн хашгирах нь сонсогдов. Түүний энэ үгийг сонссон бусад тоглогч үдэшлэг дээр юу болс-ныг, цом хаана байсныг эргэн санахыг хичээн сандарцгаах нь ажиглагдлаа. Тэдний энэ байдлыг хараад миний инээд хүрч “Сандрах хэрэггүй ээ. Цом миний өрөөнд байгаа. Хармаар байвал тэнд очоорой” гэж хэлсэн. Тэгээд бид бөөнөөрөө дээш гарч цомоо аваад эргэж зоогийн газартаа ирэн багаараа зочид буудлын ажилтнуудтай зураг татуулан салах ёс гүйцэтгэлээ.
Би нисэх дургүй ч Англи хүртэлх аялал тун гайхалтай байсан. Жон Ленноны нэрэмжит олон улсын нисэх буудалд газардахад хэвлэлийнхэн, хөгжөөн дэмжигчид сүртэйгээр угтан авч дахиад л бөөн баяр хөөрт умбав. Энд тэндээс асуулт тавьж, гарын үсэг авахыг хүсэн зурагт хуудас, цаас сарвайх фанатууд бидэн рүү тэмүүлнэ. Бид “Мелвүд”-д очоод задгай автобусанд суугаад хотын төв рүү явлаа. Манай гадаад тоглогчид бүгд шигшээдээ дуудагдан явах болсон учир бид ийнхүү баярын жагсаалыг пүрэв гаригт хийсэн юм. Автобусан дээр байсхийгээд л оргилуун дарс задлах чимээ гарч, багийнхан зогсоо чөлөөгүй хөгжилдсөөр байлаа. Тоглогчид цомоо ээлжлэн өргөж, гудамжны хоёр талаар битүү зогссон хөгжөөн дэмжигчдэд харуулна. Легионерууд маань “Ливерпуль”-ийг ийм их дэмжигчтэйг нь одоо л мэдэж байгаа юм шиг гайхацгаах аж. Би урьд нь нэг улиралд гурван түрүү авсан тэр жил ийм ёслолд оролцож байсан ч “Аваргуудын лиг”-ийн парад огт өөр байсан.
Карра бид хоёр автобусны хамгийн ард зогсон гудамжны эхнээс төгсгөл хүртэл давалгаалах хөгжөөн дэмжигчид, үүнийг харан гайхашран зогсох багийнхнаа сонжин харж, оройны арга хэмжээг төлөвлөн ярилцаж явав. Автобусанд аль болох ойртохыг хичээх хүмүүс эгээ л регбигийн халз мөргөлдөөнд ороцож байгаа мэт харагдах аж. “Ингэж байгаад хэн нэг нь гэмтэж бэртэх вий дээ” хэмээн Каррад хэлэхэд тэр их л санаа зовсон байдалтай над руу толгой дохив. Морь унасан цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг зам руу орохоос хамгаалан явж байлаа. Хүмүүс гэрлийн шон, замын хажуугаар тарьсан модонд авирч, тагтан дээрээ овоорон зогсоцгоожээ. Мерсисайдын цагдаа нар ийм хүнд нөхцөлд ажлаа гарамгай гүйцэтгэж, ямар нэг осол эндэгдэл гаргаагүй. Бид хотын төв рүү 45 минут явж байж хүрлээ. Энэ хугацаанд тоглогчид бие биеэ тэвэрч, хөгжөөн дэмжигчид рүү далласаар явсан. Тэгэхэд Мерсисайдын бүх хүн гудамжинд гарч баяраа тэмдэглэсэн байх. Энэ дунд цэнхэр хувцас өмссөн “Эвертон”-ы дэмжигчид ч цөөнгүй харагдсан. Гэхдээ тэд баярлах гэж ирээгүй нь царайнаас нь илт байлаа. Би тэдэнд “Та нар эндээс тонилж үз!” гэж хэлмээр санагдаж байсан.
“Өчигдөр, өнөөдөр хоёр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүд” хэмээн Каррад хэлэхэд тэр зүгээр л инээмсэглэлээр хариу барилаа. Стамбул дахь гайхамшигт үдшийн дараагийн орой биднийг төрөлх хотынхон маань сэтгэл хөдөлгөм байдлаар угтаж авсан нь энэ юм.
Аялал санаснаас удаан үргэлжилсэн тул Карра бид хоёр оройныхоо арга хэмжээний талаар дахин төлөвлөлөө. Дараагийн өдрүүд ч гэсэн үдэшлэг, хүлээн авалт тасрахааргүй байв. Стамбулд тийм гайхамшгийг бүтээсэн учир бид ингэж олон хоног баярлах эрхтэй билээ.
“Аваргуудын лиг”-ийн түрүү авсан багийн ахлагч өдийг болтол Хатан хааны хайр хишгийг хүртээгүй байгаа нь хачирхалтай гэсэн яриаг би олон сонссон. Эйшийн цуврал2-д ялалт байгуулсан багийн бүх крикетч MBE хэргэм авсан болохоор тэдний ингэж гайхах нь бас оргүй зүйл биш билээ. Гэхдээ би шагнал өгсөнгүй гэж гайхаж, санаа сэтгэлээ зовоож байсангүй. Миний хамгийн их хүсдэг шагнал бол хөлбөмбөгийн талбайд багийнхантайгаа үргэлж ялалт байгуулах юм. Энэ л бодолдоо үнэнч явбал Стамбулд Европын цомыг гардсан шиг Хатан хааны шагнал нэг л өдөр ирэх байлгүй дээ.
sportnews.mn
You'll never walk alone!