by Nomer 10 » Wed Jun 07, 2006 2:26 am
Улбар шаруудын тухай танилцуулга
Үе үеийн дэлхийн аваргыг үзүүштэй уран довтолгоо, улбар шар фэнүүдийнхээ гоо сайхан өнгөөр чимж байдаг хөлбөмбөгийн их гүрнүүдийн нэг болох Голландын тухай гурван хэсэгт хуваан бичиж толилуулья.
Эхний хэсэг буюу улсын тухай товчхон
Голланд бол дэлхий дээрхи хамгийн их хүн амын нягтшил ихтэй улсуудад тооцогдоно. 41,5 мянган кв.км газарт 16.5 сая хүн оршиг суудаг. Энэ нь 1 кв.км газарт 390 хүн амьдарна гэсэн үг(Харьцуулахад манай оронд 1 кв.км газарт 1,6 хүн амьдардаг). Голландын хамгийн том хот нь нийслэл Амстердам 730 мянган хүн амтай. Улсын нутаг дэвсгэрийн дөрөвний нэг нь далайн түвшнээс доор байрладаг. Уснаас хамгаалсан 3000 км урт далан барьсан. Өмнө талдаа Бельгитэй, зүүн талаараа Германтай хиллэж, нутгийн бусад хэсэг нь далайтай залгагддаг. Парламентын засаглалтай ч хатан хаан Беатрикс улсын хамгийн том эрх мэдэлтэн нь. Загас, хөлөг онгоц, газар тариалан эдийн засгийн гол хөшүүргүүд. Үр тариа, жимс ногооноос гадна сүүн бүтээгдэхүүн тэр дундаа ялангуяа бяслаг мөн чухал экспортын бараанд тооцогдоно. Салхин тээрмүүд, цэцэгт том талбайнууд мөн хотууд нь гадна дотны хүмүүсийн сэтгэлийг татдаг. Жил бүр 3 сая жуулчин ирдэг. Хөлбөмбөгийн холбоо нь 1889 онд байгуулагдаж, 5 жилийн дараа ФИФА-д орсон. ФИФА-ын чансаагаар одоогийн байдлаар Бразил Чехийн дараа гуравдугаарт бичигдэж байгаа.
Удаах хэсэг буюу дэлхийн аваргад оролцсон түүх
Улбар шаруудын оргил үе нь 1970-аад он байдаг. Тиймээс эндээс эхэлж бичье. Ялангуяа 1974 оны алдарт Иохан Кройффын баг Голландын бүх үеийн шилдэг багт өдийг хүртэл тооцогдсоор байдаг. Германд болсон дэлхийн аваргаар тэд замдаа таарсан болгоныг арчсаар финалд гэрийн эзэдтэй тааран 2-1-ээр хожигдон Бэкэнбауэрын багт цомыг алдсан. Дэлхийн аваргын түүхэнд 54 оны Унгар, 74 оны Голланд, 82 оны Бразил 3-ыг хамгийн азгүй баг хэмээдэг. Жаахан дэгсдүүлээд ярихад тухай тухайн үед 100 хүний 95 нь эдгээр багуудыг түрүүлнэ гэж байсан гэнэм. Германд хожигдсоны дараа Кройфф „Олон жил энэ түүхт тоглолтыг хүмүүс дурсах болно, энэ нь бидэнд магадгүй ялалтаас ч илүү том шагнал байж болох юм“ хэмээн өөрийгөө болон өрөөл бусдыгаа тайтгаруулж байсан гэдэг. 4 жилийн дараа Аргентинд дахин эзэн багтай шигшээ тоглолтод тулгарлаа. Гэсэн ч Кемпесийн багт дахиад л 2-1-ээр хожигдон мөнгөн медал дээр буув. Үүний дараа Голландын дасгалжуулагч „Дэлхийн аварга болох ганцхан арга байдгийг ойлголоо, энэ бол тэмцээнийг нутаг дээрээ зохион байгуулах“ хэмээн цөхрөнгөө баран ярьж байжээ. Урьд нь ямар ч баг 2 дараалан финалд хожигдож байсангүй.
90 онд 16, 94 онд 8, 98 онд шөвгийн 4- т гээд амжилт нь улам л ахьсаар 2002 оны дэлхийн аварга болоход Голландын фэнүүд Одоо дахиад л финалд үлдээд хожигдох нь гэж хошигнолдон байтал урьдчилсан шатанд Чехэд бүдрээд дэлхийн аваргад орж чадсангүй. Энэ 2 баг сүүлийн жилүүдэд нэгэндээ дайсан болоод байгаа. Голланд 2004 оны Европын аваргын урьдчилсан шатанд Чехэд эрхээ алдаад нэмэлт тоглолтыг Шотландтай хийж байж тэмцээнд орох эрхээ авч байсан. Гэтэл жинхэнэ тэмцээндээ дахин тэдэнд хожигдон бүр барахаа байв. 2006 оны дэлхийн аваргын куали сугалаа гарахад дахиад л Чехтэй. Гэхдээ энэ удаад хоёр удаа 2-0-оор хожин арайхийж хариугаа авсан юм. Чехтэй ингэж дайсан болсон ч тэдний жинхэнэ заналт дайсан нь хөрш Герман. Томоохон тэмцээнүүдийн түүхийг харахад энэ 2 багийн хооронд их юм бий. 2 улсад нэгнийгээ гоочилсон дуу шүлэг хэдэн зуугаараа байдаг. Бүр тусгайлан хөтөлдөг вэб хуудсууд ч байх. Дэлхийн аваргад зориулсан ФИФА-06 гэсэн компьютер тоглоом худалдаанд гарахад ямар сайндаа германчууд түүнийг рекламдахдаа „Голланд дэлхийн аварга болно, гэхдээ та үүгээр тэднийг хазаарлаж чадна“ гэж байхав. Сугалааны өмнө багууд тэр дундаа Герман Голландаас маш их айж байсан ч Аргентин тэдэнтэй таарсан юм. Германы дараа улбар шарууд Аргентинтай бас л хонь чоно мэт харьцдаг. Түүх ч бэлээхэн илтгэнэ. Гэтэл энэ удаад өстөнгүүд дахиад таарчээ. Энэ ч онцгой халуун тулаан болох нь тодорхой.
Төгсгөл хэсэг буюу хөлөг дээрхи ван Бастены зоримог нүүдэл
1987 онд домогт И.Кройффын дасгалжуулсан Аякс Цомтой багуудын цомын тэмцээнд Локомотив Москва багийг хожоод аваргалж байлаа. Тэр үеийн 4 анд өдгөө дахиад л их хэргийн төлөө мөр зэрэгцэн алхалж явна. Марко ван Бастен, Жон ван’т Шип, Стэнли Менцо, Роб Вичге нар улбар шаруудын дасгалжуулагчийн штабыг бүрдүүлэн ажиллаж буй. 2004 оны Европын аваргаар голландчуудын хүсч байсан аваргын цом ирээгүй тул том тэмцээний цомоор умдаасч буй фэнүүдийнхээ цангааг тайлахаар дэлхийн хэмжээний шилдэг довтлогч асан ван Бастен ерөнхий дасгалжуулагчийн хариуцлагатай үүргийг хүлээж авсан юм. Тэр ирэнгүүтээ л дотоод байтугай гадаадынхныг цочирдуулсан халаа сэлгээ хийж эхлэв. Өдгөө Хамбургын хана хэрэм мэт хамгаалалтыг бүрдүүлж байгаа Болароузыг Ваалвик хэмээх хэн ч мэдэхгүй жижиг багт байхад нь шигшээд татан авчирахад бүгд гайхширч байлаа. Тэр ажлаа авснаас хойш 2 жилийн дотор аль хэдийн 50-иад шинэков багтаа урьчихаад байлаа. Хэн ч ийм зоригтой алхам урьд хожид хийж байгаагүй гэх. Дэлхийн аваргын жил гарснаас хойш экспертүүд хүртэл түүний ажлыг ойлгохоо болив. Барселоны гол тоглогчдын нэг ван Боммелыг шигшээд урихгүй байсаар. Мөн Аяксын од Шнайдер, Хееренвеений Хунтелаар нар нэр нь дуудагдахыг удаан хүлээлээ.
4 сарын дундуур дэлхийн аваргад орох урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлахад хөлбөмбөгийн нэр алдар нь түгсэн Макай, Зеедорф, Давидс, Клойверт нарын олон оддын нэрс байсангүй. Энэ явдлын дараа өөр дээр нь ирсэн бүх шүүмжлэлийг няцааж тэрээр „Туршлага гэж юу юм бэ, энэ чинь харьцангуй ойлголт. Талбай дээр 32 настай ахмад тоглогч сохор хүн шиг гүйж байхад 16 настай залуу хүү идэвхтэй бас мэдрэмжтэй тоглож байх тохиолдол бишгүй бий“ хэмээн түс тас хариултыг өгсөн юм. Бодсоноо шууд хэлдэг, хэнээс ч үл хамаарах ван Бастен үүнийгээ ч баталж 21 настай Челсигийн Роббен, 20 настай Аяксын Мадуро нарт тоглолтын хэмнэлийг атгуулж тоглуулаад аль хэдийн туршчихсан. Одоогийн бүрэлдэхүүнд туршлагатай ахмад тоглогч ердөө 3 хүн бий. Эд бол Коку, ван Нистелрой, ван дер Сар нар. Мэдээж энэ гурвын тоглолтоос их зүйл хамаарна. Ван Бастены олон хөзрийн нэг гол хувилбар нь Кокугаар найруулга хийх явдал.
Ван Бастен өөрөө Аякс Милан багуудад хурц од болон гялалзаж амжилттай жилүүдийг үдэхдээ аль алинаас нь авч үлдсэн юм бий. Түүний сайн найз, туслах Жон ван’т Шип „Ван Бастен Аяксын хурц довтолгоо, Миланы оновчтой тактикийг хослуулан үзүүштэй бөгөөд чанартай хөлбөмбөг харуулах болно гэдэгт би итгэлтэй байна“ хэмээн Голландын нэгэн сэтгүүлд ярьжээ.
Дэлхийн аваргаар хэр хол явах бол, залуу тоглогчид сэтгэл зүй хэр байх бол, үхлийн хэсэгт яаж тоглох бол гэсэн олон асуултын хариу цөөн хоногийн дараа тодрох буй заа.
Hup Holland Hup