by suineg33 » Tue Aug 25, 2009 6:45 pm
ЗА НЭГ ЮМ ДУУСЛАА
Манай багийн албан ёсны сэтгүүл болох ИНСАЙД ЮНАЙТЕД сэтгүүл Сэр Алексийн ярилцлагаар эхэлдэг. 9-р сарын дугаарт гарсан түүний ярицлагыг Монгол хэл рүү сийрүүлэн толилуулж байна:
ИЮ:Жил бүр зохиогддог Австрали Английн хоорондох крикетийн цуврал тоглолт ойртож байгаатай холбогдуулан Жеофф Бойкоттой хийж байсан ярилцлагаа бид эргэн харлаа. Тэрээр 2005 оны Олд Траффордод болсон цувралын үеэр таныг Майкл Оуэнийг худалдаж авахыг маш их ятгасан гэсэн байх юм?
САФ: Тийм үү? Би ерөөсөө санахгүй байх юм. Гэхдээ одоо авчихсан юм чинь тэр сэтгэл хангалуун байгаа байлгүй дээ. Майкл Оуэнийг авсан түүх ер нь их сонирхолтой байсан л даа. Үнэндээ манайхан Карим Бенземаг авах талаар нэлээн хөөцөлдөн, зарим нэг дэвшилт гарч байлаа. Бензема гоол оруулах чадвартай 21 настай залуухан тоглогч, бид түүнийг Олд Траффордод гайхалтай амжилт үзүүлэх болно гэж бодож байлаа. Гэхдээ бид Лионоос түүнийг салгаж авахын тулд нэлээдгүй их мөнгө зарлагадах шаардлагатай гэдгийг мэдэж байсан, ер нь бусад багууд ч өндөр үнэтэй нэхдэгтэй холбоотойгоор нь Лионтой наймаа хийхдээ их болгоомжтой байдаг. Утгагүй өндөр үнэ төлчихөж магадгүй шүү дээ.
Давид Гилл Лион клубийнхэнтэй нэлээн удаан хугацааны туршид ярилцсан, гэхдээ эцэстээ тэр хүү Реал Мадридтай гэрээ байгуулсан. Би Бенземагийн төлөө тодорхой хэмжээний үнийг төлөхөд бэлэн байсан, гэхдээ түүнээс цааш биш. Надад Федерико Макида, Данни Уэлбэк гээд хөвгүүд байгааг мартаж болохгүй шүү дээ, бас Академид Жош Кинг гээд нэлээн ирээдүйтэй хүү бас байгаа.
ИЮ:Тэгвэл Майкл Оуэныг авсан наймаа яг хэзээ эхэлсэн бэ?
САФ:Бид улирал төгсөхийн өмнөхөн Майклын агенттай ярилцаж, түүнд Бенземаг илүү сонирхож байгаа тухайгаа илэн далангуй хэлж байсан. Тэгэхээр энэ наймааг гэнэтийн эсвэл Кантонаг авдаг шиг утсаар ганцхан залгаад л шийдчихсэн гэж дүрсэлж болохгүй. Майклыг энэ зун авах боломжтой гэдгийг бид үргэлж мэдэж байсан ба Карлос Тевезийг өөр хэн нэгэнтэй гэрээ хийчихсэн байна гэсэн бодол надад төрсөн байлаа. Карлос руу смс илгээж, утсанд нь дуут мэссэж үлдээж байсан боловч ерөөсөө буцаж холбогдоогүй. Тийм болохоор түүний хойноос хөөцөлдөөд нэмэргүй гэж бодсон. Тиймээс Бенземаг Реал Мадридтай гэрээ хиймэгц, Майкл Оуэныг худалдаж авсан даа.
ИЮ:Таныг 26-гаас дээш насны тоглогч худалдаж авахгүй гэсэн бодлого баримталж байгаа тухай мэдээллэж байсан. Оуэныг худалдан авсан нь энэ мэдээлэлд итгэж болохгүй гэсэн үг үү?
САФ:Яг таг хэлчихсэн зүйл байхгүй л дээ, гэхдээ бид энд ирээд цаашид амжилтаа ахиулах боломжтой, багт юм өгчихөөр тоглогчдыг авчирдаг нь үнэн. Иймээс бид залуу тоглогч нарыг авчирдаг, би ер нь тэд нартай гайгүй сайн ажилласан гэж боддог шүү. Майкл 29 настай гэхдээ тэр чөлөөт агент байсан. Арай өөр нөхцөл байдал л даа. Эвра, Видич нар 24-тэйдөө ирсэн. Тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан боловч тэд өөрсдийнхөө потенциалд арай хүрээгүй байсан. Манайхан тоглогч нарыг хөгжүүлж чаддаг, тэд нарыг улам сайжрахад нь туслаж чаддаг. Маш олон тоглогч нарын ур чадварыг дээд түвшинд нь хүргэж чадсан, Рүүний, Роналду нар бол хамгийн тод жишээ. Пак Жи Сүүныг ч дурдаж болно, ирснээсээ хойш түүний тоглолт эрс өссөн. Тэгэхээр яг энэ гээд хэлчих юм алга аа, гэхдээ бид авах тоглогч нарынхаа насанд маш их анхааралд тавьдаг, цаашид улам их амжилт гаргах хөлбөмбөгдийг л багтаа элсүүлэхийг эрмэлздэг.
ИЮ:Роналду явчихлаа, түүний хийдэг байсан гоолуудыг ирэх улиралд та аль тоглогчдоос хүлээж байна вэ?
САФ:Аваргуудын лигт амжилт гаргах, дахин Английн аварга болохын тулд бид бусад тоглогчдыг илүү сайн тоглуулж, энэ гарсан хоосон зайг нөхүүлэх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө бидэнд Райан Гиггз, Пол Скоулз нар хагас хамгаалалтаас баталгаатай хэдэн бөмбөг хийж өгдөг байсан. Мэдээж Дэвид Бэкхэм дор хаяж л 10 гоол хийдэг байлаа. Сүүлийн хэдэн жил хагас хамгаалалтаас ирдэг гоолууд маань эрс багассан, энэ асуудлыг би шийдэх хэрэгтэй. Уэйнд 18 түүнээс дээш бөмбөг оруулах боломж бий, мөн бидэнтэй нэг жил тоглож идээшиж байгаа Бербатов 20-оос дээш гоол хийх байх. Эдгээрээс гадна Пак, Нани, Валенсия, Оуэн, цаашлаад Макида, Уэлбэк нар нийтдээ 40 орчим гоол бидэнд авчирнэ гэж тооцож байгаа. Хамгаалагч нар стандарт, булангийн цохилтуудаас хэд хэдэн гоол хийх байх аа.
ИЮ:Андерсон байгаа ш дээ...
CAФ: Өө тийм шүү дээ! Хэрэв Андерсон нэг л гоол оруулаадахдаг юм бол, бараг 10 гоол дарааллаад оруулах байх аа. Нээрэн, тэр надад энэ улиралд заавал гоол оруулна гэж амласан байгаа. Харж л байя... Ерөнхийдөө бол бид нэг улиралд бүх тэмцээнүүдэд нийлээд 100 орчим гоол оруулна гэж тооцдог, энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй ээ. Мэдээж гоолын хувьд бидэнд Роналдуг алдсан нь том гарз, гэхдээ бид энэ гоолуудыг өөр аргаар нөхөхөөс өөр замгүй, тактик ч үүнийг дагаад өөрчлөгдөнө. Хөгжөөн дэмжигчид маань энэ жил манай багийг арай өөр тактикаар тоглохыг харах болно.
ИЮ:Шинээр дэвшсэн 3 багаас аль нь илүү амжилт үзүүлэх бол...
CAФ: Бирмингэм уржнан Премьер лигт тоглосон болохоор мэдээж туршлагатай. Тийм болохоор нөгөө 2-оо бодвол энэ лигт арай хурдан зохицох байх. Вулвэрхэмптоны хувьд 2004 онд нэг улирал Премьер лигт тоглоод унасан, харин Барнлигийн хувьд сүүлийн 33 жилийн турш дээд лигт тоглоогүй баг. Энэ багийн хувьд хийх ажил их байгаа. Гэхдээ өнгөрсөн улирал би тэдний тоглолтыг хэд хэдэн цэнгэлдэхэд нь очиж үзсэн, үнэхээр дажгүй санагдсан. Карлин Кап-д Турф Мур цэнгэлдэхдээ тэд Арсеналыг 2-0-р буулгаж авсан, маш сайн хөлбөмбөгийг тэд үзүүлсэн. Премьер лигт амжилттай тоглохын тулд олон сайн тоглогч нартай байх хэрэгтэй, тэд Шотландын Хиберниан багаас төвийн довтлогч Стивен Флетчерийг багтаа элсүүлсэн, ямар ч л байсан ажлаа зөв эхэлж байна л гэж хэлмээр байна. Энэ 3-ын аль нь илүү амжилт үзүүлэхийг тааварлахад бэрх ч, Премьер лигт саяхан тоглож байсан туршлага дээр нь үндэслээд Бирмингэмийг гэж хэлье.
ИЮ:Аваргуудын лигийн финалын тухай олон юм асуумааргүй байна л даа, гэхдээ Ромд яг юун дээр буруудсан бэ?
CAФ: Гоол алдсан байдал, тоглолтын цаг манай багийнхныг гонсойлгосон доо. Тэрнээсээ ерөөсөө сайн сэргэж чадаагүй. Тэр гоолыг алдах хүртэл багийнхаа тоглолтод бид сэтгэл хангалуун байсан, манайхан тоглолтыг маш сайн эхэлсэн шүү дээ. Хэрвээ бид эхлээд бөмбөг оруулсан бол бараг тэр чигээрээ хожих байсан байх. Гоол алдсаныхаа хариуд бид хангалттай сайн тоглож чадаагүй.
Тоглолтын сүүл рүү хэд хэдэн гайгүй боломжуудыг гаргасан ч тэрний өмнөхөн 2 дахь гоолоо алдаад тоглолт нэгэнт тодорхой болчихсон байсан. Эцсийн эцэст, бид аварга болох хэмжээнд сайн тоглож чадаагүй ээ. Барселона энэ улиралд гайхамшигтай амжилт үзүүлж, 3 цом зэрэг хүртсэн Испанийн анхны баг болсон. Ямархуу багтай тоглосон нь үүнээс мэдрэгдэж байгаа биз дээ.
ИЮ:Энэ ялагдлыг яаж багийн амжилтанд эерэгээр нөлөөлүүлэх вэ?
CAФ: Ялагдал, бэрхшээл үргэлж л тоглогч нарыг цаашид сайжруулах, хөгжүүлэхэд том сургамж болдог. Энэ жилүүдэд ямар нэг бэрхшээлийг даван туулах аргыг бид үргэлж олсоор ирсэн, тоглолтонд хожигдлоо гэхэд л би тоглогчиддоо дараагийн тоглолт нь илүү чухал тиймээс тэр тоглолтонд заавал ялах ёстой гэж үргэлж хэлдэг. Энэ клубийн хувьд дандаа тийм байсан. Улирлын сүүлчийн тоглолтонд ялагдвал, бүтэн 2-3 сар сэтгэл гонсгор байдаг. Бидний хувьд тийм ч сайхан байсангүй, гэхдээ бид сэргэж, урьдах амжилтаа үзүүлэх болно.
ИЮ:Аварга болох нь дараагийн улиралд тамирчдыг энэ алдараа хамгаалахын тулд урам хурцалдаг гэдэг, тэгвэл шувтаргын тоглолтонд ялагдах нь тэднийг мөн л ялгаагүй хурцлах уу?
CAФ: Тэгэлгүй яах вэ. Бид Аваргуудын лигийн шувтаргын тоглолтонд 2 жил дарааллан үлдлээ. Ялахын амт, ялагдахын гашууныг аль альныг нь мэдэрсэн. Москвагийн бороонд торгуулийн цохилтоор ялахад гайхалтай байсан ч, Ромын бүгчим үдэш ялагдахад маш харамсалтай байлаа. Энэ хуримтлуулсан туршлага маань ирэх 5-р сард Мадридад очиход туслах байх гэж найдаж байна.
ИЮ:Багаа орхисноосоо хойш Жерард Пике маш сайн тоглолоо шүү?
CAФ: Би түүнийг маш сайн тоглогч болно гэдгийг мэдэж байсан. Харамсалтай нь өнгөрсөн улиралд би түүнд гараанд гаргаж тоглуулна гэдгийг амлаж чадахгүй байлаа. Ромд тэрээр багийнхаа хамгийн шилдгүүдийн нэг байсан, мөн саяхан болсон Холбоодын цомын тэмцээнд Испанийн шигшээд маш сайн тоглосон
ИЮ:Та “Эрикийг хайж байна” /Looking for Eric – Эрик Кантонагийн тоглосон кино/ киног үзсэн үү?
САФ:Манай клубийн албан хаагчид олуулаа үзсэн, их таалагдсан шүү. Үнэхээр гайхамшигтай. Кен Лоучийн найруулсан бусад бүх л киноны адилаар нийгмийн ярвигтай сэдвүүдийг хөндсөн байсан. Эрикийг сайн жүжиглэсэн байна гэж бодож байна. Би түүнтэй дээр ярилцахад Кентэй хамтран ажиллахад их таатай байна гэж байсан. Энэ киног шагнал авах байх гэж бодож байна.
ИЮ:Шотланд руу явчихаад ирэхдаа заавал авчирдаг хүнсний зүйлс байдаг уу?
САФ:Ихэнх хүнсний зүйлсийг эндээс авах боломжтой. Хонины чанасан гэдсийг Уиган дахь махны дэлгүүрээс авчихдаг бол төмсний шарвинг Маркс Спенсерээс авчих боломжтой. Харин ганц олддоггүй юм нь Глазгогийн дөрвөлжин сосиск.
ИЮ:Наймааны цонх хаагдах дөхөж буй энэ үед өмнөх улирлуудын наймаа, зарим нэг авч чадаагүй тоглогч нарын тухай санагалзуулдаг биз. 2003 онд Роналдиньог авахад хэр ойрхон байсан бэ?
САФ:Үнэнийг хэлэхэд бид түүнийг худалдаад авчихлаа л гэж бодсон. Гэтэл би түүнтэй уулзахаар Парис руу нисээд очтол бүх юм өөрчлөгдсөн байсан. Түүний төлөөлөгчид өмнө тохиролцсон гэрээгээ голж байгаа мэт санагдсан. Тэгээд л дараагийн өдөр нь түүнийг Барсад очсоныг би мэдсэн дээ. Сэтгэл их л гонсгор байлаа, гэхдээ бид тэр зун Криштиануг авсан шүү дээ. Роналдиньюг авчихсан бол Роналду тэр зун ирэхгүй байсан, Спортингтой түүний талаар урьдчилан тохиролцчихсон байсан болохоор түүний зүгээр л ажигласан хэвээр байсан байх. Ямар ч байсан түүнийг авахаар шаргуу хөөцөлдөхгүй нь тодорхой байсан.
ИЮ:Та энэ улирлын тоглолтын хуваарийн тухай юу гэж бодож байгаа вэ? Хүндэвтэр гэж төсөөлж байгаа үе бий юу?
САФ:Эхлээд сүүлчийн 4-5 тойрогт ямар тоглолтууд оноогдож вэ гэдгийг нь үргэлж хардаг. Тэгээд Крисмасын үеэр аль багтай тоглох нь вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг, дараа нь манай том өрсөлдөгчид болох Челси, Ливерпүүл, Арсенал, Манчестер Сити нартай хэзээ тоглох вэ гэдгийг хардаг. Гэхдээ хуваарь нэгэнт гарсан бол түүнийг өөрчлөх аргагүй учраас түүнд л бэлдэх хэрэгтэй. Ямар ч байсан бидний хувьд ноднингийнхоос хамаагүй дажгүй хуваарь гарсан байна лээ. 3 дахийн оройн Аваргуудын лигт тоглочихоод хагас сайны үдийн цайнаар айлын талбайд тоглоно гэдэг ч бэрх шүү.
ИЮ:Улирлын өмнөх аялан тоглолтын хамгийн давуу тал нь юу вэ?
САФ:Манай багийн хөгжөөн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг, тэд маань бид нарыг хагас сайн өдөр болгон Олд Траффордод ирж дэмжээд байж чадахгүй учраас бид тэдэндээ өөрсдийгөө үзэх боломжийг энэ аялан тоглолтоор олгодогт хамгийн давуу тал байгаа.
ИЮ:Өнгөрсөн улирлын туршид Данни Уэлбэк, Кико Макида, Даррон Гибсон нарын залууст өөрсдийгөө нээх боломж олдсон. Энэ улиралд ямар шинэ залуус тодрон гарах бол?
САФ:Залуучуудаас хэнийг нь зээлээр явуулахыг одоохондоо шийдээгүй байгаа болохоор хариулахад хэцүү байна. Одоогийн байдлаар Данни Дринкуотер, Жэймс Честэр, Том Клеверли, Сэм Хьюсон нарыг бусад багууд руу зээлээр явуулж туршлага хуримтлуулья гэж төлөвлөж байгаа. Гэхдээ яг л өмнөх улирлууд шиг хэн нэг нь гэнэтхэн цойлоод гараад ирэхийг үгүйсгэхгүй ээ. Карлин Кап-д залуучуудаа түлхүү тоглуулж тэдний юу чаддагийг харуулах болно